| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 171/2023/0068/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/74 |
| Огноо | 2023-03-06 |
| Зүйл хэсэг | 24.6.2.2., |
| Улсын яллагч | Ж.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/74
2023 03 06 2023/ШЦТ/74
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баянхүү,
Улсын яллагч Ж.Батбаатар,
Шүүгдэгч Ц.Д, Д.А, Д.Ан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Д, Д.А, Д.Ан нарт холбогдох эрүүгийн 23250000***** дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ц.Д
Д.А
Д.Ан
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Д, Д.Ан, Д.А нар нь бүлэглэн 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Булган аймаг Орхон сумын 2 дугаар багийн нутаг Хавцлын дөрвөлж гэх газрын нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр 1.0058 шоо метр хуурай шинэс модыг хууль бусаар бэлтгэсэн, үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Булган аймаг Орхон сумын 2 дугаар багийн нутаг Хавцлын дөрвөлж гэх газраас Д.Анын эзэмшлийн **-**улсын дугаартай Тоёота Прадо маркийн тээврийн хэрэгсэлд ачиж, Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэр хүртэл тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Ц.Д мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...дээрээсээ гол хүртлээ хугараад нэг модон дээр дамнаад унасан байсан мод мөн модон дор байсан мод гээд нийт 2 ширхэг модыг тайрч унаган, дундуур нь хөрөөдөөд машиндаа ачихаар бэлтгэсэн... Хятад цахилгаан хөрөөгөөр модыг хөрөөдөж унагаасан. Нэг жижигхэн алхан сүхээр ярласан. Хөрөө сүх хоёр миний өөрийнх харин машин манай хүргэн Д.Агийнх... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Түлээгүй болчихоод хүүхдүүдээ хэрэгт хийчихлээ. Машинаараа хөдөө гадаа явж амьдралаа залгуулдаг. Машиныг улсын орлогод оруулахгүй байж өгөөч...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 83х/,
- Шүүгдэгч Д.А мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр эхнэр хүүхдүүдийн хамт гэрт амарч байтал өдөр 15 цагийн орчим хадам аав Ц.Д манайх модгүй болчихлоо, түлэх түлээ алга. Танай машинаар жоохон мод бэлдээд ирье гэж хэлсэн. Тэгэхээр нь би за тэгье гэж хэлээд эхнэр Д.Ан, хадам аав Ц.Д нарын хамт Булган аймаг Орхон сумын Хавцал гэх газар руу очиж мод руу ороод хуурай мод бэлдсэн. Тэр үед хадам аав Ц.Д гэрээсээ өөрийнхөө цахилгаан хөрөөг авч явсан ба бид хоёр харж байгаад 2 ширхэг хуурай мод хөрөөдөж унагаад машины багаажинд таарахаар тайрч богино болгоод ачсан... Орой 16 цаг өнгөрч байхад Таван эрдэнэ малын захын урдуур шороон замаар яваад засмал руу нийлж байхад алаг машинтай цагдаа дохиж зогсоосон. Хоёр цагдаа машинаасаа бууж ирээд таны машины багажийг шалгах хэрэгтэй байна, мөн та бичиг баримтаа шалгуулна уу гэж хэлээд багаажинд байх модыг хараад цагдаагийн газар руу авч ирсэн... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 72х/,
- Шүүгдэгч Д.Ан мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр би өөрийн нөхөр болох Д.А, аав Ц.Д нарын хамт мод бэлтгэхээр Булган аймаг Орхон сум 2 дугаар баг Хавцлын дөрвөлж гэх газарт очсон. Тэнд очоод аав Ц.Д өөрийн цахилгаан хөрөөгөөр нийт 2 ширхэг мод хөрөөдөж унагасан. Харин манай нөхөр Д.А модны гишүүг цэвэрлэж машинд ачсан. Харин би тэр хоёрыг мод бэлтгэж байхад тэр хавиар газар тээглэсэн гишүү модыг холдуулж хөдөлгөсөн. Ингээд бид гурав модоо тайрч машинд ачаад хөдөлсөн. Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэрт цагдаа нарт баригдсан... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 99х/,
Иргэний нэхэмжлэгч Я.А мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 онд тухайн ойн санд иргэдэд мод бэлтгэх эрхийн бичиг олгогдоогүй. 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Булган аймаг Орхон сум 2 дугаар баг, хавцлын дөрвөлж гэх ойн сангаас мод бэлтгэж тээвэрлэсэн Ц.Д, Д.А нар нь ойн сангаас мод бэлтгэх эрхийн бичиг авч байгаагүй... ойн санд учруулсан хохирлыг гэм буруутай этгээдүүдээр төлүүлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22х/,
- Гэрч Я.А мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өөрийн хариуцсан багийн нутаг дэвсгэрт Орхон сумын 2 дугаар багийн хавцлын дөрвөлжид ганцаарчилсан хяналт шалгалт хийн ажиллаж байх үед Хонгийн ар гэх газрын модон дотроос жип машин гарч ирж байгаа харагдахаар нь урдаас нь тосоод улаан модоор дохиод зогсоож шалгах гэсэн боловч зогсоогүй явсан. Тэр үед тээврийн хэрэгслийн улсын дугаар, өнгө, маркийг харахад **-**улсын дугаартай Prado маркийн ногоон өнгөтэй тээврийн хэрэгсэл байсан. Зогсож шалгуулаагүй учир сэжигтэй санагдаад Орхон аймгийн Цагдаагийн газрын экологийн цагдаад мэдэгдсэн. Өөрөө араас нь алсаас дагаж явсаар Орхон аймгийн Тосгоны цагаан хаалга дээр ирэхэд цагдаа зогсоон шалгаж байсан... Тухайн тэврийн хэрэгсэл дотор 3 хүн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24х/,
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8х/,
- Эд зүйл баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-11х/,
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 12-16х/,
- Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 17х/,
- Орхон аймгийн сум дундын ойн ангийн 2022 ны 12 дугаар сарын 26-ны өдрийн 19 дугаартай “... Орхон аймаг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын аж ахуйн хашаанд байгаа 1.0058 шоометр модны экологи, эдийн засгийн үнэлгээ тогтооход төлбөрийн муж тогтоох тухай Байгаль орчин, ногоон хөгжлийн Сайдын 2013 оны 11 сарын 13 өдрийн 325 тоот тушаалын хавсралтад заасан ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөр тогтоох мужлалын нэгдүгээр муж, Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын дагуу тооцож, экологи-эдийн засгийн үнэлгээний нийт мөнгөн дүнг 169,633 төгрөгөөр тогтоов. ” гэсэн дүгнэлт /хх-ийн 35-36х/,
- Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1001270 дугаартай автомашины техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 44-46х/,
- Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн ТХҮ-ОРХ/5393 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 53-56х/,
- Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ТХҮ-ОРХ/5393-01 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 63-66х/,
- Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 100-102х/,
- Шүүгдэгч нарт мөрдөн шалгах ажиллагааны үед хийсэн тодорхойлолт /хх-ийн 103-105х/,
- Хохирол төлсөн талаарх баримт /хх-ийн 156х/, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Д, Д.Ан, Д.А нарыг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Үйл баримт, гэм буруугийн талаар:
Улсын яллагчаас “...Шүүгдэгч Ц.Д, Д.Ан, Д.А нарыг хууль бусаар мод бэлтгэх, тэвээрлэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцуулах...” гэсэн санал гаргасан,
Шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаагүй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар Ц.Д, Д.Ан, Д.А нар нь Булган аймаг Орхон сумын 2 дугаар багийн нутаг Хавцлын дөрвөлж гэх газрын нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр 1.0058 шоо метр хуурай шинэс модыг бэлтгэж, улмаар Булган аймаг Орхон сумын 2 дугаар багийн нутаг Хавцлын дөрвөлж гэх газраас Д.Анын эзэмшлийн **-**улсын дугаартай Тоёота Прадо маркийн тээврийн хэрэгсэлд ачиж, Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэр хүртэл тээвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Д, Д.Ан, Д.А нарын үйлдлийн улмаас байгаль экологид 169,633 төгрөгийн хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой болох нь иргэний нэхэмжлэгч Я.Амгалан-Одын “...2022 онд тухайн ойн санд иргэдэд мод бэлтгэх эрхийн бичиг олгогдоогүй. 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Булган аймаг Орхон сум 2 дугаар баг, хавцлын дөрвөлж гэх ойн сангаас мод бэлтгэж тээвэрлэсэн Ц.Д, Д.А нар нь ойн сангаас мод бэлтгэх эрхийн бичиг авч байгаагүй...” гэсэн мэдүүлэг,
гэрч Я.А “...2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өөрийн хариуцсан багийн нутаг дэвсгэрт Орхон сумын 2 дугаар багийн хавцлын дөрвөлжид ганцаарчилсан хяналт шалгалт хийн ажиллаж байх үед Хонгийн ар гэх газрын модон дотроос жип машин гарч ирж байгаа харагдахаар нь урдаас нь тосоод улаан модоор дохиод зогсоож шалгах гэсэн боловч зогсоогүй явсан. Тэр үед тээврийн хэрэгслийг улсын дугаар, өнгө, маркийг харахад **-**улсын дугаартай Prado маркийн ногоон өнгөтэй тээврийн хэрэгсэл байсан. Зогсож шалгуулаагүй учир сэжигтэй санагдаад Орхон аймгийн Цагдаагийн газрын экологийн цагдаад мээдэгдэж, өөрөө араас нь алсаас дагаж явсаар Орхон аймгийн Тосгоны цагаан хаалга дээр ирэхэд цагдаа зогсоон шалгаж байсан... Тухайн тэврийн хэрэгсэл дотор 3 хүн байсан...” гэсэн мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, Орхон аймгийн сум дундын ойн ангийн 2022 ны 12 дугаар сарын 26-ны өдрийн 19 дугаартай дүгнэлт, Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1001270 дугаартай автомашины техникийн үнэлгээний тайлан, Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн ТХҮ-ОРХ/5393 дугаартай шинжээчийн дүгнэлт, Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ТХҮ-ОРХ/5393-01 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хууль бусаар мод бэлтгэх гэдэг нь мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд заагдснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бусаар бэлтгэсэн үйлдлийг ойлгоно.
Тээвэрлэсэн гэдэг нь ойгоос бэлтгэсэн мод, гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот суурингийн хооронд тээвэрлэхдээ сум дундын болон сум, дүүргийн ойн анги /байхгүй бол сум дүүргийн, эрх бүхий албан тушаалтан/-аас гарал үүслийн гэрчилгээ авалгүйгээр тээвэрлэсэн байхыг ойлгоно.
Гэтэл шүүгдэгч Ц.Д, Д.Ан, Д.А нар нь мод бэлтгэх зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас авалгүйгээр ойгоос мод бэлтгэж, тээвэрлэсэн байна.
Шүүгдэгч Ц.Д, Д.Ан, Д.А нар нь бүлэглэж зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэж буй өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, байгаль экологид 508,899 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч Ц.Д, Д.Ан, Д.А нар нь зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж. тээвэрлэж буй өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан байгаль орчны эсрэг гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, байгалийн баялаг болон экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан үйлдэл учир хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Д, Д.Ан, Д.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2-т заасан бүлэглэж хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Ц.Д, Д.Ан, Д.А нарын буруутай үйлдлээс байгаль экологид 169,633 төгрөгийн шууд хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4 дэх хэсэгт заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөсөн хэмжээгээр буюу 508,899 төгрөгийн хохирол учирсан байна. Шүүгдэгч нар модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөсөн хэмжээгээр буюу 508,899 төгрөгийг төлж барагдуулсан тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн арга хэлбэр, гэмт хэрэгт анх удаа холбогдсон зэргийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ц.Д, Д.Ан, Д.А нарт тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” саналтай гэв.
Шүүгдэгч Ц.Д, Д.Ан, Д.А нарыг бүлэглэж зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Д, Д.Ан, Д.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол төлбөрийг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Д, Д.Ан, Д.А нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгч нар нь эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг тэдний хувийн байдал, хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, улсын яллагчийн ялын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ц.Д, Д.Ан, Д.А нарт тус бүр хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх нь тэдний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, шалтгаан нөхцөл, учруулсан хохирол, хор уршигт тохирно гэж шүүх дүгнэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийт 169,333 төгрөгний үнэтэй 25 ширхэг 1.0058 шоометр шинэс мод, цахилгаан хөрөө 1 ширхэг, сүх 1 ширхэг зэргийг улсын орлого болгуулахаар Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, прокурорын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, уг тогтоолоор битүүмжлэгдсэн **-**улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч Д.Анд буцаан олгож, уг тээврийн хэрэгслийн үнэ болох 8,500,000 төгрөгийн хувь тэнцүүлэн Ц.Д, Д.Ан, Д.А нараас гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Шүүх яллагдагч нарын хүсэлт, улсын яллагчийн саналыг харгалзан тээврийн хэрэгслийг Д.Ан-долгож, тээврийн хэрэгслийн үнэ 8,500,000 төгрөгийг шүүгдэгч тус бүрт хариуцуулж улсын орлого болгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ц.Д, Д.Ан, Д.А нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт тэдний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Д, Д.А, Д.Ан нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2-т заасан бүлэглэж зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ц.Д, Д.А, Д.Ан нарыг тус бүр хорих ял оногдуулахгүйгээр, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д, Д.А, Д.Ан нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ц.Д, Д.А, Д.Ан нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт тэдний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийт 169,333 төгрөгний үнэтэй 25 ширхэг, 1.0058м3 шинэс мод, 80,000 төгрөгний үнэ бүхий Мон Урал гэсэн бичигтэй цахилгаан хөрөө 1 ширхэг, 15,000 төгрөгний үнэ бүхий сүх 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгохоор Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Прокурорын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор 90-61 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, **-**улсын дугаартай тээврийн хэрэглийг эзэмшигч Д.Анд буцаан олгож, уг тээврийн хэрэгслийн үнэ болох 8,500,000 төгрөгийг шүүгдэгч Ц.Д, Д.А, Д.Ан нараас хувь тэнцүү буюу шүүгдэгч тус бүрээс 2,833,334 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Д, Д.А, Д.Ан нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ