| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
| Хэргийн индекс | 158/2024/0031/З |
| Дугаар | 221/МА2025/0201 |
| Огноо | 2025-03-19 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2025/0201
Э.Бийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Булган аймгийн Засаг даргын тамгын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Т.Н
Нэхэмжлэгч: Э.Б
Хариуцагч: Хариуцагч Булган аймгийн Засаг даргын тамгын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Т.Н
Нэхэмжлэлийн шаардлага: “улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 0074881 дугаартай шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 158/ШШ2025/0002 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Түмэнбаяр, хариуцагч Булган аймгийн Засаг даргын тамгын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Т.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галцэцэг
Хэргийн индекс: 158/2024/0031/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.Б нь “Хариуцагч Булган аймгийн Засаг даргын тамгын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Т.Нын 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 0074881 дугаартай шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох”-аар маргасан байна.
2. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 158/ШШ2025/0002 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Зөрчлийн тухай хуулийн Ерөнхий ангийн 4.3 дугаар зүйл, тусгай ангийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Булган аймгийн Засаг даргын тамгын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Т.Нын 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 0074881 дугаартай шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: “Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 0002 дугаар шийдвэрээр Булган аймгийн Засаг даргын тамгын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 0074881 дугаартай шийтгэлийн хуудсыг илт хууль бус гэж тогтоосныг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
3.1. Улсын байцаагчаас иргэн Э.Бд Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх эсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу 200 нэгжээр торгож, 28,023,636 төгрөгийн хохирол, нөхөн төлбөр ногдуулсан.
3.2. Иргэн Э.Б нь 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Орхон сумын 4 дүгээр багийн нутаг “Залуугийн гол” гэх газраас түгээмэл тархацстай ашигт малтмал болох хайргыг холбогдох зөвшөөрөлгүйгээр газрын хэвлий рүү халдаж, 0.11 га талбайг эвдрэлж оруулж, 1149.43 м3 хайрга олборлосон. Эдгээр үйлдэл нь гэрчийн мэдүүлэг, холбогдогчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тус тус нотлогдсон.
3.3. Э.Б нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт баг гудамж хоорондын зам хийх тендерийн ажил нь орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх ажил байх бөгөөд Засгийн газрын 222 дугаар тогтоолоор батлагдсан “Авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайх ашиглах тусгай журам”-д заасан зарим хөтөлбөр, төсөлд хамаарахгүй байна. Үүнийг анхан шатны шүүх шинжилж үзээгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул дараах үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.1. Нэхэмжлэгч Э.Б нь Булган аймгийн Засаг даргын тамгын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Т.Над холбогдуулан “улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 0074881 дугаартай шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.
3. Хэргийн үйл баримтын тухайд:
3.1. Хариуцагч Булган аймгийн Засаг даргын тамгын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Т.Н нь Булган аймгийн Орхон сумын байгаль хамгаалагчийн “тусгай зөвшөөрөлгүйгээр хайрга, дайрга ачиж байна” гэх гомдлыг харьяаллын дагуу хүлээн авч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
3.2. Дээрх зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар нэхэмжлэгч Э.Бийг түгээмэл тархацтай ашигт малтмалыг зөвшөөрөлгүй олборлосон зөрчил гаргасан гэж үзэж 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 0074881 дугаартай шийтгэлийн хуудсаар түүнд 200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 200,000 төгрөгийн торгууль ногдуулж, зөрчлийн улмаас үүссэн хохирол, нөхөн төлбөрт 28,023,636 төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ.
4. Хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “түгээмэл тархацтай ашигт малтмал” гэж зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, дайрганы зориулалттай барилгын чулууны хуримтлалыг”, Зөвшөөрлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, санхүүгийн тогтвортой байдалд эрсдэл учруулж болзошгүй үйл ажиллагаа, эсхүл тусгай болзол, шаардлагыг хангасны үндсэн дээр хэрэгжүүлэх мэргэжлийн үйл ажиллагаа, эсхүл ашиг олох зорилгоор болон үйлдвэрлэлийн зориулалтаар байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглуулахад тусгай зөвшөөрөл олгоно”, Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1.2-т “түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон, эсхүл борлуулсан” гэж тус тус заасан.
4.2. Нэхэмжлэгч Э.Б нь Орхон аймгийн Яргуйт багт гудамж хоорондын зам хийх ажлыг гүйцэтгэж байгаа “Ж” ХХК-ийн төсөл хариуцсан менежерээр ажилладаг бөгөөд 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Орхон сум, 4 дүгээр багийн нутаг дэвсгэр болох “Залуугийн гол” гэх газраас түгээмэл тархацтай ашигт малтмал буюу хайрга, дайрга олборлохдоо зохих этгээдээс зөвшөөрөл аваагүй болох нь хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбар, шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.
4.3. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар аймаг, нийслэлийн Засаг дарга доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 11.2.4-т “түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдлийг хянах”, 11.2.5-д “харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох”, 11.2.6-д “түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн гүйцэтгэлийг хянах” гэж тус тус заасан.
4.4. Зүй нь, орон нутгийн замын ажил гүйцэтгэж буй “Ж” ХХК нь зам, барилгын материалын зориулалтаар элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, дайрганы зориулалттай барилгын чулууны хуримтлалыг ашиглахдаа Орхон аймгийн Засаг даргад хүсэлт гаргаж, тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр олборлох ёстой боловч Э.Б нь тусгай зөвшөөрөлгүй олборлолт хийсэн байх ба үүнийгээ хүлээн зөвшөөрдөг.
4.5. Гэтэл анхан шатны шүүх “... маргаан бүхий захиргааны актыг Захиргааны ерөнхий хуульд заасан агуулга ойлгомжтой, тодорхой байх хуулийн шаардлагыг хангаагүй, тус хуулийн 47.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай захиргааны акт гэж дүгнэлээ ... “энгийн зөвшөөрөл” авч үйл ажиллагаа явуулах этгээд уг зөвшөөрлийг зохих журмын дагуу аваагүй бол хариуцлага хүлээлгэж, шийтгэл оногдуулах талаар заагаагүй буюу нэхэмжлэгчид шийтгэл оногдуулсан шийдвэр гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, маргаан бүхий 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 0074881 дугаартай шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна.
5. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно” гээд 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж тус тус заасан.
5.1. Зөвшөөрлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Нэг удаагийн шинжтэй үйл ажиллагаа, эсхүл байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ахуйн хэрэгцээний зориулалтаар ашиглуулахад энгийн зөвшөөрөл олгоно” гэж заасан нь гагцхүү ахуйн хэрэгцээний зориулалтад хамаарах бөгөөд нэхэмжлэгч Э.Бийн хувьд зам хийх ажлыг гүйцэтгэж байгаа “Ж” ХХК-ийн төслийг хэрэгжүүлэхээр хайрга, дайрга олборлосон тул дээрх хуулийн заалтад хамаарахгүй.
5.2. Нэхэмжлэгч Э.Б нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “... зам засах зориулалтаар авч ашигласан” гэж тайлбарлаж байх тул Зөвшөөрлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... ашиг олох зорилгоор болон үйлдвэрлэлийн зориулалтаар байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглуулахад тусгай зөвшөөрөл олгоно” гэж заасан тусгай зөвшөөрлийн харилцаанд хамаарч байх тул хариуцагчид захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэхгүй.
5.3. Мөн маргаан бүхий 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 0074881 дугаартай шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь: хэсгийн 1 дэх заалтад хохирол нөхөн төлүүлэх талаар бичигдээгүй, 2 дахь заалтад “Оногдуулсан шийтгэлийн 200,000 төгрөгийг Төрийн сангийн ... тоот дансанд, хохирлын 28,023,636 төгрөгийг Төрийн сангийн, байгаль хамгаалан сангийн ... тоот дансанд тушаахыг даалгасан нь утга агуулгын илэрхий алдаатай илт хууль бус захиргааны актын шинжийг агуулахгүй байна.
5.4. Учир нь, захиргааны актын утга агуулгын илэрхий алдаа гэдэгт хуульч биш дундаж боловсролтой хүн уншихад агуулга ойлгомжгүй, тодорхой биш байхыг ойлгох бол энэхүү зөрчлийн хэргийн тохиолдолд нэхэмжлэгч нь зөрчил гаргаж, байгаль орчинд хохирол учруулснаа ойлгож, хүлээн зөвшөөрч байгаа, 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 0074881 дугаартай шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь: хэсгийн 2 дахь заалтад ямар үндэслэлээр, ямар хэмжээний төлбөрийг, хаана тушаах нь тодорхой, ойлгомжтой байх ба Шийдвэрлэх нь: хэсгийн 1 дэх заалтад хохирлын төлбөрийн талаар бичээгүй дутуу орхисон нь Э.Бийн байгальд учруулсан хохирлыг үгүйсгэх, цаашлаад маргаан бүхий шийтгэлийн хуудсыг илт хууль бус захиргааны акт болгох үндэслэл болохгүй.
Дээрхийг нэгтгэн дүгнээд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Э.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 158/ШШ2025/0002 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1.2, Зөвшөөрлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.4, 11.2.5, 11.2.6-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Бөөс Булган аймгийн Засаг даргын тамгын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Т.Над холбогдуулан гаргасан “улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 0074881 дугаартай шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш тав хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ