Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 20

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              Э.М, С.Б нарт

                                              холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Жаргалсайхан даргалж, шүүгч Б.Намхайдорж, ерөнхий шүүгч Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор Б.О,

Шүүгдэгч Э.М, түүний өмгөөлөгч Б.Болормаа

Шүүгдэгч С.Б түүнийг өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лханаасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 79 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай захирамжийг эс зөвшөөрч  прокурор Б.Оюунцэцэгийн гаргасан эсэргүүцлээр Э.М, С.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 31-ний хүлээн авч, шүүгч Ш.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Э.М: Монгол Улсын иргэн, халх, 1992 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, ах нарын хамт Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багт оршин суух хаягтай, төрөөс авсан гавьяа шагналгүй, ДК92113012 регистрийн дугаартай, Жалайр овогт Э. М гэв.

 

 Шүүгдэгч С.Б: Монгол Улсын иргэн, халх, 1990 оны 07 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багт оршин суух хаягтай, төрөөс авсан гавьяа шагналгүй, ДК90072614 регистрийн дугаартай, Жалайр овогт С. Б гэв.

 

Шүүгдэгч Э.М нь 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө 01 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Ажаа ээжийн хоолон гэр” нэртэй цайны газрын цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч  Lenovo маркын notebook 1 ширхэг, SC-280 маркын жи мобайлын гар утас 1 ширхэгийг хулгайлан хохирогч Б.Эд 620.000 төгрөгийн хохирол учруулсан.

 

2018 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд  байрлах Улаан загалмайн хорооны байрны цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч Lenovo маркын notebook цүнх, цэнэглэгч залгуурын хамт, Toshiba маркын notebooк, Aser маркын notebook цэнэглэгч залгуурын хамт, бэлэн 200.000 төгрөгийг хулгайлан Говь-Алтай аймгийн Улаан загалмайн хороонд 1.190.000 төгрөг, Toshiba маркын notebooк 1 ширхэг, Aser маркын notebook 1 ширхэгийг иргэн Б. Б-д 180.000 төгрөгөөр худалдаж, иргэний нэхэмжлэгч Б. Б-д 180.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

 

2018 оны 09 дүгээр сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн Ган-Өргөө 36 дугаар байрны Б-1 давхарт байрлах “Шагай” хүнсний дэлгүүрийн хаалгыг эвдэж нууцаар, хууль бусаар нэвтэрч үүрэн холбооны компаниудын нэгж зардаг цагаан хүрээтэй, хар өнгийн товчлууртай, нокиа маркын гар утас 1 ширхэг, мэдрэгчтэй X phone маркын цагаан хүрээтэй утас 1 ширхэг, товчлууртай жи мобайл гэсэн бичигтэй саарал хүрээтэй хар өнгийн гар утас 1 ширхэг, товчлууртай Stone гэсэн бичигтэй, хар өнгийн гар утас 1 ширхэг, Нр маркын хар бор алаг notebook цэнэглэгчийн хамт, 0.75 граммтай Ерөөл архи 5 ширхэг, 0.75 граммтай Хараа архи 2 ширхэг, 0.75 граммтай  Сархад архи 1 ширхэг, 0.75 граммтай Вива архи 1 ширхэг, 0.75 граммтай  Эден архи 1 ширхэг, 0.5 граммтай Ерөөл архи 4 ширхэг, 0.75 граммтай Сүүн Чингис архи 1 ширхэг, Жим Бим виски 1 ширхэг, Нареда набор 1 ширхэг, Грантс виски 1 ширхэг, бэлэн 10.000 төгрөг хулгайлан хохирогч С.М-д 1.812.200 төгрөгийн хохирол учруулсан,

 

Яллагдагч Э.М нь С.Бтой бүлэглэн 2018 оны 08  дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 02 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Тулга-Алтай ХХК”-ийн “Өргөө” хүнсний дэлгүүрийн цонхыг хагалан нууцаар, хууль бусаар нэвтэрч Ерөөл архи 0.75 граммтай 6 ширхэг, Ерөөл 0.5 граммтай 6 ширхэг, Berentzen korn нэртэй архи 1 ширхэг, Молли нэртэй вино 1 ширхэг, Вино 1 ширхэг, Алтай дарс 0.75 граммтай 6 ширхэг, Алтай дарс 0.5 граммтай 7 ширхэг , огурцы 1 ширхэг, лапша гоймон 27 ширхэг, нифс үрэл 7 ширхэг, үзэмтэй самар /оюутны хоол/ 4 ширхэг, гурван баавгайт нэртэй пиво 2 ширхэг, бэлэн хоол 16 ширхэг, чанадаг бэлэн хоол 10 ширхэг, Доширак нэртэй бэлэн хоол 5 ширхэг, ууттай чихэр 2 ширхэг, 0.5 килограммын савлагаатай ууттай чихэр 1 ширхэг, мөөгөн печень 1 ширхэг, сайраа нэртэй лаазалсан загас 2 ширхэг, килка нэртэй лаазалсан загас 8 ширхэг, альпен гольд шоколад 2 ширхэг, макс пан нэртэй шоколад 4 ширхэг, сникерс 16 ширхэг, печень 5 ширхэг, түмний нэртэй ундаа 2 ширхэг, бидний нэртэй ундаа 6 ширхэг, хүслийн нэртэй шилтэй кола ундаа 1 ширхэг, чацарганы тос 2 ширхэг, Ерөөл архи 100 граммтай 1 ширхэг, Сэнгүр пиво 2.5 литртэй 1 ширхэгийг хулгайлан “Тулга-Алтай” ХХК-нд  697.300 төгрөгийн хохирол учруулсан,

 

2018 оны 08 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 1 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 9б тоот байрны гаднаас нууцаар, хууль бусаар улбар шар өнгийн 53-58 ГАЗ улсын дугаартай Мустанг-200 маркын мотоциклийг хулгайлан хохирогч Ж.В-д 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдожээ.

 

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.М, С.Б нарт холбогдох 1816002030091 дугаартай эрүүгийн хэргийг Говь-Алтай аймгийн Прокурорын газарт буцааж. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD, 53-58 ГАЗ улсын дугаартай мустанг-200 маркын мотоцикл, Lenova маркын нөтбүүк, матигар төмөр, brentzen korn нэртэй 1 литрийн архи, mollys нэртэй 0.70 граммтай дарс, ерөөл нэртэй 0.75 граммтай архи зэргийг хэргийн хамт хүргүүлж. Шүүгдэгч Э.М, С.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар захирамжийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж. шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.О давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Шүүгчийн захирамжаар шүүх хуралдааны явцад мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх дараах үндэслэл тогтоогдож байна гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй гараагүй.

 

Нэгдүгээрт: “Шүүгдэгч Э.М нь 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 08 дүгээр сарын 22-ны өдрүүдийн хооронд ганцаараа болон шүүгдэгч С.Бтой бүлэглэн 5 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, хууль бусаар, орон байранд нэвтэрч үйлдсэн байна. Шүүгдэгч Э.М нэг төрлийн буюу төсөөтэй гэмт хэргийг гурваас дээш удаа үйлдсэн, өөрт оногдох хөрөнгөгүй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй байдал нь өөрийн амьдралын хэрэгцээ, шаардлагаа хангахын тулд хулгайн гэмт хэрэг байнга үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна гэжээ.

 

Шүүгдэгч Э.М үйлдлүүд нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх боловч байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж хүндрүүлэн зүйлчлэхэд учир дутагдалтай гэж үзэж байна.

 

Гэмт хэрэг үйлдэх замаар амьжиргааны эх үүсвэрийг бүрдүүлэх нь мэргэшсэн гэмт хэрэгтний хувьд тогтвортой давтагддаг амьдрал, зан төлөвийн хэвшил болсон байх бөгөөд гэмт хэргийн улмаас нийгэмд учирч буй хохирол, хор уршгийг байнга өсгөн нэмэгдүүлэх бодитой шалтгаан нөхцөл болдог тул хууль тогтоогч ийм замаар гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд ялыг хүндрүүлэн үзэж байхаар хуульчилжээ.

Тодорхой төрлийн гэмт хэргийг амьдралын санхүүгийн эх үүсвэр болгосон эсэхийг тодорхойлохдоо гэмт хэрэг үргэлжлүүлэн үйлдсэн хугацаа болон учруулсан хохирлын хэмжээг анхааран үзэх ёстой.

 

Шүүгдэгч Э.М үйлдсэн гэмт хэргүүдийг судлан үзэхэд 2018 оны 08 дугаар сарын 10-наас 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 1 сар 12 хоног буюу 2 сар хүрэхгүй хугацаанд нийт 4.750.850 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд амьдралынхаа багагүй цаг хугацааг гэмт хэрэг үйлдэж өнгөрөөсөн, хулгайлж авсан эд хөрөнгөөр амьжиргаагаа залгуулсан гэж дүгнэхэд дээрх үйл баримт хангалттай үндэслэл болохгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэх онц хүндрүүлэх шинж нь хоорондоо шууд харилцан хамаарал бүхий нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа давтан үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон бага бус, түүнээс дээш хэмжээтэй ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт болно.

 

Түүнээс гадна “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэх шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ тухайн гэмт хэргийг үйлдсэн этгээд нь тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил, хэв маяг болсон, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, түүнд чиглэсэн үйл ажиллагааг тогтвортой явуулдаг, гэмт санаа зорилго бүхий хувийн байдлыг харгалзан үзэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э.Мг “...өөрт оногдох хөрөнгөгүй, ажил хөдөлмөр эрхлэдэггүй байдал нь өөрийн амьдралын хэрэгцээ, шаардлагаа хангахын тулд хулгайн гэмт хэрэг байнга үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна” гэсэн таамаглалд үндэслэсэн байх ба шүүхийн шийдвэр үндэслэлтэй хууль ёсны гараагүй байна.         Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж тунхагласан үл ялгаварлан гадуурхах асуудлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг ...хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, боловсрол...-ын байдлаар ялгаварлан гадуурхахгүй” гэж тусгасан шударга ёсны зарчмыг шүүх илт зөрчиж үндэслэлээ болгосон байна.

 

Иймд шүүгдэгч Э.М үйлдэл нь гэмт хэргийн хувьд амьдралын эх үүсвэр болгосон гэх шалгуурыг хангаагүй тул мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх үндэслэлгүй гэж үзэж байна.

Хоёрдугаарт: “Мөн прокурор яллах дүгнэлтдээ ...“Тулга-Алтай” ХХК-ий “Өргөө” хүнсний дэлгүүрийн цонхыг хагалан нууцаар, хууль бусаар нэвтэрч 697.300 төгрөгийн хохирол учруулсан гэж бичсэн нь хавтаст хэрэгт авагдсан ямар нотлох баримтыг үндэслэсэн нь тодорхойгүй, тухайн дэлгүүрийн тооцооны материал хавтаст хэрэгт авагдаагүй байна. Хохирлыг бүрэн тогтоох нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “Монгол Улсад хүн бүр үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл, үзэл бодол, боловсролоор ялгаварлан гадуурхагдахгүйгээр, хуулийн этгээд бүр хөрөнгө, орлого, үйл ажиллагааны чиглэл, зохион байгуулалтын хэлбэрээс үл хамааран хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх” зарчмыг хэрэгжүүлэх шаардлагатай байна” гэсэн нь энэ зарчмын аль хэсгийг ямар байдлаар хэрэгжүүлээгүй гэдэг нь ойлгомжгүй, тодорхой бус байна.

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Г-ын гэрч, хохирогчоор өгсөн мэдүүлэг, /хохирогчид худал мэдүүлэг өгсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэх хууль сануулсан/ “Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 01, 03 дугаар сарын 27-ны өдрийн эд хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг үндэслэн хохирлын хэмжээг тодорхойлсон нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр хагарсан эд зүйл тодорхой бус байсныг тодруулах зорилгоор хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Гыг шүүх хуралдаанд оролцуулах саналыг улсын яллагчийн зүгээс гаргасан.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Г гэм буруйгийн шүүх хуралдаанд “өрөлт хураалт хийсэн байсан, хураасан байсан лангуун дээр байсан бараагаа тоолоод хэлсэн, зарсан барааны бүртгэл байхгүй” гэж мэдүүлэг өгсөн, шүүх хуралдааны явцад шүүгдэгч нарын өмгөөлөгч шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгээр 2 тортой эд зүйл авсан, эд зүйлийн үнэлгээ хийлгэсэн бараа 2 торонд багтах эсэхийг турших хүсэлт гаргасан бөгөөд “Өргөө” дэлгүүрт лангууны тавиурт хэдэн эгнээгээр, хэдэн ширхэг бараа багтаж болох талаар туршилтын ажиллагаа хийгдсэн, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй оролцогч болох шүүгдэгч нарын мэдүүлэгт хөтлөгдөж хохирлын хэмжээг тооцоолох ажиллагаа хийлгэх нь учир дутагдалтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасан нь шүүх гэмт хэргийн хохирол, хор уршигийг тодорхойлж, бодит хохирлыг гаргах боломжтойг хуульчилсан байхад хохирлыг тогтоох шаардлагатай гэж үзэн мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах үндэслэлгүй байна. Харин шүүх “хохирлыг бүрэн тогтоох нь хэргийн зүйлчлэл нөлөөлөхгүй” гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

Иймд Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 79 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгүүдэд зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлд:

 “Шүүгдэгч Э.М нь 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 08 дүгээр сарын 22-ны өдрүүдийн хооронд ганцаараа болон шүүгдэгч С.Бтой бүлэглэн 5 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, хууль бусаар, орон байранд нэвтэрч үйлдсэн байна. Шүүгдэгч Э.М нэг төрлийн буюу төсөөтэй гэмт хэргийг гурваас дээш удаа үйлдсэн, өөрт оногдох хөрөнгөгүй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй байдал нь өөрийн амьдралын хэрэгцээ, шаардлагаа хангахын тулд хулгайн гэмт хэрэг байнга үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна гэжээ.

 

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэргийг Прокурорын газарт буцаажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.

“Урьдчилсан хэлэлцүүлгийн үед дараахь үндэслэлээр шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ.” гэж заажээ.

Уг хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол ” гэж заажээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хүлээн аваад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дугаар зүйлийн 1.1 яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, 1.2 хэргийг прокурорт буцаах  шийдвэрийн аль нэгийг гаргах боломжтой байхад урьдчилсан хэлэлцүүлэг зарлалгүйгээр шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

 

Захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “ ... 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан гомдлыг хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэх” –ээр зохицуулсан заалтын дагуу шүүх урьдчилсан хэлэлцүүлэг зарлаагүй болно гэжээ. Хуулийн дээрхи зохицуулалтад урьдчилсан хэлэлцүүлгээр хуулийн 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэлгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэхээр зохицуулжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараахь асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана:

6.13.нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдол;

 6.14.хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдол;

6.15.мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт;

6.16.хөрөнгө хураан авах ажиллагаатай холбоотой санал, хүсэлт;

Дээрх заалтууд нь хэргийн зүйлчлэлийг өөрчилхөөр хэргийг прокурорт

    буцааж буй энэхүү тохиолдолд хамааралгүй байна.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг процессийн хувьд алдаатай гэж үзэж, хүчингүй болгож буй тул зүйлчлэлийн тухайд үнэлж дүгнэх шаардлагагүй гэж үзлээ.

Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч хэргийг анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 79 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Э.М, С.Б нарт холбогдох 1816002030091 дугаартай эрүүгийн хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

2. Шүүгдэгч Э.М, С.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                               Т.ЖАРГАЛСАЙХАН

 ШҮҮГЧИД                                Б.НАМХАЙДОРЖ

                                             Ш.БАТТОГТОХ