Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 100

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чинзориг, 

улсын яллагч Д.Нямсүрэн,

шүүгдэгч Б.Баяраа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн Батсүхийн Баяраад холбогдох эрүүгийн 201625031272 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн Батсүхийн Баяраа, 1986 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүү нарын хамт, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 220 мянгат гудамж, 23 байр 21 тоотод бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 2-30 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЦД86101194.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

     Шүүгдэгч Б.Баяраа нь 2016 оны 6 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Аригу баарны гадна бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг зөрчин Д.Хишигдавааг хүч хэрэглэн зодож биед нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Баяраа мэдүүлэхдээ: “…Яллах дүгнэлтэнд дурдсан хохирогчийн мэдүүлэг үнэн зөв байгаа учир нэмж ярих зүйлгүй. Би болсон зүйлийн талаар болон шинжээчийн дүгнэлт, зүйлчлэлтэй маргахгүй. Би хохиролд 1.250.000 төгрөгийг өөрийн санаачлагаараа өгсөн…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Д.Хишигдаваа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…Би 2016 оны 6 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө 03 цагийн үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо УИД-ийн хажуу талын Аригу гэх лоунжаас гараад харих гээд гадаа тамхи татаад зогсож байтал эсрэг талд зогсож байсан хэдэн залуучуудаас зүс мэдэх Б.Баяраа гэх залуу ирээд уулзаадах уу гэсэн, тэгээд чи чинь манай 220-д байдаг бил үү, юу байна гэж яриагаа эхэлсэн. Тэгээд би юмгүй дээ юу байна хөгшөөн гэсэн. Тэгэхээр нь би чи бид хоёр нэг үеийнх биздээ гэсэн. Тэгтэл чи яахаараа намайг нэг үеийнх гэдэг юм бэ гэж асуухаар нь хоёулаа маргалдаж муудалцаад яах вэ чи хэтэрхий согтсон байна гэж хэлсэн. Тэгтэл Б.Баяраа чи намайг хөгшөөн гээд байна, би чамаас ах биз дээ гээд миний толгой руу цохиод авсан. Яг юугаар цохисоныг мэдээгүй тас гээд л явчихсан. Миний чих сэтэрч, нүд чихнээс цус гарч уруул хавдсан байдалтай УИД-ийн хажууд байдаг майханы рам түшээд зогсчихсон ухаан орсон. Тэгтэл Б.Баяраа уучлаарай гээд гэмтлийн эмнэлэг явах уу гэж байхад цагдаагийн ажилтнууд ирээд Б.Баярааг саатуулахаар авч явсан. Би гэмтэлд үзүүлэхээр явсан. Би Баяраад хэдэн удаа цохиулсанаа мэдэхгүй байна. Бид хоёр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Би 2 шил гаран пиво уусан, Баярааг юу уусныг мэдэхгүй байна. Ямар ч байсан надаас илүү согтуу байсан. …Би томографийн зураг авахуулж, зүүн чихээ оёулж, баруун нүдэндээ косметик оёо тавиулж боолт хийлгэсэн юм. Нэг удаа солиулахад 5000 төгрөгөөр солиулж байсан. Нийт 210000 төгрөг болсон юм. Би Баяраагаас 2.100.000 авсан. …Миний нүдийг хагалгаанд орох шаардлагатай байна гэсэн. Хагалгаанд ороход мэс заслын төлбөр 3.600.000 төгрөгийн төлбөртэй байна. Би Баяраагаас 3.600.000 төгрөг нэхэмжилж байна. Хэрэв Б.Баяраа миний эмчилгээний зардлыг өгвөл надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэжээ /хх-9-10/.

Гэрч Я.Мөнхбат мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…Бид 3 хамтдаа тамхи татаад зогсож байгаад би Алтай центрийн хажуу талаас такси бариад Золбаяр, Хишигдаваа хоёрыг хүлээгээд ирэхгүй болохоор нь Хишигдаваа руу залгахад утсаа авахгүй байсан. Харин Золбаяр такси дээр хүрээд ирсэн. Бид хоёр буцаад УИД-рүү Хишигдавааг олж уулзахаар очиход үл таних залуу өөдөөс ирээд танай найз чинь хүнд зодуулсан байна гэхээр нь очтол Их дэлгүүрийн баруун талыг асар дотор нүд, чихнээс нь цус гарчихсан асарын төмөр хаалтыг түшээд зогсож байсан. Тэгээд Золбаяр цагдаа дуудсан. Хишигдаваагийн хажууд Баяраа гэх залуу зогсож байсан. Золбаяр чи манай найзыг яачихваа гэхэд Баяраа нь цаанаас нь ирээд Золбаярыг мөрлөөд хоёулаа уулзаадхая гээд саравчны нөгөө тал руу аваад явсан. Энэ хооронд цагдаа ирээд Баярааг аваад явсан…” гэжээ /хх-11/.

Гэрч А.Пүрэвдорж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…Баяраа баарнаас түрүүлээд гарчихсан байсан. Тэгээд хажуу талын асар дотор хүмүүс маргалдаад байх шиг байхаар нь яасан юм бол гээд очиход Баяраа нэг танихгүй залуутай уучлаарай гээд уучлалт гуйгаад зогсож байсан ба тэр хоёр залуугийн хоёр найз нь бас ирчихсэн байсан. Баяраагийн биед ямар нэгэн гэмтэл байхгүй харин нөгөө залуугын чихнээс нь болон хөмсөгний хэсгээс нь цус гарсан байдалтай байсан. Баяраа тэр залуугаас уучлалт гуйгаад л зогсож байсан. өөр зүйл болоогүй…” гэжээ /хх-37/.

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 6 дүгээр сарын 14-ний өдрийн ¹8111 дүгээр актын дүгнэлтэд:

“1. Хишигдаваагийн биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний алимны гадна салстын цус харвалт, баруун нүдний дээд зовхины цус хуралт, баруун нүдний гадна булан хэсгийн язарсан шарх, зүүн чихний дэлбээний язарсан шарх, дээд уруулын баруун талын дотор салстын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-13/.

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-27/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-25/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-26/, хохирогч Д.Хишигдаваагын “…цаашид Б.Баяраад ямар нэгэн гомдол саналгүй. Бид харилцан эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү…” /хх-65/ гэх хүсэлт зэргийг шинжлэн судаллаа.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, өөрөөр хэлбэл хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Баяраа нь 2016 оны 6 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Аригу баарны гадна өөрийг нь “хөгшөөн” гэж дуудлаа гэх үл ялих зүйлээр шалтаглан Д.Хишигдавааг зодсоноос түүний баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний алимны гадна салстын цус харвалт, баруун нүдний дээд зовхины цус хуралт, баруун нүдний гадна булан хэсгийн язарсан шарх, зүүн чихний дэлбээний язарсан шарх, дээд уруулын баруун талын дотор салстын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн учруулсан болох нь шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Хишигдаваагийн “Тэгтэл Б.Баяраа чи намайг хөгшөөн гээд байна, би чамаас ах биз дээ гээд миний толгой руу цохиод авсан” гэх мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, хохирогчийн биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн ¹8111 тоот акт, бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Б.Баярааг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмын ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүх, шүүгдэгч Б.Баяраад ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогчид хохирол төлбөрийг сайн дураараа төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан болно.           Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овгийн Батсүхийн Баярааг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баярааг 3 /гурван/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баяраад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1.210.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.Баяраад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 10 хоног хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Баяраад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.БУЯННЭМЭХ