Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/132

 

                     

 

 

 

 

 

   2023          01         25                                     2023/ШЦТ/132

 

-                                         

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, С.Сэржмядаг нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Б.Энэрэл,

иргэдийн төлөөлөгч Г.Бямбасүрэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал,

шүүгдэгч ******нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт шүүгдэгч С.****** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208000002050 дугаартай хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.     

Шүүгдэгч: ************

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******согтуурсан үедээ 2022 оны 11 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө 03 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ****** дугаар хороо, Орбитын *** дугаар гудамж, *** тоотод өөрийн төрсөн дүү хохирогч ******“ахынхаа үгийг сонссонгүй” гэх шалтгаанаар хэвлий, цээжинд 2 удаа хутгалж, эрүүл мэндэд нь “хэвлийн хөндий рүү нэвтэрч нурууны шулуун булчинг гэмтээсэн хатгагдсан шарх, цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдсан шарх, цээж, хэвлийн хөндийн цусан хураа, баруун бугалганд зүсэгдсэн шарх гэмтэл” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч ******шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Дүүгийндээ орсон. Тэгээд “ахынхаа үгэнд ороорой, зөв амьдраарай” гэж хэлсэн. Айлгах гэсэн чинь тийм юм болчихсон. Би архи уугаад өөрийгөө хянах чадваргүй болсон байсан. Эхнэр, хүүхдэдээ цаг зав гаргахгүй, 13 тоглоод байхаар нь хэлж байсан. Эмчилгээний зардалд 1,3 сая гаруй төгрөг шилжүүлсэн. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна” гэв.

Эрүүгийн 2208000002050 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч С.******ын: “2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1 цагийн үед найз ******ын гарааш дээр машин янзлаад байж байсан. Тухайн үед төрсөн ах ******согтуу, машин янзалж байхад дэргэд ирж зогсох үед нь машин унтраад байхаар нь “ахыг унтраачихсан юм уу, та холдож байгаач” гэж хэлэхэд надтай хэрүүл маргаан хийж байгаад би гэр лүүгээ харьсан. Ах хаалга нүдээд байхаар нь согтуу байгааг мэдээд онгойлгохгүй хэвтэж байтал эхнэр хаалга онгойлгож өгөхөд ******ах орж ирээд надтай хэрүүл маргаан хийж байгаад “чамайг алсан ч яадаг юм” гээд гал тогооны шургуулган дотор байсан саарал өнгийн хуванцар иштэй хутгаар миний баруун талаас хэвлий хэсэгт болон нуруунд 2 удаа хутгалаад гараад явсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14, 18-19 дэх тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.11.22-ны өдрийн 15657 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.2. С.******ын биед хэвлийн хөндий рүү нэвтэрч нурууны шулуун булчинг гэмтээсэн хатгагдсан шарх, цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдсан шарх, цээж, хэвлийн хөндийн цусан хураа, баруун бугалганд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 3.4. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 5.6. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 7. Хэвлийн хөндий рүү нэвтэрч нурууны шулуун булчинг гэмтээсэн хатгагдсан шарх, цээжний хөндий ырүү нэвтэрсэн хатгагдсан шарх, цээж, хэвлийн хөндийн цусан хураа гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун бугалганд зүсэгдсэн шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 8. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ (хавтаст хэргийн 31-32 дахь тал),

Шинжээч Б.Сэргэлэнгийн: “С.******ын биед учирсан хэвлийн хөндий рүү нэвтэрч нурууны шулуун булчинг гэмтээсэн хатгагдсан шарх, хэвлийн хөндийн цусан хураа болон цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдсан шарх, цээжний хөндийн цусан хураа гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал),

Гэрч **********: “2022 оны 11 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө нөхрийн хамт гэртээ унтаж байсан чинь 02 цаг өнгөрч байхад нөхрийн төрсөн ах ******согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Манай нөхөр монгол гэрийн хойд талын орон дээр унтаж байсан. ******ах орж ирээд “ахыгаа уучлаарай” гээд байсан. Тэгээд ******ах ******“зөв амьдраарай, ахынхаа үгийг сонсоорой, ах чинь үг хэлж байна” гээд байхаар нь нөхөр ****** “та юу гээд байгаа юм” гэсэн чинь “ахынхаа үгийг сонсоорой” гээд гал тогооны шүүгээнээс шаргал хуванцар иштэй хутга авахаар нь гараас нь татсан чинь надад дийлдэхгүй явж очоод ******ын баруун бөөр хэсгийн ар хэсэгт 2 удаа хутгаар хатгасан. Би ******ахыг хойш нь татсан. Тэгээд би 103-т дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал),

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-1), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-3-6), гэрч ***ийн мэдүүлэг (хх-27), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-69), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-62), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд (хх-65-67), суурь боловсролын гэрчилгээний хуулбар (хх-68), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хх-70), эд хөрөнгө бүртгэлтэй лавлагаа (хх-71), тээврийн хэрэгсэл бүртгэлтэй лавлагаа (хх-72), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-73), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-75), дансны хуулга (хх-76-86) зэрэг хэрэг авагдсан бичгийн нотлох баримтуудыг,

улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирогч С.******ын эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан талаарх өвчний түүх (31 хуудас) зэргийг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ******согтуурсан үедээ 2022 оны 11 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө 03 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ****** дугаар хороо, Орбитын ****** тоотод өөрийн төрсөн дүү буюу хохирогч ******“ахынхаа үгийг сонссонгүй” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, хутгыг зэвсгийн чанартай ашиглаж хэвлий болон цээжин тус газар нь 2 удаа хутгалж, эрүүл мэндэд нь “хэвлийн хөндий рүү нэвтэрч нурууны шулуун булчинг гэмтээсэн хатгагдсан шарх, цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдсан шарх, цээж, хэвлийн хөндийн цусан хураа, баруун бугалганд зүсэгдсэн шарх гэмтэл” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул шүүгдэгч С.****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.4-т зааснаар хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Хохирогч, шүүгдэгч нар хохирол төлсөн баримт гаргаж өгөөгүй. Хохирогч “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлдэг. Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан 1,355,750 төгрөг, эмийн зардал 231,615 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугийн талаар шүүгдэгчийн байр суурийг дагаж байгаа. Эрүүл мэндийн даатгалын сангийн хувьд иргэний нэхэмжлэгч тогтоогдох ёстой. Гэнэт шүүх дээр нэхэмжлэл гаргаад байх нь хууль зүйн хувьд боломжгүй. Гэм буруутай нь тогтоогдсон хүнээс гаргуулахаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан байна. Тиймээс тусдаа иргэний нэхэмжлэл гаргаад дараа нь шийдэгдэх боломжтой. Нотлох баримтаа бүрдүүлээд иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй. Энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна” гэж,

иргэдийн төлөөлөгч “шүүгдэгч ******хохирогчийг хутгалж хүнд гэмтээсэн нь буруутай” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч ******согтуурсан үедээ 2022 оны 11 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө 03 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, Орбитын **** дугаар гудамж, *** тоотод өөрийн төрсөн дүү хохирогч ******“ахынхаа үгийг сонссонгүй” гэх гэх шалтгаанаар хэвлий, цээжинд 2 удаа хутгалж, эрүүл мэндэд нь “хэвлийн хөндий рүү нэвтэрч нурууны шулуун булчинг гэмтээсэн хатгагдсан шарх, цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдсан шарх, цээж, хэвлийн хөндийн цусан хураа, баруун бугалганд зүсэгдсэн шарх гэмтэл” бүхий хүнд хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч С.******ын “...******ах орж ирээд хэрүүл маргаан хийж байгаад ...гал тогооны шургуулган дотор байсан саарал өнгийн хуванцар иштэй хутгаар миний баруун талаас хэвлий болон нуруунд 2 удаа хутгалаад гараад явсан...” гэх мэдүүлэг (хх-13-14), шүүх эмнэлгийн 15657 дугаар “1.2. С.******ын биед хэвлийн хөндий рүү нэвтэрч нурууны шулуун булчинг гэмтээсэн хатгагдсан шарх, цээжний хөндийрүү нэвтэрсэн хатгагдсан шарх, цээж, хэвлийн хөндийн цусан хураа, баруун бугалганд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 7. Хэвлийн хөндий рүү нэвтэрч нурууны шулуун булчинг гэмтээсэн хатгагдсан шарх, цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдсан шарх, цээж, хэвлийн хөндийн цусан хураа гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-31-32), гэрч ******ийн “...манай нөхөр ****** “та юу гээд байгаан” гэсэн чинь “ахынхаа үгийг сонсоорой” гээд гал тогооны шүүгээнээс шаргал хуванцар иштэй хутга аваад ...******ын баруун бөөр хэсгийн ар хэсэгт 2 удаа хутгаар хатгасан...” гэх мэдүүлэг (хх-24-25), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-3-6) зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.******ийн согтуурсан үедээ хохирогч С.******ын хэвлий, цээжинд 2 удаа хутгалж хүнд хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч С.******ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирогчийн “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг (хх-13-14)-ийг үндэслэн шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч С.****** Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,355,750 төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн, эмийн зардалд 213,615 төгрөг зарцуулагдсан тул энэ зардлыг шүүгдэгчээс гаргуулах саналыг хүлээн авах боломжгүй байна. Хохирогчийн өвчний түүх дээр дээрх үнийн дүн бүхий бичиглэл байгаа боловч тухайн зардал гарсан эсэх талаар нотлох баримт байхгүй, иргэний нэхэмжлэл нь тодорхойгүй, хуулийн шаардлага хангаагүй байх тул энэ талаарх болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.

Түүнчлэн шүүгдэгч нь хохиролд 1,3 сая төгрөг өгсөн гэх боловч холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул хохирол төлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүйг тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч 2 удаа хутгалсан, бусад шарх үүссэн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 7 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдэл байгаа, үүний улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бага насны 4 хүүхэдтэйг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж 3 жил 4 сарын хорих ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч согтуурсан үедээ “ахынхаа үгийг сонссонгүй” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн төрсөн дүү хохирогчийн хэвлий, цээжинд 2 удаа хутгалж хүнд гэмтэл учруулсан, мөн баруун бугалганд зүсэгдсэн хөнгөн гэмтэл учруулж хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, шүүгдэгч хохирол төлсөн гэх боловч баримтгүй, хохирогчийн “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа, ар гэрийн байдал)-г тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч С.****** 5 жилийн хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “энэ хуулийн тусгай ангид заасан хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол...” гэж заажээ. Өөрөөр хэлбэл хохирол төлсөн байхыг шаардаж байгаа бөгөөд шүүгдэгчийн хувьд хохирол төлсөн гэх боловч хохирол төлсөн баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн гэх үйл баримт баримтаар тогтоогдоогүй тул тухайн зүйл, хэсэгт зааснаар хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ********** овогт ********ын ****** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч С.****** 5 (тав) жилийн хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай. 

5. Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ******** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                     

 ДАРГАЛАГЧ                                         Л.БААТАР

 

                         ШҮҮГЧИД                                       Г.АЛТАНЦЭЦЭГ

 

       С.СЭРЖМЯДАГ