Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2021/0852

 

2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2021/0852

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: О ХХК

Хариуцагч: Х сан

Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 138 дугаар тогтоолын 4, 5 дахь хэсэг, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А-145 дугаар тушаалын 1 дэх хэсэг буюу Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр худалдан авсан Х сангийн эргэлтийн хөрөнгөд бүртгэлтэй трактор, ...ийн үнийн дүнг 50 хувиар хөнгөлж, үйл ажиллагааны зардлыг 2 хувиар тооцох тухай тушаалыг хэрэгжүүлэхээс татгалзаж буй Хөдөө аж ахуйг дэмжих сангийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулж, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлвэрийн сайдын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А-145 дугаар тушаалын 1 дэх хэсгийг хэрэгжүүлэх буюу 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ТХААМ-2019/015 дугаар гэрээний нийт үнийн дүнг 243 470 000 (хоёр зуун дөчин гарван сая дөрвөн зуун далан мянга) төгрөг болгон бууруулж тус гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахыг Х санд даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О ХХК-ийн ерөнхий захирал Д.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай компани нь 2006 онд үүсгэн байгуулагдсан цагаас хойш өнөөдрийг хүртэл газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд үйл ажиллагаандаа зориулж 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас Трактор, хөдөө аж ахуйн машин дамжуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу давхар дугуйт трактор 2 ширхгийг нэг бүрийг нь 85,000 ам доллараар худалдан авч өнөөдрийг хүртэл төлбөрийг төлж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Газар тариалангийн тогтвортой хөгжлийг дэмжих зарим арга хэмжээний тухай 138 дугаар тогтоолыг баталсан. Тухайн тогтоолын 4 дэх хэсэгт Үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах санаачилгыг дэмжих зорилгоор зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн техник, тоног төхөөрөмжийн үнийг 50 хүртэл хувиар хөнгөлөх замаар ашиглалтыг сайжруулах, ажлын байрыг хадгалах арга хэмжээ авахыг, 5 дахь хэсэгт Тариалан эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн ачаалал, дарамтыг бууруулах зорилгоор Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөнгөлөлттэй зээлийн дамжуулан зээлийн гэрээг төгрөгт шилжүүлж, тоног төхөөрөмжийн хөнгөлөгдсөн үнийн дүнгээр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, тооцоо нийлэн өглөг, авлагыг бууруулж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.У-д тус тус даалгасан.

Засгийн газрын дээрх тогтоолд үндэслэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Трактор, хөдөө аж ахуйн техник, усалгааны тоног төхөөрөмж, усалгааны хоолойн үнэ болон худалдах нөхцөлийг шинэчлэн батлах тухай А/145 дугаар тушаал гаргасан. Тус тушаалын 1 дэх хэсэгт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр худалдан авсан Х сангийн эргэлтийн хөрөнгөд бүртгэлтэй трактор, -ийн үнийн дүнг 50 хувиар хөнгөлж, үйл ажиллагааны зардлыг 2 хувиар тооцохоор заасан.

Манай компани нь 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас Трактор, хөдөө аж ахуйн машин дамжуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу худалдан авсан 2 ширхэг давхар дугуйт тракторын үнийг Засгийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 138 дугаар тогтоол болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/145 дугаар тушаалын дагуу 50 хувиар бууруулан өгөхийг хүсэж 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Х санд албан бичиг хүргүүлсэн боловч тус сангийн зүгээс 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 01/936 тоот албан бичгээр манай компанийн хүсэлтийг биелүүлэх боломжгүй гэж татгалзсан хариу өгсөн.

Улмаар манай компани тухайн шийдвэрийг эсэргүүцэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр албан бичиг хүргүүлсэн хэдий ч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасны дагуу Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/145 дугаар тушаалын 1 дэх хэсэг буюу Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр худалдан авсан Хөдөө аж ахуйг дэмжих сангийн эргэлтийн хөрөнгөд бүртгэлтэй трактор, ...ийн үнийн дүнг 50 хувиар хөнгөлж, үйл ажиллагааны зардлыг 2 хувиар тооцох тухай тушаалыг хэрэгжүүлэхээс татгалзаж буй Х сангийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлвэрийн сайдын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/145 дугаар тушаалын 1 дэх хэсгийг хэрэгжүүлэх буюу 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр О ХХК болон Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хооронд байгуулагдсан ТХААМ-2019/015 тоот Трактор, хөдөө аж ахуйн машин дамжуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний нийт үнийн дүнг 243,470,000 төгрөг болгон бууруулж тус гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг даалгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: О ХХК нь 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Трактор, хөдөө аж ахуйн машин дамжуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан давхар дугуйт трактор 2 ширхэгийг нэг бүрийг нь 85,000 ам доллараар худалдан авсан бөгөөд энэ нь Засгийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 138 дугаар Газар тариалангийн тогтвортой хөгжлийг дэмжих зарим арга хэмжээний тухай тогтоол, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/145 дугаар Трактор, хөдөө аж ахуйн техник, усалгааны тоног төхөөрөмж, усалгааны хоолойн үнэ болон худалдах нөхцөлийг шинэчлэн батлах тухай тушаал гарахаас өмнө буюу 2019 онд байгуулсан гэрээ учраас зээлээр авсан техникийг нь дээрх тогтоол, тушаалын дагуу хөнгөлөлт эдлүүлж, өөрчлөх боломжгүй юм.

Энэ талаар Х сангийн ажлын албанаас 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 01/936 дугаар албан бичгээр мөн хариу өгсөн болно.

Х сангийн ажлын алба нь төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газар бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гаргасан тушаалыг өөрчилж шийдвэр гаргах эрхтэй эрх зүйн этгээд биш тул шүүхээс уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О ХХК-ийн Х санд холбогдуулан гаргасан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 138 дугаар тогтоолын 4, 5 дахь хэсэг, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А-145 дугаар тушаалын 1 дэх хэсэг буюу Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр худалдан авсан Х сангийн эргэлтийн хөрөнгөд бүртгэлтэй трактор, ...ийн үнийн дүнг 50 хувиар хөнгөлж, үйл ажиллагааны зардлыг 2 хувиар тооцох тухай тушаалыг хэрэгжүүлэхээс татгалзаж буй Х сангийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулж, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлвэрийн сайдын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А-145 дугаар тушаалын 1 дэх хэсгийг хэрэгжүүлэх буюу 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ТХААМ-2019/015 дугаар гэрээний нийт үнийн дүнг 243 470 000 (хоёр зуун дөчин гарван сая дөрвөн зуун далан мянга) төгрөг болгон бууруулж тус гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахыг Х санд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хуульд заасан журмын хэрэгт цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбар зэрэгт үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ. 

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Трактор, хөдөө аж ахуйн техник зээлээр олгох тухай А-139 дүгээр тушаалаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй төслийн хүрээнд нийлүүлэгдсэн трактор, техник, тоног төхөөрөмжийг Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн эргэлтийн хөрөнгөд бүртгэж, иргэн, хуулийн этгээдэд дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулан олгохыг Тариалан эрхлэлтийг дэмжих санд зөвшөөрчээ.

Нэхэмжлэгч компани 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Тариалан эрхлэлтийг дэмжих сантай байгуулсан ТХААМ-2019/015 дугаартай гэрээгээр давхар дугуйт трактор 165 морины хүчтэй, нэг бүр нь 85,800.00 долларын үнэтэй трактор 2 ширхэгийг худалдан авсан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Газар тариалангийн тогтвортой хөгжлийг дэмжих зарим арга хэмжээний тухай 138 дугаар тогтоолын 4-д Үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах санаачилгыг дэмжих зорилгоор Х сангийн өр, авлагыг ангилж тэдгээрээс чанаргүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан авлагыг хуулийн хүрээнд үе шаттай чөлөөлөх, үлдэгдэл бараа материал, зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн техник, тоног төхөөрөмжийн үнийг 50 хүртэл хувиар хөнгөлөх замаар ашиглалтыг сайжруулах, ажлын байрыг хадгалах арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.У-д зөвшөөрсүгэй., 5-д Тариалан эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн ачаалал, дарамтыг бууруулах зорилгоор Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөнгөлөлттэй зээлийн дамжуулан зээлийн гэрээг төгрөгт шилжүүлж, тоног төхөөрөмжийн хөнгөлөгдсөн үнийн дүнгээр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, тооцоо нийлэн өглөг, авлагыг бууруулж ажиллахыг Сангийн сайд Ч.Х, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.У даалгасугай гэжээ.

Улмаар Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Трактор, хөдөө аж ахуйн техник, усалгааны тоног төхөөрөмж, усалгааны хоолойн үнэ болон худалдах нөхцөлийг шинэчлэн батлах тухай А-145 дугаар тушаалаар Тариалангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5.4, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.1 дэх хэсэг болон дээр дурдсан Засгийн газрын тогтоолыг тус тус үндэслэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр худалдан авсан Х сангийн эргэлтийн хөрөнгөнд бүртгэлтэй трактор, хөдөө аж ахуйн техник, усалгааны тоног төхөөрөмж, усалгааны хоолойн үнийн дүнг 50 /тавь/ хувиар хөнгөлж, үйл ажиллагааны зардлыг 2 /хоёр/ хувиар тооцож, худалдан борлуулах үнийг 1 ба 2 дугаар хавсралтаар баталсны дотор Lovol-1654 трактор 19 ширхэг багтсан байна.

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А-139 дүгээр тушаал болон Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А-145 дугаар тушаалд тракторын нэрийг зөрүүтэй бичсэн боловч хэргийн оролцогч нар энэ талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Тариалангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т Хандивлагч орон, олон улсын байгууллагатай байгуулсан гэрээ, хэлэлцээрээр тариалангийн үйлдвэрлэлийн зориулалтаар олгосон зээл, буцалтгүй тусламжийг зөвхөн зориулалтын дагуу зарцуулна., 19.5-д Энэ хуулийн 19.3-т заасан хөрөнгийг дараахь зориулалтаар зарцуулна: 19.5.4.үр тариа, тэжээл, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний үйлдвэрлэлийн техник, технологийн шинэчлэл хийх, засвар болон техникийн үйлчилгээний төв байгуулах;, Засгийн газрын тусгай сангийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хөдөө аж ахуйг дэмжих сан нь газар тариалан, мал аж ахуй эрхлэх үйл ажиллагааг дэмжих зориулалттай байна., 21.3-д Хөдөө аж ахуйг дэмжих сангийн хөрөнгийг дараах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна: 21.3.1.хөнгөлөлттэй зээлийг дараах зориулалтаар олгох; 21.3.1.а.усалгаатай тариаланг хөгжүүлэх, услалтын систем байгуулах, сэргээн засварлах; 21.3.1.б.таримал ургамлын үрийн аж ахуйг хөгжүүлэх; 21.3.1.в.хөдөө аж ахуйн техник, технологийн шинэчлэлт хийх гэж заажээ. 

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй төслийн хүрээнд  165 м.х/4wd трактор 26 ширхэг нийлүүлэгдсэн бөгөөд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны А-145 дугаар тушаалаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр худалдан авсан Хө сангийн эргэлтийн хөрөнгөнд бүртгэлтэй үлдэгдэл 19 ширхэг Lovol-1654 тракторын үнийн дүнг 50 /тавь/ хувиар хөнгөлж, үйл ажиллагааны зардлыг 2 /хоёр/ хувиар тооцож, худалдан борлуулах үнийг 43,758.00 ам.доллараар баталжээ. 

Нэхэмжлэгч худалдан авсан 2 ширхэг давхар дугуйт тракторын үнийг дээрх шийдвэрүүдийн дагуу 50 хувиар бууруулахаар Х санд хандахад тус сангаас ...Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 138 дугаар тогтоол, түүнийг уламжлан гарсан Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А-145 дугаар тушаал нь шинээр байгуулах гэрээнд хамаарах бөгөөд түүнээс өмнө байгуулсан гэрээг өөрчлөх заалт байхгүй тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэж хариу өгснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А-145 дугаар тушаал нь Х сангийн эргэлтийн хөрөнгөд бүртгэлтэй үлдэгдэл 19 ширхэг тракторын үнийг 50 хувиар хөнгөлсөн агуулгатай байх бөгөөд тус тушаал гарахаас өмнө худалдсан тракторт хамаарахааргүй байх тул хариуцагч Х сангийн үйлдэл сайдын дээрх тушаал болон Тариалангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т заасантай нийцжээ.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 138 дугаар тогтоолын 5-д заасан тариалан эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн ачаалал, дарамтыг бууруулах зорилгоор Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөнгөлөлттэй зээлийн дамжуулан зээлийн гэрээг төгрөгт шилжүүлж, тоног төхөөрөмжийн хөнгөлөгдсөн үнийн дүнгээр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, тооцоо нийлэн өглөг, авлагыг бууруулж ажиллахыг Сангийн сайд Ч.Х, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.У даалгасан бөгөөд энэхүү асуудлыг хариуцагч шийдвэрлэх боломжгүй юм. 

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1-д Засгийн газрын гишүүн энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар олгосон бүрэн эрхтэй. Түүний дотор: 1/эрхэлсэн асуудлын хүрээнд төрийн бодлого боловсруулж, хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийг биелүүлэх ажлыг Засгийн газрын өмнөөс эрхлэн гүйцэтгэж, зохих хүрээ, салбарын хөгжил, ажил хэргийн байдал, үр дүнг Ерөнхий сайдын өмнө дангаар, харин Засгийн газрын үйл ажиллагааны талаар хамтын хариуцлага тус тус хүлээнэ;, 30 дугаар зүйлийн 8-д Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй. гэж зааснаар сайд Засгийн газрын тогтоолыг биелүүлээгүй бөгөөд үүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл нэхэмжлэгч хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлүүлэх эрхтэй.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Тариалангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, Засгийн газрын тусгай сангийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д  заасныг тус тус баримтлан О ХХК-иас Х санд холбогдуулан гаргасан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 138 дугаар тогтоолын 4, 5 дахь хэсэг, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А-145 дугаар тушаалын 1 дэх хэсэг буюу Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр худалдан авсан Х сангийн эргэлтийн хөрөнгөд бүртгэлтэй трактор, ...ийн үнийн дүнг 50 хувиар хөнгөлж, үйл ажиллагааны зардлыг 2 хувиар тооцох тухай тушаалыг хэрэгжүүлэхээс татгалзаж буй Х сангийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулж, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлвэрийн сайдын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А-145 дугаар тушаалын 1 дэх хэсгийг хэрэгжүүлэх буюу 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ТХААМ-2019/015 дугаар гэрээний нийт үнийн дүнг 243 470 000 (хоёр зуун дөчин гарван сая дөрвөн зуун далан мянга) төгрөг болгон бууруулж тус гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахыг Х санд даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш арван дөрөв хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Н.ДАМДИНСҮРЭН