Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 102

 

 

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС          

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

            Улсын яллагч Л.Мажигсүрэн,

            Насанд хүрээгүй шүүгдэгч Ц.Отгонбаяр, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Цэцэгжаргал, тэдгээрийн өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цогоогийн Отгонбаярт холбогдох эрүүгийн 2016 2503 1014 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хаалттай хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1999 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эгч, ах, дүү нарын хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Хандгайтын 14-200 тоотод оршин суудаг, төрөөс авсан гавьяа шагналгүй, 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Чингэлтэй дүүргийн прокурорын 76 тоот тогтоолоор насанд хүрээгүй яллагдагч Ц.Отгонбаярын 2014 оны 01 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд ганцаараа болон бусадтай бүлэглэн 8 удаагийн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгогдсон, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Цогоогийн Отгонбаяр (РД:УХ99081431),

            нь (яллах дүгнэлтэд тэмдэглэснээр) 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 хороо, Хайлаастын 24-609 тоот хохирогч Б.Батхишигийн эзэмшлийн байшингийн вакум цонхоор нэвтрэн орж “Сони” маркийн 42 инчийн ЛЕД зурагтыг хулгайлж 450.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед яллах, цагаатгах болон бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүх хуралдаан дээр насанд хүрээгүй шүүгдэгчээс мэдүүлэхдээ:-Тухайн өдөр найзынхаа гэрт тоглож байгаад найз Батаагийн гэрт очсон. Тэгтэл гэрт нь хүн байхгүй байсан. Би тэгээд байшингийн цонх онгорхой байхаар нь гэрт ороод гэрт нь байсан зурагтыг даавуунд ороогоод гарсан. Би зурагтаа авч явж байгаад Лхагва ахтай таарсан. Би Лхагва ахаас таньд баримт бичиг байна уу би эгчийнхээ зурагтыг ломбардад тавих гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд зурагтыг Лхагва ахын иргэний үнэмлэхээр 6 буудлын “Очир” ломбардад тавьсан гэв.

            Мөрдөн байцаалтад хохирогч Б.Батхишигээс мэдүүлэхдээ:-2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр өглөө 11 цагт гэрээсээ гараад, буцаад гэртээ 16 цагийн үед ирэхэд манай байшингийн вакум цонх онгорхой байсан. Би гэр рүүгээ ороод эд зүйлээ шалгаж үзэхэд манай гэрт байсан 40 инчийн Сони маркийн зурагт алга болсон байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэжээ.

            Ц.Лхагваас мөрдөн байцаалтад сэжигтнээр мэдүүлэхдээ:-Би 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байрлах гэртээ ганцаараа байж байсан. Тухайн өдөр миний лизингийн хугацаа дуусч байсан болохоор би зурагтаа ломбарданд тавих гээд 13.00 цагийн үед 14-75 УНЭ улсын дугаартай Тоёота пробокс маркийн автомашинтай гарсан. Тэгээд дөнгөж төв зам уруудаад явж байхад утас дуугарсан чинь манай гудамжны таньдаг Отгонбаяр гээд хүүхэд эгчийнхээ зурагтыг ломбарданд тавих гэсэн юм, эгч зөвшөөрсөн, 5 буудал дээр хүрээд ирээч гэхээр нь би 5 буудал дээр яваад очсон. Намайг очих үед Отгонбаяр нэг том зурагт тэвэрсэн байдалтай “Отгон” гэх хүнсний дэлгүүрийн буланд зогсож байсан. Отгонбаяр миний машинд суугаад Лхагваа ахаа таны бичиг баримтаар ломбарданд энэ зурагтыг тавьчих уу гэхээр нь би юун зурагт юм гэж асуухад манай 5 буудалд байдаг эгчийн зурагт байгаа юм. Эгч зөвшөөрсөн гэж хэлсэн. Би танай ямар эгч 5 буудалд байдаг юм, тийм эгч байдаг юм уу гэхэд байдаг шүү дээ Лхагваа ах гээд байсан болохоор би итгэсэн. Мөн би тухайн үед цохилдуулаад чи хулгай хийсэн юм уу гэхэд үгүй ээ Лхагва ах гээд сандарсан шинжгүй хариулж байсан. Тэгээд ажлын цаг дууссан гээд яараад байсан болохоор 6 буудал байх Очир төвийн хоёр давхарт байрлах ломбарданд би зурагтаа 150.000 төгрөгөнд тавьсан. Тэгээд Отгонбаяр Лхагваа ах аа хороолол руу яваад ирье шивээсээ арилгах гэсэн юм гээд миний машинд 15.000 төгрөгийн бензин хийгээд бид хоёр хороолол орж нэг шивээсний газар руу орсон гэжээ.

            Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзэхэд шүүгдэгч Ц.Отгонбаяр нь 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 хороо, Хайлаастын 24-609 тоотод оршин суух Б.Батхишигийн эзэмшлийн байшингийн цонхоор нэвтрэн орж “Сони” маркийн 42 инчийн ЛЕД зурагт хулгайлж 450.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаан дээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Батхишигийн “…буцаад гэртээ 16 цагийн үед ирэхэд манай байшингийн вакум цонх онгорхой байсан. Би гэр рүүгээ ороод эд зүйлээ шалгаж үзэхэд манай гэрт байсан 40 инчийн Сони маркийн зурагт алга болсон байсан” гэх мэдүүлэг, сэжигтнээр байцаагдаж байсан Ц.Лхагвын “…Отгонбаяр нэг том зурагт тэвэрсэн байдалтай “Отгон” гэх хүнсний дэлгүүрийн буланд зогсож байсан. 6 буудал байх Очир төвийн хоёр давхарт байрлах ломбарданд би зурагтаа 150.000 төгрөгөнд тавьсан…” гэх мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, эд зүйлийн үнэлгээ, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

            Иймд Боржигон овогт Цогоогийн Отгонбаярыг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэнээс бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь 2014 оны 01 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд ганцаараа болон бусадтай бүлэглэн 8 удаагийн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдэж байсан боловч 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Чингэлтэй дүүргийн прокурорын 76 тоот тогтоолоор түүнд холбогдох хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон тул шүүгдэгчийг 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан гэмт хэргийг анх удаа үйлдсэн хэмээн үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх хохирлын хэмжээг тодорхойлохдоо Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192.000 төгрөгийг нэгээс тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцлоо.

            Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан гэм хор арилсан, арван найман насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.   

            Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа гэмт хэрэг үйлдэж, хорих ял шийтгүүлсэн насанд хүрээгүй шүүгдэгч Ц.Отгонбаярын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээг харгалзан, түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж үзэж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахаар шийдвэрлэлээ.

Мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр “Вишн Фанд” ББСБ-ын эзэмшлийн 14-75 улсын дугаартай, Т.Пробокс маркийн автомашин битүүмжилсэн байх ба шүүгдэгч Ц.Отгонбаяр нь гэмт хэрэг үйлдэхдээ уг автомашиныг ашигласан болох нь нотлогдон тогтоогдоогүй тул дээрх мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Насанд хүрээгүй шүүгдэгч Боржигон овогт Цогоогийн Отгонбаярыг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэнээс бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Ц.Отгонбаярыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.8-д зааснаар шүүгдэгч Ц.Отгонбаярт оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй насанд хүрээгүйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүйг тус тус дурдсугай.

5.Вишн Фанд ББСБ-ын эзэмшлийн 14-75 улсын дугаартай, Т.Пробокс маркийн автомашин битүүмжилсэн 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн  Мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

6.Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Ц.Отгонбаярт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, хараа хяналтдаа байлгахыг түүний эх хууль ёсны төлөөлөгч Н.Цэцэгжаргал (РД:ХЙ62122306)-д даалгасугай.

7.Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, насанд хүрээгүй шүүгдэгч Ц.Отгонбаярт урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ