| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2023/0165/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/177 |
| Огноо | 2023-02-07 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Р.Мягмардорж |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/177
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч Р.Мягмардорж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Шүрэнцэцэг,
шүүгдэгч ******нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208020071404 дугаартай хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: *********
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч ******нь 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн **** дугаар хороо, Тоосгоны **** дугаар гудамжинд байрлах дэлгүүрт үйлчлүүлж байх үед хохирогч ******Хаан банкны виза картыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, уг картнаас 2 удаагийн гүйлгээгээр нийт 600,000 төгрөгийг авсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч ******шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хохирлыг барагдуулсан. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.
Эрүүгийн 2208020071404 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч ******: “2022 оны 6 дугаар сарын 06-ны өглөө эрт дэлгүүрээс тамхи аваад явж байгаад гудамжинд зүс таньдаг хоёр залуу шартсан байдалтай байхаар нь би архи аваад бид гурав уусан. Бараг дуусаж байхад манай арын гудамжинд амьдардаг зүс таньдаг ******гэх залуу ирхээр нь би ******дагуулаад Тоосгоны 10 дугаар гудамжинд байдаг дэлгүүр хамт ороод ******* хажууд картаа өгөөд кодоо хэлээд архи авсан. Би тухайн үедээ эхнэрт мэдэгдэхгүй гэж бодоод дэлгүүрийн худалдагчаас гуйгаад 4,500 төгрөгөөр авсан архины мөнгөө олон удаа уншуулсан. ******архи болон карт аваад дэлгүүрээс гарсан, гэнэт миний картыг аваад зугтаасан. Би араас нь таавчиктай хөөсөөр байгаад очиход шөнийн захын орчим Хаан банкны АТМ дотор ******миний картнаас 100,000 төгрөг уншуулаад авч байхаар нь би “мөнгө картаа авъя” гэхэд “за ахаа” гэж хэлээд ахиад зугтаагаад яваад өгчихсөн. Би тэр хавиар хайж байгаад шөнийн захын ард ******дахиж олж аваад картаа авъя гэхэд эхнэрийн виза картыг надад буцааж өгсөн. Тэгээд би гэртээ ирэхэд эхнэр картанд байсан бүх мөнгө уншуулаад авчихсан байна гэсэн. Хохирлоо нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9, 11 дэх тал),
Камерын бичлэгт үзлэг хийсэн: “...бичлэгийн зүүн дээд буланд 2022/06/06 11:23:32 гэсэн бичиглэл гарч байв. Бичлэг эхлэх үед АТМ-аар саарал өнгийн кэйпек малгайтай, хар өнгийн хантаазтай, улбар шар өнгийн бэлтгэлийн хувцастай, зүүн гартаа цахим гав зүүсэн 25-30 орчим насны залуу үйлчлүүлж байх бөгөөд 01:00 минутад АТМ-аас мөнгө авч бичлэгийн 01 минут 04 секундэд гарч явав. ...Бичлэгийн 2 минут 24 секунтэд гаднаас дээрх сэжигтэй этгээд ...ногоон өнгийн Хаан банкны виза картыг бэлэн мөнгөний машинд уншуулан бэлэн мөнгө авсан. Дээрх этгээд нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан Жаргалсайханы ******мөн байв...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 21-23 дахь тал),
Шүүгдэгч *********** яллагдагчаар өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр гудамжинд зүс таних ******тай тааралдаад хамт архи уусан. Виза картнаас дэлгүүрээс архи авахаар нь картыг нь аваад АТМ-аас эхлээд 100,000 төгрөг уншуулж, дараа нь 500,000 төгрөг аваад мөнгөөр нь архи уугаад дуусгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал),
...тоот данснаас нийт 600,000 төгрөгийн зарлага гарсан гэх дансны хуулга (хх-16), хохирогчийн “...хохирлоо авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт (хх-64),
шүүгдэгчийн иргэний мэдээдэл (хх-59), ялын тооцоо (хх-93), шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-33-43, 46-48, 55-56, 73-75) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ******нь 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн **** дугаар хороо, Тоосгоны ***** дугаар гудамжинд байрлах дэлгүүрт үйлчлүүлж байх үед хохирогч ******Хаан банкны виза картыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч, уг картнаас 2 удаагийн гүйлгээгээр нийт 600,000 төгрөг уншуулан авч, 600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Карт авч зугтаасан гэдэг нь хохирогчийн 2 удаагийн тогтвортой өгсөн мэдүүлэг, хохирогчийн эхнэрийн гэрчээр өгсөн мэдүүлэг, камерын бичлэгээр тогтоогддог. Хохирол төлсөн тул бусдад төлөх төлбөргүй...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Мөрдөн шалгах ажиллагаа бүрэн дүүрэн хийгээгүй, нотолбол зохих байдал тогтоогоогүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгож өгнө үү. Хохирогчийн мэдүүлэгт “шүүгдэгч картыг аваад гарсан” гэдэг. Илээр, хүч хэрэглэхгүйгээр авсан гэдэг нь тогтоогдохгүй байна. Картнаас 100,000, 500,000 төгрөг авч байхад хохирогч байгаагүй, гэртээ ирээд мэдсэн гэх тул хулгайлах гэмт хэрэг гэж үзэж байна. Эхнэрийн карт учир ****** хохирогч биш. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-д зааснаар ****** иргэний хариуцагч гэж үзэж байна. Хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгож өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ. Хэрэгт авагдсан хохирогчийн “...******гэнэт миний картыг аваад зугтаасан... Би араас нь таавчиктай хөөсөөр байгаад очиход шөнийн захын орчим Хаан банкны АТМ дотор ******миний картнаас 1008000 төгрөг уншуулаад авч байхаар нь би “мөнгө картаа авъя” гэж хэлэхэд “за ахаа” гээд ахиад зугтаагаад яваад өгчихсөн...” гэх мэдүүлэг (хх-11), камерын бичлэгт үзлэг хийсэн: “...бичлэгийн зүүн дээд буланд 2022/06/06 11:23:32 гэсэн бичиглэл гарч байв. Бичлэг эхлэх үед АТМ-аар саарал өнгийн кэйпек малгайтай, хар өнгийн хантаазтай, улбар шар өнгийн бэлтгэлийн хувцастай, зүүн гартаа цахим гав зүүсэн 25-30 орчим насны залуу үйлчлүүлж байх бөгөөд 01:00 минутад АТМ-аас мөнгө авч бичлэгийн 01 минут 04 секундэд гарч явав. ...Бичлэгийн 2 минут 24 секунтэд гаднаас дээрх сэжигтэй этгээд ...ногоон өнгийн Хаан банкны виза картыг бэлэн мөнгөний машинд уншуулан бэлэн мөнгө авсан. Дээрх этгээд нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан ********ы ******мөн байв...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 21-23 дахь тал), шүүгдэгч ********* яллагдагчаар өгсөн: “...Виза картнаас дэлгүүрээс архи авахаар нь картыг нь аваад АТМ-аас эхлээд 100,000 төгрөг уншуулж, дараа нь 500,000 төгрөг аваад архи уугаад дуусгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал)-ээр шүүгдэгч ******хохирогчийн картыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар аваад зугтаасан үйл баримт тогтоогдож байна.
Хулгайлах гэмт хэргийн тухайд ялгарах шинжийн хувьд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар үйлдсэн байхыг шаардана. Дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан гэмт үйлдлийн улмаас хохирол учирсан байхыг шаардахгүй, үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм. Шүүгдэгч хохирогчийн картыг авч зугтаасан үйлдлээр дээрэмдэх гэмт хэрэг төгссөн гэж үзнэ. Харин картнаас мөнгө авахад хохирогч хажууд нь байгаагүй, мөнгө авсныг хараагүй, гэртээ хариад мэдсэн гэдэг нь хэргийн зүйлчлэлд хамааралгүй бөгөөд хохирогчийн “...******архи болон карт аваад дэлгүүрээс гарсан, гэнэт миний картыг аваад зугтаасан. Би араас нь таавчиктай хөөсөөр байгаад очиход шөнийн захын орчим Хаан банкны АТМ дотор ******миний картнаас 100,000 төгрөг уншуулаад авч байхаар нь би “мөнгө картаа авъя” гэхэд “за ахаа” гэж хэлээд ахиад зугтаагаад яваад өгчихсөн. Би тэр хавиар хайж байгаад шөнийн захын ард ******дахиж олж аваад картаа авъя гэхэд эхнэрийн виза картыг надад буцааж өгсөн...” гэх мэдүүлгийг няцаасан, үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүйг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүх эцэслэн шийдвэрлэлээ.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч ******согтуурсан үедээ 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн **** дугаар хороо, Тоосгоны *****дугаар гудамжинд байрлах дэлгүүрт үйлчлүүлж байхдаа хохирогч ******Хаан банкны виза картыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, уг картнаас 2 удаагийн гүйлгээгээр нийт 600,000 төгрөг уншуулан авсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч ******“...******архи болон карт аваад дэлгүүрээс гарсан гэнэт миний картыг аваад зугтаасан. Би араас нь таавчиктай хөөсөөр байгаад очиход шөнийн захын орчим Хаан банкны АТМ дотор ******миний картнаас 100.000 төгрөг уншуулаад авч байхаар нь би “мөнгө картаа авъя” гэж хэлэхэд “за ахаа” гэж хэлээд ахиад зугтаагаад яваад өгчихсөн, би тэр хавиар хайж байгаад шөнийн захын ард ******дахиж олж аваад картаа авъя гэхэд манай эхнэрийн виза картыг надад буцааж өгсөн...” гэх мэдүүлэг (хх-11), шүүгдэгч ********ын “...******тай тааралдаад хамт архи уусан. Виза картнаас дэлгүүрээс архи авахаар нь картыг нь аваад АТМ-аас эхлээд 100,000 төгрөг уншуулж, дараа нь 500,000 төгрөг аваад архи уугаад дуусгасан...” гэх мэдүүлэг (хх-29-30), дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-21-23) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч ********* хохирогч ******эзэмшиж байсан банкны виза картыг булааж зугтсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан дээрэмдэх гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч ******д 600,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хохирогчийн “Хохирлыг авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт (хх-64)-ийг үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ******Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. 3 удаа ял шийтгэлтэй, хулгай дээрмийн хэрэгт шийтгүүлсэн, нийгэмшээгүй, ухамсарласан зүйл байхгүй байна. Өмнөх ялаас 09 сар 13 хоногийн үлдэгдэлтэй. Өнөөдрийн байдлаар цагдан хоригдсон 15 хоногийг хасаж, 8 сар 19 хоногийн ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 4 жил 8 сар 19 хоногоор тогтоох саналтай...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч хэргийн зүйлчлэл дээр маргадаг. Гэм буруугийн талаар маргаагүй. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлоо төлсөн. Урьд гэмт хэрэг үйлдсэн байлаа гээд ялыг нэмж болохгүй. Хорих ялыг багаар оногдуулж өгнө үү...” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч согтуурсан үедээ, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, бусдын эд хөрөнгийн эрхэд халдан банкны виза картыг булааж зугтан мөнгө авч ашигласан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчид 600,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохирол төлөгдсөн, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (дээрэмдэх гэмт хэрэг үйлдээгүй гэж үйлдсэн хэрэгтээ хандаж байгаа хандлага, урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж ял эдэлж байгаа, үйлдсэн хэрэгтээ гэмшихгүй, засрал хүмүүжил олохгүй байгаа хувийн байдал)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч ******Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын хорих ял шийтгэлээ.
Шүүгдэгч ******өмнө нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/1219 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 1 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөр тасалбар болгон тодорхойлсон ялын тооцоо (хх-93)-оор дээрх ялаас 09 сар 03 хоногийн хорих ялын үлдэгдэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ********** энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял дээр өмнөх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/1219 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 09 сар 03 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 2 жил 3 сар 03 хоногоор тогтоож, уг ялыг дээрх тогтоогдсон нөхцөл байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч ************* 2023.01.17-ны өдрөөс 2023.02.07-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 21 (хорин нэг) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хасах нь зүйтэй.
Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********* овогт *********ы ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******1 (нэг) жил 6 (зургаа) сарын хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ********** энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял дээр өмнөх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/1219 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 09 сар 03 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 2 (хоёр) жил 3 (гурав) сар 03 (гурав) хоногоор тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** цагдан хоригдсон 21 (хорин нэг) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хассугай.
6. Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ********** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР