Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 110

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р баг Г банк ХХК-ны Замын-Үүд тооцооны төвийн нэхэмжлэлтэй,

Ж.Э-г эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний нэхэмжлэлийг 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.А, нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г банк ХХК-ны Замын-Үүд тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г банкны Замын-Үүд тооцооны төв нь зээлдэгч Ж.Э нь 2017 оны 02 сарын 09-ний өдөр ... тоот гэрээ байгуулан 250,000 /хоёр зуун тавин мянган/ төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй 2 жилийн хугацаатай гэрээ байгуулсан билээ. Ж.Э 2 улсын хооронд зорчигч болон ачаа тээврийн бизнес эрхэлж, Замын-Үүд Борхойн багт амьдран суудаг байсан. Гэрээ байгуулж зээл авсанаас хойш огт зээлийн төлбөр төлөөгүй, сураггүй болсон. Одоо хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа учир Ж.Э-г эрэн сурвалжилж оршин суугаа хаягыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.У шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Ж.Э нь 2017 оны 02 сарын 09-ний өдөр ... тоот гэрээ байгуулан 250,000 төгрөгийг аваад нэг ч төгрөг төлөөгүй алга болсон. Замын-Үүд сумын Борхойн багт эхнэр хүүхдийн хамт амьдардаг гэж байсан боловч одоо уг хаяг дээр хүн байхгүй байгаа. Иймд түүний оршин суух хаягийг тогтоохоор эрэн сурвалжилж өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч Г банк ХХК-ны Замын-Үүд тооцооны төвийн гаргасан Ж.Э-г эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Ж.Э нь Г банкны Замын-Үүд тооцооны төвөөс 2017 оны 02 сарын 09-ний өдөр ... тоот гэрээ байгуулан 250,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй 2 жилийн хугацаатай гэрээ байгуулж, зээлээ барагдуулахгүйгээр нэхэмжлэгчтэй холбогдохгүй, оршин суух хаягтаа байхгүй, хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй байгаа нь нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн тайлбар, Замын-Үүд сумын Борхойн багийн ажлын албаны ... дугаартай албан тоотоор тогтогдож байх тул түүнийг эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Ж.Э, Дорноговь аймаг Замын-Үүд сумын Борхойн багт оршин сууж байсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Ж.Э-г эрэн сурвалжилсугай.

2. Ж.Э-г эрэн сурвалжилж түүний оршин суух хаягийг тогтоох ажиллагааг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Э.Б