Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/158

 

 

 

 

 

     2023         03          02                                     2023/ШЦТ/158

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн

улсын яллагч И.Мөнхцэцэг,

шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Г.Мөнхцэцэг,

хохирогч О.Б, түүний өмгөөлөгч Г.Ичинхорол нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар 

Баянгол дүүргийн Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Д-н Г-д холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

      Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Сүмбэр суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, дуулаач мэргэжилтэй, ******** техникч, жижүүрийн, “**” ХХК-д хөгжмийн техникч ажилтай гэх, ам бүл 6, эх, ах, дүү, эхнэр, хүүхдийн хамт ******* аймгийн ***** сумын 1 дүгээр багийн 6 дугаар гудамжны *** тоотод оршин суух хаягтай, одоо Улаанбаатар хот, Баянгол дүүргийн ****** дугаар хороо, **** тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, С  овогт Д-н Г.

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Д.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**” нэртэй бааранд хохирогч О.Б-н эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Г-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

- Хохирогч О.Б-н  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Одоо миний толгойн нэг тал мэдээгүй болсон байгаа. Төрийн тусгай албан хаагчийн эмнэлэгт үзүүлэхэд цаашид гэнэт татаж унах магадлалтай учраас таталтын эм уух хэрэгтэй гэж эм бичиж өгсөн... Би 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө ажлынхаа газрын 2 хүнтэй бааранд орж суусан. Тэгээд баар хаах болсон. Гэтэл Д.Г текэн дээр асуудал үүсгээд яваад байсан. Миний гарах гэж байсан талд зогсож байхаар нь би Д.Гд “ах нь зөрөөд гарчихъя” гэж хэлтэл “юу гээд байгаа юм бэ” гэж хэлэхээр нь би “чи юу гэсэн бэ” гэж хэлтэл намайг цохихоор нь би зөрүүлээд цохисон. Цаанаас нь нэг залуу ирээд дахиад намайг цохиж унагаасан. Баарны хүмүүс тэр залууг салгаад цааш аваад явсан. Хамгаалагч ирж салгасан.  Би буйдан дээрээ босох мөчид толгой дээрээс юм цохисон. Юугаар цохисон бэ гэдгийг мэдээгүй, толгойгоо барьж үзэхэд цус гарч байсан... Д.Г “та нар чаддаг юм бол цагдаад өгөөрэй” гэж хэлээд явсан байсан. Түргэн тусламж ирээд оёдол тавихгүй бол болохгүй гээд Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Гэтэл гэмтлийн эмч үзээд хагалгаанд орох шаардлагатай, үхэх аюултай гэж хэлээд намайг тэргэнцэр дээр суулгасан. Тэгээд 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрөө хагалгаанд орсон. Намайг 6 сараас 1 жилийн хугацаагаар хэвтрийн дэглэм барь, компьютер харж болохгүй, физик эмчилгээнүүд хийлгэ гээд эмнэлгээс гаргасан. Би эмнэлгээс гарснаасаа хойш дахин 2 удаа эмнэлэгт хэвтсэн. Байнгын эмнэлгийн хяналтанд байгаа ба гэртээ дэглэм барьж байгаа. Би нягтлан бодогчийн ажилтай учир байнга компьютер дээр ажилладаг. Энэ асуудлаас болоод ажлаа хийж чадахгүй байгаа. Хохирлын хувьд 7 сая гаруй төгрөгийн хохирлын баримт байгаа. Би оройн цагаар хэрчсэн гурилын цехдээ түгээлт хийдэг байсан. Энэ асуудлаас болоод хүнд юм өргөж, машин барьж болохгүй тул түгээгч ажилд авч ажиллуулж байгаа. Энэ талаарх баримтаа гаргаж өгсөн. Д.Г эмчилгээний зардалд нийт 3.300.000 төгрөг төлсөн. Би ажилгүй байсан 11, 12, 1, 2 дугаар сарын цалинд нийт 2.000.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөг, шинжилгээний төлбөр 72.600 төгрөг, эм тариа, хоолны 3.908.212 төгрөг, түгээгчийн цалин 3.240.000 төгрөг, нийт 11.220.812 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн **** дугаартай хэргээс:

  • Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 4-6 дахь тал/,

-  Мөрдөн шалгах ажиллагаанд О.Б-н хохирогчоор өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “**” нэртэй бааранд ажлын 2 дүү болох Г, Ц нартай орж үйлчлүүлсэн. Баар хаах цаг болж хүмүүсийг гаргаж байхад хажууд нэг залуу агсраад байсан. Тэгээд би явах гэж босох үед  намайг цохиж буйдан сандал дээр унагааж, босох гэхэд дахиад нэг залуу ирж цохиж унагаасан. Тэгээд босох үед миний толгой руу юмаар цохисон. Харин сандлаар миний толгойг хагалсан гэдгийг сүүлд мэдсэн. Би нягтлан хийдэг, ажлаа хийж чадахгүй байгаа. Мөн хувийн бизнес эрхэлдэг боловч ажил зогсоод байна. Хохирлоо барагдуулж авмаар байна. Надаас уучлалт гуйгаагүйд нь гомдолтой байна. Би хэрчсэн гурилын цехдээ түгээгч шинээр ажилд авч, сарын 1.500.000 төгрөгөөр цалинжуулж байгаа. Эмнэлгээс гарч ирээд хувийн эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн. Д.Г надад эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг өгсөн. Маш их гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-14 дахь тал/,

-  Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Д-н гэрчээр өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 24-ны өдрөөс 25-нд шилжих шөнө найз Г-тай 2, 2 лааз пиво уугаад Баянгол дүүргийн ** дүгээр хорооны нутагт орших “**” нэртэй бааранд орой 3 цагийн орчимд орсон. Бааранд орж нэг шил архи авч, зүс таних 2-3 залуутай таарч хамт авсан архиа уусан. Баар хаах цаг болж үйлчлүүлж байсан хүмүүсийг гаргасан. Тэр үед Д.Г баарны хамгаалагч М гэх залуутай маргалдаад байсан ба баар хааж байгаа учир бид нарыг гарах шаардлага тавьсан, тэрнээс болж хэрүүл хийгээд байсан. Намайг баарны текэн дээр очоод юм ярьж байхад манай найз орилоод эхэлсэн. Юу болсон юм бол гэж бодоод явж очиход нэг танихгүй ах манай найзыг цохиж байгаа харагдсан. Би тэр танихгүй залуугийн араас тэр залууг болиулах гэхэд шатны хажуу талын буйдан ор руу түлхэгдэж унасан. Энэ үед баарны хамгаалагч намайг татаж шал руу унагаж холдуулсан. Намайг босож ирэх үед Г хамгаалагч залуутай дахиж маргалдаж барьцалдаж авах үед би найзыгаа авч явсан. Би найзыгаа тэр залууг цохиж байхыг хараагүй. Сүүлд Д.Г надад баарны сандал авч Б гэх залуугийн дух хэсэгт оносон талаар хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

- Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Ц-н гэрчээр өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ** дүгээр хорооны нутагт орших “**” нэртэй бааранд зохион байгуулагчийн ажил хийж байхад шөнийн 4 цагийн орчим манай бааранд зөөгч хийж байсан Д.Г гэх залуу согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа агсам тавьж тэкен дээр архины шил хагалсан. Би очоод салгаад архины шил цэвэрлэж байтал Д.Г бааранд үйлчлүүлж байсан залуутай маргалдах чимээ гарахаар нь тэр зүгт явж очиход сандал авч шидэж, маргалдаж байсан залуугийн толгойноос цус гарч байгаа харагдсан. Би сандал авч шидэж байхыг бол хараагүй камерийн бичлэг дээр сандал авч шидэж байгаа нь бичигдсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн *** дугаартай О.Б-н биед дух, зулай ясны цөмөрсөн хугарал, хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.12-т зааснаар  амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

-  Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Гн яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” нэртэй бааранд орой 3 цагийн орчимд найз Дашнямын хамт орсон. Бааранд орохоосоо өмнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Бааранд ороод нэг шил архи авч найзын хамт ууж, баар хаах үед хамгаалагч М гэх залуутай тамхинаас болж маргалдсан. Хамгаалагч намайг гар гэж түлхэж байхад үйлчлүүлж байсан нэг ахын ширээний ойролцоо ирсэн. Тэр ах “чи болиоч” гэж хэлсэн. Тэр үед миний уур хүрээд “танд ямар хамаатай юм бэ” гэж хэлээд цохих үед сандал дээрээ суусан. Би гараараа нэг цохиж, сандал авч шидсэн... Баарны хамгаалагч болиулж салгаж холдуулсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 45-47 дахь тал/,

- Хохирогч О.Б-н гаргаж өгсөн хохирлын талаарх баримтууд /хавтаст хэргийн 94-106 дахь тал/,

-  Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /53 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 55 дахь тал/, гэрч  С.Б-н мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/, гэрч Г.А-н мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг  шинжлэн судлав.

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн болсон үйл баримтын талаар авч үзвэл: Шүүгдэгч Д.Г 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**” нэртэй бааранд хохирогч О.Б-той үл ялих зүйлээр маргалдаж улмаар хохирогч руу сандал авч шидэж, толгой хэсэгт нь онож түүний эрүүл мэндэд дух, зулай, ясны цөмөрсөн хугарал, хуйханд шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан байна.

Энэ үйл баримтын талаар хохирогч О.Б “...Баар хаах цаг болж хүмүүсийг гаргаж байхад хажууд нэг залуу агсраад байсан. Тэгээд би явах гэж босох үед намайг цохиж, миний толгойг сандлаар цохиж хагалсан...” гэж /хавтаст хэргийн 12-14 дахь тал/, гэрч Г.Д “...Баар хааж байгаа учир бид нарыг гарах шаардлага тавьсан. Тэрнээс болж хэрүүл хийгээд байсан... Сүүлд Д.Г надад баарны сандал авч Б гэх залуугийн дух хэсэгт оносон талаараа хэлсэн...” гэж /хавтаст хэргийн 19-20 дахь тал/, гэрч Д.Ц “...манай бааранд зөөгч хийж байсан Д.Г гэх залуу согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа агсам тавьж тэкен дээр архины шил хагалсан. Би очиж салгаад архины шил цэвэрлэж байтал Д.Г бааранд үйлчлүүлж байсан залуутай маргалдах чимээ гарахаар нь тэр зүгт явж очиход Д.Г сандал авч шидэж, маргалдаж байсан залуугийн толгойноос цус гарч байгаа харагдсан...” гэж /хавтаст хэргийн 22-23 дахь тал/, шүүгдэгч Д.Г “...хамгаалагч намайг гар гэж түлхэж байхад үйлчлүүлж байсан нэг ахын ширээний ойролцоо ирсэн. Тэр ах “чи болиоч” гэж хэлсэн. Тэр үед миний уур хүрээд “танд ямар хамаатай юм бэ” гэж хэлээд цохих үед сандал дээрээ суусан... Би гараараа нэг цохиж, сандал авч шидсэн...” гэж /хавтаст хэргийн 45-47 дахь тал/ тус тус мэдүүлсэн байх ба  хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалбал хохирогч О.Б-н эрүүл мэндэд энэ гэмт хэргийн улмаас хүнд хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн *** дүгнэлт /хавтаст хэргийн 33-34 дэх тал/-ээр нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалттай.

Хэргийн хохирогч О.Б-н эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хүнд хохирол нь шүүгдэгч Д.Г хохирогч О.Б-руу сандал авч шидэн түүний толгой хэсэгт оносон шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан үр дагавар, хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Д.Г--г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Д.Г-г 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” нэртэй бааранд хохирогч О.Б-той үл ялих зүйлээр маргалдаж улмаар хохирогч руу сандал шидэн толгой хэсэгт нь онож хохирогчийн эрүүл мэндэд дух, зулай, ясны цөмөрсөн хугарал, хуйханд шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн мөн прокуророос шүүгдэгч Д.Г-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Д.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

            Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12.000 /арван хоёр мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал дүгнэлт гаргав.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Г-д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүл, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 53 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 55 дахь тал/, гэрч  С.Б-н “...Манай нөхөр Д.Г нь архи согтууруулах ундааны зүйл их хэрэглээд байдаггүй, нэг сарын 1.200.000 төгрөгөөр дээш хэмжээний цалинтай ба ажлын бүтээмжээс хамаарч цалин нь нэмэгддэг...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/, гэрч Г.А-н Д.Г бид хоёр багын найзууд ба ойрын төрөл садангийн хүмүүс юм. Манай найз Д.Г төлөв даруу зантай, нийтэч, тусч хүн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/  зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Г нь эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан,  эрхэлсэн ажилтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдлоо.

Иймд шүүхээс шүүгдэгч Д.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагчийн санал, түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12.000 /арван хоёр мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 /гурван/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Бусад асуудлын талаар:

 “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлон хуульчилжээ.

Хохирогч О.Б-н эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ... Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус  хуульчилжээ.

Хохирогч О.Б нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт нийт 11.220.812 /арван нэгэн сая хоёр зуун хорин мянга найман зуун арван хоёр/ төгрөг нэхэмжилж байх ба үүнээс шүүгдэгч Д.Г нь 3.300.000 /гурван сая гурван зуун мянган/ төгрөгийг нөхөн төлсөн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Б нь ажилгүй байсан үеийн цалин нийт 2.000.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөг, шинжилгээний төлбөр 72.600 төгрөг, эм тариа, хоолны 3.908.212 төгрөг, түгээгчийн цалин 3.240.000 төгрөг, нийт 11.220.812 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч Д.Г нь хохирогчийн нэхэмжилсэн хохирол төлбөрийг хүлээн зөвшөөрч, нөхөн төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгч Д.Гас 7.908.812 /долоон сая есөн зуун найман мянга найман зуун арван хоёр/ төгрөг гаргуулж хохирогч О.Б-д олгохоор шийдвэрлэлээ.

Мөн хохирогч О.Б нь энэхүү гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Г-с жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ. 

         Шүүгдэгч Д.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.4.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

 

                                                    ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С овогт Д-н Г-г “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч Д.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12.000 /арван хоёр мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох  ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Д.Г-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 /гурван/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-с нийт 7.908.812 /долоон сая есөн зуун найман мянга найман зуун арван хоёр/ төгрөгийг гаргуулж, хохирогч О.Б-д олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч О.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Г-с нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээсүгэй.

8.  Шүүгдэгч Д.Г цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ