Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/171

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Р.Мягмардорж,

хохирогч ******,

шүүгдэгч ******нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ******холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2308000000150 дугаартай хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: **********

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******согтуурсан үедээ 2023 оны 1 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн **** дүгээр хороо, ****** тоотод хохирогч ******тэй маргалдаж зуух руу түлхэн унагаж, хөл рүү өшиглөн “нурууны зүүн доод хэсэгт I зэргийн түлэгдсэн шарх, зүүн бугалга, шуу, шилбэ, баруун хөлийн тавхайн ар хэсэгт цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч ******шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Хохирогчтой тухайн үед танилцсан. Хохирол төлөөгүй, миний буруу” гэв.

Хохирогч ****** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хохирлоо барагдуулж авмаар байна. Өөр нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Эрүүгийн 2308000000150 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч ******гийн: “2023 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр найз ******* залгаад 19 цаг болж байхад “Манайд хүрээд ир, хамт сууя” гэхээр нь такси бариад Сонгинохайрхан дүүргийн **** дүгээр хороо, Хилчин хотхоны ард гэрт нь очсон. ***** найз залуу ******ын хамтаар хоол хийсэн, зурагт үзээд байж байсан. Тал оргилуун дарс гаргаж ирээд бид дөрөв уугаад хөзөр тоглож байгаад пиво уусан. ******, ****** хоёр урьд өмнөх амьдралаа яриад хэрүүл хийгээд байхаар нь нөхөр бид хоёр “гэртээ харъя” гэж байхад тэр хоёр “хоноод яв” гэхээр нь сууж байхад ******пиво ууж байсан аягаа ****** рүү шидээд “тэгвэл тэр өмнө нөхөртэйгөө зайлаач дээ, хайртай гэсэн биз дээ” гэх мэтээр орилж хашгичаад байхаар нь ****** гараад гүйсэн. Шууд манай нөхөр лүү дайраад хоолойг нь гараараа боогоод нүүр лүү нь гараараа 2-3 удаа цохисон. Манай нөхөр “болъё” гээд гараад явахад намайг зуух руу түлхээд унагасан. Миний зүүн талын бөөрний ард хэсэгт түлэгдсэн, би уйлаад гутлаа өмсөөд сууж байхад миний зүүн хөлийн шилбэ хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд цагдаа орж ирсэн. Гомдолтой байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6 дахь тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2023.01.09-ний өдрийн 1075 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. ******гийн биед нурууны зүүн доод хэсэгт I зэргийн түлэгдсэн шарх, зүүн бугалга, шуу, шилбэ, баруун хөлийн тавхайн ар хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Түлэгдсэн шарх нь өндөр хэмийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

Гэрч *******: “2023 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр эхнэрийн найз ****** гэртээ “хүрээд ир” гэхээр нь очсон. ****** найз залуутайгаа хамт байсан. Бид нар хоол идээд, хөзөр тоглоод, пиво уусан. ****** тэр хоёр урьд өмнөх амьдралаа яриад ******эхнэрээ хуучин нөхөртэй нь хардаад хэрүүл хийж байгаад “тэр залуутайгаа амьдар” гээд орилсон чинь ****** гараад явсан чинь ******намайг боогоод гараараа толгой руу хоёр удаа цохисон. Манай эхнэр салгаад би гараад цагдаа дуудах үед эхнэр дотор гутлаа өмсөх гээд байж байхад нь зуух руу түлхэж унагаад хөл рүү нь өшиглөсөн гэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын албан бичиг (хх-71), мөрдөгчийн “Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” тогтоол (хх-84),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-28), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-25), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-31), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-32), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-35), тээврийн хэрэгслийн лавлагаа (хх-36),  дансны хуулга (хх-37-68), шийтгэх тогтоолын хуулбар (хх-98-101), хохирол төлсөн баримт (хх-102), хохирогчийн “Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлт (хх-85), шүүгдэгчийн “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт (хх-95), прокурорын “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол (хх-105-106), прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” санал (хх-104) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч ******согтуурсан үедээ 2023 оны 1 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо, ***** тоотод хохирогч ******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж зуух руу түлхэн унагаж, хөл рүү нь өшиглөн “нурууны зүүн доод хэсэгт I зэргийн түлэгдсэн шарх, зүүн бугалга, шуу, шилбэ, баруун хөлийн тавхайн ар хэсэгт цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч ******гийн “...Бид нар пиво уусан. ...намайг зуух руу түлхээд унагасан. Миний зүүн талын бөөрний ард хэсэгт түлэгдсэн, би уйлаад гутлаа өмсөөд сууж байхад миний зүүн хөлийн шилбэ хэсэг рүү өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хх-6), шүүх эмнэлгийн 1075 дугаар “1. М ******гийн биед нурууны зүүн доод хэсэгт I зэргийн түлэгдсэн шарх, зүүн бугалга, шуу, шилбэ, баруун хөлийн тавхайн ар хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-15-16), гэрч *****ийн “...Бид нар пиво уусан. ...манай эхнэр гутлаа өмсөх гэж байхад нь зуух руу түлхэж унагаад хөл рүү нь өшиглөсөн гэсэн...” гэх мэдүүлэг (хх-12) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.******ын ахуйн хүрээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэн согтуурсан үедээ хохирогч ******г зуух руу түлхэж унаган, хөл рүү өшиглөж хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч ******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн шүүх хуралдаанд гаргасан “Хохирлоо авмаар байна” гэх мэдүүлгийг тус тус үндэслэн шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч ****** гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ******согтуурсан үедээ 2023 оны 1 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ***дүгээр хороо, ******** тоотод хохирогч ******тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдаж зуух руу түлхэн унагаж, хөл рүү өшиглөн эрүүл мэндэд нь “нурууны зүүн доод хэсэгт I зэргийн түлэгдсэн шарх, зүүн бугалга, шуу, шилбэ, баруун хөлийн тавхайн ар хэсэгт цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэж,

хохирогч “Байхгүй” гэж,

шүүгдэгч “Байхгүй, миний буруу” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч ******нь “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.  

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч, хохирогч нар ахуйн хүрээнд согтуурсан үедээ, шүүгдэгч нь үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийг зуух руу түлхэж унаган, хөл рүү нь өшиглөж эрх, эрх чөлөөнд халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Гомдолтой” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн ажилтай, орлоготой)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *********ын ******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******600,000 төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч ****** гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Л.БААТАР