Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 00091

 

2019 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 153/ШШ2019/00291

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багт оршин суух, .. дугаарын регистртэй, Т овогтой С-ийн Оын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2019 оны 5 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авч, 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 153/2019/00266/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.О нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “С.О би 1969 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн. 1985 онд Эрэдэнбүрэн сумын 8 жилийн дунд сургуульд 8 дугаар ангиа төгсөж илгээлтээр хөдөө гарч аав Т.Сандуй, ээж Д.Дашпил нарын хамт 1988 оны 12 дугаар сар хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Шураг бригадад бог мал малласан.

1988 оны 12 дугаар сараас нөхөр Ц.Баатарчулуунтай гэр бүл болж тусдаа гарч үргэлжлүүлэн тус бригаддаа нэгдэл тарах хүртэл бог мал малласан.

Намайг аав Т.Сандуй, ээж Д.Дашпил нарын хамт мал маллаж байхад надад тусад нь хөдөлмөрийн дэвтэр нээж өгөөгүй бөгөөд 18 нас хүрч нэгдлийн гишүүний үнэмлэх олгосны дараа анх хөдөлмөрийн дэвтэр нээж өгсөн. Тухайн хөдөлмөрийн үед буюу авсан хөдөлмөрийн дэвтрээ гээсэн бөгөөд 1985-1992 он хүртэл мал маллаж байх хугацааны бүх цалин хөлс миний аав Т.Сандуй, нөхөр Ц.Баатарчулуун нарын нэр дээр хамт бодогдоод явдаг байсан.

С.О би өндөр насны тэтгэврээ тогтоолгох болоход миний нэр дээрх зарим оны баримт олдохгүй. Харин аав болон нөхрийн нэр дээр 70 дугаар дансны хуулга гарч ирж байгаа тул шүүхэд хандаж ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.

Иймд С.О намайг 1985 оны 6 дугаар сараас 1990 он хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Шураг бригадад бог мал маллаж малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч С.О нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1985 оны 6 дугаар сараас 1990 он хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Шураг бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч С.О нь 1985 оны 6 дугаар сараас 1990 он хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Шураг бригадад малчнаар ажиллаж байсан болох нь

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 567 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Эрдэнэ сумын Шураг бригадын 1985-1989 онуудын 70 дугаар дансны хуулбарууд,

- Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 02/699 дугаартай цэрэгт татагдаж, халагдсан гэх архивын лавлагааны нотариатаар баталгаажуулсан хуулбар,

- Хүсэлт гаргагчийн 1981 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,

- Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн тооцох тухай хуульд хамрагдсан 1616000460 дугаартай баталгаажилтын хуудас, нийгмийн даатгалын 0772192 тоот дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,

- Хүсэлт гаргагчийн 126/001962 тоот төрсний бүртгэлийн лавлагаа,

- Ц.Баатарчулуун, С.О нарын 126/001957 тоот гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,

- Хүсэлт гаргагчийн 409 дугаартай нэгдлийн гишүүний үнэмлэх эх хувиар,

- Хүсэлт гаргагчийн 398633 дугаар МХЗЭ-ийн гишүүний бат илэрхийлэх эх хувиар,

Гэрч Б.Батжаргалын ... “С.О нь 1985 оны 6 дугаар сард Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн сургуулийг төгсөөд илгээлтээр хөдөө гарч эцэг эхийн хамт Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байгаад 1988 оны 12 дугаар сарын үед Цэрэнгийн Баатарчулуун гэдэг хүнтэй суугаад мөн л тус бригадад малянаар 1990 он хүртэл ажилласан.... гэх гэрчийн мэдүүлэг,

Гэрч Ж.Даваасүрэнгийн ... “С.О нь 1985 оны 6 дугаар сард Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн сургуулийг 8 дугаар ангийг төгссөн юм. Би илгээлтээр гарсан эсэхийг нь санахгүй байна. С.О нь эцэг эхийн хамт 1985 оны намраас Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Хотгор хаг бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. Тэгээд 1988 оны намар Баатарчулуунтай гэр бүл болоод тус бригаддаа малчнаар нэгдэл тартал ажилласан... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан С.Оыг дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Хүсэлт гаргагч С.О нь өөрийг нь байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах талаар шүүхэд бичгээр хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-д зааснаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Тоос овогт Сандуйгийн Оыг 1985 оны 6 дугаар сараас 1990 он хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Шураг бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар С.Оын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ОЮУН-ЭРДЭНЭ