Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 101

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа, 

улсын яллагч Д.Дэлгэрмаа,

шүүгдэгч М.Тэмүүжин, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мөнхжаргалын Тэмүүжинд холбогдох эрүүгийн 201625031188 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Их Монгол овгийн Мөнхжаргалын Тэмүүжин, 1991 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй ам бүл 2, эхнэрийн хамт Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 45/а-206 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар УК91092811.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч М.Тэмүүжин нь 2016 оны 5 дугаар сарын 31-нээс 2016 оны 6 дугаар сарын 01-нд шилжих шөнө 05 цагийн үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Доргио” баарны гадаа иргэн Н.Наранзаныг “...хэл амаар доромжилж дээрэнгүй харьцлаа...” гэх шалтгаанаар түүнийг зодож, бие махбодид нь эрүү ясанд хугарал, хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                              ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч М.Тэмүүжин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй, яллах дүгнэлтэд үнэн зөв бичигдсэн байна…” гэв.

М.Тэмүүжин мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ:-Би Н.Наранзана гэдэг хүнийг огт танихгүй. 2016 оны 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 01-нд шилжих шөнө Саруулбуян Гантулга нартай хамт бааранд үйлчлүүлж байгаад Саруулбуяны арван жилийн найз гэдгээр нь хальт зүс мэдэж авсан. Н.Наранзанатай маргалдсан муудалцсан асуудал байхгүй. Бааран дотор байхдаа тэр залуутай Саруулбуян л уулзсан бөгөөд харин би Наранзанатай огт уулзаагүй. Н.Наранзана нь өөрөө намайг эхэлж хэл амаар доромжилсон бөгөөд Саруулбуян тэр 2-ыг уулзаад зогсож байхаар нь би хурдан гэр рүүгээ явъя дараа та 2 тухтай уулз гэхэд намайг Наранзана нь тэнэг бацаан минь цаанаа байж бай гэх зэргээр дээрэлхсэн байдалтайгаар надтай харилцсан, тэр байдалд миний дургүй хүрсэн бөгөөд би шууд очоод Наранзанын шанаа руу нь гараараа нэг удаа цохьсон юм. Тэгэхэд Наранзана нь хойш ухарч алхсан бөгөөд Гантулга Саруулбуян 2 намайг татаад холдуулсан бөгөөд бид гурвын араас Н.Наранзана нь Саруулбуянд хандаж найзаараа намайг зодууллаа гээд хараалын үг хэлээд Саруулбуяныг доромжлоод байсан. Тэр үед Саруулбуян нь Наранзаныг нэг удаа цохиж байсан бөгөөд тэр үед нь би машинд суусан байсан учраас болсон явдлыг бүтэн харж чадаагүй. Би Н.Наранзанын эрүү рүү нь гараараа савж цохьсон. Би нээх их согтоогүй байсан. Харин Наранзана өөрөө нилээн согтсон байсан. Н.Наранзанын биед учирсан хүндэвтэр зэргийн гэмтлийг учруулсан болохоо би хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Н.Наранзана мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…Би 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр өөрийн найз Ганзоригтой уулзаад төмөр замын тэнд байсан нэг кафед орж нэг шил архи хувааж уучихаад 00 цагийн үед гараад Ганзориг гэртээ орлоо гээд гараад явсан. 02 цагийн үед бааранд ороод Улсболд бид хоёр дундаа нэг шил 0,5 граммын архи авч 100 грамм орчим үлдээгээд бааранд байж байхад Саруулбуян буюу манай арван жилийн найз хэсэг хүмүүстэй явж байхад нь тааралдсан. Саруулбуян бид хоёр хоорондоо мэндлээд тус бүр 100 грамм архи уугаад сууж байхад баар хаахаар болоод Саруулбуян бид хоёр тус тусдаа салаад явсан юм. Намайг баарнаас гарах үед баарны үүдэнд миний танил нэг залуу согтсон байдалтай хүмүүстэй маргалдаад зогсож байхаар нь би тэнд нь очоод юу болж байгааг хараад тэнд байсан хүмүүстэй уулзаад зогсож байхад Саруулбуян гарч ирж байгаа харагдсан. Тэгээд би Саруулбуянд за за баяртай дараа уулзъяа эсхүл хамт нэг газар очих уу гэхэд цаанаас нь Тэмүүжин гээд хамт явж байсан залуу нь ирээд намайг үгийн зөрүүгүй цохьсон юм. Тэгэхээр нь би хойшоо ухарсан бөгөөд тэр үед надад баруун талын эрүүн дээр час гэсэн мэдрэмж төрөөд шууд хугарч байгаа юм шиг санагдсан. Тэгтэл араас нь Саруулбуян ирэнгүүтээ шууд миний баруун зүүн талын шанаа руу баруун зүүн гараараа ээлжлээд нэг нэг удаа цохьсон. Тэд нар намайг зодчихоод шууд машиндаа суугаад цаашаа яваад өгсөн. Бааранд байхдаа бид нар хоорондоо маргалдсан зүйл огт байхгүй. Тэмүүжин намайг ямар учраас шууд цохих болсоныг мэдэхгүй байна. Тэмүүжин намайг зүүн талын гараа хагас атгаж байгаад хүмүүсийн хэлдгээр хийтэйгээр миний баруун талын эрүүний доод хэсгээс дээшээ өлгөж нэг удаа цохьсон тэр үед миний эрүү час гээд мөн шүд хугарч байгаа мэт мэдрэмж төрсөн. Тиймээс миний биед учирсан гэмтлийг Тэмүүжин учруулсан. Саруулбуян миний эрүүнээс дээш баруун зүүн талын шанаа руу баруун зүүн гараараа нэг нэг удаа цохьсон. Улсболд тухайн үед миний дэргэд байсан. Болсон үйл явдлыг харсан…” гэжээ /хх-9-10/.

Гэрч Б.Гантулга мэдүүлэхдээ: “…Тухайн өдөр би Саруулбуян, Тэмүүжин нартай хамт Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Доргио” бааранд 01 цагийн үед орж үйлчлүүлж байсан юм. Бид нарыг үйлчлүүлж байхад Саруулбуянгийн арван жилийн найз гээд Наранзанатай, Саруулбуян тааралдсан юм. Тэр хоёр уулзаад хэсэг хугацаанд юм ярьж, пиво ууж байгаад салаад явсан юм. Тэгээд бид гурав баар хаах үед баарнаас гарч байхад баарны үүдэнд хэсэг хүмүүс маргалдаад хэрэлдэж байсан бөгөөд Саруулбуян тийшээ очиж Наранзаныг дуудаад холдуулж байсан. Тэгэхэд нь би Тэмүүжинтэй хамт машин руугаа очоод суугаад байхад Саруулбуян Наранзанатай уулзаад юм яриад зогсож байсан. Тэмүүжин машинаас буугаад Саруулбуянг дуудах гээд явсан. Би тэр үед машин дотор сууж байсан бөгөөд машины цонхоор харахад Тэмүүжин Наранзанын нүүр рүү нь гараараа нэг удаа цохиж байсан. Тэр үед Наранзана нь хойшоо ухарсан. Тэгэхээр нь би машинаас бууж очоод Тэмүүжинг холдуулсан бөгөөд тэр үед Наранзана нь Саруулбуян руу хандаж согтуурсан уурласан байдалтайгаар чи найзаараа намайг зодууллаа гэх зэргээр үг хаяад байсан юм. Саруулбуян Наранзана дээр очоод баруун талын гараараа миний харсанаар бол нэг удаа цохиж байсан ба би тэр үед Тэмүүжинг тэврээд холдуулж байсан учраас сайн анзаарч харж чадаагүй. Тэгээд би Саруулбуян дээр очиж дахиж тэвэрч аваад татаад машиндаа суулгаад бид гурав явсан. Би тухайн үед Тэмүүжин ямар учраас цохих болсон талаар нь мэдэхгүй байна...” гэжээ /хх-12-13/.

Б.Саруулбуян мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр мэдүүлэхдээ: “...Наранзана бид хоёр арван жилд хамт сурдаг байсан. 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр тааралдсан, бид хоёрын дунд өр авлага болон өш хонзонгийн асуудал байхгүй. Би тухайн өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Доргио” бааранд өөрийн хоёр найз Гантулга, Тэмүүжин нарын хамт үйлчлүүлж, хүн тус бүр 2 шил пиво уусан ба харин Гантулга машин барьж явна гээд огт согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тэгээд бааран дотор би өөрийн арван жилийн найз Н.Наранзанатай тааралдсан Н.Наранзана тухайн үед нэг эрэгтэй найзтайгаа хамт ер нь согтсон байдалтай явж байсан. Тэгээд бид хоёр уулзаад юм яриад сууж байгаад салаад явсан. Баар хаах үед хаалгаар гарч байгаад Н.Наранзаныг хүмүүстэй маргалдсан байдалтай байхад нь дахиж хараад, Наранзаныг тэндээс холдуулаад явах гэтэл Н.Наранзана надтай хамт архи ууя өөр тийшээ явъя гээд байсан, тэр үед манай Тэмүүжин ирээд гэртээ харья орой болсон байна гэхэд Наранзана өөрөө Тэмүүжинтэй маргалдаж, хэл амаар доромжлон дээрэлхсэн байдалтай харьцсан. Тэгтэл Тэмүүжин Наранзаны эрүү рүү нь гараараа нэг удаа цохьсон бөгөөд буцаад бид нарыг явах гэж байтал Н.Наранзана над руу хандаж дагуулж ирсэн найзаараа намайг зодууллаа гээд намайг бас хэл амаараа доромжлоод байхаар нь би Н.Наранзаныг зүүн талын шанаа руу нь хоёр удаа гараараа босоо байдалтай байхад нь цохьсон. Тэр үед Гантулга ирээд намайг татаад салаад явсан. Н.Наранзанын биед учирсан гэмтлийг хэн учруулсан талаар би сайн мэдэхгүй байна. Би Н.Наранзанын шанааны хэсэгт нь цохьсон...” гэжээ /хх-34-35/.

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 7971 дүгээр актын дүгнэлтэд:

“1. Н.Наранзанагийн биед эрүү ясанд хугарал, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэжээ /хх-19/.

 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-44/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-42/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-108/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-43/, хохирогч Н.Наранзанын “...шүүгдэгч М.Тэмүүжинтэй сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. ...хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гомдолгүй болсон...” гэх хүсэлт /хх-56/ зэргийг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч М.Тэмүүжин нь 2016 оны 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 01-нд шилжих шөнө 05 цагийн үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Доргио” баарны гадаа иргэн Н.Наранзаныг “...хэл амаар доромжилж дээрэнгүй харьцлаа...” гэх шалтгаанаар түүнийг зодож, бие махбодид нь эрүү ясанд хугарал, хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Наранзанын мэдүүлэг, Б.Саруулбуяны мөрдөн байцаалтад сэжигтнээр мэдүүлсэн “Наранзана өөрөө Тэмүүжинтэй маргалдаж, хэл амаар доромжлон дээрэлхсэн байдалтай харьцсан. Тэгтэл Тэмүүжин Наранзаны эрүү рүү нь гараараа нэг удаа цохьсон” гэх мэдүүлэг, хохирогчийн биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 7971 дүгээр акт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч М.Тэмүүжинг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан  ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчээс хохирогчид гэм хорын хохиролд нийт 3,0 сая төгрөг төлснийг дурдаж, хохирогч Н.Наранзан нь “шүүгдэгч М.Тэмүүжинтэй сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. ...хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гомдолгүй болсон” гэх тухай илэрхийлсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзлээ.

Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.  

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Их Монгол овгийн Мөнхжаргалын Тэмүүжинг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Тэмүүжинг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Тэмүүжинд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Н.Наранзанад 3.000.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч М.Тэмүүжинд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

           

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.БУЯННЭМЭХ