Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/202

 

 

 

 

 

 

 

   2023          02             13                                     2023/ШЦТ/202

 

     

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

      Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж, шүүгч Л.Баатар, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Н.Ундрах,

иргэдийн төлөөлөгч Б.Наранцэцэг, шинжээч Ц.Бадрал /цахим/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б, түүний өмгөөлөгч Н.Ууганцэцэг,

шүүгдэгч М.О, түүний өмгөөлөгч Л.Цэндоо нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Ундрахаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Оод холбогдох эрүүгийн 2208 03369 1981 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 2002 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 20 настай, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 05 цагийн цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо Орбитын тойрогт хохирогч Г.Згийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хатуу хучилттай /асфальт/ зам дээр дагзны ар хэсгээр хүчтэй унагааж, гавал тархины хүнд гэмтэл учруулан, хүнийг алсан хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1472 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд, амь хохирогчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /2хх83-132, 133-138/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой ял шалгах хуудас /2хх130/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэлээ.  

 

Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч М.О: 

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч М.О гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон бол, түүний өмгөөлөгч хэргийн зүйлчлэлийг хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан болгон хөнгөрүүлэн өөрчлүүлэх, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон. 

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч улсын яллагчийн байр суурийг дэмжиж оролцсон бол, шүүхийн иргэдийн төлөөлөгч шүүгдэгчийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт гаргажээ.

3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийн улсын яллагч, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч М.Оыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

4. Хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход: Шүүгдэгч М.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 05 цагийн цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо Орбитын тойрогт хохирогч Г.Зтай үл ялих зүйлээр маргалдан, түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хохирогч хатуу хучилттай /асфальт/ зам дээр дагзны ар хэсгээр хүчтэй унан, гавал тархины хүнд гэмтэл авч, эмнэлгийн тусламж авсан ч хохирогч нас барсан үйл баримт тогтоогдлоо.  

Энэ нь шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудаст “нэг залууг хоёр залуу зодоод байсан. Нөгөө залуу энд ухаангүй цус нөж болсон хэвтээд байна, 103 дуудсан” гэсэн дуудлага /1хх5/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх10-12/,

- гэрч Ч.Цийн “...О бид хоёр Орбит захын 2 давхарт очсон. Очиход Н ирчихсэн байсан. Тэгээд бид 3 гаднаас 2 литрийн Нийслэл нэртэй пиво нэгийг аваад караокены өрөөнд орж ууцгаасан. Цаг дуусахаар нь бид 3 өрөөнөөс гарч нийтийн талбайд нь сууцгаасан. Бид нарын уух юм дууссан байсан болохоор дотроос нь 0,5 литрийн Хараа нэртэй архи нэгийг ууцгаасан. Удалгүй нийтийн талбайд бүжиг болж бид 3 бүжиглэцгээсэн. Бүжиглэж байгаад нэг ах ирээд дүү нартай танилцъя, гоё дүү нар байна гэх зэргээр ярьцгааж, 2    ахтай танилцсан. Нэг ах нь бид нарыг архиа даруулж уу гээд ундаа хүртэл авч өгөөд байсан. Бүжиг дуусаж тэндээс гартал нөгөө 2 ах хамтдаа явцгаая гэхээр бид 3          зөвшөөрч хамт явахаар болоод караокены гаднаас такси бариад хамтдаа сууцгаасан. Тэндээс 1 буудал яваад Орбитын тойрог дээр бууцгаасан. Машинд явж байх хугацаанд нэг ах нь манай найз Отой тамхи асууснаас болоод маргалдаад байсан. Таксинаас бид хэд буугаад харих гэж байтал нөгөө 2 ахын нэг нь такситайгаа буцаад явсан. Бид 3 харих гээд алхаад явж байтал үлдсэн нэг ах нь замын цаана зогсож байсан. Манай найз О тэр ахтай машин дотор нэлээн маргалдсан болоод ч тэр юм уу нөгөө ах чинь замын цаана зогсож байна, би нэг уулзаадахъя гээд тэр ах дээр очсон. Тэр ах бас цаанаас уулзах гээд наашаа явж байсан. Тэгээд замын голд дөнгөж уулзангуутаа манай найз О тэр ахыг гараараа шууд цохичихсон, тэр ах цохиулаад шууд уначихсан. Тэгтэл замын цаанаас нэг эгч ирээд цагдаа руу залгаад дуудлага өгчихсөн. Тэгээд тэр цохиулсан ах босохгүй, хэвтээд хажуугаар нь машин яваад байхаар нь замаас гаргая гээд бид 3 тэр ахыг чирээд замаас гаргаад замын хажууд байрлуулсан. Тэгээд бид 3 сандраад тэр хүнийг үлдээчхээд гэр гэр рүүгээ шууд харьцгаасан. Дуудлага өгсөн эгч дэргэд нь үлдсэн. Тэр ахыг О гараараа нэг удаа цохиод унагаасан. Би дэргэд нь байсан учир цохихыг нь харсан...” гэсэн мэдүүлэг /1хх38-39/,

- насанд хүрээгүй гэрч Б.Нын “...Такси дотор суугаад явж байтал нөгөө хоёр ахын нэг нь Отой маргалдаад хоорондоо хэрэлдээ янз бүрээр Оыг хэлээд байсан. Бид гурав бууя гэж бодоод Орбитын тойрог дээр буусан. Тэгтэл тэр хоёр ах дагаад буугаад ирсэн. ... замын нөгөө талд нөгөө ах орилоод бид хэдийг дуудаад ална тална гэх зэргээр орилоод өөдөөс алхаад ирж байсан. Тэр ах өмнөөс ирээд бид гурав ч яг таараад замын голд уулзтал О ах тэр ахыг гараараа шууд цохиход тэр ах шууд газарт саваад уначихсан. Бид гурав тэр ахыг хартал амьсгалаад, хурхираад байгаа мөртөө босохгүй байсан. Тэгтэл цаанаас нэг эгч ирээд цагдаа юм уу эмнэлэгт дуудлага өгсөн. Замын голд тэр ах уначихсан, хажуугаар нь машинууд яваад байхаар нь бид гурав нөгөө ахыг дамжлаад чирч замын хажуу руу гаргасан. Тэр ахыг О гараараа нэг удаа цохиод унагаасан. Би тухайн үед нүдээрээ хараагүй. Яасан бэ гэж асуутал Ц надад О сая нэг цохичихлоо. Ухаан алдсан юм уу яасан юм уначихлаа гэж хэлсэн. Миний харснаар нүд нь нээлттэй, хараатай, хурхирах чимээ гараад байсан. Би тухайн үед тасраад уначхав уу л гэж бодсон...” гэсэн мэдүүлэг /1хх43-45/,

- гэрч Ж.Наийн “...Тухайн үед би даараад шууд өнгөрөөд алхаж байгаад хэсэг хугацааны дараа эргээд харахад нөгөө замаар гарч байсан тамирын хувцастай залуу уначихсан бололтой хөл нь хойшоо харсан, байдалтай байхад нөгөө 3 залуу хажууд нь ирчихсэн цамцных нь хойд захнаас чирээд замаас түшээд гаргасан. Тэгээд би гайхаад явж очих замдаа юу болов та нар гээд очиход нөгөө 3 залуу бид хэд яагаач гүй энэ хүн өөрөө уначихсан гэж надад хэлэхэд нь би түргэн дууд гэж хэлээд эмнэлэг дуудсан юм. Тэгэхэд намайг хажууд нь зогсож байхад нөгөө 3 залуу эмнэлэг ирэхийн өмнө яваад өгсөн. Тухайн үед эмнэлэг ирээд цагдаа дууд гэж хэлээд дуудлага өгсөн. ...Тухайн үед намайг эмнэлэг дуудаад хажууд нь зогсож байтал амнаас нь цус гоожчихсон, мөн гэдэс нь цус болчихсон хурхираад байгаа бололтой байсан...” гэсэн мэдүүлэг /1хх50-51/,

- гэрч Ж.Аын “...дуудлагын дагуу очиход Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо Орбитын тойргийн зүүн урд талд ертөнцийн зүгээр зүүн тийш толгой нь харсан байдалтай 30 гаран насны эрэгтэй хүн ухаангүй, хурхирсан, амнаас нь цус гарсан байдалтай хэвтэж байхаар нь 103 дуудаж үзүүлсэн чинь согтуу тасарсан хүн гээд авч явахгүй байхаар нь наад хүн чинь илт хурхираад байна, яаралтай авч явахгүй бол болохгүй гээд тухайн хүнийг 103-т өгөөд явуулсан...” гэсэн мэдүүлэг /1хх58/, цогцост хийсэн шүүх шинжилгээний дүгнэлт, гэрэл зургууд /1хх84-96/, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хэрэг учрал болсон газрын ойролцоох худалдааны төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд “...13-ны өдрийн 05 цаг 22 минут 54 секундэд саарал өмдтэй эрэгтэй хүн хохирогч Г.Зн нүүр хэсэг рүү гараараа цохиход хохирогч толгойн ар дагз хэсгээрээ унаж байгаа...” тухай тусгасан /2хх67-70/ болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн “...би амь хохирогчийг баруун гараараа зүүн шанааны хэсэгт цохисон чинь газарт унасан...” гэсэн мэдүүлэг /2хх147-148/ зэргээр нотлогдон тогтоогдож байна. 

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б мэдүүлэхдээ “...Тэгээд манай нөхөр Г.З дахиж надтай холбоо бариагүй. Хамт явсан хамаатны ах Пүрэвсүрэн нь шилжих шөнийн 05 цагийн үед гэртээ ганцаараа ирсэн. Тэгэхээр нь би хамаатны ах Пүрэвсүрэнгээс нөхөр Г.Зг хаачсан юм бэ гэж асуухад Пүрэвсүрэн ах мэдэхгүй гэртээ ирээгүй юм уу гэж хэлсэн юм. Ингээд манай нөхөр Г.Зг хайхаар гэрээсээ гараад очиж болох бүх газраар хайсан чинь олдоогүй. Тэгээд өдрийн 15 цагийн үед Пүрэвсүрэнгээс Г.Зтай хамгийн сүүлд хаана салсан талаар асуухад Орбитын тойрог дээр байдаг бааранд 12-ны өдрийн орой Зн хамт орсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би Пүрэвсүрэнгийн хамт Орбитын тойрог дээр байх бааранд очиход баарны зөөгч эмэгтэй нь Пүрэвсүрэнг хараад тантай хамт явсан залуу хүнд зодуулаад гэмтлийн эмнэлэг дээр биеийн байдал нь маш муу байгаа талаар хэлсэн. Тэгэхээр нь би гэмтлийн эмнэлэг дээр очоод эмч нартай нь уулзахад нөхөр Г.Зн биеийн байдал маш хүнд хагалгаанд орох гээд байж байсан. Ингээд манай Г.З нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хагалгаанд ороод ухаангүй гэмтлийн эмнэлэгт эмчлэгдэж байгаад 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 09 цаг45 минутад нас барсан юм...” гэжээ. /1хх21/

6. Цогцост хийсэн шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2700 дугаартай дүгнэлтэд “...Талийгаач Г. Зн цогцост дагз ясны зүүн талд арагш дээш хоёр талд лямбда заадас хүрч төгссөн, урагш дагзны төвгөр дайрч нугасны том нүхний ар хэсэгт хоёрлож салаалан, нэг салаа нь зүүн чулуулаг хүрсэн, нөгөө салаа нь баруун тийш кливусын баруун талаар чулуулаг, их, бага далавч дайран зуун нудний ухархайн дээд хана руу үргэлжилсэн нийлмэл шугаман хугарал, тархины баруун дух, чамархайн эд доторх цусан хураа, хоёр тал бөмбөлгийн дух, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал, тархины хоёр талын дух, чамархайн дэлбэн, судаллаг биеийн цусархаг няцрал, их, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, уруулд няцарсан шарх, дагзны хуйхны дотор гадаргуу, эрүү, цээж, хоёр бугалганд цус хуралт, хэвлийд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, шинэ гэмтлүүд байна, үүссэн дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй, дээрх дагз ясны зуун талд арагш дээш хоёр талд лямбда заадас хүрч төгссөн, урагш дагзны төвгөр дайрч нугасны том нүхний ар хэсэгт хоёрлож салаалан, нэг салаа нь зүүн чулуулаг хүрсэн, нөгөө салаа нь баруун тийш кливусын баруун талаар чулуулаг, их, бага далавч дайран зүүн нүдний ухархайн дээд хана руу үргэлжилсэн нийлмэл шугаман хугарал, тархины баруун дух, чамархайн эд доторх цусан хураа, хоёр тал бөмбөлгийн дух, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал, тархины хоёр талын дух, чамархайн дэлбэн, судаллаг биеийн цусархаг няцрал, их, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь амь насанд аюултай гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2. 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, үхэлд хүргэх өвчин эмгэг тогтоогдсонгүй. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эрчимт эмчилгээний тасгийн № 14496 тоот өвчний түүхэнд бичигдсэнээр 2022 оны 10 дүгээр сарын 14-ний өдрийн 21 цаг 40 минутад нас баржээ. Гуравдугаар бүлгийн харьяаллын цустай байна. Ходоодонд 100.0 мл шар ногоон өнгийн хагас өтгөн агууламжтай байна, эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээг зохих журмын дагуу үзүүлэн, онош зөв тавигдсан байна. Цус, ходоодны шингэнд спиртийн агууламж илрээгүй, талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан...” /1хх84-92/ гэж үхлийн шалтгааныг тодорхойлжээ. Тус дүгнэлттэй холбоотой шинжээч Ц.Бадрал шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...тус гэмтлийг авсан хүн амь аврагдах боломж муутай, гэмтэл нь гавлын суурь ясны олон хугаралтай, хатуу ясан доороо цусан хураатай, хүнд зэргийн гэмтэл байсан...” гэсэн.

7. Хэргийн үйл баримтыг улсын яллагч үндэслэлтэй тогтоосон байх ба гэрч нарын мэдүүлэг, хяналтын камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэлүүд нь харилцан нэгнээ нотолсон, нотолбол зохих байдал бүрэн тогтоогдсон гэж дүгнэв. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн хохирогчийг цохисон үйлдлийн шууд шалтгаант холбоогоор амь хохирогч толгойгоороо хатуу гадаргууг савж цохин унаж, дээрх гавал тархины хүнд гэмтэл авч, эмнэлгийн яаралтай тусламж авсан боловч төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж амь насаа алджээ.

8. Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ “шүүгдэгч өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, түүнд хүнийг алах санаа, сэдэл, зорилго байгаагүй, үйлдлийн хор аюулыг ухамсарлаагүй, хүний амийг хохироохыг хүсээгүй тул хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар хэргийг зүйлчлүүлэх” санал гаргасныг хүлээн авах боломжгүй байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Эрүүгийн эрх зүйн онолд гэм буруугийн санаатай хэлбэрийг дотор нь шууд санаатай болон шууд бус санаатай гэсэн төрөлд хуваан авч үздэг. Шууд болон шууд бус санаа хэлбэрийн хувьд аль аль нь гэмт этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай шинжийг ухамсарласан байдаг, оюун санааны шинжээрээ адилхан. Харин шууд санаа нь гэмт этгээд үйлдлийнхээ хор уршгийг мэдэж, хүсэж буюу үр дүнг чухалчилж түүнд хүрэхийн тулд идэвхтэйгээр үйлдлээ хэрэгжүүлсэн байдаг бол, шууд бус санааны хувьд зөвхөн хор уршиг учрах боломжтойг урьдаас мэдсэн ч түүнийг чухалчилдаггүй, үйлдлээрээ түүнд хүргэсэн, хор уршигт “яасан ч яахав” гэсэн идэвхгүй байр сууринаас хандсан байдгаараа ялгагддаг онцлогтой.  

Дээрх тохиолдолд шүүгдэгч нь амь хохирогчтой маргалдах үедээ түүний нүүр рүү нэг удаа гараараа цохисон үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж буй хууль бус үйлдэл болохоо ухамсарлаж үйлдсэн буюу уг үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд хохирол учрахыг мэдэж, хүсэж үйлдсэн, үйлдлээ зориуд хэрэгжүүлсэн гэж үзнэ. Хэдий түүнд хүнийг алах сэдэлт, зорилго байгаагүй байх боловч тухайн үйлдлийн улмаас тодорхойлох боломжгүй хор уршиг учрах боломжтойг урьдчилсан мэдсэн, хор уршгийг зориуд бий болгосон буюу гэм буруугийн шууд бус санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж дүгнэлээ.

Хүнийг алах гэмт хэргийг гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцдог бөгөөд үхэлд шууд хүргэсэн, эсхүл хэсэг хугацааны дараа амь нас хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй. Мөн “хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах”, “хүнийг санаатай алах” гэмт хэрэг нь гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, мөн хохирогч уг гэмтлийн улмаас үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан өөр бусад хүндрэл үүсч, тэрхүү өөр хүндрэлийн улмаас нас барсан нөхцөлүүдээр ялгагддаг.

Энэ тохиолдолд амь хохирогч учирсан хүнд гэмтэлтэй шалтгаантай бусад хүндрэл үүсээгүй, аливаа шалтгаанаар эмнэлгийн тусламж авахгүй цаг хугацаа алдаж хүндрүүлээгүй, тэр даруйдаа эмнэлгийн яаралтай тусламж авсан боловч амь аврагдах боломж багатай хүнд гэмтэл авсан байсан учир гэмтэл авснаас хойш 1 өдрийн дараа нас барсан байх тул хэргийн зүйлчлэлийг өөрчлөх үндэслэлгүй юм. 

9. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч М.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

10. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь оршуулгын зардалд 25.000.000 төгрөг, амь хохирогчийн бага насны 2 хүүхдийг 18 нас хүртэл /10 настай, 7 настай 2хх136-137/ гэм хор учруулсны төлбөрт 76.783.000 төгрөг, нийт 101.783.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нэхэмжлэл гаргасан. Шүүгдэгч М.О нь хохиролд 4.670.000 төгрөгийн хохирол төлжээ.

11. Иргэний хуулийн 508.1-д “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй”, 508.3-д “Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна”, Мөн хуулийн 508.5-д “Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй” гэж тус тус заасан.

12. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс амь хохирогчийн насанд хүрээгүй хүүхдүүдэд гэм хорын хохирол нэхэмжлэхдээ тэжээгчээ алдсаны тэтгэвэр хэрхэн тогтоогдсон, түүнтэй холбоотой баримтыг гаргаж ирүүлээгүй байх тул зөвхөн мэдүүлэгт үндэслэн гэм хорын төлбөрийн хэмжээг тогтоон шийдвэрлэх боломжгүй юм.

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хэрэгт хавсаргуулсан оршуулгын зардалтай холбоотой баримтууд нь /2хх91-98/ нотлох баримтын шаардлага хангаагүй, мөн худалдан авалт нь тодорхойгүй баримтууд хавсаргасан, мөн дансны хуулга дахь мөнгөн шилжүүлгүүд /2хх127-132/ шилжүүлгийн зориулалт тодорхойгүй байх тул тухайн баримтуудыг үндэслэн хохирлын асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэн хэлэлцэхгүй орхих нь зөв байна.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь холбогдох баримтыг бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэргийн шүүхийн журмаар гэм хорын хохирол, төлбөрөө нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж байна.    

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

13. Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал, дүгнэлтийг гаргасан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн саналыг дэмжиж буйгаа илэрхийлэн, хохирол төлөгдөөгүй тул эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэлгүй гэсэн дүгнэлт гаргасан.

14. Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгч М.О нь гэм буруугаа анхнаасаа хүлээдэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулаагүй, хохирол төлсөн, тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх санал, дүгнэлт гаргасан.

15. Шүүгдэгч М.О нь хэрэг хариуцах чадвартай болохыг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 1032 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр 1хх103-104/ тогтоосныг дурдах нь зүйтэй.

16. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхээр урьдаас тооцож төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

17. Хохирол төлөгдсөн гэдэгт гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын төлбөр, оршуулгын зардлыг бүрэн төлснийг ойлгох бөгөөд холбогдох баримтын бүрдэл дутуу үндэслэлээр хохиролтой холбоотой нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон нь хохирол бүрэн төлөгдөөгүй агуулгыг илэрхийлдэг болно. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан урьдач үндэслэл бүрдээгүй, түүнчлэн тус зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг тусгайлан хөнгөрүүлэх үндэслэлгүй гэж үзэхээр байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

18. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд шүүгдэгч нь согтуугаар хүний амь хохироосон үйлдлийн шинж байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар их, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг харгалзан үзлээ.

19. Иймд тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн шууд бус санаатай хэлбэртэй, хор уршигт хүргэсэн үйлдлийн шинж байдлыг дүгнэн үзээд шүүгдэгч М.Оод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь түүний гэм буруутай үйлдэлд тохирно гэж дүгнэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн байдал, хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр тогтоов.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

20. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 3 ширхэг дискийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

21. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Оын шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан /2022.10.13-2022.10.14, 1хх235/ нийт 1 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч М.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 1 /нэг/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай. 

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гэм хорын төлбөр, оршуулгын зардал нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, холбогдох баримтыг бүрдүүлэн иргэний хэргийн шүүхийн журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх нээлттэй болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 3 ширхэг дискийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид урьд авсан улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон, мөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн түүнийг цагдан хорьсугай.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.МӨНХБААТАР

    

 

ШҮҮГЧИД                                        Л.БААТАР

 

                                           

                                                                     Г.ГАНБААТАР