| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2019/0151/И |
| Дугаар | 148 |
| Огноо | 2019-06-25 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 148
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2-р багт оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Ч овогт Ч.Т-н нэхэмжлэлтэй,
Б-г эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний нэхэмжлэлийг 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.А, нэхэмжлэгч Ч.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т би 2017 оны 08-р сард Замын-Үүд суманд оршин суудаг Б-тай аман гэрээ байдлаар УАЗ 469 бор ногоон өнгийн машиныг үнэ тохиролцон худалдсан ба үнийг дутуу 500,000 мянган төгрөгийг өгч авалцах үедээ машины бичиг баримтыг Б өөрийн нэр дээр шилжүүлэн авах яриа хийсэн боловч энэ цагаас одоог болтол холбогдож уулзахгүй болсон тул хаяг тогтоолгож өгнө үү. Б нь Замын-Үүд сумын цэцэрлэгт ... хийдэг, машин худалдан авсан үнийн дутуу 500,000 төгрөгийг гаргуулан, бичиг баримтаа өөрийн нэр дээр шилжүүлэн авах асуудлыг шийдэх шаардлагатай байна гэжээ.
Нэхэмжлэгч Ч.Т шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Б гэж хүнд нөхөр бид хоёр машинаа зарсан юм 2017 онд 500,000 төгрөг өгөх дутуу байгаа юм. Одоо энэ хүнээс 500,000 төгрөгөө аваад машины бичиг баримтыг нэр дээр нь шилжүүлж өгье гэхэд олдохгүй, утсаа авахгүй байгаа тул эрэн сурвалжилж оршин суух хаягийг тогтоож өгнө үү. Сүүлд эрж хайж байгаад цэцэрлэгт ажилтай гэдгийг мэдэж авсан боловч цэцэрлэг амарсан байгаа тул хаана байгаа нь мэдэгдэхгүй байна гэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч Ч.Т-н гаргасан Д.Б-г эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Д.Б нь ... улсын дугаартай УАЗ 469 маркийн автомашины үлдэгдэл үнийг барагдуулахгүйгээр нэхэмжлэгчтэй холбогдохгүй, оршин суух хаягаа хэлж өгөхгүй алга болсон байх тул түүнийг эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Ч овогт Д.Б, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын цэцэрлэгт ... хийдэг байсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Д.Б-г эрэн сурвалжилсугай.
2. Д.Б-г эрэн сурвалжилж түүний оршин суух хаягийг тогтоох ажиллагааг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6.Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.Б