Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/66

 

  

 

 

 

 

 

 

 

    2023       01          10                                     2023/ШЦТ/66

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Шийдвэрийн огноо: 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр;

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй явагдсан;

 

Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;

 

Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;  

 

Улсын яллагч: Э.Булганчимэг;

 

Шүүгдэгч: Ж.Т;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: З.А;

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Бишрэлт;

 

Хэргийн дугаар:  .........;

           

Шүүгдэгч Ж.Т регистрийн дугаартай:  Монгол Улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Оросын Холбооны Улсын Эрхүү хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэдээлэл технологийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1,  , урьд ял шийтгэлгүй.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: (Прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

Ж.Т нь 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 23 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ санаатайгаар ........ улсын дугаартай З.А-ын тээврийн хэрэгслийн урд талын салхины шилийг хагалж, хоёр толийг хугалж гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 720.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокуророос Ж.Т-гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий

бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Т мэдүүлэхдээ: “Их удаан үргэлжилсэн дарамтаас болсон юм. Хийсэн үйлдэлдээ буруутай. З.А бол манай ээж Байгалмаагийн төрсөн дүү юм. Бид нар хамтарч хоолны газар ажиллуулж байсан юм. Би 14.000.000 төгрөгийн хувь оруулсан. Би үйл ажиллагааг нь сайн явуулж байсан. Гэтэл огт ашиг олохгүй байгаа юм шиг хандсан. Ингээд хоорондоо маргалдаад хэрүүл болоод салсан. З.А эгч намайг дарамталж эхэлсэн. Үүнээс болоод уурандаа очоод машиных нь шил толийг хагалж, хугалсан юм” гэв.

 

  Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 9/, хохирогч З.А-ын мэдүүлэг /хх-ийн 12-14, 16/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 23-24/, Ж.Т-гын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 31-33/, Ж.Т-гын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 34-39, 46/, хохирол төлсөн баримт /хх-ийн 45/  зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ж.Т нь согтуурсан үедээ 2022 оны 10 дугаар сарын 05-ны шөнийн 23 цагийн үед ....... байрлуулсан иргэн З.А-ын ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын салхины шилийг хагалж, хоёр толийг хугалж гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 720.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч З.А-ын /хх-ийн 12-14/: “...Миний төрсөн эгч З.Б-гийн том хүү Ж.Т нь 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн орой 23 цаг 20 минутын үед манай гэрийн хаалгыг хүчтэй өшиглөж балбан “хаалга онгойлго, ална шүү” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “цагдаа дуудлаа шүү” гэхэд яваад өгсөн. Энэ талаар түүний аав Ж руу залгаж мэдэгдсэн. Үүний дараа буюу 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр тус байрны В2 давхрын авто зогсоолд байх ....... улсынд дугаартай автомашины салхины шил хагарч гэмтсэнийг мэдсэн. Авто зогсоолын камерын бичлэгийг харахад Ж.Т нь 2022 оны 10 дугаар сарын 05-ний орой 23 цаг 20 минутын орчимд манай хаалгыг нүдэж байгаад цагдаа дуудлаа шүү гэхээр нь доош бууж миний машины цонхыг хагалж, хоёр толийг хугалж эвдсэн байсан...” гэх мэдүүлгээр,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар /хх-ийн 23-24/,

 

Ж.Т-гын яллагдагчаар мэдүүлсэн /xx-ийн 31-33/: “...З.А нь манай ээжийн төрсөн дүү буюу миний нагац эгч маань байгаа юм. Бид 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс эхэлж .....” нэртэй хоолны газрыг хамтран байгуулж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Тус хоолны газрыг ер нь бол би гардан үйл ажиллагааг нь хариуцан явуулдаг, хоол ундыг хийж бэлдүүлэн, харин тооцоо, санхүүг З.А эгч хариуцдаг байсан. Мөн З.А эгчийн ихэр нь болох З.А нь хөрөнгө оруулж хамтраг ажилладаг байсан. Бидний безнис амжилттай байсан. Анх З.А эгч ярилцахдаа өдөр бүр цалин тооцно, мөн орлогоо хуваана гэж ярьсан. Түүний үндсэн дээр би өдөр шөнөгүй хичээж ажилладаг байсан. Гэтэл З.А эгч “ашиг олохгүй байна, орлого муу байна” гэдэг болсон. Тэгсэн мөртлөө өөртөө машин авч унаад үеэлдээ машин авч өгөөд, энд тэнд газар аваад амьдрал нь дээшлээд эхэлсэн. Гэвч надад өдрийн цалин болон олсон орлогоос өгдөггүй байсан. Ингэж явсаар нэг удаа “20.000.000 төгрөгийн алдагдалд орсон байна, тэр мөнгийг чи гаргаж өг” гэж над руу уурласан. Тэгээд З.А эгчийг цалин өгөхгүй байна, олсон орлогоос өгөхгүй мөртлөө өөрөө машин авч унаад, амьдрал нь дээшлээд байна, тэгсэн мөртлөө 20.000.000 төгрөгийн алдагдалтай ажиллаад байна, одоо хоёулаа яах ёстой юм болоо гээд З.А эгчтэй ярилцсан. ...Ингээд “““““” хоолны газрын үйл ажиллагаанаас З.А эгч гарч, З.А эгч бид хоёр хариуцан үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах болсон. Гэтэл З.А нь над  руу байнга ярьж, дарамтлан 20.000.000 төгрөг надаас нэхэж, мөн ажилгүй болсон гэж нэмж 30.000.000 төгрөг нэхэн, өдөр шөнөгүй над руу мессеж бичиж, дарамталдаг болсон. Мөн манай эхнэр Б.Э руу залгаж мөнгө нэхдэг болсон. Энэ байдал даамжирч бүр сүүлдээ миний уур бухимдлыг төрүүлж эхэлсэн. ...З.А эгчийн гэр болох ...... 23 цаг өнгөрч байхад очиж хаалгыг нь нүдсэн боловч онгойлгоогүй. Тэгээд түүнд шаралхаж, уурласан уурандаа доош граш руу нь бууж зогсоол дээр байсан түүний ....... улсын дугаартай хар өнгийн “Приус 41” маркийн автомашины урд талын салхины шилийг хагалж, хоёр талын толийг хугалсан...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Ж.Тд холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох  баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хувийн таарамжгүй харьцаанаас үүдэлтэйгээр бусдын өмчлөлийн автомашины урд талын салхины шилийг хагалах, улмаар хоёр талын толийг хугалах зэргээр санаатайгаар эд хөрөнгийг нь эвдэн устгаж, гэмтээснийг өөрөө болон хохирогч зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогчид учирсан хохирлын үнийг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон“ зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, Ж.Т нь З.А-ын эд хөрөнгийг санаатайгаар устгаж, гэмтээснийг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас 720.000 төгрөгийн хохирол учруулсан Ж.Т-гын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид төлөх төлбөргүй, өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн ангилалд хамаарч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэх үндэслэлд хамааруулан дүгнэлт хийв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж Ж.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 450 нэгж буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял  шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Бусад асуудлаар:

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл хэмжээ нь тогтоогдсон хохирол, гэм хор болох 720.000 төгрөгийг шүүгдэгч Ж.Т нөхөн төлсөн баримт хавтаст хэргийн 45 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ж.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

                                                               

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.МӨНХ-ЭРДЭНЭ