Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/210

 

  

 

 

 

 

 

 

 

     2023        02         27                                     2023/ШЦТ/210

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Шийдвэрийн огноо: 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр;

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явагдсан;

 

Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;

 

Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;  

 

Улсын яллагч: Ц.Ганцэцэг;

 

Шүүгдэгч: Э.П (өөрийгөө өмгөөлж);

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке;

 

Хэргийн дугаар:  .......;

           

Шүүгдэгч Э.П регистрийн дугаартай: Монгол Улсын иргэн, 2002 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автын агрегат засварчин мэргэжилтэй, ““““” ХХК-д сангийн туслах ажилтай, ам бүл 7, ах, эгч, дүү нарын хамт, урьд ял шийтгэлгүй.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: (Прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

Э.П нь 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 18 цаг 30 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны гүүрний зүүн доод уулзварын замд “““ улсын дугаартай “Тоёота Приүс-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, мөн дүрмийн 4 дүгээр хавсралт 5.3-т заасан “Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон” гэх заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.У-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн Прокуророос Э.Пын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.П мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв. 

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 5-6/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-10/, явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 11/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 12/, хохирогч Б.У /хх-ийн 15-16/, иргэний нэхэмжлэгч (хариуцагч) Э.Н /хх-ийн 22, 26-27/, гэрч Э.Б /хх-ийн 38/, гэрч П.Г /хх-ийн 41/ нарын мэдүүлэг,  Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын албан бичиг, хавсралт /хх-ийн 30-31/, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт төлбөр төлсөн баримт /хх-ийн 33/, Б.Угийн биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 16317 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45-46/, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-н Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52-57/, Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 62-63/, Б.Угийн эрүүл мэнд болон хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 67, 71-76/, хохирол төлсөн баримт /хх-ийн 77/, Э.Пын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 36, 78-86/, Э.Пын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 95/, хохирогч Б.Угийн хүсэлт /хх-ийн 102/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.П нь 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 18 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны гүүрний зүүн доод уулзварын замд “““ улсын дугаартай “Тоёота Приүс-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, мөн дүрмийн 4 дүгээр хавсралт 5.3-т заасан “Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон” гэх заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Уг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч Б.Угийн /хх-ийн 15/: “...Би тэр өдөр 17 цаг 30 минутын үед хичээлээ тарчихаад гэр лүүгээ алхаад явж байгаад Хүүхдийн паркийн нүхэн гарцны эсрэг талаас хойноосоо урагшаа явган хүний гарцаар зам хөндлөн гарах гээд гарцаар дөнгөж нэг, хоёр алхаж байтал хойноосоо баруун эргэж байсан машин миний зүүн талаас орж ирээд намайг мөргөсөн. Би газарт унаад босож чадахгүй байсан. Тэгээд жолооч нь гарч ирээд намайг өргөж аваад машиндаа суулгаад Гэмтлийн эмнэлэг дээр очоод рентгенд зургаа авахуулсан. ...гадаа харанхуй болсон байсан. Гэхдээ үзэгдэх орчин чөлөөтэй, замын гэрэлтүүлэг ассан байсан...” гэх мэдүүлгээр,

 

иргэний нэхэмжлэгч Э.Нн /хх-ийн 22/ “....би Э.П гэх хүнийг танина, манай төрсөн дүү байгаа юм. Би “Toyota Prius-20” маркийн “““ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2021 оны 08 дугаар сард барилгын ажлын бартераар анх авч байсан. Тэгээд 2021 оны 10 дугаар cap орчим санагдаж байна, дүүдээ зарсан. Гэхдээ нэрийг нь шилжүүлж өгч амжаагүй байсан. Надад тээврийн хэрэгсэлтэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгээр,

 

гэрч Э.Бын /хх-ийн 38/: “...Би Э.П, н.Г нартай хамт “”-д барилгын сантехникийн ажил хамт хийдэг юм. Тэр өдөр бид хэд ажлаасаа буугаад гэр лүүгээ Э.Пын “Toyota Prius-20” маркийн “““ дугаартай машинд суугаад Э.П жолоогоо бариад Хан-Уул дүүргийн “”-аас Сонгинохайрхан дүүргийн Цамбагарав руу явахдаа Энхтайваны гүүрийг урдаас хойш даваад Хүүхдийн паркийн хажуугаар явж байгаад эхлээд уулзварын хойно байх явган хүний гарцан дээр зогсоод явган хүмүүсийг урдуураа гаргасан. Тэгээд уулзвар луу нэвтрээд баруун rap тийш эргэх гэхэд зам түгжрээтэй байсан. Жолооч зүүн талаас ирж явсан машинуудад зам тавьж өгч байгаад өнгөрөнгүүт нь араас нь хөдөлсөн. Тэр хооронд хойноос урагшаа зам хөндлөн гарч явсан эмэгтэй хүнийг машиныхаа зүүн тал буюу жолоочийн эсрэг талын урд хэсгээр мөргөөд нөгөө охин газарт унаад жолооч зогссон. Тэгээд Э.П машинаасаа буугаад тэр охиныг өргөөд машиндаа суулгаад тэндээсээ Гэмтлийн эмнэлэгт очиж охиныг үзүүлсэн. ...би жолоочийн арын хойд талын суудал дээр ганцаараа сууж явсан. Яг осол болох үеийг нүдээрээ харсан. ...гадаа харанхуй болсон, замын хөдөлгөөн жаахан түгжрээтэй, үзэгдэх орчин хэвийн байсан...” гэх гэх мэдүүлгээр,

 

гэрч П.Гийн /хх-ийн 41/: “...би жолоочийн хажуугийн урд талын суудал дээр, Э.Б хойно суусан. ...Энхтайваны гүүрийг урдаас хойш даваад Хүүхдийн паркийн хажуугаар яваад Нарны замтай нийлдэг хэсэгт зам түгжрэлтэй байсан. ...Э.П зай завсрыг нь харж байгаад баруун гар тийшээ эргээд машин тэгшрэх үед замын хойноос нэг эмэгтэй хүн зам хөндлөн алхаад гараад ирсэн. Би “хүн, хүн” гэж хэлэхэд жолооч тоормосоо гишгээд нөгөө эмэгтэй машины копутан дээр нь гараараа тулаад газарт хөлөө бариад суух шиг болсон. ...явган хүнийг эхлээд би хараад “хөөе хүн” гэж хэлэхэд л жолооч тоормос гишгээд зам бага зэргийн гулгаатай байсан учир очоод тулаад мөргөсөн. Гадаа харанхуй болсон, замын хөдөлгөөн жаахан түгжрээтэй, үзэгдэх орчин хэвийн байсан...” гэх мэдүүлгээр,

 

         Б.Угийн биед “зүүн шаант ясны булуу хэсгийн шахагдсан хугарал, гадна холбоосын хэсэгчилсэн урагдал” бүxий Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 16317 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 45-46/,

 

            “...“Тоёота Приус 20” маркийн “““ улсын дугаартай автомашины жолооч Э.П нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, мөн дүрмийн 4 дүгээр хавсралт 5.3. “Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

Явган зорчигч Б.У нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн байх үндэслэлгүй байна...” гэх Тээврийн цагдаагийн албаны 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн мөрдөгчийн магадлагаагаар /хх-ийн 62-63/,

       

Э.Пын яллагдагчаар мэдүүлсэн /xx-ийн  95/: “...Энхтайваны гүүрийг урдаас нь хойш нь даваад төгсгөл хэсгээр баруун гар тийш эргээд туслах замаар урагшаа чиглээд Нарны зам руу нийлэх уулзвар дээр ирж зогсоод зүүн гар талаас ирж яваа машины чөлөөг хараад хөдлөөд баруун гар тийш эргээд ортол баруун замын хойд талаас явган зорчигч зам хөндлөн гарч явсныг машины урд салхины шил хаалга 2-н голын багананд халхлагдаад харагдаагүй юм шиг байна лээ. Тэр хүнийг харалгүй машиныхаа урд талаараа мөргөсөн, явган зорчигч копуд дээр гараараа тулаад газарт унасан. ...шинжээчийн дүгнэлтүүд, мөрдөгчийн магадлагаатай танилцсан. Хүлээн зөвшөөрч байна. Буруугаа ойлгож байна...” гэх мэдүүлэг болон зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 5-6/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-10/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсныг хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, үзлэг, мөрдөгчийн магадлагаа, техникийн шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоосон, зам тээврийн ослын улмаас иргэн Б.У хүндэвтэр гэмтсэнийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, Э.П нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээ тогтоосон актыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хүнийг хүндэвтэр гэмтээснийг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шүүгдэгч Э.П нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, түүний уг үйлдлийн улмаас хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсаар атал Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Э.Пыг “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тоолох нь зүйтэй.

 

Бусад асуудлаар:

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл хэмжээ нь тогтоогдсон хохирол, гэм хор болох 1.606.200 төгрөгийг хохирогч Б.Уд, 214.000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт тус тус шүүгдэгч Э.П нөхөн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Хохирогч нь цаашид эмчилгээтэй холбоотой гарах зардлаа баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний хариуцагч Э.Н бусдад хариуцан төлөх төлбөргүй болохыг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Пыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Пт оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.П торгох ялыг шүүхээс тогтоосон 6 /зургаа/ сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Э.П нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний хариуцагч Э.Н бусдад хариуцан төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Б.У нь цаашид эмчилгээтэй холбоотой гарах зардлаа баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Пт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

                                                               

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ