| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2023/0137/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/164 |
| Огноо | 2023-02-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Бат-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/164
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,
шүүгдэгч ******нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ****** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208025851410 дугаартай хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: **********
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******согтуурсан үедээ 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, “*****” хүнсний дэлгүүрийн ойролцоо гудамжинд хохирогч ******хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний нүүрэнд өшиглөн, үснээс зулгааж, дагзны хуйханд шарх, зүүн зовхинд зулгаралт, цус хуралт, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч ******шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Энэ явдлаас хойш хохирогчтой огт уулзаагүй” гэв.
Эрүүгийн 2208025851410 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч ******гийн: “Би ******тэй танилцаад нэлээдгүй олон жил болж байна. ****** ч бид нартай нийлээд архи уудаг. Бид хамт амьдарч байгаагүй ч бэлгийн харилцаатай л байдаг. 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр би ******, ******, ******, ****** нартай “****” дэлгүүрээс архи авч уусан. ****** хамт уусан хүмүүс рүү агсам тавиад байхаар нь би “болиоч” гэж хэлтэл намайг “Увсын шээс, янхан”-аар дуудаад доромжлоод бид хоёр маргалдсан. Тэгтэл шууд миний нүүрэн тус газар өшиглөөд үснээс зулгаагаад зугтчихсан. Би ямар нэг эмнэлэгт хандаагүй, өөрөөр нь эдгээчихсэн. Надад хохирлын баримт байхгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.08.02-ны өдрийн 10575 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. ******гийн биед дагзны хуйханд шарх, зүүн зовхинд зулгаралт, цус хуралт, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонгид алдагдуулахгүй. 5. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ (хавтаст хэргийн 17-18 дахь тал),
Гэрч Ц.******ын: “...Тухайн өдөр энэ хавийн архи уудаг хүмүүс цугларчихсан архи уусан. “*****” дэлгүүрийн ойролцоо гудамжинд цуглардаг. ****** ******г “Увсын гичий” гэж хараагаад байсан. ****** толгой руу нь нэг удаа гараараа цохиход ****** нэг удаа өшиглөөд үснээс нь зулгааж зодож цохиод явчихсан. ******, ****** нар эхнэр, нөхрийн харилцаатай хүмүүс биш. Байнгын архи уухаараа хоорондоо таардаггүй, маргалдаад л байдаг. Эр, эмийн харилцаатай байдаг гэж боддог...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дахь тал),
Шүүгдэгч Д.******ий яллагдагчаар өгсөн: “2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд архины хамааралтай ******, ******, ******, ****** нартай уулзаад “Цогшил” дэлгүүрээс 2 шил архи аваад ойролцоо гудамжинд суусан. Гэтэл ****** архи уучихаад агсраад миний толгой руу цохихоор нь уур хүрээд нүүр лүү нь нэг өшиглөөд үснээс нь зулгаагаад унагаачихсан. ****** архи уухаараа байнга над руу агсраад байдаг. “Чиний ээж үхсэн” гэх мэтээр дайрч доромжлоод байдаг. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ******гаас уучлалт гуйсан. Би хохирлын мөнгө төлөөгүй, надад гомдол санал байхгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дахь тал),
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-2), аюулын зэргийн “Үнэлгээ хийх шаардлагагүй” гэх үнэлгээ (хх-21-22), хохирогч ******д хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл (хх-44), гэрч ****** мэдүүлэг (хх-41-42), Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэсийн албан бичиг (хх-43),
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-25), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-23), төрөл садангийн лавлагаа (хх-27), эд хөрөнгө бүртгэлгүй лавлагаа (хх-29) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Д.******ий гэрчээр өгсөн (хх-8) мэдүүлгийг шүүх үнэлээгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч ******согтуурсан үедээ 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, “*******” хүнсний дэлгүүрийн ойролцоо гудамжинд хохирогч ******хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний нүүрэнд өшиглөн үснээс зулгааж, дагзны хуйханд шарх, зүүн зовхинд зулгаралт, цус хуралт, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч ******гийн “...****** хамт уусан хүмүүс рүүгээ агсам тавиад байхаар нь би “болиоч” гэж хэлтэл намайг ...доромжлоод шууд миний нүүрэн тус газар өшиглөөд үснээс зулгаагаад зугтчихсан...” гэх мэдүүлэг (хх-14), шүүх эмнэлгийн 10575 дугаар “1. ******гийн биед дагзны хуйханд шарх, зүүн зовхинд зулгаралт, цус хуралт, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” гэх шинжилгээ (хх-17-18), шүүгдэгч Д.******ий “...****** архи уучихаад агсраад миний толгой руу цохихоор нь уур хүрээд нүүр лүү нь нэг өшиглөөд үснээс нь зулгаагаад унагаачихсан...” гэх мэдүүлэг (хх-38) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.******ий согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан хохирогч ******гийн нүүрэнд нэг удаа өшиглөж, үснээс зулгааж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч ******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн “хохирлын баримт байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг (хх-14)-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ******согтуурсан үедээ 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, “*******” хүнсний дэлгүүрийн ойролцоо хохирогч ******хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний нүүрэн тус газар нь өшиглөн үснээс нь зулгааж, биед нь дагзны хуйханд шарх, зүүн зовхинд зулгаралт, цус хуралт, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 2 сарын хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай. Эрүүл мэндийн шалтгаантай байгаа тул бусад ялыг оногдуулах боломжгүй. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн гэж үзэж байна...” гэж,
шүүгдэгч “Хэлэх зүйлгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч, хохирогч нар гудамж талбайд архидан согтуурсан үедээ, хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан хохирогчийн нүүрэнд нэг удаа өшиглөж, үснээс зулгаан эрх, эрх чөлөөнд нь халдаж гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “нэхэмжлэх зүйлгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй, эрүүл мэндийн байдал буюу хөлөө гэмтээж 2 суга таягтай байгаа байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****** 2 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас буюу Сонгинохайрхан дүүргийн 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******** овогт ********гийн ****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****** 2 (хоёр) сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас буюу Сонгинохайрхан дүүргийн 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР