Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 134

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга О.Болормаа,

            Улсын яллагч С.Энхтуул,

            Шүүгдэгч Ц.Дэшигсүрэнжав, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Цэвэлраднаагийн Дэшигсүрэнжавт холбогдох 201625031545 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1975 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 41 настай, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж, 51 дүгээр байрны 9 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Шарнууд овогт Цэвэлраднаагийн Дэшигсүрэнжав (РД:ЧМ75122415),

            нь (сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд) 2016 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжидийн зусланд иргэн Э.Болормааг эзэмшил газарт нэвтэрч хулгай хийлээ гэх шалтгаанаар Э.Болормааг үсдэж унагаан биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед яллах, цагаатгах болон бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс мэдүүлэхдээ:-Хэрэг бүртгэлтийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй гэв.

            Ц.Дэшигсүрэнжаваас хэрэг бүртгэлтэд сэжигтнээр мэдүүлэхдээ:-2016 оны 7 дугаар сарын 13-ны өдөр нар жаргахаас өмнө хадам аав Эрдэнэчулуун, хадам ээж Буянжаргал нарын хамт өөрийн эзэмшлийн Өвөргүнтэд байрлах зуслангийнхаа гэрт очсон. Тухайн үед баяр наадам болсон байсан учраас бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэртээ харьсан. Биднийг гэрт зуслан дээрээ очиход манай зуслангийн байшингийн үүдний тамбар дээрээс хүн гарч ирсэн. Манай зуслангийн байшинд өмнө нь 3 удаа хулгай орж байсан болохоор би хулгайчийг бариад авлаа гэж бодсон. Тухайн үед би өөрөө нилээд согтолттой байсан бөгөөд нэг хүн хашаа даваад явчих шиг болсон. Нэгийг нь бариад авлаа гэж согтуугийн ухаанаар бодсон. Миний барьсан хүн эмэгтэй хүн байх шиг байсан. Тэгээд хадам аав, ээж намайг салгаад гэр рүү оруулсан. Тэгээд цагдаа хүрч ирээд надтай уулзсан. Болсон үйл явдлын талаар сонсчихоод явсан. Дараа нь нөгөө цагдаа нар эргэж хүрч ирээд намайг авч явж эрүүлжүүлсэн. Миний барьж авсан хүн манай дээд айл буюу ертөнцийн зүгээр баруун талын айлын хүн байсан юм байна лээ. Би тэрийг нь тухайн үед мэдээгүй сүүлд нь мэдсэн юм. Би тэр хүнийг цохиж зодоогүй. Манай хадам аав зэрэгцээд явж байсан болохоор намайг шууд салгаад гэр рүү оруулсан. Би хулгайчийг барьж авч байна гэж бодсон гэхдээ би үсдэж унагаасан байх гэж бодож байна гэжээ.

            Хохирогч Э.Болормаагаас хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ:-2016 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 12 цагийн орчимд өөрийн төрсөн дүү болох Э.Золжаргалын Өвөр гүнтийн зусланд би өөрийн ээж болон бага хүү Хантүшиг нарын хамт очсон. Очоод манай дүүгийн ард шинээр барьж байгаа байшингийн хашааг бариад байж байтал манай хүү Хантүшиг зүүн талын айлын хашаанд орчихсон тоглож байсан. Тэгээд би дүүгийнхээ хоёр хүүхдийг дагуулж очоод Хантүшигийг авах гэтэл нөгөө айлын тамбар дээр хүүхдийн жижиг савлуур байсан бөгөөд манай хүүхэд тэр савлуур дээр сууна гээд уйлаад байхаар нь би нэг суулгачихаад яг байшингийнх нь тамбараас уруудаад шатаар нь бууж байтал тэр гэрийн эздүүд нь ирсэн. Эхлээд машинаас 50 орчим насны эмэгтэй бууж ирээд та нар хулгай зэлгий хийх гэж байна, эзэнгүй айлд юу хийж байгаа юм бэ, хулгайч гээд орилоод байхаар нь би хүүхдээ тэврээд уучлаарай эгчээ гэсэн чинь машины арын хаалганаас нэг нүдний шилтэй залуу бууж ирээд ална хядна хулгайч гэж орилоод миний толгойн зүүн хэсэг рүү гараараа 3-4 удаа цохьсон. Тэгээд би хүүхдээ тэвэрсэн байдалтай газар унасан. Тэгтэл тэр нүдний шилтэй залуу намайг үсдээд чирсэн чинь цуг явсан хүмүүс нь болиулсан. Тэгээд баруун талаас манай гэрийнхэн хүрч ирээд цагдаа дуудсан гэжээ.

            Гэрчүүдээс хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ:

            1.О.Баяраагаас:-2016 оны 7 дугаар сарын 13-ны өдөр намайг хашаа барьж байхад манай дүү нарын хүүхэд наагуур цаагуур тоглоод гүйж байсан. Манай эхнэр хүүхдээ тэвэрчихсэн явж байсан. Тэгтэл нэг 55 орчим насны эгч орилж чарлаад манай хашаанд орлоо гээд орилоод байхаар нь анхаарал хандуултал манай дүү нарын хүүхэд болон манай эхнэр хүүхдээ тэвэрчихсэн айлын хашаанд зогсож байсан. Тэгтэл нэг нүдний шилтэй залуу гарч ирээд эхнэр рүү дайраад манай эхнэрийн үснээс нь татаад унагаачихсан. Тэгээд тэр залуу манай манай эхнэрийг үсдээд чирсэн бөгөөд цаанаас нь нэг настай ах гарч ирээд салгасан. Тэгээд тэр настай эмэгтэй орилж чарлаад айлын хашаанд зөвшөөрөлгүй орж ирлээ гээд орилоод байсан. Нөгөө залуу болохоор ална тална л гээд байсан. Бид нар тухайн үед уучлаарай миний буруу гэж хэлж ярьсан боловч ойлгоогүй. Энэ хооронд бид нар тэр айлын хашаа руу давж очоод цагдаа дуудсан гэжээ.

            2.Ц.Батдуламаас:-2016 оны 7 дугаар сарын 13-ны өдөр бид нар Золжаргалын зуслангийн хашааг барьж байхад үдээс хойш 19 цагийн орчимд манай зээ хүү 1 нас 6 сартай Түшиг айлын хашаанд орчихсон тоглож байсан. Тухайн үед Болормаа хүмүүсийн хоол хийж байсан болохоор Болормааг хүүхдээ аваарай гэж хэлчихээд байж байсан. Манай доод айлын хүмүүс нь машинтай ирж байсан. Тэгээд манайхан хүүе хаая гээд орилолдсон бөгөөд юу болов гээд хартал доод айлын залуу манай охин Болормааг үсдчихсэн чирч байсан. Болормаа болохоор хүүхдээ тэвэрчихсэн бөгтийгөөд газар унасан байдалтай байж байсан бөгөөд бид нарыг тийшээ очих хооронд тэр залуутай хамт явсан настай эрэгтэй Болормаагаас тэр залууг холдуулсан. Тухайн үед тэр айлын хүмүүс бид нарыг хулгайчаар нь дуудаад байсан. Бид нар юм алга болсон юм уу цагдаа дуудаж шалгуулна гээд цагдаа дуудсан гэжээ.

3.Б.Ариунтөгсөөс:-Манай доод айлын хашаанд манай хүүхдүүд тоглодог байсан. Мөн доод айлын хүүхдүүд ч гэсэн манай хашаанд орж ирж тоглодог бөгөөд орой 19 цагийн орчимд манай хадам эгч Болормаагийн хүүхэд болох Хантүшиг доод айлын хашаанд орчихсон байсныг нь Болормаа эгч хүүхдээ авах гээд айлын хашаа руу орсон. Тэгтэл гэнэт хүн орилоод байсан. Юу болов гээд хартал манай хадам эгч Болормааг хүүхдээ тэвэрчихсэн байхад нь доод айлын нүдний шилтэй залуу нилээд согтуу, үгийн зөрүүгүй Болормаа эгчийг цохиж унагаагаад үсдэж чирсэн. Тэгээд настай эрэгтэй, эмэгтэй болон тэр залуутай хамт явсан хүмүүс тэр залууг Болормаа эгчээс салгасан. Тэгээд тэр залуу ална шүү гээд орилоод байсан гэжээ.

4.Д.Эрдэнэчулуунаас:-2016 оны 7 дугаар сарын 13-ны өдөр хөгшин бид хоёр хүргэн Дэшигсүрэнжавыг авсан. Дэшигсүрэнжав тухайн үед бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд бид нар өвөр гүнтийн зусланд гэртээ очиход манай зуслангийн байшингийн хашааны хаалга онгорхой тамбар дээр 2 эмэгтэй 3 хүүхэд байж байсан. Тухайн үед бид нар хоногоор явахааргүй байсан болохоор хүүхдийн савлуур, унтдаг матрас, ширээгээ оруулалгүй үлдээсэн байсан. Тэгтэл тэр эмэгтэй хүүхдүүдээ савлуур дээр тоглуулсан юм уу гэмээр байдалтай байсан. Манай байшинд энэ үйл явдлаас өмнө 2-3 удаа хулгай орсон бөгөөд тэр хүнийг юун хүмүүс вэ ямар учиртай хашаанд явж байгаа юм бэ гэсэн чинь тэр эмэгтэй хүүхдүүдээ дагуулаад байшингийн урд байдаг элсний орчимд ирэхэд нь манай хүргэн Дэшигсүрэнжав нөгөө эмэгтэйг хүүхдээ тэвэрсэн байхад нь үсдээд түлхсэн. Би тухайн үед машин барьж байсан болохоор машинаа байрлуулчихаад Дэшигсүрэнжавыг араас нь тэврээд гэр рүү оруулсан. Тэгээд нөгөө эмэгтэйгийн гэр бүлийн улсууд ирээд хэрүүл маргаан болсон бөгөөд би Дэшигсүрэнжавыг эмэгтэй хүнд гар хүрлээ гэж загнасан гэжээ.

5.Ч.Буянжаргалаас:-2016 оны 7 дугаар сарын 13-ны өдөр манай хөгшин бид хоёр Жигжид зуслангаас хүргэн Дэшигсүрэнжавыг авсан. Дэшигсүрэнжав тухайн үед нилээд согтолттой байсан бөгөөд бид нар цаашаа өвөр гүнтийн зуслан руу очсон. Гэртээ очиход манай зуслангийн байшингийн хашааны хаалга онгорхой үүдний тамбар дээр 1 эмэгтэй 3 хүүхдийн хамт бужигналдаад байж байсан. Тэгээд би машинаас буугаад та нар яаж байгаа юм бэ гэсэн чинь тэр хүүхэн яасан сүртэй юм бэ гэхээр нь би уурлаад эзгүй айлын хашаа руу та нар орлоо гээд байж байтал
Дэшигсүрэнжав машинаас бууж ирээд шууд та нар яаж байгаа юм бэ гээд нөгөө хүүхнийг үсдээд авсан. Тэгтэл манай нөхөр Дэшигсүрэнжавыг барьж аваад тамбар руу оруулсан. Тэгтэл дээрээс тэр эмэгтэйгийн гэр бүлийн баахан улсууд ирсэн. Тэгээд хэсэг маргалдаад тэр хүмүүс цагдаа дуудсан. Тэр эмэгтэйгийн өөрийнх нь буруу бид нар өөрсдөө ч гишгэдэггүй нялх хүүхэд мөлхдөг хулдаасан дээр, мөн ширээ болон үүдэнд байдаг орон дээр баахан гишгэлээд хаячихсан эзгүй айлын тамбар дээр гарч бүдүүлэг авир гаргачихаад одоо ийм байдалд хүргэж байгаад миний хувьд буруу гэж үзэж байна гэжээ.

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016.7.15-ны ¹9930 тоот актын дүгнэлтэд:

1.Болормаагийн биед тархи доргилт, зүүн гуянд цус хуралт үүсчээ.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно.

4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт үл нөлөөлнө гэжээ.

Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзэхэд, шүүгдэгч Ц.Дэшигсүрэнжав нь 2016 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжидийн зусланд иргэн Э.Болормааг өөрийнх нь хашаанд зөвшөөрөлгүй орлоо гэх шалтгаанаар түүнийг зодож, үсдэж чирснээс түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Болормаагийн “…манай хүү Хантүшиг зүүн талын айлын хашаанд орчихсон тоглож байсан. Тэгээд би дүүгийнхээ хоёр хүүхдийг дагуулж очоод Хантүшигийг авах гэтэл нөгөө айлын тамбар дээр хүүхдийн жижиг савлуур байсан бөгөөд манай хүүхэд тэр савлуур дээр сууна гээд уйлаад байхаар нь би нэг суулгачихаад яг байшингийнх нь тамбараас уруудаад шатаар нь бууж байтал тэр гэрийн эздүүд нь ирсэн. Эхлээд машинаас 50 орчим насны эмэгтэй бууж ирээд та нар хулгай зэлгий хийх гэж байна, эзэнгүй айлд юу хийж байгаа юм бэ, хулгайч гээд орилоод байхаар нь би хүүхдээ тэврээд уучлаарай эгчээ гэсэн чинь машины арын хаалганаас нэг нүдний шилтэй залуу бууж ирээд ална хядна хулгайч гэж орилоод миний толгойн зүүн хэсэг рүү гараараа 3-4 удаа цохьсон. Тэгээд би хүүхдээ тэвэрсэн байдалтай газар унасан. Тэгтэл тэр нүдний шилтэй залуу намайг үсдээд чирсэн чинь цуг явсан хүмүүс нь болиулсан” гэх мэдүүлэг, гэрч О.Баяраагийн “Тэгтэл нэг 55 орчим насны эгч орилж чарлаад манай хашаанд орлоо гээд орилоод байхаар нь анхаарал хандуултал манай дүү нарын хүүхэд болон манай эхнэр хүүхдээ тэвэрчихсэн айлын хашаанд зогсож байсан. Тэгтэл нэг нүдний шилтэй залуу гарч ирээд эхнэр рүү дайраад манай эхнэрийн үснээс нь татаад унагаачихсан. Тэгээд тэр залуу манай манай эхнэрийг үсдээд чирсэн бөгөөд цаанаас нь нэг настай ах гарч ирээд салгасан” гэх мэдүүлэг, гэрч “Ц.Батдуламын “Манай доод айлын хүмүүс нь машинтай ирж байсан. … доод айлын залуу манай охин Болормааг үсдчихсэн чирч байсан. Болормаа болохоор хүүхдээ тэвэрчихсэн бөгтийгөөд газар унасан байдалтай байж байсан” гэх мэдүүлэг, гэрч “Б.Ариунтөгсийн “Манай доод айлын хашаанд манай хүүхдүүд тоглодог байсан. Мөн доод айлын хүүхдүүд ч гэсэн манай хашаанд орж ирж тоглодог бөгөөд орой 19 цагийн орчимд манай хадам эгч Болормаагийн хүүхэд болох Хантүшиг доод айлын хашаанд орчихсон байсныг нь Болормаа эгч хүүхдээ авах гээд айлын хашаа руу орсон. …манай хадам эгч Болормааг хүүхдээ тэвэрчихсэн байхад нь доод айлын нүдний шилтэй залуу нилээд согтуу, үгийн зөрүүгүй Болормаа эгчийг цохиж унагаагаад үсдэж чирсэн” гэх мэдүүлэг, гэрч Д.Эрдэнэчулууны “Тэгтэл тэр эмэгтэй хүүхдүүдээ савлуур дээр тоглуулсан юм уу гэмээр байдалтай байсан. Манай байшинд энэ үйл явдлаас өмнө 2-3 удаа хулгай орсон бөгөөд тэр хүнийг юун хүмүүс вэ ямар учиртай хашаанд явж байгаа юм бэ гэсэн чинь тэр эмэгтэй хүүхдүүдээ дагуулаад байшингийн урд байдаг элсний орчимд ирэхэд нь манай хүргэн Дэшигсүрэнжав нөгөө эмэгтэйг хүүхдээ тэвэрсэн байхад нь үсдээд түлхсэн” гэх мэдүүлэг, гэрч Ч.Буянжаргалын “Гэртээ очиход манай зуслангийн байшингийн хашааны хаалга онгорхой үүдний тамбар дээр 1 эмэгтэй 3 хүүхдийн хамт бужигналдаад байж байсан. Тэгээд би машинаас буугаад та нар яаж байгаа юм бэ гэсэн чинь тэр хүүхэн яасан сүртэй юм бэ гэхээр нь би уурлаад эзгүй айлын хашаа руу та нар орлоо гээд байж байтал Дэшигсүрэнжав машинаас бууж ирээд шууд та нар яаж байгаа юм бэ гээд нөгөө хүүхнийг үсдээд авсан” гэх мэдүүлэг, хохирогчийн биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн 2016.7.15-ны ¹9930 тоот акт, хохирлын мөнгө хураан авсан тэмдэглэл, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл, “Ц.Дэшинсүрэнжав нь хохирогч Э.Болормаа надаас уучлалт гуйж, эмчилгээний зардалд 500.000 төгрөг төлсөн болно. Энэ асуудлаар цаашид ямар нэгэн гомдол санал гаргахгүй, нэхэмжлэх зүйлгүй. Иймээс Ц.Дэшигсүрэнжавт холбогдох эрүүгийн хэргийг хохирогчтой эвлэрэн хэлэлцэж, харилцан ойлголцсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэх бичгээр гаргасан хохирогчийн хүсэлт, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Шарнууд овогт Цэвэлраднаагийн Дэшигсүрэнжавыг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Дэшигсүрэнжав нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, хохирогч Э.Болормаа нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн талаарх хүсэлтийг бичгээр гаргасан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дэшигсүрэнжавыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасны дагуу хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүх хуралдаан дээр улсын яллагчаас шүүгдэгч Ц.Дэшигсүрэнжавыг согтуугаар гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн боловч үүнийг нотолсон бичгийн баримт хэрэгт хавсаргагдаагүй тул шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн болно.

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Шарнууд овогт Цэвэлраднаагийн Дэшигсүрэнжавыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Ц.Дэшигсүрэнжавыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүйг тус тус дурдсугай.

4.Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Дэшигсүрэнжавт урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.БУЯННЭМЭХ