Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 03

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Г.Уламбаяр, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 690 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.М , Б.Г  нарт холбогдох

 “Зээлийн гэрээний үүрэг болох 1172376.33 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хариуцагч Б.Г гийн гаргасан давж заалдах гомдлоор 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

хуралдаанд нарийн бичгийн дарга Г.Дорждулам оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Аюуш шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Зээлдэгч Д.М , Б.Г  нар нь тус банкны Дэлгэрэх тооцооны төвөөс 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зг201542400840 тоот зээлийн гэрээ байгуулан 1460000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар авсан. Зээлдэгч зээлээ төлөлгүй 318 хоног өнгөрсөн, зээлийн гэрээний 7.1.1, 7.1.2, 7.1.3 дахь заалтад заасан зээл олголт эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийг зориулалт бусаар ашигласан, зээлдэгч ажлаасаа халагдсан ба банк зээлдэгчээс зээлээ төлөхийг олон удаа шаардсан боловч одоо хүртэл зээлээ төлөхгүй байгаа юм. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 990317.84 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 171908.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 10150.18 төгрөг нийт 1172376.33 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Д.М  шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өөрийн гэр бүлийн хүн болох Б.Г гийн шахалт шаардлагаар хамтран цалингийн зээл авсан нь үнэн. 2016 оны 02 дугаар сард Б.Г  надаас салж өөр хүн дагаад явсан. Ингээд би 2016 оны 03 дугаар сард ажлаасаа гарч зээлээ төлөх ямар ч боломжгүй болсон. Хаан банкны нэхэмжилсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ хамтран зээлдэгч Б.Г тай хамт төлөх үүрэгтэй гэв.

Хариуцагч Б.Г  шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 1998 онд Д.М тай гэр бүл болж 2 хүүхэд төрүүлсэн. 2015 онд 1460000 төгрөгийн цалингийн зээлийг хамтран авсан. Уг зээлийн мөнгөөр Д.М ын дүү Д.Галбадрахаас гэрийн тавилга авсан. Бид 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр тус шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан. Гэр бүл цуцлуулахдаа эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлгийн маргаангүйгээр салсан. Миний бие өөрийн гэсэн гэр оронгүй 2 хүүхэдтэйгээ дүүгийндээ амьдардаг. Том хүү оюутан миний цалин хүрэлцдэггүй цалингийн зээлтэй. Д.М тай хамтран Хаан банкнаас цалингийн зээл авсан нь үнэн. Би уг зээлийг төлөх боломжгүй тул Д.М аар төлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

            Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Д.М аас 588688.165, хариуцагч Б.Г гаас 586188.165 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкинд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар ийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Д.М аас 16373   төгрөг,   хариуцагч   Б.Г гаас   16373   төгрөг  тус  тус   гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд илүү  төлсөн 724 төгрөгийг орон нутгийн орлогын 5540607728 тоот данснаас буцаан   гаргуулж  нэхэмжлэгч  Хаан  банкинд  олгож,   нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 33471 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

                 Хариуцагч Б.Г  давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 20-ны өдрийн 145/ШШ2017/00690 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Д.М тай хамт амьдарч байх хугацаандаа цалингийн зээл авч хамтран хариуцагчаар нь гарын үсэг зурж авсан нь үнэн боловч тэр мөнгөөрөө гэр орноо тохижуулж тавилга авсан. Ингээд бид хоёр хоорондоо таарч тохирохгүйн улмаас гэрлэлтээ 2017 оны 06 дугаар сарын 20-нд цуцлуулж, би өөрийн асрамжиндаа 2 хүүхдээ авч, Д.М  нь өөрийн өвлийн хашаа байшин бүх л эд зүйлээ авсан. Үлдсэн би юу ч аваагүй. Том хүү оюутан би л хүүгийнхээ сургалтын төлбөр хувцас хичээлийн хэрэгсэл бүгдийг нь төлдөг. 2 хүүхдээ ч анхаардаггүй. Би өөрөө цалингийн зээлтэй, хүүхдийн мөнгө ч авдаггүй. Д.М  л бүх юмаа авч үлдсэн. Төлбөр төлөх чадвартай эрүүл саруул батлан даагч нь ямар нэгэн эрсдэл гарсан тохиолдолд төлөх үүрэг хүлээдэг гэж гэрээнд байдаг. Энэ хүнд төлбөрөө төлж чадахгүй нөхцөл байдал үүсээгүй эрүүл саруул эд хөрөнгө нь хүртэл байхад надад хувааж төл гэж шийдвэр гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Орох орон гэр байхгүй. Өөрөө цалингийн зээлтэй оюутан хүүхдээ тэжээн тэтгэх гээд надад төлөх ямар ч боломж байхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж Д.М аас цалингийн зээлийг нь төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Хаан банк нь хариуцагч Д.М , Б.Г  нараас зээлийн гэрээний үүрэг болох 1172376.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хамтран хариуцагч нар нь гэрээний дагуу төлөх ёстой зээлийн хэмжээний талаар маргаагүй боловч хариуцагч Д.М  Б.Г тай хамт төлнө гэж, хариуцагч Б.Г  нь Д.М  дангаараа төлөх ёстой гэж маргажээ.

          Д.М , Б.Г  нар нь Хаан банкны Дэлгэрэх тооцооны төвөөс 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зг201542400840 тоот зээлийн гэрээ байгуулан 1460000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар авсан ба зээлийн гэрээний 4.3-т зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх, үүрэгтэй байна. /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/ Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2.-т “Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ.” гэж заасан бөгөөд мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна.

         Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд үүссэн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

         Иймд хариуцагч Б.Г гийн “...бид хоёр хоорондоо таарч тохирохгүйн улмаас гэрлэлтээ 2017 оны 06 дугаар сарын 20-нд цуцлуулж, би өөрийн асрамжиндаа 2 хүүхдээ авч, Д.М  нь өөрийн өвлийн хашаа байшин бүх л эд зүйлээ авсан. Би өөрөө цалингийн зээлтэй, хүүхдийн мөнгө ч авдаггүй. Энэ хүнд төлбөрөө төлж чадахгүй нөхцөл байдал үүсээгүй эрүүл саруул эд хөрөнгө нь хүртэл байхад надад хувааж төл гэж шийдвэр гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Орох орон гэр байхгүй. Өөрөө цалингийн зээлтэй оюутан хүүхдээ тэжээн тэтгэх гээд надад төлөх ямар ч боломж байхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж Д.М аас цалингийн зээлийг нь төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү”гэсэн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

         Хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисон тул давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 18250 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

         Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг  удирдлага болгон

ТОГТООХ  нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 145/ШШ2017/00690 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Г гийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч Б.Г гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 18250 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7-д зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

                                   

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                          ШҮҮГЧИД                              Л.НЯМДОРЖ

                                                                                         Г.УЛАМБАЯР