Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2025/0216

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Г” СӨХ-ны нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөншагай

Нэхэмжлэгч: “Г” СӨХ

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар

Гуравдагч этгээд: “Ж” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Ж” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Баруун сэлбийн гудамж, 26-р байр, 1-р давхрын 20 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2202021*** дугаартай бүртгэл, мөн давхрын 30 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2202021*** дугаартай бүртгэлийг хүчингүй болгож, “Г” СӨХ-ны нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2024/0025 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галцэцэг

Хэргийн индекс: 128/2024/0628/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Г” СӨХ нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Ж” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Баруун сэлбийн гудамж, 26-р байр, 1-р давхрын 20 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2202021*** дугаартай бүртгэл, мөн давхрын 30 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2202021*** дугаартай бүртгэлийг хүчингүй болгож, “Г” СӨХ-ны нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2024/0025 дугаар шийдвэрээр: Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.1, 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 13.5.5, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.8, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэлийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Ж” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Баруун сэлбийн гудамж, 26-р байр, 1-р давхрын 20 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2202021*** дугаартай бүртгэл, мөн давхрын 30 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2202021*** дугаартай бүртгэлийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох “Г” СӨХ-ны нэд дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “Шүүхээс маргаан бүхий талбайд очиж үзлэг хийж дээрх үл хөдлөх хөрөнгүүд нь хэрхэн байршиж байгаа, бусдын эрх ашигт хор хохирол учруулахгүй, нийтийн эзэмшлийн талбайн хэсэгт хамааралгүй болохыг шүүгч биеэр үзэж, холбогдох нотлх баримтыг цуглуулан хавтаст хэрэгт хавсаргасан боловч шийдвэр гаргасан шүүгч үзлэгээрээ бодитоор үзсэн, баримтыг огт хэрэгсэлгүй захиргааны хэрэг үүсгэсэн нэхэмжлэлийн шаарлдага маргааныг шийдэлгүй, дүгнэлгүй орхигдуулсан.

3.1. Бидний зүгээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан шаардлагыг хэрэгжүүлэх, архивын зураг болон манай байгууллагын одоо ашиглаж байгаа хэмжээгээр талбайн хэмжээг шинэчлэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж нийтийн эзэмшлийн талбайн хэмжээг тодорхой болгох тухай шүүхийн шийдвэр агрна гэсэн хүлээлттэй байсан боловч бидний өмч хөрөнгийг үнэгүйдүүлсэн, бодит байдалтай үл нийцсэн шийдвэр гаргасанд үнэхээр гомдолтой байна.

3.2. Хэргийг анхнаас нь хариуцан ажиллаж байсан, хавтаст хэргийн материал, бичгийн нотлох баримтуудыг бодитоор үнэлж мэдэх шүүгч хэрэг шийдвэрлээгүй нь хувь хүний өмч хөрөнгийг үнэгүйдүүлэх үндэслэл болжээ

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2024/0025 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “Г” СӨХ-оос “Ж” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Баруун сэлбийн гудамж, 26-р байр, 1-р давхрын 20 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2202021*** дугаар бүртгэл, мөн давхрын 30 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2202021*** дугаар бүртгэлийг хүчингүй болгож, “Г” СӨХ-ны нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргажээ.

3. Хэргийн үйл баримтын тухайд:

3.1. “Гандирс” ХХК анх 2008 онд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Гандирс цогцолбор” нэртэй барилгыг барьж, 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр тус барилгын 1 дүгээр давхрын 50 м.кв талбайг гуравдагч этгээд “Ж” ХХК-д худалдаж, улмаар уг компани дээрх 50 м.кв талбайгаас 20 м.кв талбайг эрхийн улсын бүртгэлийн Ү-2202021*** дугаарт, 30 м.кв талбайг эрхийн улсын бүртгэлийн Ү2202021830 дугаарт тус тус бүртгүүлж, №0003172**, №0003172** тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авчээ.

3.2. Нэхэмжлэгч “Г” СӨХ нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Баруун сэлбийн гудамж, 26 дугаар байрны оршин суугчдын 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн бүхий гишүүдийн хурлын шийдвэрээр байгуулагдаж, Чингэлтэй дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэгдэж, гэрчилгээ авсан байна.

4. Хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараахь эд хөрөнгө хамаарна”, 15.1.1-д “орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээших бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө” гэж заасан.

4.2. Дээрх хуулийн заалтаас үзвэл маргаан бүхий Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Баруун сэлбийн гудамж, 26 дугаар байрны 1 давхрын 2 хувааж бүртгэгдсэн 50 м.кв талбай нь шатны хөндий, лифт, зочны өрөөний зориулалттай буюу нийтийн эзэмшлийн зориулалттай талбай болох нь хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбар, шүүхээс маргаан бүхий байранд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.

4.3. Хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхий эрхийн улсын Ү-2202021***, Ү-2202021*** дугаартай улсын бүртгэлүүдийг хийх үндэслэл болсон “Ж” ХХК-иас мэдүүлэгтээ хавсаргаж өгсөн “1-р давхрын байгуулалт М1:100” план зураг нь уг барилгын зураг төслийг хийж гүйцэтгэсэн “Автор” ХХК-ийн ажлын зургаас зөрүүтэй буюу маргаж буй Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Баруун сэлбийн гудамж, 26 дугаар байрны 1 давхрын 20 м.кв, 30 м.кв талбайнууд нь орон сууцны байшингийн дундын өмчлөлд хамаарах байдлаар зурсан байхад гуравдагч этгээд “Ж” ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн нь хууль бус байна.

4.4. Түүнчлэн, хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар” 34 дугаартай албан шаардлагад “... “Ж” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 40, 50 мянгат хороолол, Баруун Сэлбэ гудмж, 26 дугаар байр, 1 дүгээр давхрын 20 м.кв талбайтай эрхийн улсын Ү-2202021*** дугаар бүртгэл, мөн давхрын 30 м.кв талбайтай эрхийн улсын Ү-2202021*** дугаарт бүртгэлд авагдсан нотлох баримт нь Архивын ерөнхий газрын Үндсэний төв архивын 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 02/1059 дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлсэн зураг төслийн “А” ХХК-ийн ажлын зургаас зөрүүтэй бүртгэгдсэн нь тогтоогдсон ... Шаардах нь: ... дугаар бүхий улсын бүртгэлийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн бүртгүүлж, зөрчлийг арилгах” гэж дурьдсанаар мөн хуульд нийцээгүй болох нь тогтоогдсон байна.

4.5. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.14-д “Улсын бүртгэгч энэ хуулийн 7.13-т заасны дагуу улсын бүртгэлийн байгууллагад эх хувиар ирүүлсэн баримт бичгийг цахим хэлбэрээр илгээсэн баримт бичигтэй тулган нягталж ...”, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Улсын бүртгэгч дараах үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзана” гээд 8.1.3-д “хуульд заасан журмын дагуу мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийн бүрдэл дутуу, засвартай, эсхүл мэдээлэл нь зөрүүтэй” гэж заасан үүргээ биелүүлэлгүй, нийтийн эзэмшлийн талбайг хуулийн этгээдийн өмчлөлд бүртгэсэн нь буруу. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

5. Мөн анхан шатны шүүх Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасны дагуу маргаан бүхий Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Баруун сэлбийн гудамж, 26 дугаар байрны 1 давхрын 50 м.кв талбай нь нийтийн эзэмшлийн зориулалттай талбайд хамаарч байх тул нэхэмжлэгч “Г” СӨХ-ны нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

5.1. Шүүхийн шийдвэрийн энэ хэсгийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

6. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... хэргийг анхнаас нь хариуцан ажиллаж байсан, хавтаст хэргийн материал, бичгийн нотлох баримтуудыг бодитоор үнэлж мэдэх шүүгч хэрэг шийдвэрлээгүй нь хувь хүний өмч хөрөнгийг үнэгүйдүүлэх үндэслэл болжээ” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

6.1. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2024/0025 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Т.ЭНХМАА

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ