Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/93

 

  

 

 

 

 

 

 

 

    2023        01          17                                     2023/ШЦТ/93

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Шийдвэрийн огноо: 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр;

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явагдсан;

 

Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;

 

Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;  

 

Улсын яллагч: Б.Сарантуяа (томилолтоор);

 

Шүүгдэгч: Э.Н;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: О.Алтанчулуу;

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхтуул;

 

Хэргийн дугаар: .......;

           

Шүүгдэгч Э.Н регистрийн дугаартай: Монгол Улсын иргэн, 2004 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “”” коллежид үсчний 3а ангийн оюутан, ам бүл 4, эмэг эх, 2 нагац ахын хамт  , улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: (Прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр) 

 

Э.Н нь 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “”” сургуулийн баруун хойд талд насанд хүрээгүй хохирогч А.Н-тэй “ангийн охин Бадмааг уйлууллаа” гэх шалтгаанаар муудалцаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа маажсаны улмаас эрүүл мэндэд нь хацар, хамар, хөмсөг, зовхинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокуророос Э.Нгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Н мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

 Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Н-н мэдүүлэг /хх-ийн 8-10/, А.Н-н биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний  хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 8357 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-19/, Э.Нгийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 31-32/, Э.Нгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 35, 40-45, 48-63/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Э.Н нь 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “““” сургуулийн баруун хойд талд насанд хүрээгүй А.Н-тэй “ангийн охин Б-г уйлууллаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

насанд хүрээгүй хохирогч А.Н-н /хх-ийн 8-10/: “...Би 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр шалгалтаа өгч дуусаад сургуулиасаа ангийнхаа хоёр охин болох С, Б нарын хамт гараад дэлгүүр ороод идэх аваад 3 дугаар сургуулийн баруун хойд талд байрлах сандал дээр суугаад юмаа идэж байтал манай ангийн 5-6 хүүхэд бид гурав дээр ирээд юм ярьж байгаад Бадмаа нөгөө ирсэн хүүхдүүдийг явъя гээд явах үедээ “Гурвын золбин сургуулиас явъя” гэж хэлэхийг нь би “гурван золбин юмнаас явъя” гэж сонсоод Б руу очоод “чи яахаараа бид гурвыг золбин гэдэг юм” гэж асуухад “тэгж хэлээгүй 3 дугаар сургуулийн золбин газраас явъя гэж хэлсэн шүү дээ” гэхээр нь би “битгий давраад байгаарай” гэж хэлчихээд явахад Б ард уйлаад үлдсэн. Удалгүй дахиад манай ангийн охидууд болох Э.Н, Г, А, С, Б.С нар бид гурвын сууж байсан газар ирээд Э.Н надад “яагаад хүүхэд уйлуулаад байгаа юм” гэхээр нь “чамд ямар хамаатай юм, би чамаас айхгүй шүү” гэсэн чинь Э.Н “одоо тэгвэл айлгаж харуулъя” гээд миний хөл рүү өшиглөхөөр нь би зөрүүлж үстээд Э.Н бас намайг үстээд нэг гараараа миний баруун нүдний доод  хэсэгт маажсан. Тэгсэн чинь нэг танихгүй эгч бид хоёрыг салгаад бид нар ангийнхаа багштай очиж уулзаад дараа нь манай ээж ирээд Э.Нтай уулзахад тоосон шинжгүй байсан. ...Баруун нүдний доод хэсэгт маажуулсан шархтай, баруун баруун талын хацар хэсгээрээ хавдсан...” гэх мэдүүлгээр,

 

А.Н-н биед “хацар, хамар, хөмсөг, зовхинд зулгаралт” бүхий Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 8357 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 18-19/,

 

Э.Нгийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 31-32/: “...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч А.Н-тэй 2022 оны 07 дугаар сарын дундуур эвлэрсэн, бид хоёр нэгнээсээ уучлалт гуйгаад эвлэрсэн, А.Н-т 2 удаа нүүрний сорвины тос авч өгсөн юм, түүнээс надаас өөр нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Би ийм хэрэгт холбогдохгүй...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Э.Нд холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, Э.Н нь А.Н-гийг зодож хөнгөн гэмтээснийг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой нотолж тогтоосон гэж шүүх үзсэн болно.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Э.Нгийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн ангилалд хамаарч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэх үндэслэлд хамааруулан дүгнэлт хийв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэвч шүүгдэгч Э.Нгийн хувьд түүний гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал буюу анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, урьд гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нараас мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй тул  шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтраа хураагдсан зүйлгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Э.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан шүүгдэгч Э.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 5. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

                                                               

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.МӨНХ-ЭРДЭНЭ