Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/117

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат,

Улсын яллагч Б.Очгэрэл,

Шүүгдэгч Б.Б /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бид холбогдох эрүүгийн 2311 00114 0051 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

  Монгол Улсын иргэн, Б.Б, 2004 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд төрсөн, эмэгтэй, 18 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, МУИС-ын оюутан гэх, ам бүл 4, өвөө, эмээ, дүүгийн хамт, Хөвсгөл аймгийн Түнэл сумын ....оршин суух хаягтай боловч Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 31 дүгээр байрны ..../-т оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:... /

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн тасганы 28 дугаар гудамж 3706 тоотод иргэн Х.Агийн эзэмшлийн Эхлэл Моду Си7 про загварын гар утсыг авч 475.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгч Б.Бээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Бээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 16 цаг өнгөрч байхад найзууд болох И, М, А нарын хамт Агийн гэр буюу Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, ....тоотод хөзөр тоглоод байж байсан юм. Ингэж байж байгаад 16 цаг өнгөрч байхад би гэр рүүгээ явах гэж байсан юм. Намайг Агийн гэрээс гарах гэж байхад А босчихсон, цаашаа хараад зогсож байсан ба гар утас нь буйдан дээр ил хэвтэж байсан. Тэгэхээр нь би утсыг нь хараад нууцаар авчихъя гэж бодоод Аг мэдээгүй байхад нь аваад өмднийхөө зүүн халаасанд хийж Агийн гэрээс гараад гадаа нь байдаг модон жорлон дотор ариун цэврийн цаас тавьдаг тавиур дээр тавьчихсан. Тэгээд буцаад Агийн гэрт орсон. Намайг ороход А утсаа хайж байсан. Тэгэхээр нь би гэрт нь хэсэг байж байгаад буцаад бие засахаар жорлон руу орсон. Жорлонд ороход Агийн утас миний тавьсан газар байж байсан. Бие засчихаад буцаад ороход А цагдаа дуудчихсан байсан. Цагдаагийн байгууллага дээр мэдүүлэг тайлбар өгчихөөд бид нар харьцгаасан. Тэгээд 2 хоногийн дараа буюу 01 сарын 04-ний өдөр би найзууддаа үнэнээ хэлээд Агийн утсыг авсан гэдгээ хэлсэн..” гэсэн мэдүүлэг /хх-51/,

 

Хохирогч Х.Агаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-7-8/ “..Би 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр өглөө сэрээд гэрээ цэвэрлээд найз залуу Мгийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгэр хороо 28 гудамж 3706 тоот гэртээ байхад миний найз болох Б болон түүний найз залуу И нар нь гаднаас орж ирсэн. Тухайн үед хувцасаа авна гэж хэлсэн өмнө манайд надтай хамт амьдардаг байсан тэгэхдээ хувцасаа үлдээсэн. Тэгээд би хоол хийгээд бид 4 хамт хоол идээд хөзөр тоглосон. Манай найз залуу М урд талын дэлгүүрээс хөзөр аваад орж ирсэн. Тэгээд гар утсаа дуу тавиад хөзөр тоглож эхэлсэн. Ойролцоогоор 20-30 минут тоглосон. Манайд гаднаас хүн орж ирээгүй. Тэгээд утсаараа хүн лүү ярих гээд хайтал байхгүй болсон байсан. Тэгээд хайж эхлэх үед Б гэрээс гарж нойл орсон харин бид 3 үлдээд миний гар утсыгхайж эхэлсэн. Ойролцоогоор 10-15 минут хайгаад олдохгүй болохоор цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн үед гэрээс Б 3 удаа гарж явсан 2 удаа нойл орох гэж 1 удаа миний гар утсыг хайх гэж гарж явсан. Тэгээд цагдаа дээр ирэхэд Бийн эмээ нь ирсэн байсан эмээ нь чи энэ охины гэрээс хувцасаа аваад тэгээд зээлсэн мөнгөнийхөө оронд гар утсыг нь аваад ирнэ гэсэн яасан юу болосн гэж хэлсэн. Би Бид ямар нэгэн өргүй, мөнгө зээлсэн зүйл байхгүй. Б худлаа яриад байдаг талтай. Би миний гар утсыг Б авсан гэж бодож байна. Гаднаас орж ирээд миний гар утасны кодийг асуугаад байсан, тэгээд байн, байн найздаа утсаа өгж бай гээд аваад байсан..” гэсэн мэдүүлэг,Гэрч Д.Иаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-17-18/ “..2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр манай найз охин Б нь над руу чат бичээд хоёулаа Агийнх руу очоод миний хувцсыг аваад ирье гэж хэлсэн. Би зөвшөөрөөд өдөр 13 цагийн үед Агийнд очсон. Очоод хувцасаа аваад явах гэтэл А найз нь хоол хийх гэж байна, хоол идээд яв гэж хэлсэн. А, М хоёр дэлгүүр ороод хоолны материал аваад орж ирээд банштай хоол хийсэн. Хоол идэж дуусаад Б хөзөр тоглоё гэж хэлээд Мг хөзрөнд гаргасан. Хөзөр тоглож эхлэхэд Агийн утас байсан. Хөзөр тоглож дуусахад утас нь алга болсоныг мэдээд хайж эхэлсэн. Тэр үед Б гараад нойл ороод буцаад ороод ирсэн..” гэсэн мэдүүлэг, Дамно ХХК-ны 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн ...дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-30-31/, шүүгдэгч Б.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-54/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-57/, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-49/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Б.Б нь прокуророос яллаж буй хэргийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээж мэдүүлсэн, түүний мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Бийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзээд, шүүх шүүгдэгчийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Бээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Б.Бид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохиролыг төлсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Бийг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих буюу  Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 2, 11 дүгээр хорооноос гарахыг хориглож, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгав. 

Шүүгдэгч Б.Бид зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүгдэгч нарын зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тус тус сануулав.

 

Бусад асуудлын талаар:

Хохирогч Х.А нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасанбусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бийг 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Бид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих буюу Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 2, 11 дүгээр хорооноос гарахыг хориглож, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.МӨНХБАЯР