| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2022/1144/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/88 |
| Огноо | 2023-01-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Сарантуяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/88
2023 01 16 2023/ШЦТ/88
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шийдвэрийн огноо: 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр;
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явагдсан;
Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;
Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;
Улсын яллагч: Б.Сарантуяа;
Хохирогч: Г.М;
Хохирогчийн өмгөөлөгч: Д.Ганхуяг;
Шүүгдэгч: О.Г (өөрийгөө өмгөөлж);
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Цэрэндулам;
Хэргийн дугаар: 2209028592267;
Шүүгдэгч О.Г регистрийн дугаартай: Монгол Улсын иргэн, 1982 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 1, , урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: (Прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр)
О.Г нь ““““ тоотод 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Г.Мгийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж, түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамар зулгаралт, уруулын салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн Прокуророос О.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Г мэдүүлэхдээ: “Хохирогчийн өгсөн мэдүүлэгт Сүхбаатар аймагт зодсон гэж хэлж байна. Би Сүхбаатар аймагт байхдаа Г.Мг зодсон үйлдэл байхгүй. Г.Мд гар хүрэх болсон шалтгаан нь миний 70 настай ээж болон ах, эгч нарыг минь доромжилсон. Тийм учир би гар хүрсэн. Намайг хэл амаар доромжилдог байсан. Би тоодоггүй байсан. Маргалддаг л байсан, би хэзээ ч гар хүрч байгаагүй. Г.Мгийн өгсөн мэдүүлэг бүгд худлаа. Хохирол төлбөр төлж барагдуулна. Гэхдээ эхлээд миний ах, дүү, ээжээс уучлалт гуйх ёстой. 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр би “хүүгээ аваад хүрээд ир” гэж Г.Мг дуудсан. Би Г.Мг “хоноод яваач, би хүүтэйгээ хономоор байна” гэхэд хүүгээ аваад яваад өгсөн. Тэгээд маргалдахад миний ээж, ах дүүсийг “танайхан ийм, тийм” гэж элдвээр хэлж хараасан. Тэгээд би тэсэлгүй араас нь Бэлхэд гэрт нь очоод 2 удаа цохисон. Харанхуй байсан учир хаана нь цохисон гэдгээ санахгүй байна. Би эрүүл байсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.М мэдүүлэхдээ: “2022 оны 10 дугаар сарын 15-ны орой 20 цаг 40 минутын үед О.Г манай гэрт согтуу ирсэн. Өдөр нь над руу элдэв янзын үгтэй мессеж явуулаад дарамтлаад байсан. Тэгэхээр нь би “чи яах гээд намайг ингээд байдаг юм, больчихооч” гэж хэлж байсан. Миний ээж, аавыг “хоноцын шээс, янхан” гэж доромжилсон. Тэгэхэд нь би “танайхан адилхан байж” гэж хэлсэн. Эгч, дүү нар нь миний хүүхдийг О.Гийн хүүхэд биш гээд үгүйсгээд байдаг. Манайд ирээд хашаа давж орж ирсэн. Манай дүүг эхлээд барьж авсан. Тэгээд намайг хараад миний нүүр хэсэгт цохисон. Миний хамар далийсан. Одоо бороолоод эдгэсэн байгаа. Сүхбаатарт болсон асуудал бол би “хүүхдээ харж байгаач” гэж хэлсэн чинь “би архи уулаа” гээд явсан. Шөнө 23 цагийн үед гэртээ ирсэн. Тэгээд би гарч нойл орчоод ирэхэд “чи хэнтэйгээ заваарч яваад ирсэн юм” гээд доромжилсон. Тэгэхээр нь би уурлаад хүүхдээ аваад явах гэхэд миний хүүхдийг дарж хэвтчихээд босохгүй байсан. Тэгэхээр нь би хэд хэд цохисон чинь намайг өшиглөж, жийгээд зодсон. Би хүүхдээ аваад Улаанбаатар руу явсан. Би О.Гийн эгчид энэ талаар хэлэхэд тоохгүй байсан. Надаас нийт 310.500 төгрөг гарсан. Би нялх хүүхэдтэй ажил хийх боломжгүй учир хамрандаа эмчилгээ хийлгэж чадаагүй. Эмнэлэгт очиж эмчилгээ хийлгэх үнэ тариф тогтоолгосон. Хамрын хагалгаа 3.899.400 төгрөгөөр хийлгэнэ. Үүн дээр давтан үзлэг хийгдэх мөнгө нэмэгдэх ёстой. Нэг өдрийн үзлэг 40.000 төгрөг. Мөн хамрын зураг авхуулна гэсэн. Тэдгээрийн төлбөр үүнд багтаагүй байгаа. Шүүгдэгч мөнгө өгвөл хагалгаанд орох ёстой. Би мөнгөө өгөөгүй учир хагалгаанд ороогүй байгаа. Би гомдолтой байна. Миний хүүхдийг үгүйсгээд байгаа учир үргэлжлүүлж шүүхдэнэ. Энэ явдал болсноос хойш 10 хоногийн дараа О.Г манай гадаа ирээд хүүхэдтэйгээ уулзана гээд байсан. Би ээж рүү нь залгаад “энэ хүүхдээ манай эндээс явуул, манай ээжийн бие муу байгаа” гэж хэлэхэд О.Гийн ээж “хохино, хүний хүүхэд гаргачихаад миний хүүгээр тэжээлгэлээ” гэх мэтээр доромжилсон” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Г.Мгийн биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 14289 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 11-12/, хохирогч Г.М /хх-ийн 16-20/, гэрч Л.Эрдэнэчимэг /хх-ийн 22-23/, гэрч Г.Тогтох /хх-ийн 25-26/ нарын мэдүүлэг, Г.Мгийн эрүүл мэндтэй холбоотой баримтууд /хх-ийн 54-55/, О.Гийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 56-59/, О.Гийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 69-71/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон
хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.Г нь 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр .... тоот хашаанд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамтран амьдрагч Г.Мг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Г.Мгийн /хх-ийн 16-20/: “..2021 оны 11 дүгээр сарын 20-ны үеэс Чингэлтэй дүүрэгт байрлах О.Гийн гэрт хоёулаа хамтран амьдарч эхэлсэн. Энэ цагаас хойш бид байнга хэрэлдэж маргалдах зүйл гарах болсон бөгөөд хэрүүл, маргааны шалтгаан нь “наад хүүхэн чинь миний хүүхэд биш, чи намайг ажилд явсан хооронд чи өөр эр манай гэрт авчирч бузарласан гэх зэргээр хардаж хэрүүл маргаан хийсээр байгаад би 2022 оны 05 дугаар сард төрсөн, энэ үед буюу 2022 оны 04 дүгээр сараас 2022 оны 08 дугаар сарын хооронд О.Г нь Сүхбаатар аймагт ажлаар явсан байсан. Хөдөө байх хугацаандаа над руу фейсбүүкээр видео калл хийхгүй болохоор хүүхдээ аваад зочид буудлаас яваад, нүүр аман дээрээ шимүүлчхээд надтай ярихгүй байгаа юм уу, гичий нохой, янхан чинь гэх зэргээр хэл амаар доромжилдог. Ер нь иймэрхүү уг хэллэг байнга хэрэглэдэг. Ингээд бид хэрэлдэж, маргалдсаар 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хамтран амьдарсан. Намайг тэдний гэрээс явсны маргааш буюу 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр миний фейсбүүк чат руу О.Г нь өөрийн гэртээ хамт байсан нүцгэн хүүхний зургийг явуулаад “чамайг надаас нэг мөсөн явахад чинь тус болж байна, би одоо энэ хүүхэнтэй байна” гэж явуулсан байсан. Ингээд 2022 оны 10 дугаар сарын 15-ны өглөө О.Г над руу залгаад хүүхдээ санаад байна, хүүхдээ аваад хүрээд ирээч гэж гуйхаар нь би 12-13 цагийн үед хүүхдээ тэврээд Чингэлтэй дүүрэгт байрлах гэрт нь очоод О.Гийн эгч О.Д болон ээж Н нарт “танай хүү О.Г нь 2022.09.15-ны өдөр гэртээ өөр хүүхэнтэй нүцгэн хэвтэж байсан, над руу нүцгэн хүүхнийхээ зургийг явуулсан” талаар хэлтэл эгч, ээж хоёр нь О.Гийг өмөөрч “чи ч бас адилхан явдалтай юм байж энэ талаар бидэнд хэлээд яадаг юм” гэж хэлэхээр нь би та юу яриад байгаа юм бэ, би та нарт хэлэхгүй өөр хэнд хэлэх юм гэж хэлтэл О.Г нь гэртээ байсан нэрмэл архиа уучаад намайг тэнэг гичий минь миний эгчийн урдаас уурладаг хэн юм гэж хэл амаар доромжлоод байхаар нь би хүүхдээ тэврээд гэрээс нь гараад явсан чинь миний ардаас элдэв мессеж бичээд доромжлоод байхаар нь би утас руу нь залгаад “чи одоо болиоч ямар ядаргаатай юм бэ” гэж хэлтэл миний ээжийг хэл амаар доромжлоод “танай ээж янхан чи хоноцын шээс” гэх мэтээр доромжлоод “...одоо очиж ална” гэж хэлэхээр нь би утсаа тасалсан чинь орой 20 цаг 40 минутын орчим согтуу машинаа жолоодсон хашааны гадна ирээд манай хашааны хаалгыг өшиглөөд байхаар нь би гутлаа углаад гартал хашаа давж орж ирсэн. Тэр үед манай дүү Тогтох ардаас гарч ирсэн чинь О.Г миний дүү Тогтохыг намайг байна гэж андуураад дүүг бариад авахаар нь би “хөөш” гэж хэлтэл над руу хараад миний нүүрэн тус газарт гараараа 2 удаа хүчтэй цохисон чинь хамраас цус гартал манай дүү түүнийг барьж аваад болиулсан. ...Намайг төрсний дараа 2022.07.28-ны өдөр би О.Гийн ээж Н-гийн хамт хүүхдээ авч очоод байрлаж байтал 2022.08.09-ны 23 цагийн үед сэрээд ариун цэврийн өрөө ороод иртэл миний ардаас ирээд чи шөнө хэнтэйгээ заваарч байгаад ирэв гэж хэлээд миний үснээс зулгаагаад толгой руу 2 удаа нударсан. Энэ үед цагдаагийн байгууллагад хандаагүй” гэх мэдүүлгээр,
гэрч Л.Э-гийн /хх-ийн 22-23/: “..2022 оны 07 дугаар сард эхнэр хүүхдээ Сүхбаатар аймагт хүрээд ир гэж дуудчаад охиныг маань шөнө бие засах гээд гарсан хооронд хаагуур яваад ирж байгаа юм гэж загнаж зодсон сурагтай байсан. ... 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 20 цаг 30 минутын үед манай хашааны хаалгыг хүн өшиглөх чимээ гарахаар нь Г.М, Г.Т нар гэрээс гартал О.Г шаал согтуу машинаа бариад ганцаараа ирсэн, хашаа давж орж ирэхээр нь Г.Т дөхөөд очтол түүний нүүрэн тус газар цохих гэхээр нь Г.М нь “хүүш яаж байна” гэж хэлтэл О.Г Г.Мгийн нүүрэн тус газар бөгжтэй гараараа нэг удаа цохисон байсан. ...Г.М “ээжээ О.Г согтуу ирсэн, намайг зодчихлоо” гээд цусаа гоожуулаад уйлаад ороод ирэхээр нь би цагдаа дуудсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Г.Т-ын /хх-ийн 25-26/: “...Би 2022 оны 10 дугаар сарын 15-ны 20 цаг 40 минутын үед .... тоот гэртээ ээж, эгч, дүү нарын хамт байж байтал хашааны хаалга цохиод байх шиг чимээ гарахаар нь би хаалга тайлах гээд гарсан чинь О.Г согтуу хашаа давж орж ирээд намайг Г.Мтай андуураад над руу дайраад цохих гэхээр нь Г.М ардаас нь бариад авсан чинь эргэж хараад Г.Мгийн нүүрэн тус газар нь атгасан гараараа 2 удаа цохиод хамар, амнаас нь цус гарахаар нь би О.Гийг ардаас нь барьж аваад газар унагаасан. Тэр үед О.Г нь Г.М эгчийн хувцаснаас нь зуурчихаад тавихгүй байсан бөгөөд би О.Гийн дээр нь 1 цаг гаран дарж сууж байх хооронд ээж цагдаа дуудаад цагдаад хүлээлгэж өгсөн. Тэр үед Г.М эгчийн хамраас цус гараад тогтохгүй байсан...” гэх мэдүүлгээр,
Г.Мгийн биед “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт зулгаралт, уруулын салстад цус хуралт” бүхий Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 14289 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /xx-ийн 11-12/,
О.Гийн яллагдагчаар мэдүүлсэн /xx-ийн 69-71/: “...2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Г.М манай гэрт хүүхдээ аваад ирэхээр нь би “хоноод яв” гэж хэлтэл “хонохгүй” гэж хэлээд уурлаад явсан. Тэр үед бид хоёр утсаар жаахан хэрэлдэж маргалдаж байх хооронд Г.М нь миний эгч нарыг дандаа хөгшин хүмүүстэй явалддаг, 70 гарсан ээжийг маань хөгшин хүнтэй явалддаг гэж доромжлоод байсан болохоор нь би түүнийг “...чи муу ээжийнхээ гологдол биздээ” гэж хэлсэн. Тэр өдөр Г.М гэртээ харьчихаад ээжийг минь утасны цаанаас янз бүрээр доромжлоод байхаар нь миний уур хүрээд нэг аяга монгол архи уучихаад Г.Мгийн амьдарч байсан гэрт нь өөрийн эзэмшлийн ...машинаа бариад түүнийг зодох гэж очсон. Тухайн үед харанхуй болсон байсан учир хашааны хаалга нь цоожтой байхаар нь хаалгыг нь нүдсэн боловч тайлахгүй байхаар нь хашааг нь даваад орж байтал хадам дүү Г.Тогтох, хамтран амьдрагч Г.М нар урдаас гарч ирэхээр нь би Г.Мгийн нүүрэн тус газар нь бөгжтэй атгасан гараараа 2 удаа цохисон. Тэгсэн хадам дүү Г.Тогтох намайг барьж аваад миний дээрээс дарж байгаад цагдаа дуудаад намайг өгсөн...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
О.Гт холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Г.Мг зодсоныг шүүгдэгч, хохирогч, гэрч нарын хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, О.Г нь Г.Мг зодож хөнгөн гэмтээснийг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний бие махбодод хүч хэрэглэн халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан О.Гийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж О.Гт нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэх байдлаар цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Ингээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч О.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 600 (зургаан зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоов.
Шүүхээс О.Гт тодорхой нийтэд тустай ажил хийлгэхийг даалгаагүй учир нийтэд тустай ажлыг нутгийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагаас баталсан жагсаалтад заасан байгууллагад гүйцэтгэх учиртайг дурдаж байна.
Бусад асуудлаар:
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг
дараах байдлаар шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч нь зайлшгүй эмчилгээ хийлгэх шаардлага гарсан байх тул мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгээр гаргуулах үндэслэл хэмжээ нь тогтоогдсон 4.209.900 төгрөгийг шүүгдэгч О.Гаас гаргуулж хохирогч Г.Мд олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,
37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч О.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гийг 600 (зургаан зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гаас 4.209.900 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Мд олгосугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ