| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2023/0166/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/176 |
| Огноо | 2023-02-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энэрэл |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/176
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч Б.Энэрэл,
шүүгдэгч ******нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ******холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2308000000023 дугаартай хэргийг 2023 оны 2 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: *********
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******нь 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Нийслэлийн ерөнхий боловсролын *****дугаар сургуулийн коридорт ангийн хүүхэд болох хохирогч ******тухайн үед үүссэн нөхцөл байдлын улмаас үл ойлголцон маргалдаж, хөл рүү нь хавсран унагаж “тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч ******шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Хохиролд 120,000 төгрөг төлсөн” гэв.
Эрүүгийн 2308000000023 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Насанд хүрээгүй хохирогч ******ын: “...2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 10 цагийн үед ангид найз ******** аниме яриад сууж байтал манай ангийн ******** орж ирээд “та хоёр юу яриад байгаа юм, боль” гэхэд ****** “аниме ярьж байна, мэдэхгүй бол цаашаа яв” гэж хэлтэл ****** ******ын толгой руу хэд хэдэн удаа цохиж, хамар луу нь цохиод цус гаргасан. Би тэр хоёрыг болиулаад ангиас аваад гарч байтал манай ангийн ******над руу ирээд ямар нэгэн зүйл хэлэхгүй хөлөөрөө хавирахад би толгой хэсгээрээ шалан дээр унасан. Миний ухаан балартаад цаашаа юу болсныг сайн санахгүй, Гэмтлийн эмнэлэгт сэрсэн. ...******* ойр зуурын эм тарианы мөнгө гэж 120,000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгсөн, Мөнгөн гүүр эмнэлэгт МRI зураг даруулахаар болсон. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15, 18 дахь тал),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.12.20-ны өдрийн 212 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.2. ******ын биед тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3.6. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 4.5. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ (хавтаст хэргийн 33-34 дэх тал),
Насанд хүрээгүй гэрч Э.******ын: “...****** миний толгойн ар хэсэг рүү гарын алгаараа 2 удаа цохисон. Би “Яагаад байгаа юм бэ” гэхэд ****** миний хамар руу 1 удаа баруун гараараа цохиход цус гарсан. ...******ангиас гарч ирээд ******т хандаж “Чи яадаг болчихсон юм” гээд ******ыг хавирч унагасан. ****** толгойн ар хэсгээр газар савж унасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал),
Гэрч Б.******ийн: “...****** надад “Зайлаач гичий минь” гэхээр би уурлаад зүүн гараараа толгойных нь ар хэсэг рүү 2 удаа алгадсан. *** миний зүүн мөр хэсэг рүү 2 удаа гараараа цохихоор нь би ******ын хамар хэсэг рүү 1 удаа алгадсан чинь цус гарсан. ****** гарахдаа манай найз Тэмүүжинд хандаж нэг зүйл хэлээд байх шиг байсан. ******уурлаад араас нь гарахаар би гарахад ******, ******ыг хавирч унагааж байгаа харагдсан. ****** нуруугаараа газар унасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал),
Шүүгдэгч ********* яллагдагчаар өгсөн: “...Би өөрийн гаргасан үйлдэлдээ гэмшиж, харамсаж байна. Хохирогчоос баримтаар нэхэмжилсэн хохирлыг барагдуулахад бэлэн байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дахь тал),
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-1), дуудлагын лавлагааны хуудас (хх-2), хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-5-8), мөрдөгчийн “эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол (хх-9), гэрч ******** мэдүүлэг (хх-29), шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл (хх-35-36), гэрч *********** мэдүүлэг (хх-50), Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын “...****** нь 2022.12.14-ний өдрөөс хойш эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээ аваагүй байна” гэх албан бичиг (хх-52),
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-56), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-53), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хх-60), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-61), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-62), ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа тодорхойлолт (хх-64), суралцагчийн хувийн хэрэг (хх-65-67), хохирол төлсөн гэх дансны хуулга (хх-76), шүүгдэгч, хохирогчийн “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт (хх-73, 75), прокурорын “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол (хх-77), прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” санал (хх-78) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч ******нь 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Нийслэлийн ерөнхий боловсролын ******дугаар сургуулийн коридорт ангийн хүүхэд болох хохирогч ******тухайн үед үүссэн нөхцөл байдлын улмаас үл ойлголцон маргалдаж, хөл рүү нь хавсран унагаж “тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь насанд хүрээгүй хохирогч ******ын “...******над руу ирээд ямар нэгэн зүйл хэлэхгүй хөлөөрөө хавирахад би толгой хэсгээрээ шалан дээр унасан...” гэх мэдүүлэг (хх-15), шүүх эмнэлгийн 212 дугаар “1.2. ******ын биед тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 4.5. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-33-34), насанд хүрээгүй гэрч Э.******ын “...******ангиас гарч ирээд ******т хандаж чи яадаг болчихсон юм гээд ******ыг хавирч унагасан. ****** толгойн ар хэсгээр газар савж унасан....” гэх мэдүүлэг (хх-23), гэрч Б.******ийн “...Тэмүүжин, ******ыг хавирч унагааж байгаа харагдсан. ****** нуруугаараа газар унасан...” гэх мэдүүлэг (хх-25), шүүгдэгч ******** “...Би өөрийн гаргасан үйлдэлдээ гэмшиж харамсаж байна...” гэх мэдүүлэг (хх-48), хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-5-8) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч ********гийн хохирогч ******хувийн таарамжгүй харилцаа үүсгэж хавирч унагаан хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч ******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд 120,000 төгрөг төлөгдсөн, хохирогчийн “120,000 төгрөг авсан, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг, хүсэлт (хх-18, 73)-ийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ******нь 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн **** дүгээр хороо, Нийслэлийн ерөнхий боловсролын ***** дугаар сургуулийн коридорт ангийн хүүхэд буюу хохирогч ******тухайн үед үүссэн нөхцөл байдлын улмаас үл ойлголцон хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, хөл рүү нь хавсарч өшиглөхөд хохирогч толгойгоороо хана мөргөж, савж унасны улмаас эррүл мэндэд нь “тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 1 сарын хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна...” гэж,
шүүгдэгч “Байхгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч ******нь “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд 1 сарын хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч, хохирогч нар ерөнхий боловсролын сургуулийн нэг ангид суралцдаг бөгөөд тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас үл ойлголцон хохирогчийг хавсарч унагаан эрх, эрх чөлөөнд халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохиролд 120,000 төгрөг төлөгдсөн, хохирогч “Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцдаг)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******1 (нэг) сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас буюу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэлээ.
Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ****** овогт ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******1 (нэг) сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас буюу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн энэхүү шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах ба бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР