Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/16

 

 

 

 

 

   2022         12         23                                             2023/ШЦТ/16

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Шийдвэрийн огноо: 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр;

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явагдсан;

 

Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;

 

Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ; 

 

Улсын яллагч: Ц.Гэрэлбаатар;

 

Шүүгдэгч-хохирогч: Б.Б (өөрийгөө өмгөөлж);

 

Шүүгдэгч-хохирогч: Г.П (өөрийгөө өмгөөлж);

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Номин;

 

Хэргийн дугаар:  .............;

           

1. Шүүгдэгч Г.П регистрийн дугаартай: Монгол Улсын иргэн, 2003 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Тээврийн хэрэгсэл түр саатуулах байр 9-д техникийн ажилтан, ам бүл 5, эх, 3 дүүгийн хамт  , урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1235 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 3391 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 15 хоногийн хорих ялаар сольж, 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/698 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаалах ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай.

2. Шүүгдэгч Б.Б регистрийн дугаартай: Монгол Улсын иргэн, 1979 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, экологич мэргэжилтэй,  , ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт  , урьд Хэнтий аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 300 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай.

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:  (Прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

Б.Б нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ““ журмын хашаанд хохирогч Г.Пгийн нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь “үүдэн дээд 1 дүгээр шүдний сулрал, уруулд язрал, цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Г.П нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ““ журмын хашаанд хохирогч Б.Бын нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь “зүүн нүдний алимын салстад цус харвалт, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокуророос Б.Б, Г.П нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

            Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-хохирогч Б.Б мэдүүлэхдээ: “Миний тээврийн хэрэгслийг машин ачилтын компани ачиж журмын хашаанд байршуулсан байсан бөгөөд төлбөрийг төлж барагдуулаад тээврийн хэрэгслээ авах гэтэл Г.П хүнд бичлэг үзүүлж байгаад намайг “чимээгүй байгаач пизда минь” гэж хэлээд үүнээс болж бид 2 маргасан. Би кассны ажилтантай харилцаж байтал Г.П намайг ёс бус үгээр доромжилсон. Тэрээр өөр хүнд машин ачиж байгаа талаар бичлэг үзүүлж байсан. Бид харилцан бие биенээ цохисон. Г.П намайг гар утсаараа нэг удаа хүрсэн бөгөөд би уурлаж түүнийг цохисон. Хохирогчийн хувьд ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-хохирогч Г.П мэдүүлэхдээ: “Би хүнд машин ачиж байгаа талаарх бичлэг үзүүлж байсан бөгөөд бичлэг сонсогдохгүй байсан учир Б.Б ахыг “чимээгүй байгаач, пизда минь” гэж хэлсэн. Үүнээс болж Б.Б ах намайг нэг удаа, би түүнийг нэг удаа цохисон. Би эхлээд цохих шинжтэй үйлдэл хийсэн. Хохирогчийн хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.П /хх-ийн 18-19/, хохирогч Б.Б /хх-ийн 22/ нарын мэдүүлэг, Г.Пгийн биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 14539 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30/, Б.Бын биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 14551 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-32/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 35/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 38-39/, Б.Бын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 50, 53-56/, Б.Бын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 5-6/, Г.Пгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 49, 52-/, Г.Пгийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 11-12/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн Б.Б, Г.П нарын өмнө шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбарууд зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон

хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ““ журмын хашаанд Б.Б, Г.П нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо зодолдож, бие биенийгээ харилцан хөнгөн гэмтээсэн үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

 

хохирогч Г.Пгийн /хх-ийн 18-19/: “...2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр өөрийн ажил болох Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Шинэ замын зүүн талд байрлах журмын хашаан дээр байж байтал нэг хүн “машин ачиж байгаа бичлэгтээ үзмээр байна” гэхээр нь би үүдний хэсэгт цонхоор бичлэг үзүүлж байтал хажууд нэг ах юм яриад байхаар нь би “та түр чимээгүй байж байгаач” гэсэн чинь шууд намайг зүүн гараараа нүүрэнд цохиод авсан. ...дээд үүдэн шүд хөдөлж уруул сэтэрсэн...” гэх мэдүүлгээр,

 

Г.Пгийн биед “үүдэн зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, уруулд язрал, цус  хуралт” бүxий Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 14539 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 29-30/,

 

Б.Бын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 5-6/: “...Би 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны хойд талд байрлах ““-ийн оффист машинаа авахаар очсон. Тэгтэл цонхоор нэг эмэгтэй хүн машин ачсан бичлэгээ үзмээр байна гээд байж байсан. Тэгээд би миний машиныг 3 минутын дотор ачсан байна, би машинаа ачуулсан гээд төлбөрөө төлөөд нягтлан руугаа дансны дугаараа явуулаад байж байсан чинь нэг залуу цонхоор бичлэг үзүүлж байснаа “чимээгүй байлдаа пизда минь бичлэг үзүүлээд байгаа юм биш үү” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи миний дууг хорьдог хэн бэ” гэсэн чинь “ална шүү пизда минь” гээд утсаараа миний нүүр рүү ёворсон. Тэгээд цохих гээд далайхаар нь би тэр залууг нэг удаа цохисон...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Б.Бын /хх-ийн 22-23/: “...гараа оруулаад тэр залууг цохисон, хаана нь цонхисноо бол мэдэхгүй байна. Тэгтэл тэр залуу дахиад миний нүд рүү бас жижиг цонхоор гараа гаргаж ирээд цохисон. ...миний зүүн талын нүд хөхөрч нүд рүүгээ цус харвасан. ...миний биед учирсан гэмтлийг тэр журмын хашааны ажилтан залуу цонхны цаанаас гараараа цохиж учруулсан...” гэх мэдүүлгээр,

 

Б.Бын биед “зүүн нүдний алимны салстад цус харвалт, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүxий Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 14551 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 31-32/,

 

Г.Пгийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 11-12/: “...Би 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны хойд талд байрлах ““-ийн оффист байж байтал цонхоор нэг эмэгтэй хүн “машин ачсан бичлэгээ үзмээр байна” гээд байж байсан. Би бичлэгийг нь үзүүлэх гээд байж байсан чинь хажууд нэг эрэгтэй хүн чанга хашхираад байсан. Тэгэхээр нь би “ахаа чимээгүй байж бай, би бичлэг үзүүлээдэхье” гэсэн чинь “чи миний дууг хорихгүй пизда минь” гэсэн. Би юм хэлээгүй тэгсэн чинь тэр хүн намайг нэг удаа шүд рүү цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд нэг удаа зүүн нүдэнд  нь цохисон...” гэх мэдүүлэг болон камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 35/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нар өөр хоорондоо зодолдсон болохыг өөрсдөө зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, харилцан зодолдсоны улмаас хэн аль нь гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр тэдний эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Г.П, Б.Б нарын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэдгээрийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Г.П, Б.Б нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд  шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр тус бүрийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.П, Б.Б нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

Шүүгдэгч Г.П нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/698 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар буюу “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах” хууль зүйн үндэслэлтэй.

 

Ингэж “хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулахдаа” энэ тогтоолоор оногдуулсан торгох ял, өмнөх шийтгэх тогтоолоор буюу Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/698 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах  ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

Бусад асуудлаар:

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт Г.П, Б.Б нар нь “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Г.П, Б.Б нарыг бие биедээ төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Г.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

 шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Пг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.П, Б.Б нар торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Пд энэ тогтоолоор оногдуулсан торгох ял болон өмнөх шийтгэх тогтоолоор буюу Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/698 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсүгэй.

 

5. Шүүгдэгч Г.П, Б.Б нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.П, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.МӨНХ-ЭРДЭНЭ