Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/114

 

 

 

 

 

    2023        01         23                                    2023/ШЦТ/114

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Шийдвэрийн огноо: 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр;

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явагдсан;

Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;

Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;

Улсын яллагч: С.Бичинхүү;

Хохирогч “““““” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Ө;

Шүүгдэгч: О.Э;

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ж.Буджав;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхтуул;

Хэргийн дугаар: ...................;

Шүүгдэгч О.Э регистрийн дугаартай:  Монгол Улсын иргэн, 2001 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эх, дүү, хүүхдийн хамт, урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/672 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялыг Баянгол дүүргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 21/59 дүгээр тогтоолоор эдэлж дууссан.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: (Прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр)

О.Э нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, П.Н.Щастины нэрэмжит Улсын 3 дугаар төв эмнэлгийн урд байрлах автобусны буудал орчим “гар утсыг нь худалдаж авна, төлбөрийг интернэт банкаар дамжуулан хийсэн” хэмээн хуурч хохирогч Н.Т-гийн эзэмшлийн “Айфоне 13 про” загварын гар утсыг авч улмаар түүнд 3.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “““““ дэлгүүрээс “Giorgio Armani ADGH edit 100 мл” үнэртэй ус, “Armoni code 75 мл” үнэртэй уснуудыг худалдан авна” гэж бодит байдлыг нуух замаар гүйлгээ амжилттай гэх утгатай мессеж үзүүлэн төөрөгдөлд оруулан залилж, хохирогч Г.Б-т 726.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ““нэртэй дэлгүүрээс 2 ширхэг алтан бөгж худалдаж авахаар Улсын Их Дэлгүүрийн кассан дээр интернэт банкаар 6.200.000 төгрөг шилжүүлсэн гэж хуурамч гүйлгээг харуулж, хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 6.200.000 төгрөг төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт уйл ажиллагаа явуулдаг “” худалдааны төвд хохирогч Э.О-той уулзаж “Айфоне 13 про макс” гар утсыг нь худалдаж авч, интернэт банкаар мөнгөө шилжүүлэн өгсөн” мэтээр хуурамч баримт бичиг үзүүлэн, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан хохирогч Э.О-д 3.400.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдад нийт 13.626.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокуророос О.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Э мэдүүлэхдээ: “Хийсэн үйлдэлдээ маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг нь хурдан төлж барагдуулна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч “““““” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө мэдүүлэхдээ: “Манай компанид 6.200.000 төгрөгийн хохирол учирсан. Уг хохирлоо нэхэмжилж байна” гэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Т /1хх-ийн 5-6/, гэрч С.Т /1хх-ийн 14-15, 17-18/ нарын мэдүүлэг, “““” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 20-21/, Ебаримт /1хх-ийн 94/, Г.Б-ын дансны хуулга /1хх-ийн 95/, сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 98, 145/, “ ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 99-100, 146-147/, хохирогч Г.Б-ын мэдүүлэг /1хх-ийн 107/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх-ийн 108-110, 151-153/, О.Эгээс бэлэн мөнгө хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 114-115/, Г.Б-ын хүсэлт /1хх-ийн 116/, хохирогч Э.О /1хх-ийн 157/, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө /1хх-ийн 194/, гэрч С.С /1хх-ийн 197, 200/, гэрч О.Ба /1хх-ийн 202/ нарын мэдүүлэг, О.Эгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 36, 40-44/, О.Эгийн өмнө шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 63-65/, О.Э-гийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 34-35, 83, 218-219/, болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн О.Эгийн хувийн байдалтай холбоотой баримтууд зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн,

бодитой магадлан хянасны үндсэнд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.Э нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт “гар утас, үнэртэй ус, бөгж худалдаж авна, төлбөрийг нь интернэт банкаар шилжүүлсэн” хэмээн хуурамч “захиалгат гүйлгээ амжилттай” гэсэн шилжүүлгийг харуулж иргэн Н.Т, Э.О, , “““““” ХХК-ийн худалдагч нарыг хуурч хохирогч Н.Тд 3.300.000 төгрөгийн, хохирогч Э.О-д 3.400.000 төгрөгийн, хохирогч ... 726.000 төгрөгийн, хохирогч “““““” ХХК-нд 6.200.000 төгрөгийн буюу нийт 13.626.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч Н.Т-гийн /1хх-ийн 5-6/: “...Би 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 14 цагийн үед найз охиныхоо фейсбүүкээр “гар утасны хар зар” гэсэн нэртэй группт нэвтэрч ороод өөрийн эзэмшлийн “IPhone-13 pro” маркийн rap утасны зураг тавиад “3.200.000 төгрөгөнд зарна” гэсэн зар оруулсан. Зар тавиад удаагүй байх үед “bagii shtee” гэсэн нэртэй хаягаас “утсыг чинь үзэх гэсэн юм” гэхээр нь өөрийн гар утасны талаар хэлсэн. Тэгсэн нөгөө хүн надтай орой 18 цагийн үед уулзъя гэж тохирсон. Утас авна гэсэн хүнтэй утсаар ярьж байгаад 2022 оны 07 дугаар сарын 26-ны орой 19 цаг өнгөрч байх үед Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 3 дугаар эмнэлгийн автобусны буудлын орчим уулзах үед утас авна гэсэн залуу /О.Э/ эрэгтэй найзын хамт ирсэн. Утас авна гэсэн үл таних залуу миний утсыг үзээд зарна гэсэн үнэнд авахаар болоод миний дансны дугаарыг аваад “интернэт банкаар шилжүүлсэн шүү” гээд надад 3.200.000 төгрөгийн зарлага харуулсан. Тэгээд утас аваад явсан. Тэгээд би дансаа шалгаж үзсэн чинь мөнгө ороогүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. ...Миний утсыг залилж авсан иргэн О.Э нь миний гар утсыг цааш нь хүнд зарсан гэсэн бөгөөд зарсан хүнээ танихгүй олохгүй байгаа гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр,

 

“““” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар /1хх-ийн 20-21

 

гэрч С.Тгийн /1хх-ийн 14-15/: “...Би 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 18 цагийн үед найз охин маань хүнд юм хүргээд өгчих гээд 3 дугаар эмнэлгийн орчимд явж байхад манай найз О.Э над руу залгаад бид хоёр 3 дугаар эмнэлэг дээр уулзаад такси бариад Их дэлгүүрийн гадаа буугаад их дэлгүүр дотор таньдаг ах болох Энхүүш гэдэг ахтайгаа уулзчихаад гараад ахындаа очиж хоол идчихээд Хүүхдийн 100-гийн “Типси”-д найзуудтайгаа ууж байгаад 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 02 цагийн үед цагдаа нарт баригдаад ирсэн. Манай найз О.Э утас залилсан гээд надтай хамт явж байсан гээд цагдаагийн байгууллага дээр ирсэн. Би О.Э-г залилах төрлийн гэмт хэрэг үйлдсэн байсныг мэдээгүй. Тухайн үед манай найз охины найзынх нь төрсөн өдөр орой нь бүгдээрээ уулзана гэх зорилгоор О.Э-тэй уулзсан...” гэх мэдүүлгээр,

 

О.Эгийн яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 34-35/: “...2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр .... тоот гэртээ өөрийн гар утсаар фейсбүүк орж “Айфоне зарна” гэсэн группт ороод зар харж байсан чинь “Айфоне 13 про” загварын гар утас зарна гэсэн зар байхаар нь тэр хүнтэй нь холбогдоход 3 дугаар эмнэлгийн автобусны буудал дээр уулзахаар болсон. 15 цагийн үед найз С.Ттэй уулзаад “хамт яваад утас үзээд ирье” гэж хэлсэн чинь зөвшөөрсөн. ...автобусны буудал дээр очих үед утасны эзэн Тэмүүлэн гэх залуу байсан. Тэгээд би түүний гар утсыг үзээд 3.200.000 төгрөгөөр авахаар болоод утасны кодыг нь гаргуулсан. Би өөрийн утсаар шилжүүлэг хийх гэсэн боловч миний гар утсан дээр болохгүй байсан. ...Би С.Тгийн утсаар өөрийн интернэт банк руу нэвтэрч ороод захиалгат гүйлгээ хийх гэдэг цэсийг нь сонгоод хохирогч Т-гийн дансыг аваад 3.200.00 төгрөгийн захиалгат гүйлгээ хийсэн.  Гүйлгээ амжилттай гэсэн мэдээлэл түүнд харуулаад түүний утсыг аваад такси бариад найз С.Ттэй явж байгаад Их дэлгүүрийн орчим салж ганцаараа цааш явсан...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Г.Б-ын /1хх-ийн 107/: “...2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 18 цаг 33 минутын орчим Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ....... их дэлгүүрийн 1 дүгээр давхрын “” дэлгүүрийн үнэртэй усны тасагт байж байхад гаднаас цагаан өнгийн масктай, хар өнгийн малгайтай цамцтай, цагаан өнгийн футболктой, цэнхэр өнгийн жийнсэн өмдтэй, цагаан өнгийн кеттэй 25-30 орчим насны эрэгтэй хүн худалдан авалт хийхээр Армани брэндийн тасагт ирээд сонголтоо хийсэн. Тухайн үед тэр хүн “Giorgio Armani ADGH edt” 100 мл үнэртэй ус, “Armani code” 75 мл үнэртэй уснуудыг сонгосон. Тэгээд карт уншуулах боломжгүй байна шилжүүлчихье гээд миний дансны дугаарыг 3 удаа асуусан. Жоохон удаан хэлээд өгөх боломжтой байна уу гэж асуусан. Тэгээд надад гүйлгээ амжилтай гэх утга бүхий мессеж харуулаад яваад өгсөн...” гэх мэдүүлгээр,

 

“ ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар /1хх-ийн 99-100/,

 

           хохирогч Э.Огийн /1хх-ийн 157/: “...2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүнээс “Айфоне-13 про макс” загварын хар саарал өнгийн гар утсыг 3.400.000 төгрөгөөр худалдан аваад буцаагаад 3.400.000 төгрөгөөр зарахаар фейсбүүк дээр зар тавьсан. Тэгээд тухайн өдөр миний фейсбүүк рүү “Ganerdene ireedui” гэх хаягаас “гар утас авъя” гээд бичсэн. Тэгээд гар утсаа зарахаар болоод Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “ ” худалдааны төвийн 3 давхарт уулзахаар болсон. Тэгээд 18 цаг 24 минутад Ш-ийн 3 давхарт 170 см орчим өндөртэй, 75 орчим кг жинтэй, “Айр форсе” брэндийн пүүзтэй, мөрөөрөө хөндлөн үүрдэг даавуун цүнхтэй, малгайтай цамцтай, малгай, амны хаалт зүүсэн залуу ирээд миний гар утсыг авахаар болоод 3.400.000 төгрөгийг над руу шилжүүлсэн гэсэн дансны хуулга буюу “гүйлгээ амжилттай боллоо” гэсэн зүйл үзүүлээд яваад өгсөн. Тэгээд хүлээгээд байсан чинь данс руу мөнгө орж ирээгүй ба би фейсбүүк хаяг руу нь орсон чинь намайг блоклосон байсан...” гэх мэдүүлгээр,

 

“ ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар /1хх-ийн 146-147/,

 

О.Эгийн яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 83/: “...Би  “”” дэлгүүрийн үнэртэй усны тасгаас 2 ширхэг үнэртэй ус аваад мөнгөө төлөхдөө ХААН банкны захиалгат гүйлгээгээр хийсэн. Уг гүйлгээ нь интернэт банкин дээр тодорхой харагддаг бөгөөд худалдагчид гүйлгээ хийгдсэн мэт харагддаг. Энэ байдлыг ашиглаж би Сүхбаатар дүүрэг дэх   үйлчилгээний төв дотор “Айфоне 13 про макс” загварын гар утсыг мөн энэ аргаараа авсан...” гэх мэдүүлгээр,

 

хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Өын /1хх-ийн 194/: “...2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 19 цагийн орчим нэгэн худалдан авагч эрэгтэй “”” Дэлгүүрийн 1 дүгээр давхрын кассан дээр 6.200.000 төгрөг шилжүүлсэн гэж гүйлгээний хуулгыг утсан дээрээ үзүүлээд манай кассын ажилтныг загнаж байгаад худалдан авсан 2 ширхэг алтан бөгжийг аваад явсан байдаг. Худалдан авагчийг бараагаа авч явсны дараа өдөр нь шалгаж үзэхэд тухайн мөнгө нь манай компанийн дансанд орж ирээгүй байсан. Улсын Их дэлгүүрийн касс нь тухайн худалдан авагчийн утсаар холбогдоход “би угаасаа шилжүүлээгүй юм” гэж хэлээд утсаа салгасан байдаг” гэх мэдүүлгээр,

 

гэрч С.Сгийн /1хх-ийн 197/: “...2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 19 цагийн орчим манай нэгдүгээр давхрын “Gold” нэртэй алтан эдлэлийн дэлгүүрээс нэг залуу 6.200.000 төгрөгийн үнэ бүхий 2 бөгж авсан байсан. Тэгээд над дээр ирж бичүүлээд мөнгөө ХААН банкны интернэт банкаар шилжүүлсэн бөгөөд баримтыг нь гаргаж өгөөд гүйлгээний зураг, нэр, утасны дугаарыг нь авч үлдсэн. ...Өглөө нь ахлах над руу залгаад нөгөө гүйлгээ чинь оройгүй байна. Яриад асуучих гэсэн. Би тухайн хүний өгсөн дугаар луу залгахад өөр хүн аваад эгч нь хөдөө байдаг хүн. Тийм хүн танихгүй гэж хэлэхээр нь би албан байгууллагын нэр дээрх ХААН банк руу хүсэлт илгээж хандсан. Тэгтэл санаатай луйвар байна, ороогүй гэсэн хариу ирсэн. ...тухайн хүний үлдээсэн данс нь 5429249342 гэсэн данс үлдээсэн байсан...” гэх мэдүүлгээр,  

 

гэрч О.Баийн /1хх-ийн 202/: “...2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр тухайн үл таних эрэгтэй нь 2 ширхэг алтан бөгж сонгоод “” дэлгүүрийн кассан дээр очоод төлбөрийн баримтаа манай лангуун дээр авч ирсэн. Тэр эрэгтэй ямар байдлаар кассан дээр төлбөрөө төлснийг мэдэхгүй байна. Ингээд манайх тухайн эрэгтэйн сонгосон 2 ширхэг алтан бөгжийг өгч явуулсан. Тэр 2 бөгжний тооцоо болох 6.200.000 төгрөг нь кассан дээр бичүүлсэн даруйд манай лангууны дансанд орсон. Ийм учраас манай лангуунд ямар нэгэн хохирол учраагүй. Тухайн мөнгө нь Улсын Их дэлгүүр буюу ““““ ХХК-ийн данснаас гарсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл ““““ ХХК-д хохирол учирсан...” гэх мэдүүлгээр,

 

О.Эгийн яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 218-219/: “...Би 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 18 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “”” дэлгүүр рүү юм үзэх гэж орсон. Ингээд 1 дүгээр давхарт байрлах “Gold” нэртэй алтан эдлэлийн дэлгүүрт бөгж үзэж явж байгаад төлбөр тооцоогоо яаж хийдэг тухайг нь худалдагчаас нь асуутал “манайхаас бичиг хийж өгдөг юм, тэрийг Улсын Их дэлгүүрийн кассан дээр авч очоод ямар ч хэлбэрээр тооцоогоо хийж болно” гэж хариулсан. Тэр үед би хоёр бөгж үзээд байж байсан ба худалдагч нь “наад бөгжнүүд чинь яг гоё болж байна” гэхээр нь “энэ хоёрыг авчихъя” гэсэн. Тэгтэл худалдагч нь 6.200.000 төгрөгийн үнийн дүнтэй, кодтой бичиг өгсөн. Энэ үед надад захиалгат гүйлгээний утга үзүүлээд, тооцоогоо хийхгүйгээр бөгжнүүдийг авч болох юм гэсэн бодол төрсөн. Ингээд би үнийн дүнтэй бичгийг нь “”” дэлгүүрийн кассан дээр барьж очоод 5062048706 дугаарын данс руу өөрийн 5429249342 дугаарын данснаас 6.200.000 төгрөгийн захиалгат гүйлгээ хийсэн. Захиалгат гүйлгээ гэдэг нь шилжүүлэг хийхдээ гүйлгээ хийгдэх хугацаагаа сонгож хийдэг гүйлгээ юм. Тухайн үед миний дансанд 6.200.000 төгрөгийн тооцоо хийх мөнгө байгаагүй. Ийм учраас миний данснаас мөнгө гарахгүй гэдгийг би мэдэж байсан. Гэхдээ захиалгат учраас гүйлгээ хийсний дараа “Захиалгат гүйлгээ ажилттай бүртгэгдлээ” гэсэн бичиг гарч ирдэг. Энэ бичгэнд нь кассан дээр байсан кассын ажилтан хууртсан юм. ...кассын ажилтан надад НӨАТ баримт өгсөн. Тэр баримтыг “Gold” гэх алтан эдлэлийн дэлгүүрийн худалдагчид үзүүлээд 2 ширхэг алтан бөгжийг аваад гарсан. ...Би бөгж зарсан 4.000.000 төгрөгөө хувийн хэрэгцээндээ зарцуулаад дуусгасан...” гэх мэдүүлэг болон сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 98, 145/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх-ийн 108-110, 151-153/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогч нараас эд хөрөнгийг нь худалдаж авах нэрийдлээр ХААН банкны интернэт банкаар “захиалгат гүйлгээ амжилттай хийгдлээ” гэх хуурамч шилжүүлгийг үзүүлэн иргэдийн эд хөрөнгийг нь шилжүүлж авснаа, хохирогч нар нь шүүгдэгчийн  үг, үйлдэлд хууртагдан түүнд эд хөрөнгийг шилжүүлэн өгснөө тодорхой мэдүүлсэн, хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогч нарт учирсан хохирлын хэмжээг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг хөдөлбөргүй, эргэлзээгүй агуулсан байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, О.Э нь хуурч мэхлэх аргаар иргэн, хуулийн этгээдийн эд хөрөнгийг нь шилжүүлэн авч залилсныг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.

 

            О.Эд холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчиж, хязгаарлаагүй, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

       

         Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хохирогч нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн өөрийн эзэмшилдээ авч буй О.Эгийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

О.Э нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, бага насны хүүхдээ асран хамгаалдаг, хохирогч нарт учирсан хохирол төлбөрийг нөхөн төлж барагдуулахаа илэрхийлсэн зэргийг харгалзан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, иргэний эрх зүйн ухамсар, соёлыг дээшлүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж түүний эрх чөлөөг тодорхой хугацаагаар хязгаарлахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх байдлаар цээрлүүлэх боломжтой гэж шүүх үзэв.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж О.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах буюу хохирогч нарт учруулсан 12.900.000 төгрөгийн хохирлыг 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр арилгах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэхээр тогтов.

 

Шүүгдэгч О.Э нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдаж байна.

 

Бусад асуудлаар:

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл, хэмжээ нь тогтоогдсон хохирол, гэм хор болох нийт 12.900.000 төгрөгийг шүүгдэгч О.Эгээс гаргуулж, үүнээс 3.300.000 төгрөгийг хохирогч Н.Тд, 6.200.000 төгрөгийг хохирогч “““““” ХХК-д, 3.400.000 төгрөгийг хохирогч Э.О нарт тус тус олгож, шүүгдэгч нь хохирогч  “”” дэлгүүрт төлөх төлбөргүй болно.

 

Шүүгдэгч О.Э нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 1. Шүүгдэгч О.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан О.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Шүүгдэгч О.Эд хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах буюу хохирогч Н.Тд 3.300.000 төгрөг,  хохирогч “““““” ХХК-д 6.200.000 төгрөг, хохирогч Э.О-д 3.400.000 төгрөгийн хохирлыг 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр арилгах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч О.Э үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга

хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай.

6. Шүүгдэгч О.Э нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эгээс 12.900.000 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Н.Тд 3.300.000 төгрөг, хохирогч “““““” ХХК-д 6.200.000 төгрөг, хохирогч Э.О-д 3.400.000 төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч нь хохирогч “””” дэлгүүрт төлөх төлбөргүйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.МӨНХ-ЭРДЭНЭ