Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/166

 

 

 

 

 

    2023         02         09                                             2023/ШЦТ/166

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Шийдвэрийн огноо: 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр;

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явагдсан;

 

Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;

 

Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ; 

 

Улсын яллагч: Н.Энхбуян;

 

Шүүгдэгч: И.М;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Өнөрзаяа;

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке;

 

Хэргийн дугаар:  .........;

           

Шүүгдэгч И.М регистрийн дугаартай: Монгол Улсын иргэн, 1996 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Шивээговь суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “““” ХХК-д туслах ажилтан хийдэг, ам бүл 3, эх, дүүгийн хамт  , урьд Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 366 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 456 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 420 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 356 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар 1 жил 3 сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 420 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 358 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, 44 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 4 cap 14 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 сар 10 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналтын хугацаа тогтоосон.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  (Прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

И.М нь 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “” зочид буудлын зүүн талд явган хүний зам дээр хохирогч Ч.С-ийн эзэмшлийн “Айфоне 11 про макс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж 1.412.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

            Сүхбаатар дүүргийн Прокуророос И.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

            Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.М мэдүүлэхдээ: “Ажлаа тараад халамцуу явж байгаад хүний гар утас хулгайлсан нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.С /хх-ийн 14-15/, гэрч И.У /хх-ийн 31-32/, гэрч С.Г /хх-ийн 35-36/ нарын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 18-19/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 23/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 24/, И.М-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 37, 52, 58, 113/, И.М-ийн өмнө шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 59-73/, И.М-ийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 108-110/, шүүхийн шатанд шинээр гаргаж өгсөн И.М-ийн ажлын газрын тодорхойлолт зэрэг  болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч И.М нь 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянгол” зочид буудлын зүүн талд явган хүний зам дээр иргэн Ч.С-ийн эзэмшлийн “Айфоне 11 про макс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 1.412.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

хохирогч Ч.С-ийн /хх-ийн 14-15/: “...Би өчигдөр буюу 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр “Баянгол” зочид буудлын урд хувийн ажилтай явж байгаад 19 цаг 48 минутын үед хамгийн сүүлд танил н.Баярсүх гэх хүний утас руу залгаад ярьсан. Миний “Айфоне 11 про макс” загварын гар утас ер нь бол миний үүргэвчний хажуугийн халаасанд байсан. Тэгээд утасгүй чихэвчээр ...ярьж дуусаад дуу сонсоод явж байхад хажуугаар 4-5 хүн зөрж өнгөрсөн. Тэр үед миний сонсож байсан дуу явахгүй болохоор нь эргэж хараад утсаа үзтэл байхгүй болсон байхаар нь зөрсөн хүмүүсээ хартал зөндөө олон хүмүүс явж байсан болохоор аль нь гэдгийг мэдээгүй өнгөрсөн. ...Миний гар утас “Ай фоне 11 про макс” загварын хар ногоон туяатай, гадна хэсэгтээ ногоон өнгийн арьсан гэртэй байсан. Тухайн арьсан гэр нь хойноо карт хийх халаастай байсан. ...Би 2020 оны 12 дугаар сард гар утас худалддаг найзаасаа шинээр нь хайрцаг савтайг 2.700.000 төгрөгөөр худалдан авч байсан. ...одоо миний гар утас зах зээлийн ханшаар 1.700.000 төгрөг болж байгаа. Содон шинж тэмдэг гэх зүйлгүй бөгөөд дэлгэцийн түгжээ байхгүй. Ямар нэгэн сэв зураасгүй байгаа. ...Энэ хэргийг хуулийн дагуу шийдвэрлүүлж, гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэмээр байна...” гэх мэдүүлгээр,

 

гэрч С.Ггийн /хх-ийн 35-36/: “...Би 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хамт ажилладаг эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад А.Э-гийн хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Төв номын сан”-ийн орчим хулгай их гардаг тул хамт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр ажиллаж байхад манай халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст бүртгэлтэй сэжигтэй И.М ганцаараа урагшаа Энхтайваны гүүр чиглээд явж байсан. Гэнэт зам дээр гараад такси бариад явсан. Удалгүй цагдаагийн 102-д “Сүхбатаар дүүргийн 1 хороо Баянгол зочид буудлын орчим “Айфоне 11” загварын гар утас алдсан” дуудлага мэдээлэл ирсэн байсан. Тэгээд би ахмад А.Э-гийн хамт Баянзүрх дүүргийн 19 хорооны нутаг дэвсгэрээс И.Мийг олж тогтоон ажил дээр авчирч тайлбар мэдүүлэг авсан. Тухайн үед И.Мийн биед хулгайлж авсан гар утас байсан. Тэгээд ахмад А.Э материалжуулан шалгаж эхэлсэн...” гэх мэдүүлгээр,

 

И.Мийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 108-110/: “...Хангай зах дээр мод зөөх ажил хийж байгаад ажлынхаа залуутай 0,75 литрийн архи хувааж уугаад 17 цагийн үед харихаар гарсан. Тэгээд автобусанд суугаад 120 мянгатын автобусны буудал дээр буусан болохоор Энхтайваны гүүр давж хойшоо алхаад Сүхбаатарын талбайн автобусны буудлаас дамжин суухаар явсан. ...Баянгол зочид буудлын орчим явж байхад надтай зөрсөн хар өнгийн үүргэвч үүрсэн залуугийн цүнхний хажуугийн торон халаасанд том гар утасны тал нь цухуйсан ил харагдаж байсан. Тухайн гар утсыг ямар ч хүн авч болохоор байсан тул би нүдэнд харагдаад байсан болохоор зөрөөд өнгөрөх үедээ буцаж эргээд уначих юм болов уу гэж хараад унахаас нь өмнө авчихаад буцаад алхсан. ...тухайн үед би хулгайлан авсан гар утсаа зарах ямар нэгэн зорилгогүй ажлын хувцас хийдэг цүнхэндээ хийгээд үүрчихсэн хадгалж байсан...” гэх мэдүүлэг болон “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 18-19/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 23/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 24/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч “Айфоне 11 про макс” загварын гар утсаа хулгайд алдаж хохирсныг, шүүгдэгч нь хохирсон иргэний хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсныг хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн, хохирогчийн хулгайд алдсан эд зүйлийн үнийг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх шүүх энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, И.М нь Ч.С-ийн эд хөрөнгийг нь хулгайлсныг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар иргэний өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч, шунахайн сэдэлтээр өөрийн эзэмшил болгож буй И.Мийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч И.Мийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч И.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр өдөрт наймаас дээшгүй цагаар, 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх И.Мт тодорхой нийтэд тустай ажил хийлгэхийг даалгаагүй учир нийтэд тустай ажлыг нутгийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагаас баталсан жагсаалтад заасан байгууллагад гүйцэтгэх учиртайг дурдаж байна.

 

Бусад асуудлаар:

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Ч.Ст “Айфоне 11 про макс” загварын гар утсыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл хавтаст хэргийн 24 дүгээр талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 33.1 дүгээр зүйлийн 7, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр

зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч И.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Мийг 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил  хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Мт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.                    

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.М нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.      

           

5. Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.МӨНХ-ЭРДЭНЭ