Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 18

 

 

 

 

 

 

 

 

                                 Б.Цд холбогдох эрүүгийн

                                                  хэргийн тухай

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, шүүгч Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Б.О

Шүүгдэгч Б.Ц,

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.О, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нарыг оролцуулан

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 74 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэмийн давж заалдах гомдолоор Б.Цд холбогдох 1916000900069 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 05-нд төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багт оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ДП77110510 регистрийн дугаартай, Их өөлд овогт Б. Ц нь 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 16 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Шинэ-Алтай захын баруун урд талд Б.Тыг зодож биед нь үүдэн 1 шүдний хугарал, баруун мөрөнд цус хуралт, дээд уруулд зулгаралт, толгойн оройд зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч Н.Мыг зодож биед нь тархины хүнд зэргийн няцрал, баруун чамархайд цөмөрсөн хугарал, тархины баруун тал бөмбөлөг чамархайд цусан бүлэн, баруун чамархайд шарх гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь амь насанд аюултай гэмтлийн хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 Анхан шатны шүүх: Шүүгдэгч Их өөлд овогт Б. Ц-ыг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б. Ц-д сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 7, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цд хэрэглэсэн сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэцийн эмгэг судлалын хуулийн тасгийн энгийн зэрэглэлтэй тасагт 1 жилийн хугацаатайгаар хэрэглэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсны улмаас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүний хэрэг хариуцах чадваргүй байдал арилсан бол шүүхээс уг албадлагын арга хэмжээг зогсоох тухай шийдвэр гаргах болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цд авсан сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд хяналт тавьж ажиллахыг Говь-Алтай аймгийн Прокурорын газарт даалгаж, Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.1-д зааснаар шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оээс 2.414.990 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Мын хууль ёсны төлөөлөгч Г.Ст олгуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан диск 1 ширхэгийг, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж, Хохирогч Н.Мын хууль ёсны төлөөлөгч нь эмчилгээний зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхмэжлэх эрхтэй болохыг тайлбарлаж, Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, ялтнаас гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, ялтан цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж, Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Цын хууль ёсны төлөөлөгч Б.Оийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлагыг Б.Цд оногдуулахдаа түүний хувийн байдал, мөн гэрч нарын мэдүүлэг зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүй эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг 1 жилийн хугацаатай хэрэглэхээр тогтоосон. Б.Цын хувьд урьд ял шийтгэгдэж хэрэг зөрчил гаргаж байгаагүй, хохирогч нарын буруутай үйлдлээс болж анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Урьд нь бусдад болон өөртөө аюул учруулж байгаагүй. Ах дүү нарынхаа асаргаанд байдаг тул эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэхгүйгээр сэтгэцийн эрүүл мэндийн холбогдох байгууллагад эмчлүүлэх, асран хамгаалагчид халамжлуулахаар шилжүүлж өгнө үү.

Анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргаж өгсөн хохирлын баримтыг нэг бүрчлэн нягталж, шалгаж үзэхгүйгээр нотлох баримтын шаардлага хангасан баримт гэж дүгнэлт хийж 2.414.990 төгрөгийг шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолд заасан эрүүгийн хариуцлага болох эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хөнгөрүүлэх, хуульд зааснаар нотлох баримтын шаардлага хангасан баримттай хохирлыг тооцон гаргуулж, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

  Улсын яллагч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Б.Ц нь Тт хөнгөн хохирол, Н.Мд хүнд хохирол санаатай учруулсан байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй хууль зүйн дагуу гарсан. 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 74 дугаартай шийтгэх  тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох саналыг шүүхэд гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.Ц нь 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 16 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Шинэ-Алтай захын баруун урд талд хохирогч Н.Мыг зодож биед нь тархины хүнд зэргийн няцал, баруун чамархайд цөмөрсөн хугарал, тархины баруун тал бөмбөлөг чамархайд цусан бүлэн, баруун чамархайд шарх гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан, хохирогч  Б.Тыг зодож биед нь үүдэн 1 шүдний хугарал, баруун мөрөнд цус хуралт, дээд уруулд зулгаралт, толгойн оройд зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэн, эдүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байна.

Эдгээр үйл баримт нь хохирогч Б.Тын: “2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 15-16 цагийн үед захын баруун талын таксины зогсоолын орчимд том биетэй, цэнхэр өнгийн куртиктэй, эрэгтэй хүн хамт явж байсан хохирогч Н.Мыг цохиж унагаад чулуугаар толгой руу нь цохиход нь түүнийг араас нь тэвэрч авахад эргэж хараад чулуугаар цохиод, газарт унасан байх үед нь нүүр рүү нь өшиглөж зодчихоод яваад өгсөн бөгөөд босч ирээд Н.М дээр очиход нь толгойноос нь цус их гарсан ухаан алдсан байдалтай байсан тухай” мэдүүлэг, 

Хохирогч Н.Мын: “Б.Тын хамт зах руу орох гэж явж байгаад захын дээд талын хаалганы орчимд зодуулж  толгойдоо хүнд гэмтэл авсан бөгөөд нэг ухаан ороход эмнэлэгт хэвтэж байсан, зодсон хүнийг танихгүй” тухай мэдүүлэг,

Гэрч Ц.Мөнх-Эрдэний: “2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хоёр согтуу хүн зах руу очиж байхад нь өндөр махлагдуу залуу таараад тэр хоёр согтуу хүний нэгийг нь цохиж газарт унагаад, нөгөөг нь газарт унагаасан нүүр рүү нь өшиглөж байсан тухай” мэдүүлэг,

Гэрч Н.Дашдоржийн: “Захын уулзвар руу орж ирэх үед нэг хүн, нэг хүнийг цохиж унагаад, нөгөөг нь өшиглөж унагаад унасан байхад нь өшиглөөд байх шиг байсан” тухай мэдүүлэг,

Гэрч М.Давхарбаярын: “2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр аав Н.М нь Б.Тын хамт гэртээ ирэхдээ хувцас хунар нь шороо шавхай,  цус болсон, захын орчимд зодуулсан гэж хэлсэн. Тэгээд эмнэлгийн түргэн тусламж, цагдаа дуудсан” тухай мэдүүлэг,

Гэрч Д.Ганбаатарын: “Хар хөх өнгийн куртиктай, махлаг өндөр залуу хоёр эрэгтэй хүнийг зодчихоод зах руу орсон” тухай мэдүүлэг,

Гэрч Я.Хүрлээгийн: “2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр үдээс хойш зах дотор ажлаа хийж байх үед нь өндөр, махлаг, бор царайтай, том биетэй хүн амьсгаадсан, ууралсан байдалтай, гар утас засуулна гэж орж ирээд  хоёр согтуу хүн тааралдаад архины мөнгө авах гэхээр нь цохиод унагаасан гэж хэлсэн” тухай мэдүүлэг,

Говь-Алтай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Д.Дгийн: “Н.Мын биед тархины хүнд зэргийн няцрал, баруун чамархайд цөмөрсөн хугарал, тархины баруун тал бөмбөлөг чамархайд цусан бүлэн, баруун чамархайд шарх гэмтэл тогтоогдсон амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна,

Б.Тын биед үүдэн 1 шүдний хугарал, баруун мөрөнд цус хуралт, дээд уруулд зулгаралт, толгойн оройд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтүүд,

“Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвын Захын баруун талд байрлах таксины зогсоолын урд талд замын хөвөөн дээр 30х12 сантиметр талбайд улаан хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон байсан” тухай хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт авагдсан Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газраас Шинэ-Алтай захын баруун урд хэсэгт байршуулсан хяналтын камерын: “Б.Ц нь зүүн гартаа чулуу мэт зүйл барьж далайж ирээд хохирогч Б.Тыг зүүн хөлөөрөө нүүр орчимд нь нэг удаа өшиглөж, гартаа барьсан зүйлээ шидэж нүүр орчимд нь цохиод, дахин газраас чулуу мэт зүйл авч очоод баруун гараараа зүүн шанаа орчимд нь цохиж унагаад гартаа барьсан зүйлээ шидэж цээж мөр орчимд нь цохиод, зүүн хөлөөрөө цээж орчимд нь нэг өшиглөөд явж байгаа” байдлыг тусгасан бичлэг, зэргээр тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Цын үйлдэл хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирол нь шууд шалтгаант холбоотой өөрөөр хэлбэл Б.Цын санаатай үйлдлийн улмаас хохирогч Н.Мын эрүүл мэндэд хүнд хохирол, Б.Тын биед хөнгөн хохирол учирсан байна.

  Гэвч гэмт хэрэг үйлдэх үедээ шүүгдэгч Б.Ц нь тархины өвчин гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг, шинж тэмдгийн унал таталт, эмгэг бухимдал сэтгэцийн эмгэгтэй байснаас гэмт хэргийн улмаас учрах хор хохирол, үүсэх үр дагаврыг төсөөлж өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй, өөрөөр хэлбэл сэтгэцийн хувьд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг бүрэн ухамсарлах чадваргүй байжээ.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан болох нь  Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн шүүх сэтгэц гэмт судлалын: “Б.Ц нь сэтгэцийн өвчин болох тархины өвчин, үйлийн хямралаас шалтгаалж бие хүний ба төрх үйлийн эмгэгтэй, хүүхэд байхаас унаж татдаг болсон ба одоог хүртэл уналт өгдөг, өвчин даамжирсан, үе үе сэтгэцийн өөрчлөлт өгдөг, 2007 онд өөрийгөө егүүтгэх оролдлого хийж байсан” гэсэн магадлагаа,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн:

“1. Б.Ц нь өмнө нь Сэцгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хяналтанд ороогүй, харъяа аймгийнхаа сэтгэц мэдрэлийн эмчийн хяналтанд байсан гэх эмнэлгийн баримт бичиг байна. Б.Цын уг эмгэг нь  олон улсын өвчний 10 дугаар ангилалын 5 дугаар бүлэгт ордог F 07.8 тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны шалтгаант бие хүн ба зан төрхийн бусад органик эмгэг юм.

2. Б.Ц нь одоо тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг, шинж тэмдгийн унал таталт сэтгэцийн эмгэгтэй байна.

3. Б.Цын дээрх эмгэг нь хүүхэд өсвөр насны үеэс шинж тэмдэг нь унал, таталт  өвчнөөр эхэлсэн бие хүний ба зан төрхийн органик эмгэгээр даамжирч явагдаж байгаа болно.

4. Б.Ц нь гэмт хэрэг үйлдэгдэх үед буюу 2019 оны 03 дугаар сарын 07-ны үед тархины өвчин гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг, шинж тэмдгийн унал таталт, эмгэг бухимдал сэтгэцийн эмгэгтэй байсан байна.  Б.Ц нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийгөө удирдан жолоодох чадваргүй байсан байна.

5. Б.Ц нь болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвар султай байна.

6. Цэдэнбал нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байна.

7. Б.Цын уг сэтгэцийн байдал нь өөртөө болон бусдад аюул учруулж болзошгүй тул эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагатай байна” гэсэн дүгнэлт   зэргээр тогтоогдсон байна.

Тиймээс шүүгдэгч Б.Цд хэрэг хариуцуулж ял шийтгэл оногдуулах үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Цд сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хохирогч Н.Мын гаргаж өгсөн хохиролтой холбоотой нотлох баримтууд нь цаг хугацааны хувьд хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирч эмчилгээ хийлгэсэн хугацаатай нь тохирч байгаа бөгөөд эдгээр баримт мэдээллийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, эдгээр баримтууд нь хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нотлож байна.

Түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон бол нэхэмжлэгч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй байхаар тус тус заасан байх тул анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж, үлдсэн хэсгийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Тиймээс давж заалдах шатны шүүхэд өмгөөлөгч Ж.Дорждэрэмийн гаргасан шүүгдэгчид авсан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргуулахаар шийдвэрлэсэн хохирлын талаарх давж заалдах гомдлыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 74 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оийн өмгөөлөгч Ж.Дорждэрэмийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, Эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ                           Ш.БАТТОГТОХ

                              ШҮҮГЧИД                           Б.АРИУНБАЯР

                                                                        Ч.ЭНХТӨР