Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/28

 

 

 

 

 

    2022         12         27                                            2023/ШЦТ/28

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Шийдвэрийн огноо: 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр;

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явагдсан;

 

Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;

 

Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ; 

 

Улсын яллагч: Д.Мөнхтогоо;

 

Шүүгдэгч-хохирогч: Б.З (өөрийгөө өмгөөлж);

 

Шүүгдэгч-хохирогч: Б.Б (өөрийгөө өмгөөлж);

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхтуул;

 

Хэргийн дугаар:  ....................;

           

1. Шүүгдэгч Б.Б регистрийн дугаартай: Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, урьд ял шийтгэлгүй,

 

2. Шүүгдэгч Б.З регистрийн дугаартай: Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, , ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, урьд ял шийтгэлгүй.

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:  (Прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

Б.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 30-аас 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ““ пабын орчим хохирогч Б.Б-ийн биед халдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 30-аас 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ““ пабын орчим “хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар хохирогч Б.Згийн биед халдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокуророос Б.З, Б.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

            Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-хохирогч Б.З мэдүүлэхдээ: “Би 2022 оны 10 дугаар сарын 1-ний шөнө ““ пабын гадаа Б.Б, Г нартай таарч мэндэлчихээд такси барих гээд зогсож байхад Б.Б шалтгаангүйгээр маргаан үүсгэсэн. Тэгээд би уурандаа түүнийг хэл амаар доромжилж бид маргалдаж, харилцан зодолдсон. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохирогчийн хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-хохирогч Б.Б мэдүүлэхдээ: “Миний бие ““ ХХК-д 2022 оны 08 дугаар сард ажилд орсон. Тус компанийн шинэ ажилтны танилцах үдэшлэг ““ пабад болсон. Үдэшлэгээс гараад Б.Зтой тааралдсан. Бид хоёулаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир үл ялих шалтгаанаар хоорондоо муудалцсан. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохирогчийн  хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Б.Згийн биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 13555 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-36/, Б.Б-ийн биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 13616 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-38/, Б.Б-ийн эрүүл мэндтэй холбоотой баримтууд /хх-ийн 39/, хохирогч Б.З /хх-ийн 50-51/, хохирогч Б.Б /хх-ийн 56-57/ нарын мэдүүлэг, Б.Згийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 59, 64-66/, Б.Згийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 9-11/, Б.Б-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 60-63/, Б.Б-ийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 20-22/, Б.Б-ийн хүсэлт /хх-ийн 70/, Б.Згийн хүсэлт /хх-ийн 71/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон

хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

2022 оны 09 дүгээр сарын 30-аас 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ““

Айриш” пабын орчим Б.З, Б.Б нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо зодолдож, бие биенийгээ харилцан хөнгөн гэмтээсэн үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

 

хохирогч Б.Б-ийн /хх-ийн 56-57/: “...Тухайн үед би Б.Зтой тааралдаад уулзахад Б.З намайг “Ганбаярын суганы үс” гэх зэргээр хэл үгээр доромжлоод эхэлсэн. Тэгээд би Б.Зтой барьцалдаж аваад хоорондоо зодолдсон. ...Б.З миний нүүрэн хэсэгт олон удаа цохисон...” гэх мэдүүлгээр,

 

Б.Б-ийн биед “зулай, хүзүүний зөөлөн эдийн няцрал, дух, баруун хацар, хүзүү, баруун сарвуу зулгаралт” бүxий Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 13616 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 37-38/,

 

Б.Згийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 9-11/: “...би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба болсон асуудлыг сайн санаж байна. Б.Б гэх залуу намайг цохисон. Би өөрийгөө хамгаалж Б.Бтэй зууралдаж харилцан заамдалцаж ноцолдсон...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Б.Згийн /хх-ийн 50-51/: “...Ганбаяр, Б.Б хоёр миний араас ирээд би Ганбаяртай мэнд мэдэлцэж, Б.Б гэх залуутай үл ойлголцож, улмаар маргалдсан. Б.Б гэх залуутай би ноцолдож, зууралдаж хоёр удаа газар унасан. Ноцолдож зууралдаж байхад Б.Б гэх залуу гараараа миний нүүрэн тус газар маш хүчтэй нэг удаа цохисон...” гэх мэдүүлгээр,

 

Б.Згийн биед “зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, зүүн хацар, цээжинд цус хуралт, баруун нүдний гадна булан, баруун гарын сарвуунд зулгаралт” бүxий Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 13555 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 35-36/,

 

Б.Б-ийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 20-22/: “...Би тухайн үед хамт ажилладаг Ганбаяр гэх найзтайгаа Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн 100 руу гэр рүүгээ ресторанаас гараад алхсан. Тэгээд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр 1 дүгээр сургуулийн урд найз Ганбаяртай алхаж явахад мөн хамт ажилладаг Б.З гэх залуутай тааралдсан. Тухайн үед Б.З ганцаараа явж байсан. Тухайн үед би Б.Зтой тааралдаад уулзахад Б.З намайг “Ганбаярын суганы үс” гэх зэргээр хэл үгээр доромжлоод эхэлсэн. Тэгээд би Б.Зтой барьцалдаж аваад хоорондоо зодолдсон. Бид хоёрын зодооныг Ганбаяр салгасан. Ингээд бид хоёр салаад явцгаасан...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нар өөр хоорондоо зодолдсон болохыг өөрсдөө зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, харилцан зодолдсоны улмаас хэн аль нь гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр тэдний эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Б.З, Б.Б нарын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэдгээрийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Б.З, Б.Б нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд  шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З, Б.Б нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Бусад асуудлаар:

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Б.З, Б.Б нар нь “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Б.З, Б.Б нарыг бие биедээ төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт

заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

 

 шүүгдэгч Б.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-нийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ялаар,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З, Б.Б нар торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Б.З, Б.Б нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.З, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.МӨНХ-ЭРДЭНЭ