| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Энхтөр |
| Хэргийн индекс | 164/2019/0016/э/ |
| Дугаар | 17 |
| Огноо | 2019-09-17 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.О |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 17
Х.Дид холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, шүүгч Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор Б.О
Шүүгдэгч Х.Д, түүний өмгөөлөгч Ж.Мөнхнасан
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нарыг оролцуулан
Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасангийн давж заалдах гомдолоор Х.Дид холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1966 оны 08 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 53 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, холбоочин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Сайн-Уст 5 дугаар багт оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ДЛ66080219 регистрийн дугаартай, Баян-Улааныхан овогт Х. Д нь 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын нутагт тус сумын иргэн З.Бын эзэмшлийн хүрэн зүсмийн хязаалан насны, буруу чих дээрээ гадна талаас ухам имтэй, зөв хойд гуян дээрээ Р үсгэн тамгатай, доор нь сэнжтэй саран дээр дормон тамгатай алдуул адууг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж Увс аймгийн харьяат Г.Идэрт зарж 650.000 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Баян-Улааныхан овогт Х. Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Дид оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийвэл торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ял оногдуулах болохыг мэдэгдэж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Дид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж, Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.Дид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Х.Дийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Х.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хавтаст хэргийн материалд уг морийг хохирогч З.Бын эзэмшлийн алдуул мал гэдгийг хангалттай сайн тогтоож чадаагүй байгаа. Мөн Х.Д нь уг морийг бусдын эзэмшилд байгааг мэдээгүй, өөрийн алдсан морио олоод бусдад зарсан гэдгээ удаа дараагийн мэдүүлэгтээ хэлсэн байдаг. Хохирогч З.Бын алдуул мал гэдгийг хангалттай эргэлзээгүй тогтоож чадаагүй байж хэргийг шийдвэрлэсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй тул Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Х.Дийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байна. Х.Д нь бусдын алдуул мал гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээний хохирол учруулсан гэж ял авсан байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн малыг хохирогч Болдбаатарын алдуул мал гэж мэдээгүй. Энэ алдуул мал Болдбаатарын эзэмшилд байгааг мэдээгүй. Тухайн адуу нь Х.Дийн адуунд нийлээд 5 сар болсны дараа адуу авч явсан хүмүүст Х.Д нь миний адуу гэж барьж өгсөн. Тамган дээр үзлэг, шинжилгээ хийлгэх хүсэлтийг гаргасан боловч уг хүсэлтүүд огт хангагдаагүй. Үхсэн гэдгээр хэрэгт ярьдаг болохоос хавтаст хэрэгт хангалттай тогтоож чадаагүй. Хохирогч З.Б энэ адууг хэзээ алдсан талаар хавтаст хэргийн материалд тогтоогоогүй байж алдуул малыг Х.Д мэдсээр байж авсан гэж ял халдааж шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргасан. Уг гомдлоо дэмжиж байна гэжээ.
Улсын яллагч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: 2019 оны 07 дугаар сарын 16 өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6, 39.7, 39.8 дугаар зүйлд заасан шийтгэх тогтоолд заасан дүгнэлт үндэслэлтэй. Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зүйл байхгүй учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгүүдэд зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Х.Д нь 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Говь-Алтай аймгийн Хөх морьт сумын иргэн З.Бын эзэмшлийн хүрэн зүсмийн хязаалан насны, буруу чихэндээ гадна талаас ухам имтэй, зөв гуяндаа Р үсгэн тамгатай, саран дэвсгэртэй сэнжтэй дормон тамгатай алдуул адууг, бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж Увс аймагт оршин суудаг Г.Идэрт зарж 650 000 төгрөгийн хохирол учруулсан байна.
Эдгээр үйл баримт нь хохирогч З.Бын: “2018 оны 06 дугаар сарын эхээр Хөх морьт сумын 2 дугаар багийн зөөхий гэдэг газраас 5 тооны адуугаа алдаад олохгүй байж байтал 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн харъяат Идэр гэдэг хүний худалдаж авсан адуунд алдсан 5 адууных нь нэг болох буруу чихэндээ гадна талаас ухам имтэй, зөв гуяндаа Р үсгэн тамгатай, саран дэвсгэртэй сэнжтэй дормон тамгатай хүрэн зүсмийн хязаалан насны адуу байсныг таньж авсан бөгөөд уг адууг Х.Д түүнд 650 000 төгрөгөөр зарсан байсан ба тэр хүрэн хязааланг урьд нь Товуу гэдэг хүнээс худалдаж авч байсан тухай” мэдүүлэг,
Гэрч Р.Т-н: “2018 оны 03 дугаар сарын дундуур З.Бт 3 тооны адуу зарсны нэг нь Ган-Эрдэнээс худалдаж авсан хүрэн зүсмийн шүдлэн байсан бөгөөд өөрийнх нь Р үсгэн тамганы доор Л.Ган-Эрдэний тамга байгаа. Надаас өөр Р үсгэн тамгатай хүн байхгүй” гэсэн мэдүүлэг,
Гэрч Л.Г, Г.Д нарын: “Г.Д нь Р.Т гэдэг хүнд 2016 оны 01 дүгээр сард хоёр унагатай гүү зарсны унага нь зүүн талын гуяндаа дормон хэлтэй, ширээтэй саран тамгатай байсан бөгөөд үзүүлж байгаа адууны тамга өөрийнх нь адууны тамга мөн байгаа тухай” адил агуулга бүхий мэдүүлэгүүд,
Гэрч Б.Эны: “Г.И нь Х.Даас баруун талын чихэндээ ухам имтэй, Р.Үсгэн тамгатай, доор нь бүдэгхэн тамгатай хүрэн зүсмийн адууг 450 000 төгрөгөөр худалдаж авсан тухай” мэдүүлэг,
Гэрч Д.Бын: “2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Хөх морьт сумын төв дээр Х.Д баруун талын чихэндээ ухам имтэй, Р.Үсгэн тамгатай, доор нь бүдэгхэн тамгатай хүрэн зүсмийн адуу зарсан тухай” мэдүүлэг,
Гэрч М.Тийн: “2016 оны намар Х.Дийн саран дээр хас тамгатай хүрэн зүсмийн даага алга болсон. Уг адуунд махан тамга дарсан байсан. Дормон хэлтэй ширээтэй, саран тамга бол Ган-Эрдэнэ ахын тамга байна. Дээд талд нь Товуу ахын тамга байна. Х.Дийн тамга бол саран дэвсгэртэй хас тамга байдаг” гэсэн мэдүүлэг,
Гэрч Х.Ж: “Хүрэн зүсмийн адуу манай адуутай хамт ирсэн байсан. Манай ах Х.Д 2016 онд алдсан хүрэн морь мөн байна гэж тухайн адууг манай хашаанд байхад нь авсан” гэсэн мэдүүлэг,
Гэрч Ө.Ш: “Адуунд явж байхдаа Жагваралын бор морийг хамт байсан Р үсгэн тамгатай хүрэн зүсмийн адуутай нь тууж очсон тухай мэдүүлэг, адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон байна.
Хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан, хоорондоо зөрүүгүй байгаа бөгөөд анхан шатны шүүх нотлох баримтуудыг бодитой үнэлсэн байна.
Шүүгдэгч Х.Дийн үйлдэл нь уг хүрэн зүсмийн хязаалан насны адууны эзэмшигч хэн болохыг мэдээгүй боловч өөр хүний эзэмшилд байгааг мэдсээр байж өөрөөр хэлбэл өөр хүний тамгатай байгааг мэдсээр байж авч захиран зарцуулсан алдуул мал завших гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Тиймээс шүүгдэгч Х.Д нь нь тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу, Эрүүгийн хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялаас хөнгөн төрлийн ялыг сонгож оногдуулсан нь үндэслэлтэй байна.
Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасангийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Ш.БАТТОГТОХ
ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР
Ч.ЭНХТӨР
ДАРГАЛАГЧ Ш.БАТТОГТОХ
ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР
Ч.ЭНХТӨР