Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2025/0200

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“H” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б

Нэхэмжлэгч: “H” ХХК

Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/508 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, “H” ХХК-ийн хүсэлтийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/1044 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал

Хэргийн индекс: 128/2024/0324/З

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “H” ХХК нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/508 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, “H” ХХК-ийн хүсэлтийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/1044 дүгээр шийдвэрээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хээг, 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “H” ХХк-ийн “Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/508 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1044 дүгээр шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

3.1. Хариуцагч нь сонсох ажиллагааг хуульд зааснаар явуулаагүй байдаг. Захиргааны байгууллага буюу хариуцагчаас сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргаж байгаа тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд зааснаар захиргааны акт гаргахын өмнө сонсох ажиллагааг явуулах, мөн хуулийн 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагааг ямар арга хэлбэрээр, хэзээ явуулах талаар мэдэгдэлд хүргүүлж тайлбар гаргах боломж огт олгоогүй байна.

3.2. Хуулийн нарийвчилсан зохицуулалтаар “зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй, барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй байхыг ойлгоно” гэж Улсын дээд шүүхээс тайлбарласан байдаг.

Гэвч хариуцагч нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан нэхэмжлэгчтэй газар эзэмшүүлэх гурвалсан гэрээ байгуулах үүргээ огт биелүүлээгүй байна.

3.3. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг газраа зориулалтын дагуу 2 жилийн хугацаанд огт ашиглаагүй хэмээн үзэж хүчингүй болгосон байдаг бол нэхэмжлэгчийн зүгээс тухайн газарт зориулан барилга байгууламжийн нэгэн бүрдэл хэсэг болох бүрэн цогцолбор барилгын эскиз зураг хийлгэсэн төлбөрийг төлсөн нотлох баримтыг хэрэгт өгсөн боловч анхан шатны шүүхээс нотлох баримтыг бүрэн үнэлээгүй байна.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж тус тус заасан.

2.1. Хэрэгт нэхэмжлэгч “H” ХХК-ийн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын тусгай хамгаалалтын захиргаанд гаргасан 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 09 тоот албан бичиг, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд гаргасан 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 017 тоот албан бичиг тус тус авагджээ.

2.2. Гэтэл хүлээж авсан захиргааны байгууллагууд хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн, ямар хариу өгсөн болох нь тодорхойгүй, шүүх энэ талаарх баримтыг цуглуулаагүй байна.

2.3. Нэхэмжлэгчээс “маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/508 дугаар тушаал гарахаас өмнө захиргааны байгууллагад гэрээ байгуулах хүсэлтээ гаргасан” гэж тайлбарлан маргаж байгаа тохиолдолд дээрх хүсэлтүүдтэй холбоотой хэрхэн шийдвэрлэж, ямар хариу өгсөн талаарх баримтыг цуглуулсны үндсэн дээр дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэхээр байна.

3. Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д “Тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой зааж, шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хангасан, эсхүл зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, түүнчлэн нөхөн төлүүлэх шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан байдал, эд мөрийн баримтыг хэрхэх, хэрэгт хэд хэдэн нэхэмжлэгч, хариуцагч оролцсон бол нэхэмжлэгч, хариуцагч тус бүр ямар эрх эдэлж, үүрэг хүлээхийг тусгана. Шийдвэр гүйцэтгүүлэх арга, журам, хугацаа, шийдвэрийг давж заалдах журам, хугацааг заана” гэж заасан.

3.1. Нэхэмжлэгч “H” ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалийн өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/508 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, “H” ХХК-ийн хүсэлтийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, мөн шаардлагын хүрээнд захиргааны хэрэг үүсгэсэн байна.

3.2. Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийн “Тогтоох нь” хэсэгтээ “Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/508 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж маргаан бүхий актын огноог буруу бичиж, мөн нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага болох “H” ХХК-ийн хүсэлтийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг даалгах” шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.7-д “шүүх нэхэмжлэлийн болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, түүний зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй, эсхүл шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол” гэсэн үндэслэлд хамаарч байна.

3.3. Мөн хэргийн 228-234 дахь хуудсуудад авагдсан 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 017 дугаартай нэхэмжлэгч “Х” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хаягласан “Хүсэлт гаргах тухай” албан бичиг болон 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 03 дугаартай Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай газарт гэсэн “Гэрээ байгуулах хүсэлт гаргах тухай” албан бичиг түүнд хавсаргаж өгсөн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүйгээс гадна уг хүсэлтийг хариуцагч хэзээ хүлээн авсан, хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.   

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3, 121.3.4, 121.3.7-д заасан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4, 121.3.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/1044 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

    

ШҮҮГЧ                                                                       Г.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ                                                                       А.САРАНГЭРЭЛ

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ