Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/242

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Б.Энхбаяр,

иргэдийн төлөөлөгч Д.Энхбаяр,

шинжээч Ц.Оюун-Эрдэнэ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******, өмгөөлөгч Э.Ганбат,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхболд,

шүүгдэгч ******нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ******тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208000001533 дугаартай хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.     

Шүүгдэгч: **********

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******согтуурсан үедээ 2022 оны 9 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ******** тоотод амь хохирогч ******“байшингийн цонх хагалж, агсам тавьсан” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа цохиж газарт унагаж өшиглөн зодож, “хэвлийн хөндийн битүү гэмтэл, нарийн гэдэсний цутгалан гэдэсний язарсан шарх, сэмж, чамархайн цус хуралт, цээжний зүүн талын 12-р хавирганы булчингийн цус хуралт, хэвлийн хөндийн цус хуралдалт, баруун нүдний дээд доод зовхи, баруун чих, зүүн бугалга, зүүн гуя, хэвлийн цус хуралт, уруулын дотор салстын язарсан шарх, баруун чамархай, дух, баруун хацар, зүүн чих, зүүн өвдөг, зүүн шилбэний зулгаралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан,

Мөн 2022 оны 9 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн ********** тоотод эхнэр буюу хохирогч ******“амь хохирогчийг өмөөрлөө” гэх шалтгаанаар нүүрэнд нь гараараа 2 удаа цохиж эрүүл мэндэд нь “духанд зулгаралт, баруун нүдний дотор булан, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүгдэгч ******шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Амь хохирогчийг багаасаа танина. 2016 оноос хойш хамт байдаг байсан. Талийгаач уухаараа их агсам хүн байсан. ******, амь хохирогч 2 дотно харилцаатай байгаагүй. Хохирогч “Түргэн дуудах хэрэггүй, эм аваад ир, зүгээр болчихно” гээд байсан. Гэдэсний эм, бөөрний эм аваад ир гэсэн. Тэр орой 4 том пиво уугаад би тасарсан байсан. Ийм үйлдэлдээ гэмшиж байна. Уучлалт гуйж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 9 дүгээр сарын 18-нд зодоон болоод маргааш өглөө хохирогчийг гэмтсэн гэдгийг мэдсэн. ****** бас өглөө мэдсэн. Талийгаач найзынхаа ар гэрээс уучлалт хүсэж байна” гэв.

Хохирогчийн төлөөлөгч ****** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Талийгаач миний төрсөн том ах байсан. ****** гэдэг эмэгтэйг манайд дагуулж ирж байсан. ***** нь ******гийн хүүхэд гээд манай ээж рүү ярьдаг байсан. Хардалтын улмаас энэ хэргийг гарсан байх гэж бодож байгаа. Маш их гомдолтой байна. Хэрэг болохоос 1 сарын өмнө ах ээж рүү Тахилтад хашаа байсан барьж байгаа гэж хэлсэн байдаг” гэв.

Шинжээч Ц.Оюун-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “3 төрлийн гэмтэл байхгүй. Шинжээчийн дүгнэлтийн Онош хэсгийн 1-д бичсэн гэмтэл нь авсан даруйд эмнэлзүйн шинж тэмдэг илэрнэ. Оношилсон тохиолдолд амь насыг аврах боломжтой. Цус алдалтын шок нь бага бага хэмжээгээр алдснаас үүссэн байна. Дүгнэлтийн 12 дахь заалтад эмнэлгийн тусламж үзүүлсэн бол гэж бичсэн байгаа. Хэвлийгээр өвдөнө, гуйвж дайвна, огиудас хүрэх шинж тэмдэг илэрнэ. Хэвлийн доод хэсгийг нэлэнхүйд нь хамарсан байсан. Эм хэрэглэх, архи уусан нь нөлөөлнө. Мэргэжлийн бус хүн уг гэмтлийг оношлох боломжгүй. Гэмтлийн улмаас нас барсан гэж үзсэн. Онош дээр хүндрэл гэдгээ бичсэн байгаа. Энэ гэмтлийн улмаас цус алдаж байгаа юм. 24 цагийн дотор эмнэлгийн тусламж авсан бол амьдрах боломжтой. Баасны агууламж байгаагүй. Үрэвслийн процесс байгаагүй. Уг гэмтлийг аваад 24-48 цаг амьд байх боломжтой. Энэ тохиолдолд газар дээрээ нас барах боломжгүй” гэв.

Эрүүгийн 2208000001533 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******ийн: “...Талийгаач ах ****** хамгийн сүүлд 1 сарын өмнө манай гэрт ирж хоноод явсан. Тухайн үед ирэхдээ “Тахилтад хашаа байшин авсан. Одоо хашаагаа бариад амьдрах гэж байна” гэж хэлж байсан. Надад болсон хэргийн талаар бол мэдэх зүйл алга байна. Өнөөдөр шөнө 00 цагийн үед манай ээж ******* руу цагдаагаас залгаад болсон асуудлын талаар мэдсэн. Сүүлийн 4-5 жил ер нь хаана, юу хийгээд байгаа нь мэдэгдэхээ болиод л архи их уугаад байгаа анзаарагддаг болсон...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 29-30 дахь тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.10.07-ны өдрийн 2496 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “...Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош: 1. Хэвлийн хөндийн битүү гэмтэл: нарийн гэдэсний цутгалан гэдэсний язарсан шарх, сэмж, чацархайн цус хуралт, цээжний зүүн талын 12-р хавирганы булчингийн цус хуралт. 2. Хэвлийн хөндий дэх дотуур цус алдалт (1,7л), цус алдалтын шок. 3. Баруун нүдний дээд, доод зовхи, баруун чих, зүүн бугалга, зүүн гуя, хэвлийн цус хуралт, уруулын дотор салстын язарсан шарх, баруун чамархай, дух, баруун хацар, зүүн чих, зүүн өвдөг, зүүн шилбэний зулгаралт. Дүгнэлт хэсэгт: 1.2.10. Талийгаачийн цогцост хэвлийн хөндийн битүү гэмтэл, нарийн гэдэсний цутгалан гэдэсний язарсан шарх, сэмж, чацархайн цус хуралт, цээжний зүүн талын 12-р хавирганы булчингийн цус хуралт, хэвлийн хэвлийн цус хуралдалт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун чих, зүүн бугалга, зүүн гуя, хэвлийн цус хуралт, уруулын дотор салстын язарсан шарх, баруун чамархай, дух, баруун хацар, зүүн чих, зүүн өвдөг, зүүн шилбэний зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 3.4.5. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд ба гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 6. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 7. Талийгаач дээрх хэвлийн хөндийн битүү гэмтлийн улмаас нас баржээ. 8. Талийгаачид 2022.09.20-ны өдрийн 05 цаг 05 мин гадна үзлэг хийхэд нас бараад 10-12 цаг болсон байжээ. 9.11. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй болно. 12. Талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь насыг аврах боломжтой байжээ” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 43-51 дэх тал),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022.10.05-ны өдрийн 4658 дугаар дүгнэлтэд: “1. Шинжилгээнд ирүүлсэн 9,4,6 гэсэн дугаараар тэмдэглэсэн зүйлээс авсан дээж 6 ширхэг, бор хүрэн өнгийн хүрэмнээс цус илэрсэн. Хар өнгийн урт түрийтэй гуталнаас биологийн гаралтай ул мөр илрээгүй. 2. 9,4,6, гэсэн дугаартай тэмдэглэсэн зүйлээс авсан дээж 6 ширхэг, бор хүрэн өнгийн хүрэмнээс илэрсэн цус нь хүний цус мөн. 3. 9,4,6 гэсэн дугаараар тэмдэглэсэн зүйлээс авсан дээж 6 ширхэг, бор хүрэн өнгийн хүрэмнээс илэрсэн цус нь АВО системээр А (II) бүлгийн харъяалалтай байна. 4. Амь хохирогч ******гийн гэх цус нь АВО системээр О (I) бүлгийн харъяалалтай байна. 5. Хүний биед үзлэг хийх тэмдэглэлээр хураан авсан сэжигтэн С.Бөхтулгын гэх цус нь шинжилгээнд тэнцэнэ. Уг цус нь АВО системээр А (II) бүлгийн харъяалалтай байна” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 71-73 дахь тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.10.03-ны өдрийн 13364 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. ********** биед цээж, хэвлий, нуруу, бугалганы шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь иртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хуучин гэмтэл байна. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 59-60 дахь тал),

Гэрч ******: “Би нөхөр ******** ...тоотод 3 хүүхдийн хамт амьдардаг. ...Манайх тухайн хашааг худалдаж авсан цагаас хойш нөхрийн найз ****** тэнд оршин сууж амьдрах болсон. Эхнэр хүүхэд байхгүй, аав ээж нь салчихсан тусдаа амьдарч байгаа, ерөөсөө таарч байх газар байхгүй юм гэдэг байсан, жаахан архи уучихаад байдаг юм. Нөхөр ******бид хоёр 2022 оны 9 дүгээр сарын 17-ны орой 20 цагийн үед гэж санаж байна, Тахилтад байх байшин дээрээ ирсэн. ******гийн утас холбогдохгүй байсан учир санаа зовоод эргэх зорилготой очсон. ****** архи уучихсан байдалтай ганцаараа жижиг амбаар дотор унтаж байсан, ...“пиво уумаар байна” гэхээр нь манай нөхөр хамт дэлгүүр орж 2.5 литрийн пиво авчираад тэр 2 хувааж уусан. Дахиж дэлгүүр явж 2 савтай пиво авчраад ууцгаасан. Тэр хоёр нэлээн согтчихсон амьдрал яриад л манай нөхөр ******д хандаж “Чи одоо ер нь архи дарсаа больмоор юм, энд юм хийвэл хийж чадаад, чадахгүй бол явмаар юм, би чиний архи пивыг зөөх албатай юм уу” гэж хэлээд маргалдаад эхэлсэн. 00 орчихоод ирэх хооронд бүр хэрэлдээд дуу нь нэлээн чангарчихсан байхаар би дундуур нь ороод “яах гэж та 2 уусан юм, ууж чадахгүй байж больцгоо” гээд ******г “хойшоо явж унт” гэхэд “унтахгүй ногоон гөлөгнүүд минь, бүгдийг чинь ална шүү” гэх зэргээр хэл амаар доромжлоод байсан учир ******барьж аваад орон дээр дарж унагаагаад ноцолдоод байхаар нь би айсандаа гарч гүйгээд хойд амбаар луу ороод “цагдаа дуудлаа шүү” гээд орилоход тэр 2 гадна гараад ирчихсэн бас хоорондоо зодолдоод байхаар нь би “болиоч одоо боль” гэхэд манай нөхөр “чи энийг юундаа өмөөрдөг юм” гээд миний баруун нүд рүү 1 удаа цохиод хөхрүүлчихсэн. Би айгаад хашааны араар гүйж гараад хэсэг сууж байтал дуу нь намсаад чимээгүй болчихоор нь би очиж хартал тэр 2 унтах янзандаа орчихсон байхаар нь би хойд амбаарт орж унтсан. Тэр 2 хамт урд байшин дотор унтсан байсан. Өглөө босоод “дахиж нэмж ууж идэж болохгүй шүү, цас борооноос өмнө хашаа хороогоо барьж дуусгачихаад болохгүй бол эндээс яваарай, ингэж архидаад байж болохгүй” гэж хэлээд ус, ундаа тамхи авч өгөөд зурагтыг нь асааж өгөөд ******бид 2 ажилдаа явсан. 2022.09.18-ны өдөр үдээс хойш ****** залгаад “...миний бие болохгүй байна, бие өвдөөд хий л бөөлжөөд байх юм, эм тариа аваад ирээч” гэхээр нь нөхөр бид 2 ажлаа тараад 20 цагийн үед очиход ****** орон дотроо хэвтчихсэн “бие өвдөөд байна” гэхээр нь би өвчин намдаагч эм өгөөд байшинд гал түлээд бантан хийж өгөхөд огт идээгүй, шууд бөөлжөөд гаргаад байсан. “Эмнэлэг явах уу” гэхэд “үгүй ээ зүгээр хордлогонд ороод байна, халуун цай чанаад өгчих” гэхээр нь бор цай чанаж өгсөн боловч хоол цай огт идэхгүй байсан. “Ундаа уумаар байна” гэхээр нь жүүс хоёрыг авч өгөөд хоол цайг нь дөхүүлээд гал түлж өгөөд явсан. 2022.09.19-ний өдөр ****** залгаад “...миний бие ерөөсөө болохгүй байна хүрээд ирээч” гэхээр нь ******“явчихаад ирье” гээд явсан. Удалгүй залгаад ****** өнгөрчихсөн байна гэж хэлсэн. Тэгээд цагдаа болон түргэнд дуудлага өгөөд би такси бариад араас нь очиход ****** орон дотроо нас барсан байдалтай байж байсан. ...Манай нөхөр ******г газар унагачихсан толгой, нүүр, хэвлий хэсэг рүү нь өшиглөөд хоорондоо зодолдоод байсан. Тэр үед манай нөхөр хар өнгийн хромон гутал өмсчихсөн байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 32-35 дахь тал),

Хохирогч ******: “...Манай нөхөр ******нь 2022 оны 9 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө найз ******тай хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаад байхаар нь би хажуугийн байшиндаа ороод сууж байтал гадаа гараад хоорондоо зодолдоод орилоод байхаар нь би очоод салгах гэтэл манай нөхөр намайг санаандгүй баруун нүдний доод хэсэгт 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 180 дахь тал),     

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.09.23-ны өдрийн 12933 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. ****** биед духанд зулгаралт, баруун нүдний дотор булан, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна. 3. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 64-65 дахь тал),

Шүүгдэгч ********* сэжигтнээр өгсөн: “2016 оны 09 сард Төв аймгийн Батсүмбэр сум руу эхнэр ******, урьд зүс таньдаг байсан ****** нарын хамт самарт явсан. Тэрнээс хойш ****** хамт амьдрах болсон. 2022 оны 9 дүгээр сарын 17-ны орой ...20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ********** тоот гэртээ ирэхэд ****** хашааны банз хадаж байсан. Бид 3 хоол унд хийж идээд, 2,5 литрийн 2 том пиво аваад ****** бид 2 уусан. 22 цагийн үед би дэлгүүр лүү дахин явж 1 том 2,5 литрийн пиво авч ирээд уусан. 23 цагийн үед дэлгүүр орж 2 том 2,5 литрийн пиво аваад ****** бид 2 хувааж уусан. Тухайн үед манай эхнэр ****** бага зэрэг уусан. Дуусаад “******г одоо унтаж амарцгаая” гэхэд “би унтахгүй, дахиж уумаар байна” гээд орилж чарлаад агсам тавьж, гэрийн жижиг вакум цонхыг гараараа цохиж хагалсан. ****** хагархай шилээ бариад миний зүүн талын чихний дээд хэсэг рүү 1 удаа хатгахад цус гарсан. Тэгээд би нүүр лүү нь 2,3 удаа гараараа цохиод ******г түлхээд орон дээр унахаар нь цамцнаас чирээд гэрийн гадаа гарсан. Гараад өмсөж явсан хромон гутлаараа элэг, гэдэс хэсэг рүү нь 2 удаа өшиглөсөн. Тэгэхэд эхнэр ****** гарч ирээд намайг татаад салгахаар нь би уурандаа эхнэрийнхээ нүүр лүү 2 удаа гараараа цохьсон. Тэгээд би гэртээ ороод унтаад өгсөн. Намайг унтаж байхад хүн ёолоод байхаар нь сэрээд хартал ****** орны хажууд газар ёолоод хэвтээд байсан. Би “Орон дээр гараад хэвт” гэхэд ****** босч ирээд орон дээр буйдан дээр хэвтэхээр нь би хөнжил хучиж өгөөд унтуулсан. Маргааш нь 2022.09.18-ны өглөө 06 цаг өнгөрч байхад босоход эхнэр ****** хойд амбаараас гарч ирээд бид хоёр Зурагтад байрлах гэр лүүгээ очоод унтаад 09 цагийн үед ажил дээрээ ирсэн. Өдөр нь ******гийн дугаар луу залгаж биеийг нь асуухад “халуураад байна, халууны эм, өвчин намдаах эм аваад ирээрэй” гэхээр өвчин намдаах эм, халууны эм, тамидины уусмал, бинт аваад 19 цагийн үед ирэхэд ****** буйдан дээр ёолоод хэвтэж байсан. “Бие чинь яаж байна” гэхэд гэдэс, хэвлий хэсэг рүүгээ заагаад “энд өвдөөд байна, өвчин намдаах эм ууя” гэхээр нь эмийг уулгаж, нүүрийг тамидины уусмалаар цэвэрлэж, бантан хийж өгөөд галыг нь түлээд эхнэр бид 2 гэр лүүгээ харьсан. 2022.09.19-ний өдөр 11 цагийн үед ****** руу залгаад биеийг нь асуухад “ходоодны эм, бөөрний эм аваад ирээрэй” гэхээр нь би ажлаа тараад 21 цагийн үед Тахилт руу эмийг аваад очиход ****** хамаг бие нь хөшсөн, амнаас нь цагаан хөөс гарсан, нас барсан байдалтай хэвтэж байсан. Би эхлээд эхнэр лүүгээ залгаад “******гийн хамаг бие нь хөшсөн байна” гэхэд эхнэр ****** ээж, том хүү нарын хамт ирсэн. Тэгээд би 102, 103-т дуудлага өгсөн. ******гаас “Түргэн дуудах уу” гэхэд “Үгүй, хэрэггүй” гээд байсан. Би эмнэлгийн тусламж дуудаж үзүүлээгүй. ...Би өөрийн хийсэн хэрэгтээ маш ихээр гэмшиж байна, хийсэн үйлдлээ бүрэн хүлээн зөвшөөрч, хуулийн дагуу хариуцлага хүлээхэд татгалзах зүйлгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 96-100 дахь тал),

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтас, хх-1), дуудлагын лавлагааны “...09/19/2022 21:56:40...” гэх хуудас (1 дэх хавтас, хх-4), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтас, хх-5-16), цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтас, хх-17-21), шүүгдэгчийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтас, хх-101-105), прокурорын “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоол (1 дэх хавтас, хх-132-134),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дэх хавтас, хх-171), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (1 дэх хавтас, хх-174), эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол (1 дэх хавтас, хх-177), хохирлын баримтууд (1 дэх хавтас, хх-188-192), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд (1 дэх хавтас, хх-184-185, 248), шүүгдэгчээс хохирол төлсөн гэх дансны хуулга (1 дэх хавтас, хх-249)  зэрэг хэрэг авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

 

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ******нь 2022 оны 9 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн ***********тоотод амь хохирогч ******“байшингийн цонх хагалж, агсам тавьсан” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа цохиж газарт унаган хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, хэвлийн хөндийн битүү гэмтэл, нарийн гэдэсний цутгалан гэдэсний язарсан шарх, сэмж, чамархайн цус хуралт, цээжний зүүн талын 12-р хавирганы булчингийн цус хуралт, хэвлийн хөндийн цус хуралдалт, баруун нүдний дээд доод зовхи, баруун чих, зүүн бугалга, зүүн гуя, хэвлийн цус хуралт, уруулын дотор салстын язарсан шарх, баруун чамархай, дух баруун хацар, зүүн чих, зүүн өвдөг, зүүн шилбэний зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан,

Мөн 2022 оны 9 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн ********** тоотод эхнэр буюу хохирогч ******“амь хохирогчийг өмөөрлөө” гэх шалтгаанаар нүүрэнд нь гараараа 2 удаа цохиж эрүүл мэндэд нь “духанд зулгаралт, баруун нүдний дотор булан, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул шүүгдэгч ******Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай. Хойшлуулшгүй ажиллагааны явцад үүссэн баримтаар яллагдагчаар татсан, бусад нотлох баримтаа үнэлээд зүйлчлэлийг хөнгөрүүлсэн. Эмнэлэгт мэдэгдэхийг оролдсон, эм тариа авчирч өгсөн байдаг.  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******т 15,617,800 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч С.******т төлөх төлбөргүй...” гэж,

хохирогчийн өмгөөлөгч “Улсын яллагч хууль буруу хэрэглэж байгаа. Хохирогчийг гэмтсэнг сайн мэдсээр байж ****** тусламж үзүүлээгүй. Үүнийг шалгаагүй байж ганц дүгнэлтээр зүйлчлэлийг хөнгөрүүлсэн нь буруу. Шинжилгээгээр илэрсэн нөхцөл байдалтай шинжээчийн дүгнэлт тохирч байгаа эсэхийг тогтоох ёстой байсан. 1,7 литр шингэн цус байгаа. Бусад нөжирсөн цус, нэвчсэн цусыг шалгах ёстой. Цоорсон гэдэснээс хүндрэл үүсээгүй, иймээс 09 сарын 17 гээд шинжээчийн мэдүүлгээр тогтоогоод явчихсан. Иймд цаг хугацааны хувьд шалгах ёстой, эргэлзээ үүсэж байгаа. Учирсан гэмтэл, хэмжээ зэргээс гэмтлийн улмаас нас баржээ гэж эргэлзээтэй хариулт шинжээч өгсөн. Прокурорт даалгавар өгч буцаах шаардлагатай. 48 цаг амьд байх боломжтой гэдэг бол таамагласан хугацаа болохоос шинжлэх ухааны тогтсон хугацаа биш. Цус алдалт нь үхэлд хүргэсэн. Үүнийг буруу тооцсон нөхцөл байдал харагдаад байгаа...” гэв.

шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч анхнаасаа үнэн зөв мэдүүлэг өгсөн. Шинжээч 24-48 цаг амьд явах боломжтой, энгийн хүний нүдээр ийм гэмтэл авсан гэдгийг тогтоох боломжгүй гэж байна. Эмнэлгийн тусламж үзүүлсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа. Зүйлчлэл зөв гэж үзэж байна. Хэргийг шүүгдэгч, хохирог нар нуун дарагдуулсан гэж таамаглаад байна. Өмгөөлөгч авахаас өмнө эдгээр хүмүүс мэдүүлэг өгсөн байдаг...” гэж,

иргэдийн төлөөлөгч “Санаатай алсан гэж үзэхгүй байна” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцуулав.  

Хохирогчийн өмгөөлөгчийн “Хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл болгож хүндрүүлэх, прокурорт хэргийг буцааж, нэмэлт ажиллагаа хийлгэх тухай” дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар тухайн хэрэг гарсан 2022 оны 9 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн *********** тоотод шүүгдэгч ***********, амь хохирогч ******, гэрч С.****** нар согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа шүүгдэгч ******нь талийгаачтай үл ялих зүйлээс болж маргалдаж гэрт болон гадаа ноцолдон зодолдож, талийгаачийг газар унаган хэвлий хэсэг рүү өшиглөсний улмаас нарийн гэдэсний цутгалан гэдэсний язарсан шарх, сэмж, чацархайн цус хуралт, цээжний зүүн талын 12-р хавирганы булчингийн цус хуралт, хэвлийн хөндийн цус хуралдалт буюу хэвлийн хөндийн битүү гэмтэл авч, уг гэмтлийн улмаас нас барсан болох нь тогтоогдож байна.      

Тодруулбал мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч ****** өгсөн “...********, ****** нар нэлээн согтчихсон хоорондоо амьдрал яриад байсан. Хоорондоо маргалдаад би ******г “хойшоо явж унт” гэхэд “Унтахгүй, гөлөгнүүд минь бүгдийг чинь ална шүү” гээд хэл амаар доромжлоод байсан учир ******барьж аваад орон дээр дарж унагаад ноцолдсон. ...Манай нөхөр ************г газар унагачихсан толгой, нүүр, хэвлий хэсэг рүү өшиглөөд байсан. Маргааш өглөө нь баруун нүд нь нэлээн том хөхөрч хавдсан, хамраас нь цус гарсан байдалтай байсан. 9 дүгээр сарын 18-ны үдээс хойш ****** залгаад “Миний бие болохгүй байна, хий л бөөлжөөд байх юм, эм тариа аваад ирээч” гэхээр нь ажлаа тараад нөхөр бид хоёр очсон. Өвчин намдаагч эм өгөөд, бантан хийж өгөхөд идээгүй, бөөлжөөд гаргаад байсан. Би “Эмнэлэг явах уу” гэхэд “Үгүй ээ, зүгээр хордлогод ороод байна аа, халуун цай чанаад өгчих” гэсэн. 9 дүгээр сарын 19-ний өдөр дахин залгаад “Миний бие ерөөсөө болохгүй байна, хүрээд ирээч” гэхээр нь нөхөр ******“явчихаад ирье” гээд явсан удалгүй “****** өнгөрчихсөн байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтас, хх-32-35), шүүх эмнэлгийн 2496 дугаар дүгнэлтэд: “...7. Талийгаач дээрх хэвлийн хөндийн битүү гэмтлийн улмаас нас баржээ. 8. Талийгаачид 2022.09.20-ны өдрийн 05 цаг 05 мин гадна үзлэг хийхэд нас бараад 10-12 цаг болсон байжээ. ...12. Талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлсзн бол амь насыг аврах боломжтой байжээ” гэжээ (1 дэх хавтас, хх-43-51), шинжээч Ц.Оюун-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Оношилсон тохиолдолд амь насыг аврах боломжтой. Цус алдалтын шок нь цус бага бага хэмжээгээр алдсанаас үүссэн байна. ...Мэргэжлийн бус хүн уг гэмтлийг оношлох боломжгүй. Гэмтлийн улмаас нас барсан гэж үзсэн. Энэ гэмтлийн улмаас цус алдаж байгаа юм. 24 цагийн дотор эмнэлгийн тусламж авсан бол амьдрах боломжтой. ...Уг гэмтлийг аваад 24-48 цаг амьд байх боломжтой...” гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд амь хохирогч нь шүүгдэгч ********* цохиулж зодуулсны дараа тэр дороо нас бараагүй буюу түүнд эмнэл зүйн шинжүүд тодорхой хугацаанд илэрч байсан болох нь тогтоогдож байна.

Амь хохирогчид уг гэмтлийн эмнэл зүйн шинж тэмдгүүд илэрч эхэлсэн тухайн цаг хугацаанд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн тохиолдолд талийгаач амь аврагдах боломжтой байсан боловч талийгаач нь тэр даруйд эмнэлгийн тусламж авч чадаагүйн улмаас нас баржээ.

Хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн хүн тодорхой сэдэлтээр хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахыг хүсэж, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус, аюултай шинжийг ойлгож ухамсарласны үндсэн дээр хүний амь насыг хохирооход чиглэсэн үйлдлийг зориуд хийдэг. Харин хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг нь бусдад хүнд гэмтэл учруулах үйлдлийг санаатайгаар хийсэн боловч хохирогч нас барахыг тооцоолоогүй, хохирогчийн үхлийг шууд хүсээгүй байдгаараа хүнийг санаатай алах гэмт хэргээс ялгагдана.  

Хохирогчтой маргалдан, түүнийг цохиж зодон, хэвлий рүү нь өшиглөсөн шүүгдэгч ******** үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулж байх боловч талийгаачийн үхлийг хүссэн, түүнийг амиа алдахад зориуд хүргэх зорилготой байсан гэж дүгнэх нөхцөл байдал буюу хүнийг алах гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго тогтоогдоогүйг тэмдэглэж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.  

Иргэдийн төлөөлөгчийн “Санаатай алсан гэж үзэхгүй байна” гэх дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Мөн шүүгдэгч ******согтуурсан үедээ 2022 оны 9 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ********* тоотод хохирогч ******“амь хохирогчийг өмөөрлөө” гэх шалтгаанаар нүүрэнд нь гараараа 2 удаа цохиж эрүүл мэндэд нь “духанд зулгаралт, баруун нүдний дотор булан, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч ****** “...Манай нөхөр ******нь 2022 оны 9 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө найз ******тай хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаад ...хоорондоо зодолдоод орилоод байхаар нь би очоод салгах гэтэл манай нөхөр намайг санаандгүй баруун нүдний доод хэсэгт 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг (1 дэх хавтас, 180 дахь тал), шүүх эмнэлгийн 12933 дугаар “1.****** биед духанд зулгаралт, баруун нүдний дотор булан, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (1 дэх хавтас, хх-64-65), шүүгдэгч ******** “...******г “одоо унтаж амарцгаая” гэхэд “би унтахгүй, дахиж уумаар байна” гээд орилж чарлаад агсам тавьж, гэрийн жижиг вакум цонхыг давхраар нь гараараа цохиж хагалсан. Тэгээд ****** хагархай шилээ бариад миний зүүн талын чихний дээд хэсэг рүү 1 удаа хатгаад цус гарсан. Тэгэхээр нь би нүүр лүү нь 2,3 удаа гараараа цохиод ******г түлхэхэд орон дээр унахаар нь би цамцнаас нь чирээд гэрийн гадаа гарсан. Тэгээд гэрийн гадаа гараад өмсөж явсан хромон гутлаараа элэг, гэдэс хэсэгрүү нь 2 удаа гутлынхаа хоншоор хэсгээр өшиглөсөн. Тэгэхэд манай эхнэр ****** араас гарч ирээд намайг татаад салгахаар нь би уурандаа эхнэрийнхээ нүүр лүү 2 удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг (1 дэх хавтас, хх-96-100), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтас, хх-5-16) зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр тус тус хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч ******** согтуурсан үедээ хохирогч ******гийн нүүрэн тус газар нь хэд хэдэн удаа цохиж, газарт унаган хэвлий хэсэг рүү өшиглөсний улмаас хүнд гэмтэл учруулан хохирогчийн амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийн шинжтэй,

мөн шүүгдэгч ******“амь хохирогчийг өмөөрлөө” гэх шалтгаанаар хохирогч ****** нүүрэн тус газар гараараа 2 удаа цохиж хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч ******гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсны улмаас амь нас хохирсон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******ээс оршуулгын зардалд 15,617,800 төгрөгийн баримт гаргаж өгснийг шүүгдэгч ******15,618,00 төгрөгийг төлж барагдуулсан (1 дэх хавтас, хх-249), хохирогчийн төлөөлөгчийн “Гомдолтой, хуулийн дагуу шийдүүлмээр байна” гэх мэдүүлэг (1 дэх хавтас, хх-29-30)-ийг үндэслэн,  

хохирогч ****** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн “Гомдол саналгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтас, хх-32-35)-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “ Шүүгдэгч ******Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар 9 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оногдуулсан 9 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600,000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжийг 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, 1 сар 10 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 9 жил 1 сар 10 хоногоор тогтоох саналтай, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Шүүгдэгчийн учруулсан хохирлоо төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1 бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 ба түүнээс дээш удаа үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон...” гэж,

хохирогчийн өмгөөлөгч “Улсын яллагчийн 9 жилийн хорих ялын саналыг дэмжиж байна. Үнэхээр болгоомжгүй хандсан эсэх дээр эргэлзээтэй байгаа” гэж,

хохирогчийн төлөөлөгч “Хэлэх зүйлгүй” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Мөрдөн шалгах ажиллагаанаас үнэн зөв мэдүүлэг өгч, хохирлыг төлсөн, 3 хүүхэдтэй зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг хэрэглэж өгнө үү” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч, хохирогч нар ахуйн хүрээнд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээс шалтгаалан маргалдаж амь хохирогч ******гийн нүүр, толгой хэсэгт цохих, газар унаган хэвлий хэсэгт өшиглөх зэргээр хэд хэдэн удаагийн үйлдлээр халдаж амь насыг хохироосон, хохирогч ******“амь хохирогчийг өмөөрлөө” гэх шалтгаанаар нүүрэнд нь 2 удаа цохиж эрх, эрх чөлөөнд тус тус халдан гэмтэл учруулсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (Нэг хүний амь нас хохирсон, оршуулгын зардалд нэхэмжилсэн хохирол бүрэн төлөгдсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “Гомдолтой” гэх, хохирогч ****** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн “Гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (хохирогчтой найз нөхдийн харилцаатай, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч ******8 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасныг баримтлан шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оногдуулсан 8 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600,000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож, 40 хоног буюу 01 сар 10 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 8 (найм) жил 1 (нэг) сар 10 (арав) хоногоор тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Шүүгдэгчийн хувьд учруулсан хохирол төлсөн боловч хор уршиг арилаагүй буюу нэг хүний амь нас хохирсон, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанарыг харгалзан үзснийг тэмдэглэж байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн хромон гутал 1 хос, арчдас авсан цагаан өнгийн бинт 2 ширхэг, цустай тариур 1 ширхэг, хөвөн арчдас 3 ширхэг, хүрэн өнгийн 1 ширхэг хүрэм зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ******** овогт *********ийн ******Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч ******Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар 8 (найм) жилийн хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасныг баримтлан шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оногдуулсан 8 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600,000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож 40 хоног буюу 01 сар 10 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 8 (найм) жил 1 (нэг) сар 10 (арав) хоногоор тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн хромон гутал 1 хос, арчдас авсан цагаан өнгийн бент 2 ширхэг, цустай тариур 1 ширхэг, хөвөн арчдас 3 ширхэг, хүрэн өнгийн 1 ширхэг хүрэм зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ********* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ                                        Л.БААТАР

 

                         ШҮҮГЧИД                                       Г.АЛТАНЦЭЦЭГ

 

       Б.ДАШДОНДОВ