Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар  2023/ШЦТ/208

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,  

улсын яллагч Б.Очгэрэл,

хохирогч ******,

шүүгдэгч ******нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар   

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт шүүгдэгч ******холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2211007301197 дугаар 3 хавтас хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: **********

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******нь 2022 оны 1 дүгээр сарын 18ы өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 17ы өдрийн хооронд “хүний машин мөргөчихлөө, торгох гээд байна, буцаагаад 3 хоноод өгнө, “Хятадаас бараа гарах гээд байна, 3 хоногийн хугацаатай өдрийн 10 хувийн хүүтэй мөнгө зээлээч”, “паркетан шал, барилгын материал хямд нийлүүлнэ, худалдана”, “компанийн дансанд мөнгө шилжиж орохоор мөнгийг нь өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж нэр бүхий 7 хохирогчоос нийт 109,078,500 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч ******шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хохирогч ******өөс 7,5 сая төгрөг зээлж авсан. ******гаас зээлээр аваад буцааж өгдөг байсан. Мөрийтэй тоглоомонд ороод хүнээс авч тоглосоор алдсан. 7 үйлдлээ зөвшөөрч байгаа. ******гийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Бидний хийсэн тооцооноос их үнийн дүн гарсан. Нэгээс авч нөгөөд өгсөөр ийм асуудалд орсон. Гэм буруугаа ойлгож байна. 16, 13 настай, 1 сартай 3 хүүхэд, ээжтэйгээ хамт амьдарч байгаа. Хохирлыг боломжоороо төлнө. Маш их гэмшиж байна. Хорихоос өөр төрлийн ял өгнө үү” гэв.

Хохирогч ****** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2022 оны 3 дугаар сарын 24-нд ******залгаад 100 ширхгийг авсан. Төлбөрөө маргааш хийе гэсэн. Маргааш нь “200 ширхгийг авах боллоо” гэхээр нь ойр тойрны хүмүүсээс цуглуулж өгсөн. ****** хүүгээс 40 гаруйг худалдан авсан. Өглөө 8 цагаас 13, 14 цаг хүртэл хүлээлгэсэн. 236 ширхэг зөөлөвч зарсан. Үүнийг ************д тал үнээр зарсан байдаг. Маш их хохироод байна. Яаралтай хохирлоо барагдуулж авмаар байна. 1 сая төгрөг дансаар авсан. ****** 0,3мм зузаан 96 ширхгийг буцаан авсан. 16,320,000 төгрөгөө нэхэмжилж байна. Хэрэг гарснаас хойш 1 жил өнгөрч байхад хохирол төлөх талаар санаачилга гаргаагүй. Хохирлоо барагдуулчихвал хориулах санаа алга байна” гэв.    

Эрүүгийн 2211007301197 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

1. Шүүгдэгч ******нь 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн хооронд “хүний машин мөргөчихлөө, торгох гээд байна, буцаагаад 3 хоноод өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч Ч.******өөс 5 удаагийн үйлдлээр нийт 7,300,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч Ч.******ийн: “...******надаас “ахаа мөнгө өгч байгаач үдээс хойш өгчихнө” гэхээр нь ах, эгч хоёрыг нь таньдаг болохоор итгээд би өөрийн ...дугаар данснаасаа 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 500,000 төгрөг, 2022 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 700,000 төгрөгийг ******...дугаар данс руу шилжүүлсэн. Дараа нь дахин залгаад “ахаа би машин унаж яваад хүний машин мөргөчихлөө, яаралтай нөгөө машины хүнд мөнгө өгөх хэрэгтэй байна” гээд 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 5,600,000 төгрөгийг дансаар шилжүүлж авсан. Үүний дараа дахиж 500,000 төгрөгийг 10 хоногийн дараа гуйсан. Тэгэхдээ “Би банк бус санхүүгийн байгууллагад барьцаалсан зүйлээ чөлөөлөөд эргээд барьцаанд тавиад таны бүх мөнгийг өгчихмөөр байна” гэхээр нь итгэсэн. Би сүүлийн 500,000 төгрөгийг яг хэдний өдөр шилжүүлснээ санахгүй байна. Ингээд би нийт 7,300,000 төгрөгийг Б.******өгсөн. Надаас авсан мөнгөөр ******цахим мөрийтэй тоглоом тоглосон гэж ах, эгч нар нь хэлсэн. Өмнө нь бас ******мөрийтэй тоглоом тоглоод 60-70 сая төгрөгийн өрөнд орж байсан гэсэн. Сүүлд ах, эгч нараас нь сонсоход ******огт машингүй, мөнгө авах үедээ зам тээврийн осол гаргаагүй юм байна лээ” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 24 дэх тал),

Бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 30-32 дахь тал), хохирогч, шүүгдэгч нарын дансны дэлгэрэнгүй хуулга (1 дэх хавтаст хэргийн 33-61 дэх тал),

Шүүгдэгч Б.******яллагдагчаар өгсөн: “Би авсан мөнгөө ойрын хугацаанд төлж барагдуулна. Хийсэн үйлдэлдээ их гэмшиж байна. Дахиж ийм хэрэг хийхгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 7 дахь тал),

2. 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр найз болох хохирогч ******утсаар холбогдож “Хятадаас бараа гарах гээд байна, 3 хоногийн хугацаатай өдрийн 10 хувийн хүүтэй мөнгө зээлээч” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 14,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч Т.******н: “2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 16 цагийн үед манай найз ******над руу залгаад “15,000,000 төгрөг хэрэгтэй болчихлоо, Хятадаас бараа гарах гээд байна 3 хоногийн хугацаатай өдрийн 10 хувийн хүүтэй мөнгө зээлээч” гэхээр нь би “хүнээс асууж өгье” гэсэн. Тэгээд хадам дүү ****аас асуухад “байгаа нь 14,000,000 төгрөг байна” гэхээр нь би өөрийн данснаас ******гэх хүний данс руу шилжүүлсэн. Үүнээс хойш 3 хоногийн дараа “барааны үлдэгдэл мөнгө орж ирнэ” гээд сүүлдээ гар утсаа авахаа больсон. Би гомдолтой байна, мөнгөө олж авмаар байна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 120-121 дэх тал),

дансны дэлгэрэнгүй хуулга...” (1 дэх хавтаст хэргийн 145-176 дахь тал), 

Шүүгдэгч Б.******яллагдагчаар өгсөн: “...Би ******гаас 14 сая төгрөг авсан. Тухайн үед өөр хүмүүсээс “барилгын материал зарна” гэж авсан мөнгөө эргүүлж төлсөн. Үлдэгдэл мөнгөөр нь цахим мөрийтэй тоглоом тоглоод алдчихсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 105-106 дахь тал),   

3. 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, “Барилгын бирж” худалдааны төв дээр хохирогч ******д “хямд паркетан шал нийлүүлнэ” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 11,880,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ******гийн: “2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, “Барилгын бирж” худалдааны төвөөс паркетан шал 660 метр квадрат худалдан авахаар нэг бүрийн үнийг 18,000 төгрөгөөр тохиролцсон. 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр над руу ...дугаараас ******гэх хүн холбогдоод “Материал буух гэж байна, мөн хямдрал зарлаж байгаа шүү, та хурдан ирж авбал хямдхан өгнө шүү” гэж хэлсэн. Би тухайн өдрөө ******гэх хүнтэй уулзаж паркетан шалныхаа өнгө гэх мэт зүйлсээ сонгоод төлбөрөө 100 хувь ******гэх хүний ...дансанд төлөөд баримт бичүүлж авсан. “Таны барааг араас чинь хүргээд өгнө, хариад байж бай” гээд би уг хүнд хүргүүлэх хаягаа өгөөд явсан. Орой нь ******залгаад “Өнөө орой амжсангүй, өглөө эрт хүргэж өгнө” гэж хэлсэн. Өглөө болоход ******“Танай авах гэж байсан паркетан шалнуудын булан нь бүгд эмтэрчихжээ, түр хүлээж байгаарай, удахгүй бараа ирнэ, шинэ бараа материал ирэхээр өгч болох уу” гэж хэлсэн. Би ч зөвшөөрсөн. 7 хоногийн дараа утсаар лавлахад “Гааль дээр бараа ирсэн, маш олон хүний ачаа бараа ирсэн, нэг контейнэрт байгаа учраас гаалиас нээж өгөхгүй байна, та хүлээж байгаарай” гэж хэлсэн. ...Тэгээд ******асуухад “Гааль дээр материал ирсэн байгаа, татварт 40,000,000 орчим төгрөг тушаагаад бараагаа авна” гэж хэлсэн. 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр болоход “Гаалиас ачаагаа авч байна, танай ачааг өнөөдөр ачна, хүргэж өгнө, одоо ачиж байна, та хаягаа зааж өгөөрэй” гэхээр нь би хүлээхэд мөн л ирээгүй. “Нөгөө паркет ачиж явсан жолооч маань асуудалд орчихжээ, тэгээд амжсангүй” гэж хэлсэн. 2022 оны 3 дугаар сарын 02-ны өглөө уг жолооч “хүүхэддээ машинаа бариулаад явуулчихъя, хүүхдээ явуулъя гэнээ” гэж ******хэлсэн. Тэгээд ...ирээгүй. ...Тэгэхэд үнэнээ хэлсэн. “Уучлаарай ахаа би эхнээсээ худлаа хэлсэн юм. Би бараа материал зарах нь зардаг, гэхдээ одоохондоо боломжгүй болчихлоо, удахгүй таны материалыг авч өгнө” гэж хэлсэн. Тэгээд “анх хямдрал зарласан үнээр буюу 18,000 төгрөгөөр тооцож шалаа авна шүү” гэхэд зөвшөөрсөн. Тэр цагаас хойш маргааш, маргааш гэж хойшлуулсаар байгаад сүүлдээ надад мөнгийг минь буцааж өгөхөөр болсон. Дандаа худал хэлдэг. Биднийг орох оронтой болгож өгөөч гэж хүсмээр байна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 206-208 дахь тал),

дансны дэлгэрэнгүй хуулга...”(1 дэх хавтаст хэргийн 240-250, 2 дахь хавтаст хэргийн 1-16 дахь тал),

Шүүгдэгч Б.******яллагдагчаар өгсөн: “...Би ****** гэх хүнээс 11,880,000 төгрөг авснаас 300,000 төгрөгийг буцааж өгсөн. Бүгдийг төлнө. Тухайн хүнээс авсан мөнгөөр мөрийтэй тоглоом тоглоод дуусгасан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 196-197 дахь тал), 

4. 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл 5 удаагийн үргэлжилсэн үйлдлээр, хохирогч *********** урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах агуулахаас нийт 37,298,500 төгрөгийн үнэ бүхий барилгын бараа материалыг авч залилсан болох нь:

Хохирогч ******: “Урьд өмнө надаас нэлээн их барилгын материал аваад мөнгөө тэр дороо өгдөг байсан. 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөнгө өгөхгүйгээр барилгын материал авсан. Дараагаас нь эхлэн 4 удаа зээлээр нийт 37,000,000 төгрөгийн барилгын материал авсан. Би мөнгөө авах гээд холбогдохоор “маргааш юмуу нөгөөдөр өгье” гэж хэлсээр одоог хүрсэн.

...2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ******нэг том барилгын материалын юм авна, эхлээд үзүүлэн өгөх хэрэгтэй байна гээд 170 кодтой 1 мкв нь 16,700 төгрөгийн үнэтэй 2 хайрцаг паркетан шал, 91032 Ү гэсэн кодтой хананы плита 1 ширхэг 30x60 см хэмжээтэй 3,500  төгрөг, шалны плита 1 ширхэг 30x30 хэмжээтэй 2,300 төгрөгийн үнэтэй, 065А кодтой 30x60 см хэмжээтэй хананы плита 1 ширхэг 3,500 төгрөгөөр нийт 123,600 төгрөгийн бараа материал аваад явсан. Мөнгөө дараагийн худалдан авалт дээр нэмээд шилжүүлье гэж хэлсэн. 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр шалны 30x30 хэмжээтэй плита 124 хайрцаг авсан. 4,637,600 төгрөгийн үнэтэй болсон, энэ мөнгөө өгөөгүй. 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 30x60 хэмжээтэй хананы плита 170 хайрцаг, 5,355,000 төгрөг болсон. 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 80x15 хэмжээтэй жижиг паркетан шал 187 хайрцаг, 11,845,300 төгрөгийн үнэтэй, энэ мөнгөө бас өгөөгүй. 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ирээд 065 кодтой 30x60 хэмжээтэй плитанаас 253 ширхэг, 10,638,600 төгрөгийн үнэтэй. 30x30 хэмжээтэй шалны плитанаас 1678 ширхэг, 4,698,400 төгрөгийн үнэтэй бараа материалуудыг авсан. ******нийт 37,298,500 төгрөгийн бараа материал авсан. Мөнгөө өгөхгүй байхаар нь нэхэж байгаад 2 сая төгрөг 1 удаа, 6 сая төгрөг 1 удаа нийт 8,000,000 төгрөгийг дансаар авсан. Үлдэгдэл 29,298,500 төгрөгийн бараа материалаа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 41-43 дахь тал),

“Дамно” ХХК-ийн 2022.06.07-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний СБ2-22-796 дугаар тайланд: “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 11 төрлийн паркетан шал, плита 21,633,400 төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ (2 дахь хавтаст хэргийн 55-56 дахь тал),

Шүүгдэгч Б.******дансны дэлгэрэнгүй хуулга (2 дахь хавтаст хэргийн 64-123 дахь тал),

5. 2022 оны 3 дугаар сарын 24, 25-ны өдөр үргэлжилсэн үйлдлээр, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо,****” худалдааны төвийн 57 тоот лангуунд барилгын материал худалдан борлуулдаг хохирогч ******гаас “компанийн дансанд мөнгө шилжиж орохоор мөнгийг нь өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж нийт 26,320,000 төгрөгийн бараа материалыг шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ******гийн: “Цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дараа ******над руу 10,000,000 төгрөг хийлээ гэснээ 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэрнээс хойш мөнгө төгрөг хийгээгүй. Надаас 0,3 мм зузаантай 1 метрийн өргөнтэй, 50 метрийн урттай паркетан шалны зөөлөвч 100 ширхгийг аваад, маргааш нь ахиж яриад 0,5 мм зузаантай зөөлөвч 200 ширхгийг авъя” гэхэд надад байсан нь хүрээгүй. Тэгэхээр нь би ****** 46 ширхэг зөөлөвч аваад өөрт байсан зөөлөвчтэй нийлүүлээд 136 ширхэг зөөлөвч болгож ******өгсөн. ****** зөөлөвч авахад ****** ачигч 2 залуу авчирч өгсөн. Би тооцоог нь бэлэн мөнгөөр өгч явуулсан. Тэгээд би авсан зөөлөвчөө өөрийнхтэйгөө нийлүүлээд ******өгсөн. ******надаас 236 ширхэг зөөлөвч аваад ****** гэх хүнд надаас авсан үнээсээ доогуур өгсөн байсан. ...Тэгэхээр нь би ******тай уулзаад “миний барааг чи хямд худалдан авсан байна” гэхэд надад буцаагаад 0,3 мм хэмжээтэй 96 ширхэг зөөлөвчийг өгсөн...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 142-143 дахь тал),

Гэрч Д.****** “...Би уг өдөр ******100 ширхэг паркетан шалны зөөлөвчийг 1 ширхгийг нь 50,000 төгрөгөөр авсан. Би мөнгийг нь данс руу шилжүүлсэн. ******“надад зарсан зөөлөвчөө вагоноор ирж байгаа бараа материал байгаа, уг оруулж ирсэн хүн нь өөрөө гаалийн байцаагч учир гадуур явж зарж чадахгүй байна, намайг борлуулаад өг” гэж хэлсэн. Цаана нь 1000 гаран ширхэг зөөлөвч байгаа гэж хэлсэн. ******маргааш нь “ахиж зөөлөвч авчирч өгье, та бөөндөөд авчих” гэж хэлээд надад 137 ширхгийг авчирч өгөөд зөөлөвч дуусчихлаа гэж хэлсэн. Би энэ 137 ширхэг зөөлөвчийг 1 ширхгийг 60,000 төгрөгөөр аваад 8,220,000 төгрөгийг хийсэн...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 148-149 дэх тал),

“Дамно” ХХК-ийн 2022.05.28-ны хөрөнгийн үнэлгээний СБ2-22-643 дугаар тайланд: “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 2 төрлийн зөөлөвчийг нийт 26,320,000 төгрөгөөр үнэлэгдэв..." гэжээ (2 дахь хавтаст хэргийн 156-157 дахь тал),

******хохирогч ******д “1,000,000 төгрөг шилжүүлсэн” гэх дансны хуулга (2 дахь хавтаст хэргийн 163 дахь тал),

дансны дэлгэрэнгүй хуулга (2 дахь хавтаст хэргийн 166-170 дахь тал),

6. 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж “барилгын материал хямдхан үнээр худалдана” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар хохирогч ******төөрөгдөлд оруулж, 11,400,000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ******ын: “2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр утсаар холбогдож барилгын материал болох плита авахаар тохиролцсон. Эмэгтэй хүн утсыг нь авсан. Тэгээд “*********” гэсэн фейсбүүк хаягаар холбогдоод плита, паркетан шалны зургуудыг над руу ирүүлсэн. Би 60x60 см хэмжээтэй плитанаас 1200 ширхгийг, 1 ширхгийг 9,500 төгрөгөөр авахаар тохиролцсон. Хямд үнэ санал болгохоор нь авахаар шийдсэн. Хамгийн гол нь 2021 оны 5 дугаар сард би ******гэх эмэгтэйтэй ...дугаараар нь холбогдож плита, паркет худалдаж авч байсан. Тухайн үед зүгээр авчихсан болохоор итгээд түүний дансанд 11,400,000 төгрөгийг шилжүүлсэн. Би барилга барихааргүй болчихвол мөнгөө 100 хувь буцааж авна гэж тохиролцсон. Гомдолтой байна. 11,400,000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 217-218 дахь тал),

Хохирогч ******аас Б.******данс руу 11,400,000 төгрөг шилжүүлсэн гэх дансны хуулга (2 дахь хавтаст хэргийн 220, 221 дэх тал),

Шүүгдэгчийн дансны дэлгэрэнгүй хуулга...” (2 дахь хавтаст хэргийн 224-229, 230-236 дахь тал),

7. 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр “***” гэсэн фейсбүүк хаягаар “хаалганы хямдралтай худалдааны талаар Live хийж, тус Live-ийн дагуу холбогдсон хохирогч ******хаалга, цоож худалдахаар тохиролцон Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 500,000 төгрөгийг, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 380,000 төгрөгийг, нийт 880,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ******: “2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр фейсбүүк ухаж байтал “***” гэсэн хаягаас лайв хийгээд хаалганы хямдралтай худалдаа гэхээр орж сонирхоод үнийг асуухад ганц өнөөдөр хямдарсан 250,000 төгрөгөөр худалдана гэхээр нь 3 хаалга, цоож худалдан авахаар урьдчилгаа болгож 500,000 төгрөгийг Хулан гэсэн ...данс руу 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байхдаа шилжүүлсэн. Тэгсэн нөгөө эмэгтэй “хаалга чинь 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр очно, тэгэхээр нь үлдэгдэл 380,000 төгрөгөө хийчих” гэхээр нь зөвшөөрсөн. 6 дугаар сарын 15-ны өдөр болоход хаалга ирэхгүй болохоор нь “***” гэсэн хаяг руу холбогдоод “хаалга яасан вэ” гэхэд “бүх хаалга дууссан, манай бараа бууж байна, завгүй байна” гээд ганц хоёр өдөр өнгөрөөд 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд байхад нөгөө эмэгтэй ...залгаад “танай хаалгыг Гурвалжингаас ачуулж байна, үлдэгдэл 380,000 төгрөгөө хий” гэхээр нь би 380,000 төгрөгөө шилжүүлсэн. ...Би гомдолтой байна, мөнгөө олж авмаар байна...” гэх мэдүүлэг (З дахь хавтаст хэргийн 16 дахь),

Хохирогч ****** 880,000 төгрөг шилжүүлсэн гэх дансны хуулга (З дахь хавтаст хэргийн 26-27 дахь тал),

Шүүгдэгч Б.******яллагдагчаар өгсөн: “Би 2021 оны 10 дугаар сараас нээн ажиллуулж байсан өөрийн “****” нэртэй фейсбүүк хаягаар барилгын материал худалдаална гээд хохирогч ****** гэх эмэгтэйгээс 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 500,000 төгрөгийг ...охиныхоо дансаар авсан. Тухайн хохирогч 3 хаалга 3 цоож захиалсан байсан. 3 хоногийн дараа “үлдэгдэл мөнгөө хийчих” гээд 380,000 төгрөгийг ...дансаар залилж авсан хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би ******д учруулсан 880,000 төгрөгийн хохирлоо төлнө гэж бодож байна.

Би 2021 оны 2 дугаар сараас хойш фейсбүүк дээр барилгын материал зарж борлуулах зар оруулан “100 айл” худалдааны төв дээр бөөний үнээр худалдаа эрхэлдэг хүмүүсээс барилгын материал худалдан авч онлайнаар зарж борлуулж байгаад 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс хойш Баянбүрд барилгын бирж худалдааны төвийн В1 давхарт лангуу түрээслэн барилгын материал болох паркетан шал, хаалга, пильта, обой зэргийг зардаг байсан. Энэ хугацаандаа хамт ажилладаг байсан болон танил хүмүүсээсээ худлаа ярьж өөрөөр хэлбэл залилан мэхэлж мөнгө авсаар байгаад сүүлдээ өрөнд орсон тул надаас мөнгө авах ёстой хохирогч нар маань ирж мөнгөө нэхээд байхаар нь 2022 оны 6 дугаар сараас хойш лангуугаа түрээслэхээ больж, үйл ажилагаагаа явуулахаа түр зогсоосон.

1. Би өөрийн танил Ч.****** ах руу 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдөр залгаад “мөнгө зээлээч” гээд 500,000 төгрөгийг өөрийн ...дансаараа авсан. 2 дугаар сарын 12-ны өдөр мөн “мөнгө зээлээч” гээд 700,000 төгрөгийг ...дансаараа авсан. 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр “машин мөргөчихлөө, мөнгөний хэрэг гараад байна” гэж худлаа хэлээд 5,600,000 төгрөг, сүүлд 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр “хүнд зээлээ төлчихөөд нэмж зээл аваад таны бүх мөнгийг өгнө” гээд 500,000 төгрөгийг дансаар авч нийт 7,300,000 төгрөгийг худлаа хэлээд авчихсан.

2. Өөрийн танил ****** руу 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр залгаад “Хятадаас бараа захих гээд байна, 14,000,000 төгрөг зээлээч” гээд өөрийн ... дансаараа 14,000,000 төгрөгийг аваад бараа захилгүй хувьдаа зарцуулсан.

3. Өөрийн фейсбүүк хуудаснаа “паркетан шал зарна” гэж зар оруулсны дагуу ****** гэх хүн ирж паркетан шал үзэж 1 мкв паркетан шалыг 18,000 төгрөгөөр авахаар тохирч 660 мкв шал худалдан авахаар болж 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр миний ...данс руу 11,880,000 төгрөгийг шилжүүлсэн. Надад анхнаасаа 660 мкв шал байгаагүй. Би тэр хүнд агуулахад байгаа гээд байхгүй шалыг байгаа мэтээр худлаа хэлээд мөнгийг нь авчихсан.

4. “100 айл” худалдааны төвд их хэмжээгээр бараа захиалан авчирч бөөний үнээр зардаг ****** гэх хүнээс бараагаа авдаг байсан. Энэ хүнээс 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл мөнгийг нь өгөхгүй зээлээр 37,298,500 төгрөгийн барилгын бараа материал зээлээр авсан. Би зээлээр бараа авч зарчихаад мөнгийг нь өгөлгүй хувьдаа хэрэглээд байсан.

5. 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр “100 айл” худалдааны төвд барилгын материалын худалдаа эрхэлдэг ****** руу залгаад 100 ширхэг паркетан шалны дэвсгэрийг нэг бүрийн 83,000 төгрөг, нийт 8,300,000 төгрөгөөр бодож зээлээр авсан. 3 дугаар сарын 25-ны өдөр 50 метр урттай 0,5м зузаантай 200 ширхэг паркетан шалны дэвсгэрийг 12,240,000 төгрөгөөр зээлээр авсан. Үүнийгээ бүгдийг нь ****** эгчид арай хямд үнээр зарсан. Мөнгийг нь өөрөө аваад хувьдаа хэрэглэчихсэн. ****** намайг мөнгөө өгөхгүй болохоор бас өөрөөс нь авсан дэвсгэрийг ******д хямдхан зарсныг мэдээд луйварчингаас миний барааг худалдан авсан байна гэж хэл ам хийгээд 0,3 м зузаантай 83,000 төгрөгийн 96 ширхэг дэвсгэрийг буцаагаад ****** авсан байсан. Би ******д 1 сая төгрөгийг 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр шилжүүлэн өгсөн.

6. Урьд өмнө 2021 онд надаас барилгын материал бөөний үнээр авч байсан ****** гэх залуу 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр над руу ...дугаараасаа холбогдон 30х30см хэмжээтэй плитаг 1 ширхгийг 9,500 төгрөгөөр нийт 1200 ширхгийг 11,400,000 төгрөгөөр худалдан авахаар болж миний ...данс руу 11,400,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Тухайн үед надад плита байгаагүй. Гэхдээ би захиалаагүй мөнгийг нь хувийн хэрэгцээндээ зарцуулчихсан...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 23-24, 2 дахь хавтаст хэргийн 239-240 дахь тал),

Баянгол дүүргийн прокурорын газрын албан бичиг (3 дахь хавтас, хх-59),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (3 дахь хавтас, хх-60), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (3 дахь хавтас, хх-64), төрөл садангийн лавлагаа (3 дахь хавтас, хх-61-63) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,

Шүүх хуралдаанд хохирогчийн гаргаж өгсөн 2 хуудас хүсэлт, шүүгдэгчийн гаргаж өгсөн “Баянзүрх дүүргийн **** дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт”, “Насан-Урт” Өрхийн эрүүл мэндийн төвийн албан бичиг зэрэг 2 хуудас баримтыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч ******нь 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн хооронд “хүний машин мөргөчихлөө торгох гээд байна, буцаагаад 3 хоноод өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч Ч.******өөс 5 удаагийн үйлдлээр 7,300,000 төгрөгийг авч залилсан,

2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр найз болох хохирогч ******утсаар холбогдож “Хятадаас бараа гарах гээд байна, 3 хоногийн хугацаатай өдрийн 10 хувийн хүүтэй мөнгө зээлээч” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 14,000,000 төгрөгийг өөрийн ...дансаар шилжүүлэн авч залилсан,

2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, “Барилгын бирж” худалдааны төв дээр хохирогч ******д “хямд паркетан шал нийлүүлнэ” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 11,880,000 төгрөгийг өөрийн ...дансаар шилжүүлэн авч залилсан,

2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл 5 удаагийн үргэлжилсэн үйлдлээр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч ******эс Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах агуулахаас нийт 37,298,500 төгрөгийн үнэ бүхий барилгын бараа материалыг залилан авсан,

үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, “К” худалдааны төвийн 57 тоот лангуунд барилгын материал худалдан борлуулдаг хохирогч ******д “компанийн дансанд мөнгө шилжиж орохоор мөнгийг нь өгнө” гэж хэлж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч ******гаас 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 0,3 мм зузаантай, 1м өргөн 50м урттай паркетан шалны зөөлөвч 100 ширхгийг залилан авч 10,000,000 төгрөгийн,

 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 0,5мм зузаантай, 1м өргөнтэй, 50м урттай паркетан шалны зөөлөвч 136 ширхгийг залилан авч 16,320,000 төгрөгийн, нийт 26,320,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр “барилгын материал хямдхан үнээр худалдана” гэж цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар хохирогч ******төөрөгдөлд оруулж, 11,400,000 төгрөгийг өөрийн ...дансаар шилжүүлэн авч залилсан,

2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр “***” гэсэн фейсбүүк хаягаар “хаалганы хямдралтай худалдааны талаар Live хийж, тус Live-ийн дагуу холбогдсон хохирогч ******хаалга, цоож худалдахаар тохиролцон ...2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 500,000 төгрөгийг, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 380,000 төгрөг, нийт 880,000 төгрөгийг шилжүүлэн авч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдох байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай...” гэж,

хохирогч “Хохирлоо барагдуулчихвал ярих зүйлгүй” гэж,

шүүгдэгч “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Нярай хүүхэдтэйг минь харгалзан нэмэлт хоолонд дасгах хугацаа өгөөч гэж хүсэж байна. Маш их гэмшиж байна” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч ******нь 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн хооронд “хүний машин мөргөчихлөө торгох гээд байна, буцаагаад 3 хоноод өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч Ч.******өөс 5 удаагийн үйлдлээр 7,300,000 төгрөгийг авч залилсан,

2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр найз болох хохирогч ******утсаар холбогдож “Хятадаас бараа гарах гээд байна, 3 хоногийн хугацаатай өдрийн 10 хувийн хүүтэй мөнгө зээлээч” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 14,000,000 төгрөгийг өөрийн ...дансаар шилжүүлэн авч залилсан,

2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, “Барилгын бирж” худалдааны төв дээр хохирогч ******д “хямд паркетан шал нийлүүлнэ” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 11,880,000 төгрөгийг өөрийн ...дансаар шилжүүлэн авч залилсан,

2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл 5 удаагийн үргэлжилсэн үйлдлээр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч ****** Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах агуулахаас нийт 37,298,500 төгрөгийн үнэ бүхий барилгын бараа материалыг залилан авсан,

үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо “К” худалдааны төвийн 57 тоот лангуунд барилгын материал худалдан борлуулдаг хохирогч ******д “компанийн дансанд мөнгө шилжиж орохоор мөнгийг нь өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч ******гаас 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 0,3 мм зузаантай, 1м өргөн 50м урттай паркетан шалны зөөлөвч 100 ширхгийг залилан авч 10,000,000 төгрөгийн,

 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 0,5мм зузаантай, 1м өргөнтэй, 50м урттай паркетан шалны зөөлөвч 136 ширхгийг залилан авч 16,320,000 төгрөгийн, нийт 26,320,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр “барилгын материал хямдхан үнээр худалдана” гэж цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар хохирогч ******төөрөгдөлд оруулж, 11,400,000 төгрөгийг өөрийн ...дансаар шилжүүлэн авч залилсан,

2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр “****” гэсэн фейсбүүк хаягаар “хаалганы хямдралтай худалдааны талаар Live хийж, тус Live-ийн дагуу холбогдсон хохирогч Б.******ыг Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 500,000 төгрөгийг, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 380,000 төгрөгийг шилжүүлэн авч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч 880,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тус тус тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Ч.******ийн “...2022 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 500,000 төгрөг, 12-ны өдөр 700,000 төгрөг, ...дараа нь “ахаа би хүний машин мөргөчихлөө, яаралтай нөгөө машины хүнд мөнгө өгөх хэрэгтэй байна” гээд 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 5,600,000 төгрөг, ...дахиж 500,000 төгрөгийг 10 хоногийн дараа гуйсан. Тэгэхдээ “ахаа би банк бус санхүүгийн байгууллагад барьцаалсан зүйлээ чөлөөлөөд эргээд барьцаанд тавиад таны бүх мөнгийг өгчихмөөр байна” гэхээр нь итгэсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтас, хх-24), хохирогч Т.******н “...******залгаад “15,000,000 төгрөг хэрэгтэй болчихлоо, Хятадаас бараа гарах гээд байна, 3 хоногийн хугацаатай өдрийн 10 хувийн хүүтэй мөнгө зээлээч” гэхээр нь ...14,000,000 төгрөгийг ...данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтас, хх-20-21), хохирогч ******гийн “...паркетан шал 660 метр квадрат худалдан авахаар нэг бүрийн үнийг нь 18,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. ...төлбөрөө 100 хувь ******гэх хүний ...дансанд төлөөд баримт бичүүлж авсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтас, хх-206-208), хохирогч ****** “...******надаас нийт 37,298,500 төгрөгийн бараа материал авсан. Мөнгөө өгөхгүй байхаар нь би нэхэж байгаад 2 сая төгрөг 1 удаа, 6 сая төгрөг 1 удаа, нийт 8,000,000 төгрөгийг авсан. Үлдэгдэл 29,298,500 төгрөгийн бараа материалаа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (2 дахь хавтас, хх-41-43), “Дамно” ХХК-ийн СБ2-22-796 дугаартай хөрөнгийн үнэлгээний “...зах зээлийн үнэлгээгээр нийт 21,633,400 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх тайлан (2 дахь хавтас, хх-55-56), хохирогч ******гийн “...******надаас 236 ширхэг зөөлөвч аваад ****** гэх хүнд надаас авсан үнээсээ доогуур өгсөн байсан...” гэх мэдүүлэг (2 дахь хавтас, хх-142-143), “Дамно” ХХК-ийн СБ2-22-643 дугаартай хөрөнгийн үнэлгээний “...зах зээлийн үнэлгээгээр нийт 26,320,000 төгрөгөөр үнэлэгдэв..." гэх тайлан (2 дахь хавтас, хх-156-157), хохирогч ******ын “... Би 1 ширхэг плитаг 9,500 төгрөгөөр авахаар тохиролцсон. Хямд үнэ санал болгохоор нь авахаар шийдсэн. ...11,400,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (2 дахь хавтас, хх-217-218), хохирогч ****** “...Nа Nа гэсэн хаягаас лайв хийгээд хаалганы хямдралтай худалдаа гэхээр орж сонирхоод “ганц өнөөдөр хямдарсан 250,000 төгрөгөөр худалдана” гэхээр нь 3 хаалга, цоож худалдан авахаар урьдчилгаа болгож 500,000 төгрөгийг ...данс руу шилжүүлсэн. Дараа нь 380,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (3 дахь хавтас, хх-13-15), шүүгдэгч Б.******“...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед авсан мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулчихсан...” гэх мэдүүлэг (3 дахь хавтас, хх-239-240) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.******үргэлжилсэн үйлдлээр, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар, бусдыг төөрөгдөлд оруулан нэр бүхий 7 хохирогчоос нийт 109,078,500 төгрөгийг шилжүүлэн авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Өөр этгээдийн өмчлөл, эзэмшилд байгаа эд юмс, түүнийг хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг зөрчиж, үгээр болон үйлдлээр бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай хийсэн шүүгдэгч Б.******үйлдлийг залилах гэмт хэрэг гэж үзнэ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.******т 7,300,000 төгрөг, хохирогч Т.******д 14,000,000 төгрөг, хохирогч ******д 11,880,000 төгрөг, хохирогч ******д 37,298,500 төгрөгийн хохирол учирснаас 8,000,000 төгрөгийг өгсөн (2 дахь хавтас, хх-41-43), үлдэгдэл 29,298,500 төгрөг төлөгдөөгүй, хохирогч ******д 26,320,000 төгрөгийн хохирол учирснаас (0,3мм зузаантай 96 ширхэг зөөлөвч буцааж авсан гэх, 96х100,000=9,600,000 төгрөг, дансаар 1,000,000 төгрөг шилжүүлсэн) 10,600,000 төгрөгийг өгсөн (2 дахь хавтас, хх-142-143), үлдэгдэл 15,720,000 төгрөг төлөгдөөгүй, хохирогч ******т 11,400,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирсан бөгөөд хохирол төлөгдөөгүй байна.

Иймд шүүгдэгч Б.******нийт 90,939,500 төгрөг гаргуулж, хохирогч Ч.****** (*********)-т 7,300,000 төгрөг, хохирогч Т.****** (*********)-д 14,000,000 төгрөг, хохирогч ****** (**********)-д 450,000 төгрөг, хохирогч ****** (*********)-д 29,298,500 төгрөг, хохирогч ****** (*********)-д 15,720,000 төгрөг, хохирогч ****** (**********)11,400,000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн тухайд хохирогч ******гийн хохирол анх тохиролцож бараа материал хүлээлгэн өгсөн үнээс өндөр тогтоогдсон гэж маргаж байгаа боловч тухайн мэдүүлгийг нотлох нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй тул хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хохирлын хэмжээг тогтоосныг тэмдэглэж байна.  

Түүнчлэн хохирогч ******гийн “Гэрч Д.******, түүний хүү нарыг мөнгө угаах гэмт хэрэгт шалгуулах, шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж дүгнэлээ. Тухайлбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч ******шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд эцэслэн шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан хохирогч ******, гэрч Д.******, шүүгдэгч ******нарын мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 142-143, 148-149, 239-240)-ээр гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан зэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах” гэмт хэргийн шинжийг тогтоогдохгүй байна гэж шүүх үзэв.       

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ******Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 жил 2 сарын хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,

хохирогч “Хохирлоо авчихвал хориулах санаа алга байна. 1 жил өнгөрөхөд хохирол төлөх талаар санаачилга гаргаагүй” гэж,

шүүгдэгч “Гэм буруугаа сайн ухаарч, ойлгож байгаа. Хорихоос өөр төрлийн ял өгнө үү” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг тус тус дурдаж байна.

Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шунахайн сэдэлтээр, үргэлжилсэн үйлдлээр “хүний машин мөргөчихлөө, торгох гээд байна, буцаагаад 3 хоноод өгнө, Хятадаас бараа гарах гээд байна, 3 хоногийн хугацаатай өдрийн 10 хувийн хүүтэй мөнгө зээлээч, хямд паркетан шал нийлүүлнэ, компаний дансанд мөнгө шилжиж орохоор мөнгийг нь өгнө, “барилгын материал хямдхан үнээр худалдана”, “хаалга хямдралтай үнээр худалдана” гэх зэргээр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан, нэгээс авсан үнээс нөгөөд хямд үнээр зарах гэх мэт үйлдлээр бусдыг төөрөгдөлд оруулан эд хөрөнгийн эрхэд халдан мөнгө, эд хөрөнгийг шилжүүлэн авсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогч нарт нийт 109,078,500 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан, дийлэнх хохирол төлөгдөөгүй, хохирол барагдуулах талаар идэвх санаачилга муу гаргасан, хохирогч нар “Гомдолтой, хохирлоо барагдуулж авмаар байна” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага, бага насны болон насанд хүрээгүй 3 хүүхэдтэй ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын шүүгдэгчийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч ******2 (хоёр) жилийн хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчийн “Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно. Шүүгдэгч Б.******залилах гэмт хэргийг үйлдсэн арга хэлбэр, цахим мөрийтэй тоглоом тоглож мөнгөө алдсан гэх, хохирлын хэмжээ, хохирол төлсөн байдал, хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжгүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.******хүүхдүүд болох охин **********, 16 настай), ******** 12 настай), *********, 1 сар 12 хоногтой) нарын асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох асуудлыг Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасны дагуу шийдвэрлэхийг шүүгдэгчийн оршин суугаа газрын буюу Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэж байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч ******* овогт ********ийн ******нийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч ******2 (хоёр) жилийн хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******нийт 90,939,500 төгрөг гаргуулж, ********** төгрөгийг тус тус олгосугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар шүүгдэгч ********* охин ********* 16 настай), *********, 12 настай), хүү ******** 1 сар 12 хоногтой) нарын асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох асуудлыг шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг дарга даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.******урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.******авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР