Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/158

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Г.Мөнхтүвшин,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Болормаа,

шүүгдэгч ******нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.****** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2308000000030 дугаартай хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: *******

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******согтуурсан үедээ 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “******” нэртэй тээш хадгалах газарт хохирогч ******хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж зулайн хуйханд няцарсан шарх, амны зүүн булан, доод уруулд шарх, зүүн бугалга, баруун шуу, сарвуу, зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шархыг хутгаар, баруун зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хацарт зулгаралт, зүүн бугалгад цус хуралт гэмтлийг гараараа цохиж хохирогчид 2 буюу түүнээс дээш олон тооны шарх үүсгэж өвтгөн шаналган онц харгис хэрцгий аргаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч ******шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтэй адил тул одоо шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Хутгатай гараа татахдаа амыг нь зүссэн. Болсон үйл явдлыг санаж байгаа. Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Эрүүгийн 2308000000030 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Г.******ы: “2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ...******бид 2 дэлгүүрээс 0,75 граммын архи аваад миний машин дотор уусан. Дахин дэлгүүрээс 0,75 граммын архи авч талд нь ортол уусан. Тал архиа аваад “****” тээшний газарт орсон. Тухайн архиа ууж байхдааэ би ****** “2019 онд чамаас би машин худалдаж авсан, машиныхаа тал мөнгийг өгсөн, тал мөнгийг хот хооронд таксинд явж байгаад өгье гэж хоёулаа ярилцаж тохиролцсон байсан. Гэтэл чи тал мөнгөө өгөөгүй гээд буцааж машинаа аваад өөр хүнд зарсанд чинь найз нь гомдож явдаг шүү, тэрнээс биш хоёулаа сайхан найзууд шүү” гэж хэлтэл ******уурлаад “Чи ийм зүйл бодож явдаг юм уу, ямар хогийн юм бодож явдаг юм” гээд миний хувцаснаас зуураад авсан. Би адилхан зуураад маргалдсан. Энэ үед ******гутлынхаа түрийнээс жижиг хутга гаргаж ирээд миний зүүн гарын булчин хэсэгт 2 удаа, зүүн гуяны хэсэгт 1 удаа тус тус хатгатал би газар унасан. Намайг унахад ******миний дээр гарч суугаад нүүр рүү гараа атгаж байгаад 2 удаа цохисон, мөн гартаа барьсан хутгаа аман дотор хийгээд шувтарч авсан. Тэгтэл миний дээд, доод уруулын дотор талын хэсэг зүсэгдсэн. Тухайн үед ****** салгасан. ******эмчилгээний зардалд нийт 2,300,000 төгрөг миний данс руу шилжүүлсэн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-11 дэх тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.12.13-ны өдрийн 16647 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Г.******ы биед зулайн хуйханд няцарсан шарх, амны зүүн булан, доод уруулд шарх, зүүн бугалга, баруун шуу, сарвуу, зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хацарт зулгаралт, зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Зулайн хуйхны няцарсан шарх, амны зүүн булан, доод уруулд шарх гэмтэл нь мохоо, ир, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, зүүн бугалга, баруун шуу, сарвуу, зүүн гуяны хатгагдаж зүсэгдсэн шарх нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, бусад гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тоггоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэжээ (хавтаст хэргийн 31-32 дахь тал),

Гэрч Ц.******ийн: “...Өнөөдөр орой 20 цагийн орчимд тээшээ хаах гэж байхад танил Оджаргал, ****** хоёр архи уучихсан орж ирээд тэнд байсан нэг залууг “архи аваад өгчих” гээд нэг шил архи авахуулаад уусан. Архи авч өгсөн үл таних залуу дундаас нь гараад явчихсан. **********, ****** нар үлдсэн архиа уугаад дуусах үед машины талаар ярьж байгаад хоорондоо муудалцаж хэрэлдээд бие биенийгээ цохиж, ******хутга гаргаж ирээд ******ыг хутгалсан. Хаана нь хутгалсныг би хараагүй, шалан дээр унагааж байгаад нүүрэн дээр нь 2-3 удаа дэвссэн. Энэ үед би айгаад “болиоч” гэж уйлж гуйгаад ****** арагш суулгаад тайвшруулсан. ****** босож ирэхэд нүүр, завьжнаас цус гарсан, гар нь тэр чигтээ цусанд будагдсан байсан. Би салфетик авч ирээд нүүр, гарных нь цусыг арчиж өгөхөд ****** гараад явсан. ******хутга гарган ирээд аман дээр нь дарчихсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),

Гэрч *******: “2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 22 цаг өнгөрч байхад ТҮЦ дотроо сууж байтал гаднаас аман дотроос нь их хэмжээний цус гоожчихсон, нүүр нь бас битүү цус болчихсон зүүн гарны хэсгээс нь цус гарчихсан танихгүй залуу орж ирээд “Эгчээ нэг хүн миний ам руу хутга хийгээд би хутгалуулчихлаа, цагдаа дуудаад өгөөч ёо ёо” гээд орилоод байсан. Тэгэхээр нь би өөрийн дугаарын утаснаас цагдаа руу залгаж дуудлага өгсөн. Манай найз хар Оогий намайг хутгалчихлаа гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал),

Гэрч *********: “2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ******, ******бид нар Драгон орчмоор архи уусан. ...Бид гурав “**** рүү орсон. Би нэг шил 0,75 граммын архи аваад хувааж уусан. Би уг архинаас 3 татчихаад 22 цагийн орчим явсан. ******ы биед ямар нэг гэмтэл шархгүй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-3-5), прокурорын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоол (хх-157-158), Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол (хх-148, 149, 150), хохирол шилжүүлсэн баримт (хх-103),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-57), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-107), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хх-58), эд хөрөнгө бүртгэлгүй лавлагаа (хх-59), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-60), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-61), Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хорооны Засаг даргын “******нь тус хорооны Алтан овооны **** тоотод оршин суудаг нь үнэн болно” гэх тодорхойлолт (хх-63), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд (хх-64-66), дансны хуулга (хх-67-107), шүүгдэгч, хохирогчийн “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт (хх-164, 165), прокурорын “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол (хх-166), прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” санал (хх-167) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч ******согтуурсан үедээ 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “******” нэртэй тээш хадгалах газарт хохирогч ******хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж зулайн хуйханд няцарсан шарх, амны зүүн булан, доод уруулд шарх, зүүн бугалга, баруун шуу, сарвуу, зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шархыг хутгаар, баруун зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хацарт зулгаралт, зүүн бугалгад цус хуралт гэмтлийг гараараа цохиж хохирогчид 2 буюу түүнээс дээш олон тооны шарх үүсгэж өвтгөн шаналган онц харгис хэрцгий аргаар хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Г.******ы “...Бид нар архи уусан. ******гутлынхаа түрийнээс жижиг хутга гаргаж ирээд миний зүүн гарын булчин хэсэгт 2 удаа, зүүн гуяны хэсэгт 1 удаа тус тус хатгасан. Намайг унахад ******миний дээр гарч суугаад нүүр рүү гараа атгаж байгаад 2 удаа цохисон, мөн гартаа барьсан хутгаа аман дотор хийгээд шувтарч авсан. Тэгтэл миний дээд, доод уруулын дотор талын хэсэг зүсэгдсэн...” гэх мэдүүлэг (хх-9-11), шүүх эмнэлгийн 16647 дугаар “1. Г.******ы биед зулайн хуйханд няцарсан шарх, амны зүүн булан, доод уруулд шарх, зүүн бугалга, баруун шуу, сарвуу, зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хацарт зулгаралт, зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Зулайн хуйхны няцарсан шарх, амны зүүн булан, доод уруулд шарх гэмтэл нь мохоо, ир, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, зүүн бугалга, баруун шуу, сарвуу, зүүн гуяны хатгагдаж зүсэгдсэн шарх нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, бусад гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-31-32), гэрч Ц.******ийн “...******хутга гаргаж ирээд ******ыг хутгалсан, шалан дээр унагааж байгаад нүүрэн дээр нь 2-3 удаа дэвссэн, ****** босож ирэхэд нүүр, завьжнаас цус гарсан, гар нь тэр чигтээ цусанд будагдсан байсан...” гэх мэдүүлэг (хх-20) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.****** согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч ******маргалдан гараар цохиж, хутгалж, хутгаар зүсэж хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Өөрөөр хэлбэл хохирогчийн эрх, эрх чөлөөнд хөнгөн гэмтэл учруулахдаа хохирогчийн аманд хутга хийн амны зүүн буланд дотор болон гадна хэсэгт доод уруулын дунд хэсэг хүрсэн 4-4,5см урт оёдол бүхий шарх үүсгэсэн, мөн хутгаар бугалганы дотор дунд 0,5х0,2см зах ирмэг тэгш хатгагдсан шарх, урд дунд 1,9см урт 2 ширхэг оёдол бүхий, гадна дунд 1см 1 ширхэг оёдол бүхий шарх, баруун шууны гадна доод хэсэгт 1,9х0,2см, сарвууны ар чигчий хурууны харалдаа 4х0,1см зах ирмэг тэгш зүсэгдсэн шарх, баруун сарвуу, дунд хуруу, ядам талын хажуу гадаргууд 2х0,1см зүсэгдсэн шарх, зүүн гуяны урд доод хэсэгт 0,5х0,2см зах ирмэг тэгш шарх учруулан олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан байна.   

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.******ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд 2,300,000 төгрөг төлөгдсөн, хохирогчийн “2,300,000 төгрөг авсан, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг, хүсэлт (хх-9-11, 165)-ийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ******согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “******” гэх тээш хадгалах газарт 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Г.******ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж зүүн бугалга, баруун шуу, сарвуу, зүүн гуя, амны зүүн булан, доод уруулыг хутгаар зүсэж, гараараа нүүр хэсэгт 2-3 удаа цохиж хохирогчид 2 буюу түүнээс дээш олон тооны шарх үүсгэж өвтгөн шаналган онц харгис хэрцгий аргаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Олон тооны шарх гэмтэл нь гэрч, хохирогч, шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог. Үүнийг шүүгдэгч хүлээн зөвшөөрдөг. 2 сарын хугацаанд 2 сая төгрөгийг төлнө гэж илэрхийлж байгаа. Хохирогчийн санал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаж үзнэ үү...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч ******нь “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.  

Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч, хохирогч нар согтуурсан үедээ тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хохирогчийн нүүрэнд 2-3 удаа гараараа цохиж, хэд хэдэн удаагийн үйлдлээр хутгалж, ам руу хутгаа хийн зүсэж олон тооны шарх, гэмтэл үүсгэн эрх, эрх чөлөөнд халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохиролд 2,300,000 төгрөг төлөгдсөн, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн ажилтай, орлоготой)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.****** 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ****** овогт ********ийн ****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.****** 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 (хоёр сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.****** 2,000,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.****** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Л.БААТАР