| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2023/0136/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/165 |
| Огноо | 2023-02-09 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/165
2023 02 09 2023/ШЦТ/165
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шийдвэрийн огноо: 2023 оны 02 дүгээр сарын 09-ний өдөр;
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явагдсан;
Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;
Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;
Улсын яллагч: Ч.Батбаатар;
Хохирогч: Д.Д;
Хохирогчийн өмгөөлөгч: Г.Наранбаатар;
Шүүгдэгч: Ч.Ч;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке;
Хэргийн дугаар: ........;
Шүүгдэгч Ч.Ч регистрийн дугаартай: Монгол Улсын иргэн, 2000 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт , урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: (Прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр)
Ч.Ч нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Сөүлийн гудамж, Хүүхдийн 100-ийн явган хүний гарцан дээр 2022 оны 12 дугаар сарын 04-ний орой 21 цаг 50 минутын орчим “Тоёота приус-20” маркийн “““ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний-дүрмийн 16.1 дэх хэсэг заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Д-ыг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн Прокуророос Ч.Чын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Ч мэдүүлэхдээ: “Би 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ойролцоогоор 14-20 хоногийн тэмцээнд бэлдэх зорилгоор аавынхаа машиныг гуйж халтууранд явсан. Хүүхдийн зуугийн зүүн талын уулзвар дээрээс нэг эмэгтэй гар өргөхөөр нь авахад “Алтай хотхон явна” гэж хэлсэн. 100 метр хүрэхгүй газар өнгөрөөд явж байхад том тээврийн хэрэгслийн ардаас нь гараад ирсэн. Би тоормослоод хажуу талаас нь мөргөөд хохирогчоос “гайгүй юу” гэж асуухад “эвгүй байна” гэж хэлсэн. Гэмтлийн эмнэлэг рүү хүргээд өгье гэж хэлсэн. Зүүн талын хаалган дээр мөргүүлсэн. Хохирогчийг гэмтэл дээр аваачиж рентген зургаар харуулахад шууны яс нь хугарсан гэж хэлсэн. Ар гэр нь иртэл нь хүлээсэн. Ар гэр нь цагдаа дуудсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Д мэдүүлэхдээ: “2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ажлаасаа гараад нэгж авах гээд явж байсан. 22 цаг орчим байсан. “KFC”-ийн ард талын “CU” гэх дэлгүүр ороод нэгж авах гэсэн байгаагүй. Буцаад зам гарах гээд явж байхад явган хүний гарцан дээр баруун талаас ирж мөргөсөн. Тэгээд унаад түр зуур ухаан алдсан. Шүүгдэгчтэй хамт гэмтэл согогийн эмнэлэг рүү явсан. Баруун гарын дээд шууны мөрний доогуур хугарсан. Хагалгаа хийлгэсэн. 9 ширхэг хадаас тавьсан. Хөл доголоод байсан. Тэгээд хөлөө үзүүлэхэд хөл хугаралттай гарсан. Нарийн савхан яс хугарсан байсан. Гарандаа анхаарал хандуулаад хөлөө анзаараагүй байсан. Гар, хөл гипстэй байгаа. Сар гаруй нойргүй явсан. Дээшээ харж хэвтэж болохгүй, зүүн талаараа хэвтэж унтдаг. Зүрх судасны өвчтэй болохоор хэцүү байна. Эдгэрэлт бага зэрэг удаан гэж хэлсэн. Эмчид үзүүлэхэд, ажлаа хийх чадваргүй болсон. Хавдартай хүн байгаа асарч чадахгүй байна. Эм тариагаа хийлгэж байна. Жилийн дараа хадаас, төмрүүдийг авна гэж хэлсэн. Эмч яаран дүгнэлт хийхгүй гэж хэлсэн. 7.868.000 төгрөг нэхэмжилж байна. Хагалгааны зардал, эм тарианы зардал, ажлын байрны түрээс, сард 200.000 төгрөг өгдөг, хоёр сар эм тариа авсан, үргэлжлүүлэн эм тариа хийлгэсэн. Ажилгүй байсан хугацааны цалин буюу өдөрт 100.000-200.000 төгрөгийн орлоготой байсан. Сарын дунджаар 1.000.000 төгрөгийн цалинтай. 6 сар ямар ч ажил хийгээгүй. 6 сарын орлого 6.000.000 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилж байна” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-10/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 11/, явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 12/, хохирогч Д.Дын мэдүүлэг /хх-ийн 15/, хохирлын баримт, тооцоо /хх-ийн 17-25/, Д.Дын эрүүл мэндтэй холбоотой баримт /хх-ийн 29, 57-58, 61-62, 86/, Д.Дын дансны хуулга /хх-ийн 31-56/, иргэний хариуцагч А.О-ын мэдүүлэг /хх-ийн 67/, Д.Дын биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 16477 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 80-81/, мөн хүрээлэнгийн хэргийн материалаар хийсэн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 16 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 84-85/, “Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ-н Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 91-94/, Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 95/, Ч.Чын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 99-107/, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын албан бичиг, хавсралт /хх-ийн 110-111/, Ч.Чын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 118/, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Доос шинээр гаргаж өгсөн эрүүл мэндтэй холбоотой болон хохирлын баримтууд зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон
хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ч.Ч нь 2022 оны 12 дугаар сарын 04-ний орой 21 цаг 50 минутын үед Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Сөүлийн гудамж, Хүүхдийн 100-ийн замд “Тоёота приус-20” маркийн “““ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэг заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцан дээр явган зорчигч Д.Д-ыг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Д.Дын /хх-ийн 15/: “...Би 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “Ану” салоноос гараад ...КFС-ийн урд талын замын явган хүний гарцаар гарсан явсан. Гэтэл зүүн талаас ирж байсан машин зогсолгүй намайг баруун талаас мөргөсөн. Тэгээд газарт унаад ухаан алдсан. Жолооч нь бууж ирээд машиндаа суулгаад гэмтэл авч явсан. Гэмтэл очоод зураг авахуулахад баруун талын шуу хугарсан байна гэсэн. ...Баруун гартаа мэс засал хийлгэж хадуулсан. ...Би гомдолтой байна. Цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилнэ. Осолд орохоос өмнө өдөрт 100.000-200.000 төгрөгийн орлоготой байсан, олох байсан орлогоо нэхэмжилнэ...” гэх мэдүүлгээр,
Д.Дын биед “...баруун атгаал ясны хүзүү хэсгийн далд хугарал, дагзны хуйх, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 16477 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /xx-ийн 80-81/,
мөн хүрээлэнгийн хэргийн материалаар хийсэн “...Д.Дын биед баруун атгаал ясны хүзүү хэсгийн далд хугарал, баруун тахилзуур ясны далд хугарал, дагзны хуйх, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 16 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 84-85/,
“...Жолооч Ч.Ч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
Явган зорчигч Д.Д нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” гэх Тээврийн цагдаагийн албаны 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн мөрдөгчийн магадлагаагаар /хх-ийн 95/,
иргэний хариуцагч А.О-ын /хх-ийн 67/: “...“Тоёота приус-20” маркийн “““ улсын дугаартай тээврийн хэрэгслийг анх Худалдаа хөгжлийн банкнаас зээл авч худалдан авч байсан. Урьдчилгаа мөнгө өгөлгүй 100 хувь лизингээр 12.000.000 төгрөгөөр авч байсан. Чадраабал ах нь манай аавын төрсөн дүү учир би өөрийнхөө нэр дээр тус машиныг худалдан авч өгсөн. Би өөрөө тэр машиныг огт унаж ашиглаж байгаагүй. Ч.Ч унадаг байсан гэдгийг сонсож байсан. Осол гаргасан хүн өөрөө бусдад учруулсан хохирлоо төлнө гэж бодож байна” гэх мэдүүлгээр,
Ч.Чын яллагдагчаар мэдүүлсэн /xx-ийн 118/: “...Би 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр үдээс хойш гэрээс гараад “Тоёота приус” маркийн ““““ улсын дугаартай аавынхаа эзэмшлийн автомашиныг жолоодон хувиараа халтуур хийгээд явж байсан. Би Сөүлийн гудамжаар зүүнээс баруун тийш чиглэлд явж байтал KFC-ийн зүүн талын уулзварт нэг эмэгтэй хүн гар өргөхөөр нь суулгаад хаашаа явах вэ гэхэд “Алтай хотхон орно” гэсэн учир хөдлөөд явж байсан. KFC-н урд талын явган хүний гарц дээр ирэх үед хүн харагдаагүй бөгөөд гарц руу дөнгөж орж байтал гэнэт баруунаас зүүн тийш чиглэлд явж байсан хар өнгийн машины цаанаас 1 хүн гүйгээд гараад ирсэн. Би хараад тоормос гишгээд баруун гар тийш дарсан боловч нөгөө зогсолгүй гүйж ирээд миний машины зүүн гар талын толь хэсэг рүү мөргөөд буцаад газарт уначихсан. Би машинаа зогсоогоод буугаад очиход миний машины ард талд нөгөө хүн газарт унасан байхаар нь очоод яаж байна гэхэд “ахынх нь мөр жаахан эвгүй болчихлоо” гээд байсан. Би түшиж босгоод замаас гаргаад жаахан сууж байгаад гэмтэл орохоор суулгаад аваад явсан. ...Гэмтэл дээр очоод үзүүлэхэд мөрний яс нь хугарсан гэж байсан...” гэх мэдүүлэг болон хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-10/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Ч.Чад холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсныг хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, үзлэг, мөрдөгчийн магадлагаагаар тус тус тогтоосон, зам тээврийн ослын улмаас хохирогч Д.Д хүндэвтэр гэмтсэнийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, Ч.Ч нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг тухай хууль, замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж явган зорчигч Д.Д-ыг хүндэвтэр гэмтээснийг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шүүгдэгч Ч.Ч нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, түүний уг үйлдлийн улмаас хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсаар атал замын хөдөлгөөнд оролцохдоо явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасалгүй, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгөөгүйн улмаас Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан заалтыг зөрчиж зам тээврийн осол гарган, Д.Дын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Ч.Чад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заасан төрөл, хэмжээний дотор 480 нэгж буюу (1 нэгж=1000 төгрөг) 480.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.
Бусад асуудлаар:
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд гаргуулах үндэслэл хэмжээ нь тогтоогдсон 2.468.532 (эмчилгээний зардал болон түрээсийн төлбөр) төгрөгийг шүүгдэгч Ч.Ч нь хохирогч Д.Дт нөхөн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.
Хохирогчийн нэхэмжлэлээс олох байсан орлого 6.000.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, харин хохирогч нь цаашид эмчилгээтэй холбоотой болон олох байсан орлогын талаарх шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, иргэний хариуцагч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,
37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ч.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай
ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Чыг 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 (дөрвөн зуун наян мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хариуцагч А.Отгонбаяр нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Д нь цаашид эмчилгээтэй холбоотой болон олох байсан орлогын талаарх шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Чад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ