Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лоолгойн Нямдорж |
Хэргийн индекс | 204/2018/00004/и |
Дугаар | 04 |
Огноо | 2018-02-21 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 04
“Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Л.Нямдорж, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 145/ШШ2017/00603 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч “Ч ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг дарга, Өвөрхангай аймгийн Уянга сумын 3 дугаар багийн Засаг дарга нарт холбогдох
Гэм хорын хохирол “82888250 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хариуцагч Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг дарга Б.Д-н гаргасан давж заалдах гомдлоор 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн, хариуцагч Б.Д , Т.Х , нарийн бичгийн дарга Г.Дорждулам оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч ХХК-ийн захирал Б.Базарсад шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь өөрийн эзэмшдэг Өвөрхангай аймгийн Уянга суманд байрлах Асгатын дархад нэртэй алтны шороон ордын /10335х/ тоот тусгай зөвшөөрөлтэй талбайд 2014 оны 7 дугаар сард Ашигт малтмалын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраар хайгуулын ажлын төлөвлөгөө батлуулан, Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг дарга П.Баатараар байгаль хамгаалах нөхөн сэргээх төлөвлөгөө батлуулж Ашигт малтмалын газарт талбайн төлбөр болох 45.888.250 төгрөг тушаан хайгуулын ажлаа явуулах гэтэл Уянга сумын Засаг дарга П.Баатар, 3-р багийн Засаг дарга Т.Х нар тусгай зөвшөөрөлтэй /10335х/ талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан хууль бус шийдвэр гарган хориглож бидний ажлыг 1 жил бүтэн зогсоосон тул Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн шүүхэд гомдол гарган тэдний захиргааны акт нь хууль бус болохыг тогтоолгосон. Монгол Улсын Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-т ...үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөнд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэсэн байх тул учруулсан хохирол болох 2014 оны тусгай зөвшөөрлийн төлбөр 45.888.250 төгрөг, эрх зүйн туслалцаа иргэн Б.Наранхүүгээс авсны хөлс 3.000.000 төгрөгийг буруутай этгээдүүдээс гаргуулна. Гарсан зардал ирж очих машины түлш, хоол, буудлын зардлыг нэхэмжлэхгүй орхисон. Зөвхөн лицензийн мөнгөө нэхэмжилж байгаа. Усны тухай хууль зөрчсөн гээд байна. Захиргааны хэргийн шүүх дээр Байгаль орчны яам, Ашигт малтмалын газар, Усны газраас зурган мэдээллийн бүх тайлбарыг авдаг. Манай компанийн тодорхой заагдсан талбай ямар нэгэн тусгай хэрэгцээнд ороогүй талбай. Гэтэл эдгээр хүмүүс тусгай хэрэгцээнд орсон гэхээр нь ямар тогтоол байдаг юм бэ? гээд харах гэхээр надад гаргаж өгдөггүй байсан. Шүүхэд гомдол гаргаж байж тогтоолыг авчруулсан. Энэ талаар захиргааны хэргийн шүүхэд хандсан 10 сард захиргааны хяналтын шатны шүүхээр орж энэ тогтоол нь хүчин төгөлдөр бус байна гэсэн тогтоол гарсан. Үнэхээр их гомдолтой байна. Д , Х нар нь нааш цаашаа яваад хүндрэлтэй байна гэж хэлж байна. Та хоёр 60 км зайнаас ирж очдог бол би 430 км зайнаас ирж очдог. Миний ойлгож байгаа юм бол хуулийн хүрээнд хэн хэн харьцаж ажиллах байх гэж боддог. Хариуцагч нартай хувийн өс хонзон байхгүй. Уянга суманд надаас өөр зөндөө асуудал болж байдаг, одоо Уянга сумын тусгай бүсэд олон компани ажиллаад л байгаа. Би хайгуул тавьж үзье гэхээр хориглодог, бусад компаниуд нь ухаж байгаа. Энэ ямар учиртай юм бол үүнийг ойлгохгүй байна гэжээ.
Хариуцагч Б.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2016 оны 11 дүгээр сарын 22-нд Уянга сумын Засаг даргаар томилогдсон. Түүнээс өмнө Уянга сумын Засаг дарга байсан Баатар даргын үед болсон асуудал юм билээ. Хавтаст хэрэг болон бусад баримттай танилцаж байхад “Ч ” ХХК нь 2013 онд хайгуул хийгээд 2014 онд Уянга сумын Засаг дарга Баатараар ажлын төлөвлөгөөгөө батлуулаад 8-10 саруудад хайгуулын ажлаа хийгээгүй. 11 сард хийх гэж очоод Сумын засаг даргаар батлуулсан хайгуулын ажлынхаа 450 м тууш өрөмдөнө гэсэн төлөвлөгөөний дагуу ажлаа хийлгүй. Батлуулсан төлөвлөгөөгөө зөрчиж эксковатороор хайгуул хийсэн юм байна лээ. Үүнийг ард иргэд эсэргүүцэж мэдээлэл өгч Х дарга, байгаль орчны байцаагч нар очиж уулзсан юм билээ. Ард иргэдийн хүчтэй тэмцэлтэй тулгарч буцаж явах замд буюу даваан дээр таарсан байдаг. Яг газар дээр нь очиж зогсоосон зүйл байхгүй юм байна гэж ойлгосон. Сумын засаг дарга эрх бүхий албан тушаалтан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан нутаг дэвсгэрт нь газар ашиглах, эзэмших, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хууль тогтоомжид заасан үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих ажлыг зохион байгуулж, гарсан зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авч болно гэж заасан байдаг. Үүний дагуу Баатар даргаар батлуулсан төлөвлөгөөний дагуу хайгуулын ажлаа явуулаагүй учраас үйл ажиллагааг нь зогсоосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах боломжгүй гэжээ.
Хариуцагч Т.Х шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тухайн өдөр 2016 оны 11 дүгээр сарын 27, 28-ны үед байсан. Хайгуулын ажлын төлөвлөгөөг Уянга сумын Засаг дарга Баатар даргаар 7 сард батлуулсан байж 11 сард гадаа уул уурхайн үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй байхад үйл ажиллагаагаа явуулсан нь нэг талын сөрөг үр дагавар авчирсан гэж хардаг. “Ч ” ХХК нь тухайн үед аж ахуй нэгжийн “Агсат дархад” нэртэй хайгуулын талбайд хайгуул явуулсан уу? явуулсан. Урд жилд нь манай баг ард иргэд нь хамтарч дэмжиж ажилласан нь харагдаж байгаа. Хэд хэдэн шруф ухчихаад хамгийн сүүлд нь ганц булгын усыг ухах гэж байгаад ард иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан. Энэ компанийн аж ахуйн бүхий л талбайг дуртай газраа ух гэсэн хуулийн үндэслэл байхгүй. Усны эх ундарга, түүхийн археологийн олдвортой газар, ой мод газар байвал битгий ухаач үүнийг Ашигт малтмалын болон Усны тухай хуулиар хорьж байгаа шүү гээд заагаад өгчихсөн байтал санаатайгаар шөнийн 11, 12 цагийн үед эксковатороор газар ухах гэж байсан. Намайг согтуу байсан гэдэг. Тухайн үед би амарч байсан. Тэгээд ард иргэдээс дуудлага ирэхээр нь босоод явсан. Би тэгж орондоо архи уудаг хүн биш. Өвлийн cap эхэлчихсэн. Хүрзээр ч газар ухах боломжгүй байхад ийм үйлдэл хийсэн нь хууль зөрчсөн асуудал байсан. 2014 оноос хойш дандаа “Ч ХХК-ийн талд шийдвэр гарсан юм биш. Сая Улсын Дээд Шүүх 2007 оны тогтоолыг үндэслэж буруу шийдвэр гарсан. Дийлэнх захиргааны, иргэний хэрэг дээр нааштай шийдвэр гарч байсан. Энэ нь нэг талыг харуулж байгаа. Х , Д нар нь хууль зөрчөөгүй. Энэ талбайн зарим хэсэг дээр ухаж болохгүй гэсэн зүйлийг шөнийн 12 цагт ард иргэд амарч байдаг үед очиж ухах гэсэн сэдэл нь зөрчил юм. Энэ зөрчлийг нь би Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т заасныг баримталж зогсоосон юм. Мөн иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан юм. 12 цагийн үед хөдөөний ард иргэд амарч байдаг. Би ч гэсэн амарч байсан. Ард иргэдээс дуудлага авч тухайн үед цагдаа, байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч нартай хамт явсан. Бид нар яг үйлдэл дээр нь очиж зогсоогоогүй юм. Ард иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад өөрсдөө буцаад явж байсан. Би нэгжийн хуулин дээр ажлын байрны тодорхойлолтонд зааснаар нилээд хэдэн үүрэг, чиглэл хүлээдэг. Би багийн иргэдийн хурлаас гарсан тогтоол,шийдвэрийг биелүүлэх ёстой. 2013 оны 06 дугаар сарын 08 юм уу, 08 дугаар сарын 06-нд юм уу? би огноог нь сайн санахгүй байна. Энэ хурал дээр танай асуудал яригдсан. “Ч ” ХХК хайгуул хийгээд байна. Үүнийг цаашдаа яах юм бэ? гэж яригдсан. Хурлын тэмдэглэл байгаа. Базарсад гуай хурлаа 7 хоног хойшлуулж та ирж хурал дээр суу гэж 3, 4 удаа хэлж байсан. Үгүй гээд ирдэггүй. Дараа нь үл ойлголцох байдал үүссэн. Энэ нэг талаараа төрийн албан хаагчдын хууль зөрчсөн асуудал биш. Нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа нэхэмжлэлийн шаардлага болох мөнгөн дүн нь үндэслэлгүй. Энэ мөнгийг Уянга сумын ард иргэд аваагүй. Тэр нэхэмжлээд байгаа мөнгийг бид нар төлөх субъект биш. Бид нар ч байтугай төр ч татвар төлөгчдийн мөнгийг хэн нэгний ажлаа буруу хийсэн гэж хэлэгдэж төрийг хохироох үндэслэл байхгүй. Адъяасүрэн өмгөөлөгч төрийн сангаас гарна, та нараас гарахгүй гэсэн. Хэнээс ч гардаг байсан Ч ХХК-ийн үйлдлийг маш буруу гэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэжээ.
Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Уянга сумын Засаг даргын тамгын газраас 45.888.250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 37000000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргын тамгын газраас 387391 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 727350 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагч Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг дарга Б.Д давж заалдах гомдолдоо:
Ч ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг дарга, тус сумын 3 дугаар багийн Засаг дарга нарт холбогдох иргэний хэргийг Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 145\ШШ2017\00603 тоот шийдвэрээр нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ “Ч ” ХХК-ийн 2014 онд хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайдаа хайгуулын ажил хийлгээгүй, Уянга сумын Засаг дарга П.Баатар манай компанийн хайгуулын ажлыг түтгэлзүүлсэн гэх 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн а\25 тоот албан бичгийг дутуу хянасан гэж үзэж байна. Дээрх албан бичиг нь Ашигт малтмалын газарт хаяглаж явуулсан байх бөгөөд ямар нэгэн үйл ажиллаагааг зогсоосон тухай шинж агуулсан, захирамжилсан шийдвэр биш юм. Төрийн байгууллага хоорондын харилцах албан бичиг байсан болно. Нэхэмжлэгч “Ч ” ХХК-ний үйл ажиллагааг зогсоосон гэх 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/25 тоот албан бичиг нь 2015 оны 02 дугаар сард ашигт малтмалын газарт явуулсаныг 2014 онд бидний хайгуулын ажлыг зогсоосон гэж тайлбарласан нь үндэслэлгүй гэж үзэж байна. “Ч ” ХХК нь Асгатын Дархад нэртэй алтны шороон ордны \10335Х\ тоот тусгай зөвшөөрлийн тайлбайдаа 2013, 2014 онуудад хайгуулын ажил явуулсан нь Ашигт малтмалын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраар хайгуулын ажлын төлөвлөгөө батлуулж Уянга сумын Засаг даргаар батлуулсан. Байгаль хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөө болон хайгуулын ажил явуулсан зэрэг баримтаар нотлогдож байна. “Ч ” ХХК-ны Ашигт малтмалын газарт төлсөн 45888250 төгрөг нь тусгай зөвшөөрлийн талбай эзэмшсний төлбөр тул хайгуулын ажил хийсэн, хийгээгүйгээс үл хамаарч төлөх төлбөр юм. Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална. Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө. Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшвөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө гэж заасан байна. Иймээс Уянга сумын Засаг даргын Тамгын газар нь дээрх төлбөр 45888250 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Уг албан бичгээр “Ч ” ХХК-ны ашигт малтмалын хайгуулын \ХҮ10350Х\ дугаартай тусгай зөвшөөрлийн 4843,62 га талбай бүхий Асгатын Дархад нэртэй газарт хайгуулын үйл ажиллагаа явуулах эрхийг хүчингүй болгож шийдвэрлээгүй. Харин “Ч ” ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий 4843,62 га талбайг тусгай хэрэгцээнд авсан тул цаашид үйл ажиллагаа явуулахыг түтгэлзүүлж өгөхийг хүссэн гэдгийг мэдэгдсэн байх тул үүнийг захирамжилсан шийдвэр гаргасан, захиргааны акт байна гэж үнэлэх боломжгүй байна гэж Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 23 тоот шийдвэрээр шийдвэрлэсэн байна.
Дээрх шүүхийн шийдвэрээс харахад Уянга сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн а\25 тоот дугаартай албан бичиг нь “Ч ” ХХК-ийн үйл ажиллагааг түтгэлзүүлсэн гэх үндэслэлгүй тул Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 145\ШШ2017\00603 тоот шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтын дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон, маргааныг шийдвэрлэхдээ зохигчдын хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч “Ч ” ХХК нь Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг дарга болон Өвөрхангай аймгийн Уянга сумын 3 дугаар багийн Засаг дарга нарт холбогдуулан гэм хорын хохирол 82888250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хариуцагч нар үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзвэл дараах нөхцөл байдлууд тогтоогдож байна.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.” гэж заасан байдаг. Хариуцагч Уянга сумын Засаг дарга нь хууль бус захиргааны тогтоолоор хүчин төгөлдөр хайгуулын тусгай тусгай зөвшөөрлөөр олгогдсон хайгуулын талбайд үйл ажиллагаа явуулах нэхэмжлэгчийн эрх хориглогдож, улмаар эрх зүйн нөлөөлөл үүссэн болохыг Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2017 оны 08 сарын 27-ны өдрийн 330 дугаартай тогтоолоор тогтоогдсон байна. /хавтаст хэргийн 113-117 дугаар хуудас/ Хариуцагч Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 23 тоот шийдвэрийн үндэслэн “Уянга сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн а\25 тоот дугаартай апбан бичиг нь тухайн аж ахуйн компанийн үйл ажиллагааг хязгаарласан албан бичиг биш бөгөөд Ашигт малтмалын газарт хүргүүлсэн тодорхойлолт юм. Уг албан бичгээр “Ч ” ХХК-ны ашигт малтмалын хайгуулын \ХҮ10350Х\ дугаартай тусгай зөвшөөрлийн 4843,62 га талбай бүхий Асгатын Дархад нэртэй газарт хайгуулын үйл ажиллагаа явуулах эрхийг хүчингүй болгож шийдвэрлээгүй” гэжээ. Гэтэл гэрч Д.Оюунчимэг /хавтаст хэргийн 105-106 дугаар хуудас/, Л.Баярсайхан /хавтаст хэргийн 119-120 дугаар хуудас/ нар Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан газар байсан тул үйл ажиллагааг нь зогсоох шаардлага тавьсан талаар мэдүүлжээ. Мөн “Ч ”ХХК нь булгийн эхэнд хайгуулын ажил хийж Усны тухай болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн гэх боловч ямар нэртэй газар өрөмдлөг хайгуулын ажил хийсэн болохыг хариуцагч баримтаар нотолж чадаагүй байна.
2. Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч “Уянга сумын 3 дугаар багийн засаг дарга Т.Х нь тус компаний үйл ажиллагааг зогсоосон гэж байгаа боловч 2013 оны 11 сарын 12-нд тухайн орон нутгын иргэдийн шаардлагаар ажлаа зогсоосон бөгөөд хариуцагч Т.Х тухайн үед байгаагүй болох нь гэрч нарын мэдүүлгээр /хавтаст хэргийн 105-106, 119-120 дугаар хуудас/ тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүх Уянга сумын 3 дугаар багийн Засаг даргын гэм буруугийн асуудал хангалттай нотлогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд үүссэн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд нотлох баримтад тулгуурлан дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс үгүйсгэх үндэслэлгүй байх тул хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хариуцагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 145/ШШ2017/00603 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭБИЛЭГ
ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ
Г.УЛАМБАЯР
|
|