Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 02

 

                                  Х.П гийн хүсэлттэй иргэний  хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Г.Уламбаяр, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 145/ШШ2018/00027 дугаар шийдвэртэй,

Х.П-н хүсэлттэй “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хүсэлт гаргагч Х.П-н гаргасан давж заалдах гомдлоор 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Г.Дорждулам оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Х.П  шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Өвөрхангай аймгийн Бүрд сумын “Улаан туг” нэгдэлд 1977 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэл малын эмч, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Худалдаа бэлтгэлийн трестэд 1982 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл жолооч, Өвөрхангай аймгийн Тарагт сумын Эрдэм шинжилгээний үржил станцад 1983 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүртэл малын эмч, жолооч, Өвөрхангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1988 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл жолоочоор тус тус ажиллаж байсан. Надад тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч бичилт хийгээгүй, нөхөн бичилттэй, тамга тэмдэг дараагүйгээс зөрчилтэй болсон. Иймд намайг Өвөрхангай аймгийн Бүрд сумын “Улаан туг” нэгдэлд 1977 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэл малын эмч, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Худалдаа бэлтгэлийн трестэд 1982 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл жолооч, Өвөрхангай аймгийн Тарагт сумын Эрдэм шинжилгээний үржил станцад 1983 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүртэл малын эмч, жолооч, Өвөрхангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1988 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл жолоочоор тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

            Анхан шатны шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Дэнх овгийн Хаахайн П г Өвөрхангай аймгийн Бүрд сумын “Улаан туг” нэгдэлд 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэл малын эмчээр, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Худалдаа бэлтгэлийн трестэд 1982 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл жолоочоор, Өвөрхангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1988 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл жолоочоор тус тус ажиллаж байсныг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Дэнх овгийн Хаахайн П г Өвөрхангай аймгийн Бүрд сумын “Улаан туг” нэгдэлд 1977 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1977 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малын эмчээр, Өвөрхангай аймгийн Тарагт сумын Эрдэм шинжилгээний үржил станцад 1983 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүртэл малын эмч, жолоочоор ажиллаж байсныг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

                 Хүсэлт гаргагч Х.П  давж заалдах гомдолдоо: Миний бие нь Өвөрхангай аймгийн Бүрд сумын “Улаан туг” нэгдэлд 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэл малын эмч, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Худалдаа бэлтгэлийн трестэд 1982 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл жолооч, Өвөрхангай аймгийн Тарагт сумын Нэгдэл дундын үйлдвэрт 1988 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл жолоочоор тус тус ажиллаж байсан бөгөөд энэ хугацааны ажилласан жилүүдийг шүүхээр тогтоосон болно. Харин Тарагт сумын Эрдэм шинжилгээний Үржил станцад 1983 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл ажиллаж байсан хугацааг хэрэгсэхгүй болгосон шийдвэр гарсан. Би тухайн үеийн Эрдэм шинжилгээний Үржил станцад хамт ажиллаж байсан дарга Г.Зэстбалжир, тракторын жолооч Ж.Бат-Эрдэнэ нарыг гэрчээр мэдүүлэг өгүүлсэн. Мөн тухайн үед ажиллаж байсан тушаалуудын нөхөн бичсэн дэвтрийг авчирсан. Энэхүү дэвтрийг тухайн үед ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Ч.Галхүүгийн бичилт тамга тэмдэгтэйгээ байсан. Эрдэм шинжилгээний Үржил станцад ганцхан байсан өөрийн жолоодож байсан ӨВ 52-53 улсын дугаартай машинд авахуулсан зургийг хавсаргасан болно. Иймд намайг 1983 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Тарагт сумын  Эрдэм шинжилгээний Үржил станцанд ажиллаж байсан хугацааг сэргээн шүүхийн шийдвэрийг хянаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

          Хүсэлт гаргагч Х.П  нь Өвөрхангай аймгийн Бүрд сумын “Улаан туг” нэгдэлд 1977 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэл малын эмч, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Худалдаа бэлтгэлийн трестэд 1982 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл жолооч, Өвөрхангай аймгийн Тарагт сумын Эрдэм шинжилгээний үржил станцад 1983 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүртэл малын эмч, жолооч, Өвөрхангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1988 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл жолоочоор тус тус ажиллаж байсныг тогтоолгохоор хүсэлт  гаргасныг шүүх зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэжээ.

         Өвөрхангай аймгийн архивын тасгаас Тарагт сумын Эрдэм шинжилгээний Үржил станцын 1970 оноос хойшхи баримт тус аймгийн архивт шилжиж ирээгүй тухай тоот хавтаст хэрэгт авагдсан ба  Х.П  нь 1983 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Тарагт сумын Эрдэм шинжилгээний Үржил станцанд ажиллаж байсан болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон байна. Гэрч  Г.Зэстбалжир Х.П той 1983 оноос 1986 оны 3 сард ажлаасаа гарах хүртэл, Ж.Бат-Эрдэнэ 1983 оноос 1987 онд аймгийн төврүү шилжих хүртэл  хамт ажиллаж байсан гэж мэдүүлжээ. Х.П  нь 1983 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Тарагт сумын  Эрдэм шинжилгээний Үржил станцанд ажиллаж байсан гэх боловч дээрх гэрчүүд 1988 онд ажиллаж байсан эсэх талаар мэдүүлээгүй тул нотлогдож байгаа хугацаагаар нь ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна. Хуульд заасан үндэслэл, журмын дагуу өгсөн гэрчийн мэдүүлгийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Х.П г 1983 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Тарагт сумын Эрдэм шинжилгээний Үржил станцанд ажиллаж байсан  болохыг тогтоож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

      Өвөрхангай аймгийн Бүрд сумын “Улаан туг” нэгдэлд 1977 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1977 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малын эмчээр ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг шүүх хангахгүй орхисон талаар хүсэлт гаргагч Х.П  гомдол гаргаагүй болно.

         Хүсэлт гаргагчийн гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 15-ны өдрийн 145/ШШ2018/00027 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Дэнх овгийн Хаахайн П г Өвөрхангай аймгийн Бүрд сумын “Улаан туг” нэгдэлд 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэл малын эмчээр, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Худалдаа бэлтгэлийн трестэд 1982 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл жолоочоор, Өвөрхангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1988 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл жолоочоор тус тус ажиллаж байсныг тогтоосугай” гэснийг “1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Дэнх овгийн Хаахайн П г Өвөрхангай аймгийн Бүрд сумын “Улаан туг” нэгдэлд 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэл малын эмчээр, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Худалдаа бэлтгэлийн трестэд 1982 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл жолоочоор, 1983 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Тарагт сумын Эрдэм шинжилгээний Үржил станцанд жолоочоор, Өвөрхангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1988 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл жолоочоор тус тус ажиллаж байсныг тогтоосугай” гэж,

                 2 дахь заалтын “2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Дэнх овгийн Хаахайн П г Өвөрхангай аймгийн Бүрд сумын “Улаан туг” нэгдэлд 1977 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1977 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малын эмчээр, Өвөрхангай аймгийн Тарагт сумын Эрдэм шинжилгээний үржил станцад 1983 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүртэл малын эмч, жолоочоор ажиллаж байсныг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Дэнх овгийн Хаахайн П г Өвөрхангай аймгийн Бүрд сумын “Улаан туг” нэгдэлд 1977 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1977 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малын эмчээр ажиллаж байсныг тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчилсүгэй.

         2. Хүсэлт гаргагч Х.П гоос давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг буцаан олгосугай.

         3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

         4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

                                   

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                          ШҮҮГЧИД                               Л.НЯМДОРЖ

                                                                                          Г.УЛАМБАЯР