Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 160

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би Х банкны Дорноговь салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Д.М-д холбогдох үндсэн зээлийн төлбөр 3,581,603.70 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 136,002.81  төгрөг, нотариатын хөлс 8,500 төгрөг, нийт 3,726,106.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 06 сарын 27-ны  өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р багт байрлах Х банкны Дорноговь салбар ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч У.Д хамтран зээлдэгч  Д.М нар нь 2018 оны 05-р сарын 16-ны өдөр ...  тоот зээлийн гэрээ байгуулан 5,516,201.02  /таван сая таван зуун арван зургаан мянга хоёр зуун нэг төгрөг хоёр мөнгө/ төгрөгийн тэтгэвэрийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй 23 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч У.Д нь 2018 оны 06 сарын 22-ны өдөр нас барж 2018 оны 08 дугаар сараас эхлэн тэтгэвэрийн санхүүжилт зогсож улмаар 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ... тоот зээлийн гэрээний 1,2 дахь нөхцөл зөрчигдсөн зээл хугацаа хэтэрч байна. Банкнаас зээлийг төлүүлэх зорилгоор охин Д.Ш хамтран үүрэг гүйцэтгэгч болох төрсөн хүү Г.М нартай удаа дараа уулзсан ба өнөөг хүртэл барагдуулаагүй байна. Зээлдэгч нар шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар гэрээний төлбөрт үндсэн зээлийн төлбөрт 2,072,624.12 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 562,032.72 нийт 2,634,656.84 төгрөгийг төлсөн. Банк зээлийн гэрээний дагуу 2018 оны 05 дугаар сарын байдлаар дараах нэхэмжлэл бүхий шаардлагыг гаргаж байна. 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 5374013654 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ... тоот зээлийн гэрээний төлбөрт үндсэн зээлийн үлдэгдэл 3,581,603.70, зээлийн хүүүгийн төлбөрт 136,002.81, нотариатын хөлс 8,500 төгрөг, нийт 3,726,106.51 төгрөгийг гаргуулах, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаа хүү, нэмэгдүүлсэн хүү шийдвэр гаргах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагч нараас нэмж нэхэмжилнэ гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2-р багт оршин суух, Б овогт Д.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Д.М Х банкны нэхэмжилсэн 3,726,106.51 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Нэхэмжлэгч Х банкны Дорноговь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч төв тооцооны төвийн ахлах харилцааны менежер албан тушаалтай Г.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Х банкны Дорноговь салбарын харъяа Төв тооцооны төвөөс иргэн Д.М-с нэхэмжилсэн 3,726,106.51 төгрөгийг хариуцагч нь бүрэн төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул нэхэмжлэгчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х банкны Дорноговь салбар нь хариуцагч Д.М-д холбогдох үндсэн зээлийн төлбөр 3,581,603.70 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 136,002.81  төгрөг, нотариатын хөлс 8,500 төгрөг, нийт 3,726,106.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.М нь нэхэмжлэлийн шаардлага 3,726,106.51 төгрөгийг бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрч, тайлбараа шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Х банкны Дорноговь салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Д.М-д холбогдох үндсэн зээлийн төлбөр 3,581,603.70 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 136,002.81  төгрөг, нотариатын хөлс 8,500 төгрөг, нийт 3,726,106.51 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Д.М нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 74,568 төгрөгийн 50 хувь болох 37,284 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 37,284 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Д.М-с улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 37,284 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х банкны Дорноговь салбарт олгосугай.

3. Хариуцагч Д.М нь нэхэмжлэлийн шаардлагаа сайн дураар эс биелүүлбэл шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ                                     Э.Б