| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2023/0107/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/133 |
| Огноо | 2023-01-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Бат-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 2023/ШЦТ/133
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,
шүүгдэгчийн өмгөөлөгч П.Аюушжав,
шүүгдэгч ******нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч А.****** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208027481491 дугаартай хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: *********
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******нь 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, “GS-25” сүлжээ дэлгүүрт хохирогч ******ийн нүүрэнд цохиж, эрүүл мэндэд нь “зүүн хацарт зөөлөн эдийн няцрал цус хуралт, хамрын таславчийн муруйлт” бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч ******шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Хохирлын 190,000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн. Хохирогчтой уулзаж уучлалт гуйсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм алдаа гаргахгүй” гэв.
Эрүүгийн 2208027481491 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч ******ийн: “2022 оны 8 дугаар сарын 01-ний шөнийн 04 цагийн орчим Сонгинохайрхан дүүрэг 21 дүгээр хороололд байрлалтай “GS-25” нэртэй сүлжээ дэлгүүрт ахынхаа хамтаар орж үйлчүүлсэн. Тухайн үед дэлгүүр дотор 25 орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүнтэй маргалдсан. Намайг эрэгтэй нь “гичий, писда, янхан” гэж хэл амаар доромжилсон. Би хэрэлдэж байгаад дэлгүүрээс гарах гэсэн чинь дахин хэл амаар доромжлоод байсан болохоор гартаа барьсан ундааг тэр эрэгтэй рүү шидсэн боловч оноогүй. Тэр эрэгтэй, эмэгтэй хоёр хүн над руу нийлж дайраад намайг эмэгтэй нь газар унагаасан. Би тэр эмэгтэйтэй харилцан үсдэлцээд байж байхад эрэгтэй нь ирээд нүүр, толгой орчим руу цохиж өшиглөсөн. Би яг хэдэн удаа, ямар зүйлээр цохисон талаар санахгүй байна. Би тэр эмэгтэйгээс салж босч ирэхэд тус дэлгүүрийн хүмүүс цагдаа дуудсан байсан. ...намайг хэл амаар доромжилсон эрэгтэй миний зүүн хацар болон шанаа орчимд баруун гараараа нэг удаа цохиод авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-10 дахь тал),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.08.09-ний өдрийн 10731 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. ******ийн биед зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэжээ (хавтаст хэргийн 53-54 дэх тал),
Гэрч ******ийн: “2022 оны 8 дугаар сарын 01-ний шөнийн 04:30 цагийн орчим Сонгинохайрхан дүүрэг 21 дүгээр хороололд байрлалтай “GS-25” нэртэй сүлжээ дэлгүүр лүү дүү ****** хамт орсон. Бид хоёрыг худалдан авалт хийчихээд мөнгийг худалдагчид төлж байхад 23 орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёр согтуу хүн тус дэлгүүрээр үйлчлүүлж байсан. Би тооцоо хийчихээд ******ээс түрүүлж дэлгүүрээс гарсан. ****** араас гарч ирэхгүй удахаар нь буцаж ороход согтуу эрэгтэй, эмэгтэй хоёр хүнтэй хэрүүл маргаан үүсгэсэн байсан. Тэр асуудал нь хүндрээд ****** согтуу эмэгтэйтэй үсдэлцээд газар уначихсан. Дэлгүүрийн худалдагч цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),
Гэрч *********: “...Шөнө 04 цагийн орчим манай дэлгүүрт 26 орчим насны хүзүүн дээр шивээстэй эрэгтэй хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд “нэг удаагийн шампунь байна уу” гэж асуусан. Би тухайн хүнд хурдхан зааж өгчихөөд кассан дээр олон хүн байсан болохоор касс руугаа явчихсан юм. Тэгсэн тэр залуу намайг хэл амаар доромжлоод ажил хийлгэхгүй байсан. ...Дахиж орж ирэхдээ намайг хэл амаар доромжлоод байсан чинь миний хамт гардаг худалдагч залуу намайг агуулахын өрөөнд түр байж бай гэж хэлсэн. Тухайн залууг явахаар нь гарч ирэхгүй бол ажил хийлгэхгүй хэл амаар доромжлоод байсан. Тэгээд намайг агуулахын өрөөнд байх хугацаанд хэл амаар доромжлоод байсан залуу дэлгүүрээр үйлчлүүлж байсан шар үстэй эгчтэй маргалдаад эхнэрийхээ хамтаар зодоон хийсэн. Камер харж байхад болсон асуудал юм. Камер дээр бол шар үстэй эгч хүзүүн дээрээ шивээстэй залууг дагз орчим руу цохиж байгаа харагдсан. Тухайн зодоон их хурдан болж өнгөрсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),
Гэрч **********: “...Агсам согтуу тавиад байсан залуу дахин дэлгүүрт орж ирээд эмэгтэй худалдагчтай уулзаж хэлэх юм байна гэж кассан дээр ирчихээд холдохгүй байсан. Тэр үед үйлчлүүлж байсан шар үстэй эгч хүзүүн дээрээ шивээстэй кассны урдаас холдохгүй байсан залууг “Чи наанаасаа холдооч” гэж хэлтэл шивээстэй залуу “Гай болоод байна уу” гэхэд “тэгж байна” гээд маргалдаад эхэлсэн. Агсам тавиад байсан залуу шар үстэй эгчийг “сүртэй гичий вэ” гэж хэлэх шиг болсон. Шар үстэй эгч гартаа байсан ундаагаар агсам тавиад байсан залуугийн дагз орчим руу нэг удаа цохисон. Тэр залуугийн эхнэр нь гэх эгч шар үстэй эгчийг “нөхрийг маань яагаад цохиж байгаа юм” гээд шууд нүүр лүү нь мангасдсан. Тэр хоёр эгч үсдэлцээд зодолдоод эхэлсэн. Би дэлгүүрт зодоон болоод эхлэхээр нь шууд харуул хамгаалалтын алба руугаа залгаж цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),
Гэрч **********: “...Би нөхөртөө тухайн шампунь нь биеийн тос байсан талаар хэлж ойлгуулан тухайн барааны мөнгийг өгөөгүйг дэлгүүрийн баримтыг харуулаад ойлголцоод дэлгүүрээс гарах гэж байхад ах, дүү хоёр гэх эрэгтэй, эмэгтэй 30 гарчихсан настай хоёр хүн мөн үйлчлүүлж байсан. Эмэгтэй нь “Зам тавиад өгчихвөл яаж байна. Ууж идснээ аятайхан шингээчихвэл яаж байна” гэж хэлсэн. Нөхөр дэлгүүрийн худалдагчид шампунь буцааж өгч байхдаа “писда” гэж хэлтэл нөгөө эмэгтэй шууд нөхөр лүү гартаа барьж байсан ундаагаа шидчихсэн. Тэгснээ нөхрийг шууд ирээд нэг алгадчихсан. Би тухайн эмэгтэйг нөхрөөсөө салгаж аваад цааш түлхээд хананд шахсан. Тэр эмэгтэй миний цамцны товч ураад эгэм орчим маажчихсан. Би тухайн эмэгтэйг хоёр гараараа үсдсэн. Тэр эмэгтэй мөн намайг хоёр гараараа үсдсэн. Бид хоёр хоёулаа шалан дээр унасан. Манай нөхөр болон тэр эмэгтэйн ах гэх залуу бид хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),
Шүүгдэгч ********* яллагдагчаар өгсөн: “...Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би хохирлын мөнгө болох 198,000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68 дахь тал),
мөрдөгчийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоол (хх-26-28), хохирлын баримтууд (хх-31-32), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-36-51),
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-74), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-98), эд хөрөнгө бүртгэлгүй лавлагаа (хх-73), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-72), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хх-75), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-77), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хх-78), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй лавлагаа (хх-80), төрөл садангийн лавлагаа (хх-82-86) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч ******согтуурсан үедээ 2022 оны 8 дугаар сарын 01-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, “GS-25” сүлжээ дэлгүүрт хохирогч ******ийн нүүрэнд цохиж, эрүүл мэндэд нь “зүүн хацарт зөөлөн эдийн няцрал цус хуралт, хамрын таславчийн муруйлт” бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч ******ийн “...намайг хэл амаар доромжилсон эрэгтэй миний зүүн хацар болон шанаа орчимд баруун гараараа нэг удаа цохиод авсан...” гэх мэдүүлэг (хх-8-10), шүүх эмнэлгийн 10731 дугаар “1. ******ийн биед зүүн хацарт зөөлөн эдийн няцрал цус хуралт, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжилгээ (хх-53-54), гэрч *******гийн “...****** согтуу эмэгтэйтэй үсдэлцээд газар уначихсан...” гэх мэдүүлэг (хх-12), гэрч *********ын “...намайг хэл амаар доромжлоод байсан залуу дэлгүүрээр үйлчлүүлж байсан шар үстэй эгчтэй маргалдаад эхнэрийхээ хамт зодоон хийсэн...” гэх мэдүүлэг (хх-14), гэрч *********ын “...шивээстэй залуугийн эхнэр нь гэх эгч шар үстэй эгчийг “нөхрийг маань яагаад цохиж байгаа юм” гээд шууд нүүр лүү нь мангасдсан. Тэр хоёр эгч үсдэлцээд зодолдоод эхэлсэн...” гэх мэдүүлэг (хх-16), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-36-51) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч ********* согтуурсан үедээ олон нийтийн газар буюу “GS-25” сүлжээ дэлгүүрт үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж хохирогч ******ийн нүүрэнд нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч ******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын 190,000 төгрөгийн баримт гаргаж өгсөн, хохиролд 190,000 төлөгдсөн гэх мэдүүлгийг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж дүгнээд шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой бусад баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ******нь 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, “Жи ЭС-25” сүлжээ дэлгүүрт хохирогч ******ийн нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “зүүн хацарт зөөлөн эдийн няцрал цус хуралт, хамрын таславчийн муруйлт” бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хохирол төлөгдсөн гэх боловч төлсөн баримтгүй тул хохирогчийн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай. 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугаа хүлээж, маргахгүй байгаа. Хохирлыг төлсөн. Очиж уулзаж уучлалт гуйсан. Багаар торгох ял оногдуулж өгнө үү. Амьдралын төвшин доогуур гэж тогтоогдож байгаа. Улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч согтуурсан үедээ олон нийтийн газар буюу дэлгүүрт үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж хохирогчийн нүүрэнд нэг удаа цохиж эрх, эрх чөлөөнд халдаж гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын 190,000 төгрөгийн баримт гаргаж өгсөн, хохиролд 190,000 төгрөг төлөгдсөн гэх), шүүгдэгчийн хувийн байдал (үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувиараа барилга дээр ажилладаг гэх, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн “торгох ял оногдуулж өгнө үү” гэх эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч, шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.****** 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгч нарын цалин хөлс, бусад орлого олох боломж (хувиараа барилга дээр ажилладаг, орлоготой)-ийг тус тус харгалзан шүүгдэгч А.****** 800,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******** овогт **********ын ****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.****** 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.****** 800,000 төгрөгөөр торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР