Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2021/0425/З |
Дугаар | 128/ШШ2020/0802 |
Огноо | 2021-11-30 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 128/ШШ2020/0802
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ү, Ч.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө, С.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хаалттай хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч: “Ю” ХХК
Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар
Нэхэмжлэлийн шаардлага: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 04 дугаар тогтоолын 2 дугаар зүйл ““Ю” ХХК-ийг Улаанбаатар хот, Дархан-Уул аймаг, Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь аймгийн телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуйн эрхлэгчээр тогтоосугай” гэснийг хүчингүй болгуулах.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ “... “Ю” ХХК нь 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд Харилцаа холбооны зохицуулах хорооноос 13200001 тоот "Телевиз радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах /IРТV/ үйлчилгээ” эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, уг тусгай зөвшөөрлийн хүрээнд өрх болон байгууллагын хэрэглэгчид олон суваг дамжуулах үйлчилгээ үзүүлдэг билээ.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2020 оны 6 сараас эхлэн “Ю” ХХК-ийн үйл ажиллагаанд судалгаа хийж эхэлсэн ба 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 04 тоот Тогтоолоор тус компанийг Улаанбаатар хот болон Дархан-Уул, Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь аймгийн телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох зах зээлийн судалгааг хийхдээ хууль болон журмын дараах шаардлагыг зөрчиж алдаатай судалгаа хийж тогтоол гаргасан хэмээн бид үзэж байна.
“Ю” ХХК-ийн IРТV үйлчилгээний хэрэглэгч зөвхөн IРТV-ээр бус, ДДэш ТВ эсхүл Vоо, LоокТV гэх мэт үйлчилгээг ашиглан телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээг газар зүйн байршил харгалзахгүй авч болдог. Олон суваг дамжуулах үйлчилгээний зах зээл нь Монгол Улсын хэмжээнд нийт 900,000 орчим хэрэглэгчтэй бөгөөд үүнээс Юийн хэрэглэгчид 23.5 хувийг нь эзэлдэг.
Харин Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас олон суваг дамжуулах үйлчилгээний зах зээлийг тодорхойлохдоо 150,000 гаруй хэрэглэгчтэй ОТТ технологийг хасч, уг зах зээлийн нийт хэрэглэгчийг 750,000 хэмээн буруу тооцож, үүнээс Улаанбаатар хотын 490,000 хэрэглэгчийг 428,613 хэрэглэгчээр тооцож, Ю Улаанбаатарт 147,587 хэрэглэгчтэй учир зах зээлийн 34.4 хувийг, Дархан-Уул аймаг 25,500 хэрэглэгчтэй байтал 20,328 хэрэглэгчээр тооцож, Ю Дарханд 7,547 хэрэглэгчтэй учир зах зээлийн 37 хувийг, Өмнөговь аймаг 22,000 хэрэглэгчтэй байтал 18.492 хэрэглэгчээр тооцож, Ю Өмнөговьд 6,219 хэрэглэгчтэй учир 34 хувийг, Дорноговь аймаг 20,000 хэрэглэгчтэй байтал 16,055 хэрэглэгчээр тооцож, Ю Дорноговьд 5491 хэрэглэгчтэй учир за зээлийн 34 хувийг тус тус эзэлж байна хэмээн давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосныг бид хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Олон суваг дамжуулах үйлчилгээний ОТТ буюу нийт зах зээлийн 20 орчим хувийг эзлэх томоохон нөлөөлөл бүхий технологийг орхигдуулж телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээний зах зээлийг тодорхойлсон нь Засгийн газрын 2010 оны 298 тоот Тогтоолоор баталсан “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1 “Бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлоход дараахь хүчин зүйлийг харгалзан үзнэ” гэсний 3.1.4-т заасан “бараа бүтээгдэхүүний харилцан орлох байдлыг тогтоох боломж бүхий бусад хүчин зүйл” гэснийг зөрчсөн. Мөн журмын 3 дугаар зүйлийн 3.2 “Бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлох нь бараа бүтээгдэхүүнийг хэрэглээ, зориулалтаар нь ангилж, тэдгээрийн харилцан орлох бараа бүтээгдэхүүний бүлгийг тодорхойлоход чиглэгдсэн үйл ажиллагаа бөгөөд дараахь үе шаттай байна” гэсний 3.2.2 “сонгосон ангиллын бараа бүтээгдэхүүнийг хэрэглээ болон нийлүүлэлт талаас нь орлох бараа бүтээгдэхүүн байгаа эсэхийг судлан харилцан орлох бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлох”, 3.2.3 “хэрэв бараа бүтээгдэхүүний хэрэглээ, харилцан орлох байдлын талаар шууд дүгнэлт гаргах боломжгүй бол хэрэглэгч, үйлдвэрлэгч, өрсөлдөгчдөөс санал асуулга авах, ярилцлага хийх замаар бараа бүтээгдэхүүний хэрэглээ, харилцан орлох байдлын талаар дүгнэлт гаргаж болно” гэснийг хэрэгжүүлэлгүй орхигдуулсан байна.
Телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээний зах зээл нь газарзүйн бүсчлэлээр тогтоогдохоос илүүтэй, өрхийн зах зээл болон байгууллагын зах зээл гэсэн хоёр төрөлд хуваагдаж, үнийн бодлого, бүтээгдэхүүн үйлчилгээний нөхцөл гардаг, олон сувгийн үйлчилгээ эрхлэгчид өрхийн болон байгууллагын хэрэглэгчийн зах зээл дээр өрсөлддөг билээ. Гэтэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Ю” ХХК-ийн зах зээлд эзлэх хувийг тооцохдоо Улаанбаатар хот, Дархан-Уул аймаг гэх мэт нутаг дэвсгэрийн бүсчлэлээр зах зээлийн хувь хэмжээг тогтоосон нь бодит байдалтай нийцэхгүй байна. Өрсөлдөөний тухай хуульд зааснаар зах зээлийн судалгааг хийж, бусад шаардлагатай мэдээллийг цуглуулсны эцэст шийдвэрийг гаргах, ингэхдээ Захиргааны ерөнхий хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөж, нийцүүлэн ажиллах учиртай. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь төрийн үйлчилгээг жигд, чанартай, шуурхай, хүртээмжтэй хүргэх, ил тод, мэргэшсэн байх, хууль ёсыг сахих, үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээх зарчмыг баримтлан ажиллах үүрэгтэй бөгөөд холбогдох хууль тогтоомжийг мөрдөн ажиллах ёстой.
Аж ахуй эрхлэгчийн давамгай байдалтайг тогтоохдоо төрийн байгууллагаас гаргасан мэдээ, мэдээлэл, өмнө нь хийсэн ажлын тайлан, судалгаа, шинжилгээний дүгнэлт болон зохих журмын дагуу бэлтгэсэн санал асуулга, ярилцлага, баримт бичгүүд, судалгаа. тухайн аж ахуйн нэгжийн цахим хуудаст тавигдсан мэдээлэл, санхүүгийн мэдээ, тайлан зэргийг үндэслэн судалж үзээд захиргааны акт гаргах хуульд заасан нийтлэг шаардлагыг хангаж шийдвэрлэх ёстой. Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн болон зөрчигдсөн этгээдийг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулахаар тодорхой заасан байдаг.
Иргэн, хуулийн этгээд захиргааны шийдвэр гаргах ажиллагааны талаар хуульд заасан журмын дагуу мэдээлэл авах, холбогдох баримт бичгийг хуулбарлан авах нотлох баримт гаргах, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх, шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах эрхтэй бөгөөд Захиргааны байгууллага ч дээрх боломжийг хангах үүргийг хуульчилсан байна. Телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээний зах зээлийн судалгааны ажлыг хийхдээ холбогдох мэдээллийг баталгаажуулж аваагүй, хуульд заасан сонсох ажиллагааг хийж тайлбар мэдээлэл гаргах боломжийг огт олгоогүйн дээр судалгаа мэдээллийг бүрэн хийгээгүй, зах зээлийн хүрээ хязгаарыг зөв тодорхойлж, аж ахуй эрхлэгчдийг бүрэн хамруулаагүй байна.
Хууль бус аргаар давамгай байдалтай болгож тогтоосон нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бөгөөд аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөхөд саад болсон, хязгаарласан, бизнесийн өрсөлдөөнд зориуд хориг тавьсан нь манай компанийн хууль ёсны эрх ашгийг ноцтой хөндсөн мөн зөрчсөн үйлдэл болсон. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь 2021 оны 04 тоот Тогтоолыг гаргахдаа үндэслэл муутай, дутуу дулимаг тооцоо судалгааг үндэслэн, хууль журмыг зөрчиж гаргасан шийдвэрээр “Ю” ХХК-ийг Улаанбаатар хот, Дархан-Уул, Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь аймгийн телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон нь манай байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан. сөргөөр нөлөөлсөн, хууль бус байх тул хүчингүй болгуулахаар Өрсөлдөөний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар шүүхэд хандаж байна.
Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 04 тоот Тогтоолын 2 дугаар зүйл “Ю” ХХК-ийг Улаанбаатар хот, Дархан- Уул аймаг, Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь аймгийн телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосугай” гэснийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Төрийн байгууллага өөрийн хүссэн баримтыг нууц тэмдэг дарж, нууж ирүүлсэн нь өөрөө Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын шударга нэрийг үгүйсгэж байгаа. Төрийн болон албаны нууцын тухай хуульд төрийн хамгаалтад байх мэдээллийг төрийн болон албаны нууц гэнэ гэж тодорхойлсон. 2021 оны судалгаа нь төрийн хамгаалтад байх мэдээлэл ороогүй.
Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5 дахь хэсэгт А хэсэгт төрийн байгууллагын мэдээлэл харилцааны салбарт нууцалж байх шаардлагатай мэдээллийн жагсаалтыг оруулсан. Мэдээлэл харилцаа холбооны бүтэц програм, хэрэгсэл гэсэн зүйлүүдийг нууцад оруулна гэсэн тодорхой заалттай. Ямар нэгэн байдлаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас манай албаны баталсан тагнуулын ерөнхий газарт хүргүүлсэн нууцын жагсаалт нууцын хэсэгт орно гэсэн өгүүлбэр 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн албан бичигт байхгүй. Яг энэ судалгаа 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тус шүүхэд ирэхдээ нууцын тэмдэггүй ирсэн. Яагаад энэ үйл баримт 1 сарын дотор нууцын хяналтад ямар үндэслэлээр орж байгаа нь үндэслэлгүй.
Төрийн байгууллага хүссэн мэдээлэл буюу хууль бус үйл ажиллагаагаа нуун далдахын тулд нийтэд илэрхий байх энэхүү судалгааг нууцын тэмдэг даруулж ирүүлж байгаа нь хууль зөрчиж байгаа асуудал болохыг хэлмээр байна.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны судалгаа нь бүхэлдээ хууль бус болсон. Энэ судалгааг зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй нэгжийг тогтоох журам буюу 298 дугаар журмыг үндэслэсэн гэж тайлбарлаж байгаа. Гэтэл 298 дугаар журмын 7.4 дэх хэсэгт төрийн захиргааны байгууллага болон статик мэдээ гэж байна. Харилцаа холбооны зохицуулах хорооноос 06 дугаар сарын 30-ны байдлаар ирсэн. Энэ харилцаа холбоон нь хагас, жилийн эцэс гэж судалгааг байнга авдаг. Харилцаа холбооны тоо судалгаанаас 06 дугаар сарын 30-ны өдрийн дүнгээс нийт дүнг нь багасгаж байгаад нийт аж ахуйн дүнгийн бодит ирүүлсэн дүнгийн давамгай байдлыг тогтоож байгаа нь хууль зөрчиж байгаа юм.
OTT үйлчилгээг хамруулах эсэх дээр харилцаа холбооны зохицуулах хороо бол хууль болон дүрмээрээ тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдийг хянах үүрэгтэй. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас энэ салбарт байгаа аж ахуйн нэгж нийт 38 байна. OTT үйлчилгээг эрхэлж байгаа 5 аж ахуй нэгж байна гээд дурдсан хэр нь яагаад тоо баримт аваагүй, тоо баримт оруулаагүй гэдэг нь үндэслэлгүй байна. Харилцаа холбооноос ирүүлсэн албан бичигт OTT-д оруулах гэж байгаа журмаа 04 дүгээр сард багтаагаад гаргана гэдгээ тодорхой мэдэгдсэн.
Хууль зүйн яамнаас ирүүлсэн захиргааны хэм хэмжээний актыг бүртгэсэн хавсралт хэсэг дээр тодорхой заасан байгаа. 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр энэ журам батлагдмагц бүртгэгдэж хүчинтэй болохоос нь өмнө судалгаагаа баталж байгаа мэт үйл баримт харагдаж байна. Энэ судалгааг хийхдээ Өрсөлдөөний тухай хуулийн 4.1.8 дах хэсэгт зах зээлийн газар зүйн хил хязгаарыг өөр эдийн засгийн нутаг дэвсгэрийг тодорхойлох гэж заасан. Өрхийн болон аж ахуйн хил хязгаарыг зөв тодорхойлоогүй. Энэ байдлаар тодорхойлохыг хүсээгүй. Сонсох ажиллагааг огт хийгээгүй. 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр нийтэд ил тод мэдээлэл нотлох шаардлагагүй үйл баримтыг Улаанбаатар хотын хэмжээнд улаан бүсэд байсан.
Хариуцагч талаас хэлсэн хугацаа нь боломжит хугацаа биш. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт сонсох ажиллагаанд орсон саналыг яаж шийдвэрлэсэн талаар захиргааны актадаа дурдах ёстой. Хуульд нийцүүлж сонсох ажиллагааг хийгээгүй. Аж ахуй нэгжийн оролцогчийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын хуралдаанд оруулсан сонсох ажиллагаа гэж байна. Сонсох ажиллагаанд оролцуулсан гэсэн үйл баримт нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дүрмийн 3.6 дахь хэсэгт актаа гаргахдаа тухайн эрх ашиг нь хөндөгдөж байгаа аж ахуй нэгжийг оруулж ирж сонсох байдлаар оролцуулна гэсэн хуралдаанаа сонсох ажиллагаатай андуурч байна. Судалгаа болоод давамгай байдлын аж ахуйн нэгжийг тогтоосон энэ тогтоолыг анхнаасаа хууль дүрэм зөрчиж шууд давамгайг нь тогтоох байдлаар судалгаа хийгээд тэр судалгаагаа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хуралдаанаар биш, урьдчилсан байдлаар шийдвэрлэсэн. Өрсөлдөөний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт зааснаар гишүүдийн саналаар шийдээгүй байна. Тогтоол гарсан, гарсан тогтоолтой маргааш ирж танилцаарай гэсэн. Хууль дүрэм, журмаа зөрчөөд аж ахуйн нэгж байгууллагын судалгааг бодитоор хийж давамгай эсэхийг тодотгохдоо судалгаа хийх биш, “Ю” ХХК-г давамгай болгохоор үйл ажиллагаа явуулаад тогтоолыг хууль зөрчиж гаргасан байна гэж үзэж байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг “Ю” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Олон суваг дамжуулах үйлчилгээ гэдэг нь телевизийн сувгийг өрх юм уу, байгууллагын зурагт дээр гаргаж байгаа сүлжээ үйлчилгээ юм. Богино хугацаанд технологиуд нь хурдацтай хөгждөг зах зээл юм. Энэ судалгаагаар “Ю” ХХК-ийн давамгай байдлыг нь тогтооно гэсэн зорилготойгоор судалсан гэж харагдаж байна.
Бараа бүтээгдэхүүний зах зээлийг судалгааныхаа дүгнэлтэд OTT үйлчилгээг хамаарч байна гэж ойлгоод дараа нь түүнийгээ тогтоож чадахгүй оруулахгүй гэж дүгнэж байгаа нь буруу гэж үзэж байгаа. Тусгай зөвшөөрөлтэй эсэх нь хамрах хүрээг тодорхойлоход ач холбогдолгүй. Бодитоор OTT үйлчилгээ 200-300 мянган хэрэглэгчтэй нь тодорхой байхад зах зээлийн тоонд оруулахгүй гэж тогтоож байгаа нь буруу. Зах зээлийн хүрээг өрх болон байгууллагаар тогтоох ёстой байтал олон суваг дамжуулах үйлчилгээний зах зээл ганц байгаа учраас нутаг дэвсгэрээр тогтоосон нь буруу гэж үзэж байна. 298 дугаар журмын 3.1.2 дахь хэсэгт зааснаар зах зээлийн судалгааг хийх ёстой байдаг. Энэ төрлийн үйлчилгээ эрхэлдэг бүх байгууллагын бүтэц борлуулалт нь хоёр салж байгаа. Энийг харгалзаж үзэхгүй нэг тоог барьж судалгаа хийж байгаа нэг зах зээл нөгөөд нь илт нөлөөлөхүйц үр дагавартай гэж үзэж байгаа. Энэ зах зээлд давамгай байдалтай болох нь үр дагавартай. Өрсөлдөөн ширүүн, урамшуулал зарлахад хүндрэлтэй, дурын аж ахуйн нэгжтэйгээ хамтарч болдоггүй.
Тендерт сонгон шалгаруулалтад орохоор үнийг бууруулж болдоггүй. Энэ судалгааны тоо баримт огнооны хувьд зөрүүтэй тоо мэдээллүүдээс өөрт ашигтайгаа аваад дүгнэсэн байдал харагдаж байна. Захиргааны ерөнхий хуулийн суурь зарчим нь сонсох, мэдэгдэх зарчим байдаг. Зах зээлийн судалгааг язгуураас буруу хийсэн, хүрээгээ буруу тодорхойлсон, тоо мэдээллийн статистик бүгд зөрсөн. Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийгээгүй тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ү******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нууц бичлэг дээр тогтоолыг баталж байна гэж хэлсний дараа дэмжиж байна уу, гэж гишүүдээс асуугаагүй, гишүүд нь эргээд дэмжиж байна гэсэн үг, өгүүлбэр байхгүй байгаа. Гишүүд дэмжсэн үү, олонхын саналаар дэмжсэн үү гэдэг нь тодорхойгүй байгаа...” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Зах зээл дээр 33,3 хувийг эзэлж байгаа аж ахуйн эрхлэгчид нь манайхаас тогтоогдоогүй ч гэсэн бодит байдал дээрээ давамгай яваад байгаа аж ахуй эрхлэгчид нь бусад аж ахуй эрхчлэгчдээ зах зээлээс шахан гаргах зорилгоор ямар нэгэн хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулах үйл ажиллагаанаас сэргийлэх зорилгоор буюу өрсөлдөөнийг нэмэгдүүлэх зорилгоор хийсэн судалгаа болохоос биш, нэг аж ахуй эрхлэгчийг сонгоод тухайн аж ахуй эрхлэгчдийг дарамтлаад, торгууль шийтгэл оногдуулах зорилгоор хийж байгаа судалгаа биш гэдгийг хэлэхийг хүсэж байна.
Манайхаас хариу тайлбараа шүүхэд гаргаж өгөхдөө тухайн “Ю” ХХК-ийн судалгаа шинжилгээ хариуцсан М.С*******д танилцуулсан хувилбар буюу аж ахуй эрхлэгчдийн нууцад хамаарах хэрэглэгчийн тоо мэдээллийг танилцуулсан. Энэ судалгааг хүргүүлсэн болохоос биш, анхнаасаа нууцын тэмдэг дараагүй гэсэн асуудал байхгүй. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь бие дааж хараат бус шийдвэр гаргах эрхтэй байгууллага. Харилцаа холбооны зохицуулах хорооноос авсан тоо баримт үнэн гэдэг утгаараа зохицуулах хорооноос ирүүлсэн тоо баримтад үндэслэж шийдвэр гаргадаг байгууллага биш. Үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаас нэг бүрчлэн нотлох баримтын шаардлага хангуулаад гаргуулж авсан байгаа. Нийт аж ахуй эрхлэгчдээс гаргуулж авсан хэрэглэгчдийн тоон дээр үндэслэж судалгааг хийсэн болохоос биш харилцаа холбооны зохицуулах хорооноос хагас жилийн байдлаар ирүүлсэн тоо мэдээн дээр үндэслээд судалгаа хийсэн үйл баримт асуудал байхгүй. Иймд холбогдох хууль журам аж ахуй эрхлэгчдээс өөрсдөөс нь гаргуулж авсан хэрэглэгчдийн тоо харилцаа холбооны зохицуулах хорооны холбогдох мэдээлэл, тухайн үед агентлагийн барьж байсан чиглэл, хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан нөхцөл шаардлага гэсэн баримтуудад үндэслэж хийсэн судалгаа юм. Иймд “Ю” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өрсөлдөөн их учраас манайх давамгай байдалтай аж ахуй эрхлэгч болмооргүй байна гэдэг байдлаар ойлгогдож байна. “Ю” ХХК зах зээлд давамгай байдалтай байгаа гэдэг нь судалгаагаар гараад ирсэн.
Өрсөлдөөний тухай хуульд заасан ноёрхох үйл ажиллагаа юм. “Ю” ХХК-ийг зах зээлд томруулахгүй бариад байна гэсэн утгаар судалгааг хийгээгүй. Энэ судалгаа нь байгууллагын нууц учраас хуулиараа хамгаалах ёстой. Нэг сар гээд байгааг би сайн мэдэхгүй байна. Яагаад нууц вэ, гэхээр бусад аж ахуй эрхлэгч, хэрэглэгч нарын борлуулалт нь нууц мэдээлэл юм. OTT үйлчилгээ орж ирээд тусгай зөвшөөрөл авч байна гэж ойлголоо. Энэ үйлчилгээний хэрэглэгчийн тоог хэд хэд өсгөлөө. Манай байгууллага зах зээлд шударга өрсөлдөөнийг бүрдүүлэхийн тулд хууль бус, шударга бусаар өрсөлдөх боломжийг нь хязгаарлах үүднээс давамгай байдлыг тогтооно.
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолыг баримталдаг. Бараа бүтээгдэхүүний хүрээг олон суваг дамжуулах үйлчилгээ гэж үзэхээс өөр боломж байхгүй. Зах зээлийн хил хязгаар дээр 21 аймаг Улаанбаатар зах зээлийн хил хязгаарыг тогтоох журмын 4.1 дэх хэсэгт зааснаар хил хязгаарыг нутаг дэвсгэрээр нь тогтоох нь зөв юм байна гэж тайлбарлая. Мөн тусгай зөвшөөрөл өгч байгаа ангилал, хамрах хүрээн дээр нь үйлчилгээ эрхлэх нутаг дэвсгэрээр нь тусгай зөвшөөрөл олгоно гэж байгаа. Танай хувьд сонсох ажиллагааг хэдэн сар, жилийн өмнө хэлбэл боломжит хугацаа гэж үзэх байсан бэ, манайхаас бол санал, тайлбар хэлхийг боломжит хугацаа гэж үзэж байгаа. Эрх ашиг нь хөндөгдөж байгаа аж ахуй эрхчлэг, хувь хүнд заавал мэдэгдэх ёстой шүү гэдгийг удирдлагууддаа заавал хэлж байгаа. Тухайн хүний эрхийг нь хөндөөд шийдвэр гарсан гээд хэлсэн зүйл байхгүй. “Ю” ХХК-г давамгай байдлаар тогтоосон нь мөнх тогтоосон зүйл биш юм.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“Ю” ХХК нь тус шүүхэд хандан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 04 дугаартай тогтоолын 2 дугаар зүйл “Ю ХХК-ийг Улаанбаатар хот, Дархан-Уул, Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь аймгийн телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосугай” гэснийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэг. Хэргийн үйл баримтын талаар:
1.1. Нэхэмжлэгч “Ю” ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Харилцаа холбооны зохицуулах хорооноос 13200001 дугаартай “Б” ангиллын “Улаанбаатар, Дархан-Уул, Орхон, Дорнод, Дорноговь, Өвөрхангай, Увс, Төв, Сэлэнгэ, Хэнтий, Архангай, Хөвсгөл, Баянхонгор, Ховд, Завхан, Өмнөговь, Сүхбаатар, Говьсүмбэр, Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь аймгуудын нутаг дэвсгэрт телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ эрхлэх /IPTV/” үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл авсан бөгөөд энэ тусгай зөвшөөрөл нь 2029 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хүчинтэй.[1]
1.2. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас маргаан бүхий 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 04 дугаартай “Зарим зах зээлд аж ахуй эрхлэгчийг давамгай байдалтайг болон давамгай байдлаа алдсаныг тогтоох тухай” тогтоол гаргаж[2], тус тогтоолын 2 дахь заалтаар “Ю” ХХК-ийг Улаанбаатар хот, Дархан-Уул, Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь аймгийн телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон.
1.3. Дээрх тогтоолын хууль зүйн үндэслэлд “Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 15 дугаар зүйлийн 15.1.6, 16 дугаар зүйлийн 16.8, Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор баталсан “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”, Засгийн газрын 2012 оны 66 дугаар тогтоолоор баталсан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дүрэм”-ийн 3.5, 4.1 дэх хэсэг”-ийг тус тус үндэслэсэн.
1.4. Нэхэмжлэгчийн зүгээс “... Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох зах зээлийн судалгааг хийхдээ хууль болон журмын холбогдох шаардлагыг зөрчиж, алдаатай судалгаа хийж тогтоол гаргасан, тодруулбал, телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээний зах зээлийг тодорхойлохдоо 150 000 гаруй хэрэглэгчтэй ОТТ /Over-The-Top/ технологийг хасч, уг зах зээлийн нийт хэрэглэгчийн тоог буруу тооцож, улмаар энэ нь нийт зах зээл дэх “Ю” ХХК-ийн эзлэх хувийг өсгөсөн, өөрөөр хэлбэл, ОТТ технологийг оруулахгүйгээр телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээний зах зээлийг тодорхойлсон нь хууль, журамд нийцээгүй, телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээний зах зээл нь газар зүйн бүсчлэлээр тогтоогдохоос илүүтэй өрхийн болон байгууллагын зах зээл гэсэн хоёр төрөлд хуваагдаж тодорхойлох нь оновчтой байсан, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг зохих ёсоор хуулийн дагуу хийгээгүй, “Телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгаа /2021/”[3]-г хийхдээ хэрэглэгчийн тоог алдаатай гаргасан буюу Харилцаа холбооны зохицуулах хорооноос авсан тоо гэж судалгаандаа дурдсан атлаа тус газраас авсан тооноос зөрсөн” гэх зэргээр маргаж байна.
1.5. Хариуцагчийн зүгээс “... Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.16.7 дахь заалтад “олон суваг дамжуулах үйлчилгээ” гэж олон суваг дамжуулах үйлчилгээг тусгай зөвшөөрлийн дагуу эрхлэхээр заасан боловч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2009 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 111 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Монгол Улсад интернет протоколд суурилсан телевизийн үйлчилгээ /IPTV/-г нэвтрүүлэхэд баримтлах чиглэл”-ийн 2.2-т “Интернет ТВ ба Интернет видео үйлчилгээ үзүүлэгчдэд тусгай зөвшөөрөл олгох шаардлагагүй” гэж заасан, дээрх зохицуулалтын байдлаас шалтгаалан ОТТ технологийн үйлчилгээг телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээ гэж үзэх эсэх нь тодорхойгүй байсан, тиймээс манай газраас Харилцаа холбооны зохицуулах хороонд албан тоот илгээж, телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээ буюу ОТТ технологи нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад заасан “олон суваг дамжуулах үйлчилгээ”-нд хамаарах эсэхэд тодруулга хүсэхэд “... хэлэлцүүлгийн явцад маргаантай, одоогоор эцэслэн шийдвэрлэгдээгүй” гэсэн хариуг өгсөн, газар зүйн бүсчлэлээр үйлчилгээний зах зээлийг тодорхойлсон нь хууль, журмыг зөрчөөгүй, сонсох ажиллагааг хангалттай боломжит хугацаанд явуулсан” гэх зэргээр маргаж байна.
1.6. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн нотлох баримтыг шинжлэн судлах үе шатанд хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Нууц”-ын тэмдэг даран ирүүлсэн “Телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгаа /2021/” болон тус газрын “2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдааны аудио бичлэг”-ийг судалсан болно.
Хоёр. Хариуцагчийн гаргасан тогтоолын хууль зүйн үндэслэлийн талаар:
2.1. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас маргаан бүхий 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 04 дугаартай “Зарим зах зээлд аж ахуй эрхлэгчийг давамгай байдалтайг болон давамгай байдлаа алдсаныг тогтоох тухай” тогтоол гаргаж[4], тус тогтоолын 2 дахь заалтаар “Ю” ХХК-ийг Улаанбаатар хот, Дархан-Уул, Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь аймгийн телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоож шийдвэрлэжээ.
2.2. Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлд дангаараа буюу бусад этгээдтэй хамтран, эсхүл харилцан хамаарал бүхий этгээд үйлдвэрлэл, борлуулалтын, эсхүл худалдан авалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байвал давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж үзнэ.” гэж заажээ.
2.3. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 5.2-т заасан хувьд хүрээгүй ч бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах чадвартай аж ахуй эрхлэгчийг бараа бүтээгдэхүүний хүрээ, зах зээлийн газар зүйн хил хязгаар, зах зээлийн төвлөрөл, зах зээлийн хүч зэргийг үндэслэн давамгай байдалтай гэж үзэж болно.” гээд 15 дугаар зүйлийн 15.1.6 дахь заалтад “зах зээлд зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох, үйл ажиллагаанд нь хяналт тавих. Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журмыг Засгийн газар батална.” гэжээ.
2.4. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзвэл, тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлд дангаараа буюу бусад этгээдтэй хамтран, эсхүл харилцан хамаарал бүхий этгээд үйлдвэрлэл, борлуулалтын, эсхүл худалдан авалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байвал давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж үзэхээр байх бөгөөд энэ хувьд хүрээгүй ч бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах чадвартай аж ахуй эрхлэгчийг бараа бүтээгдэхүүний хүрээ, зах зээлийн газар зүйн хил хязгаар, зах зээлийн төвлөрөл, зах зээлийн хүч зэргийг үндэслэн давамгай байдалтай гэж үзэж болохоор зохицуулжээ.
2.5. Мөн дээрх байдлаар зах зээлд давамгай байдалтай аж ахуйн нэгжийг тогтоохдоо Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор баталсан “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-ыг баримтлахаар хуульчилжээ.
2.6. Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас маргаан бүхий 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 04 дугаартай тогтоолоор “Ю” ХХК-ийг Улаанбаатар хот, Дархан-Уул, Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь аймгийн телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч болсон гэж үзэхдээ “Телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгаа /2021/”-г хийсэн байх бөгөөд энэхүү судалгааны дүгнэлт хэсэгт тус компанийг олон суваг дамжуулах үйлчилгээний зах зээлд “Улаанбаатар хотын хэмжээнд 34.4 хувь, Дархан-Уул аймагт 37.13 хувь, Говьсүмбэр аймагт 37.15 хувь, Өмнөговь аймагт 33.63 хувь, Дорноговь аймагт 34.20 хувь”-ийг тус тус эзэлсэн буюу Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч болсон гэж дүгнэжээ.
2.7. Хэдийгээр дээрх байдлаар судалгаа хийж тогтоосон гэх боловч хариуцагчийн шийдвэр, үйл ажиллагаа нь дараах байдлаар холбогдох хууль, журамд нийцээгүй буюу эрх зүйн алдаатай болж, ингэснээрээ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад заасан “... шийдвэр нь үндэслэл бүхий байх ...” зарчимд нийцээгүй байна гэж шүүх дүгнэлээ.
2.8. Тодруулбал, хариуцагчийн боловсруулж, маргаан бүхий 04 дугаартай тогтоолоор нэхэмжлэгчийг тодорхой зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч болсон гэж тогтоох болсон гол үндэслэлийн нэг болох “Телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгаа /2021/”-нд зөрүүтэй статистик тоо мэдээлэл ашигласан болох нь тогтоогдлоо.
2.9. Учир нь, тус судалгааны “Нэг. Зорилго, үндэслэл” гэх хэсэгт[5] “... Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргасан тус салбарт үйл ажиллагаа үзүүлж байгаа аж ахуй эрхлэгчдийн 2020 оны эхний хагас жилийн статистик тоон мэдээллүүдийг ашиглалаа” гэсэн байх боловч тухайлбал, “Хүснэгт 3. Хэрэглэгчийн тоо, зах зээлд эзлэх хувь /2020 оны жилийн эцэс/”[6] гэж эхний хагас жилийн тоо, эсхүл жилийн эцсийн тоо аль нь болох нь зөрүүтэй.
2.10. Түүнчлэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01/148 тоот албан бичгээр[7] Харилцаа холбооны зохицуулах хороонд хандан судалгаа хүссэний дагуу Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 05/155 тоот албан бичгээр[8] хүргүүлсэн албан тоотын хавсралтын “Улаанбаатар хот /идэвхтэй хэрэглэгчийн тоогоор/ гэсэн хүснэгтийн[9] “2020.06.30” гэсэн баганад “Ю” ХХК 141 621, нийт хэрэглэгч 463 027” гэсэн байхад өмнө дурдсан хариуцагчаас хийсэн судалгааны “Хүснэгт 3. Хэрэглэгчийн тоо, зах зээлд эзлэх хувь /2020 оны жилийн эцэс/”[10] гэсэн хэсэгт “Ю ХХК 147 587, нийт 428 613” гэж зөрүүтэй тоонууд бичигдсэн болох нь тогтоогдож байна.
2.11. Өөрөөр хэлбэл, дээрх статистикийн тооны зөрүүтэй байдлаас үзэхэд хариуцагчийн хийсэн “Телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгаа /2021/” нь үндэслэл бүхий болсон гэж үзэх боломжгүй, ингэснээрээ Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор баталсан “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-ын 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт “Аж ахуй эрхлэгчийн давамгай байдалтайг болон давамгай байдлаа алдсаныг тогтоох мэдээллийн эх сурвалж нь шударга өрсөлдөөн, гааль, татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, статистикийн төв байгууллага болон бусад төрийн байгууллагаас гаргасан мэдээ, мэдээлэл, өмнө нь хийсэн ажлын тайлан, судалгаа, шинжилгээний дүгнэлт болон зохих журмын дагуу бэлтгэсэн санал асуулга, ярилцлага, баримт бичгүүд, судалгаа, тухайн аж ахуйн нэгжийн цахим хуудаст тавигдсан мэдээлэл, санхүүгийн мэдээ, тайлан зэрэг байна.” гэсэн шаардлагад нийцээгүй буюу холбогдох эрх бүхий байгууллагаас гарган өгсөн статистик мэдээлэл анхнаасаа зөрүүтэй байсан эсэх, эсхүл хариуцагчийн холбогдох эрх бүхий этгээд алдаатай боловсруулсан эсэхийг нягтлахгүйгээр ашигласан нь буруу болжээ.
2.12. Ийнхүү телевизийн олон суваг дамжуулах зах зээл дэх нийт хэрэглэгчийн болон “Ю” ХХК-ийн хэрэглэгчийн тооны зөрүүтэй байдал нь нэхэмжлэгч компанийг олон суваг дамжуулах үйлчилгээний зах зээлд “Улаанбаатар хотын хэмжээнд 34.4 хувь, Дархан-Уул аймагт 37.13 хувь, Говьсүмбэр аймагт 37.15 хувь, Өмнөговь аймагт 33.63 хувь, Дорноговь аймагт 34.20 хувь”-ийг тус тус эзэлсэн гэж үзсэн хариуцагчийн тооцоолол үгүйсгэгдэх эрх зүйн үр дагаврыг агуулж байна.
2.13. Мөн нэхэмжлэгчийн зүгээс дэвшүүлэн маргасан “телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээний зах зээлийг тодорхойлохдоо ОТТ технологийн үйлчилгээг оруулахгүйгээр орхигдуулсан нь буруу” гэх тайлбарыг шүүх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
2.14. Учир нь, Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор баталсан “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлоход дараахь хүчин зүйлийг харгалзан үзнэ:” гээд мөн зүйлийн 3.1.2 дахь заалтад “зах зээлийн судалгаа;” гэж заажээ.
2.15. Тодруулбал, хариуцагчийн зүгээс журмын дээрх зохицуулалтын дагуу телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээний зах зээл, түүний бараа, бүтээгдэхүүний хүрээг тодорхойлохдоо ОТТ технологийн үйлчилгээний талаар зах зээлийн судалгааг хийх, түүгээр дамжуулан ОТТ технологийн үйлчилгээг авч буй хэрэглэгчийн тоо, байршлыг тогтоох үүрэгтэй байх боловч энэхүү үүргээ хариуцагч биелүүлээгүй байна.
2.16. Мөн дээр дурдсан ОТТ технологийн үйлчилгээг авч буй хэрэглэгчийн тоо, байршлыг тодорхойлох бүрэн боломжтой байсан болох нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд гэрч Г.М*******гын өгсөн мэдүүлэг[11], Харилцаа холбооны зохицуулах хорооноос тус шүүхэд ирүүлсэн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 05/1508 тоот албан бичгээр[12] тогтоогдож байна.
2.17. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед “олон суваг дамжуулах үйлчилгээ”-ний хувьд тусгай зөвшөөрөл шаарддаггүй тул телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээний хүрээг тогтоохдоо ОТТ технологийн үйлчилгээний талаар судалгаа хийгээгүй, оруулаагүй гэх тайлбар нь үндэслэлгүй байх бөгөөд тусгай зөвшөөрөл авдаггүй гэдэг нь энэ талаар судалгаа хийхгүй байж болохыг зөвтгөх үндэслэл болохгүй гэж шүүх үзлээ.
2.18. Хариуцагчаас маргаан бүхий 04 дугаартай тогтоолыг батлан гаргахаас 1 өдрийн өмнө буюу 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Харилцаа холбооны зохицуулах хороо 24 дугаартай “Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага батлах тухай” тогтоолыг[13] баталсан байх бөгөөд тус тогтоол нь Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 5306 дугаарт бүртгэгдсэн[14] байх тул маргаан бүхий 04 дугаартай тогтоолыг баталсны дараа хүчин төгөлдөр болсон гэдэг үндэслэлээр уг “Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага”-ыг шүүх хэрэглээгүй болохыг дурдах нь зүйтэй.
2.19. Харин хариуцагчийн зүгээс үндэслэн маргасан “зах зээлийн газар зүйн хил хязгаарыг үйлчлэх нутаг дэвсгэрийн хүрээгээр тогтоох нь зөв буюу өрхийн болон байгууллагын гэж ангилах шаардлагагүй” гэх тайлбарыг шүүх үндэслэлтэй гэж үзсэн.
2.20. Учир нь, нэхэмжлэгч “Ю” ХХК нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос 13200001 дугаартай тусгай зөвшөөрлийг авахдаа “Б” ангиллын тусгай зөвшөөрөл авсан бөгөөд Харилцаа холбооны зохицуулах хорооны 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 06 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн ангилал”-ын “Хоёр. Б ангилал: Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх” гэсний хамрах хүрээнд “үйлчилгээ эрхлэх нутаг дэвсгэрээр” гэж заасан[15] байгаагаас үзвэл телевиз, радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээний хувьд үйлчилгээ эрхлэх нутаг дэвсгэрээр нь зах зээлийн хил хязгаарыг тогтоосон хариуцагчийн судалгааны тус хэсэг үндэслэлтэй байна.
2.21. Нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “хариуцагч Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг зохих ёсоор хийгээгүй” гэх агуулгаар тайлбарласан нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
2.22. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.” гэж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна.” гэж заасан.
2.23. Хариуцагчийн зүгээс “нэхэмжлэгчид сонсох боломж олгосон, “Ю” ХХК-ийн ажилтан М.С*******д судалгааг танилцуулсан, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанд “Ю” ХХК-ийн бизнес, хөгжил, төлөвлөлт хариуцсан дэд захирал Д.Ж*******ыг оролцуулсан нь сонсох ажиллагааны нэг хэсэг байсан” гэх агуулгаар тайлбарлах боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 17:00 цагт болох байсан сонсох ажиллагааны товыг мөн өдрийнхөө 15:29 цагт “Ю” ХХК-ийн хуулийн хэлтсийн захирал Ч.А*******т цахим шуудангаар явуулсныг сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан гэж үзэх боломжгүй.
2.24. Мөн “Ю” ХХК-ийн ажилтан М.С*******д судалгааг танилцуулаагүй, зөвхөн судалгаанд оруулсан тоон мэдээллийг танилцуулсан болох нь гэрч М.С*******гийн мэдүүлэг[16], хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г*******ийн тайлбаруудаар тогтоогдсон бөгөөд үүнийг сонсох ажиллагааг зохих ёсоор явуулсан гэж үзэхгүй.
2.25. Түүнчлэн, сонсох ажиллагааны товыг 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр байхаар тогтоосон байхад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанд “Ю” ХХК-ийн бизнес, хөгжил, төлөвлөлт хариуцсан дэд захирал Д.Ж*******ыг оролцуулсныг сонсох ажиллагаанд оролцуулсан гэж үзэхээргүй байна.
2.26. Хариуцагч нь дээрх байдлаар давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журмыг зөрчсөн, Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон сонсох ажиллагааны журмыг зөрчсөн нь мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу маргаан бүхий захиргааны актыг хууль бус гэж үзэх эрх зүйн үр дагаврыг агуулж байна гэж шүүх дүгнэлээ.
2.27. Иймд “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 04 дугаартай тогтоолын 2 дугаар зүйл “Ю ХХК-ийг Улаанбаатар хот, Дархан-Уул, Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь аймгийн телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосугай” гэснийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.1, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өрсөлдөөний тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 15.1.6 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалт, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.5, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн гаргасан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 04 дугаартай тогтоолын 2 дугаар зүйл “Ю ХХК-ийг Улаанбаатар хот, Дархан-Уул, Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь аймгийн телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосугай” гэснийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 04 дугаартай тогтоолын 2 дахь заалт “Ю ХХК-ийг Улаанбаатар хот, Дархан-Уул, Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь аймгийн телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосугай” гэснийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ
[1] Хавтаст хэргийн /цаашид “Хх” гэх/ 9 дэх тал
[2] Хх 11 дэх тал
[3] Хх 55-61 дэх тал болон “Нууц” тэмдэгтэй баримт
[4] Хх 11 дэх тал
[5] Хх 56 дахь тал
[6] Хх 58 дахь талын ар нүүр
[7] Хх 30 дахь тал
[8] Хх 31 дэх тал
[9] Хх 39 дэх тал
[10] Хх 58 дахь талын ар нүүр
[11] Хх 187 дахь тал
[12] Хх 142 дахь тал
[13] Хх 202 дахь тал
[14] Хх 201 дэх тал
[15] Хх 72 дахь тал
[16] Хх 189-190 дэх тал