| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2018/0322/И |
| Дугаар | 39 |
| Огноо | 2019-02-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Ц даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 6 дугаар хороонд оршин суух, С ХХК-д ажилтай, Б овогт Ц.С,
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт оршин суух, Замын-Үүд суманд ажилтай Ж овогт Б.Л-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 11,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Ц.А, нэхэмжлэгч Ц.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.С шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Л-тэй 2015 оны 09 сарын сүүлчээр танилцсан юм. Тэрээр Солонгос Улс руу сургалтанд явж байгаа гэж байсан, би гаргаж өгч, ирэхэд нь тосч авсан. Түүнээс хойш утсаар холбоотой байж байгаад Л намайг Замын-Үүд суманд хүрээд ир, гүн гүнзгий танилцах хүсэлтэй байгаагаа хэлэхээр нь Л-н аж байдалтай танилцая, бас Замын-Үүдэд хилээр машин тэрэг орж ирдэг гэхээр нь хямд машин авах санаатай 2015 оны 12 сарын 31-нд Замын-Үүдэд ирсэн. Ингээд 2016 оны 01 сарын 04-нд буцах болоход хүүхдийн байрны мөнгө төлөх гээд мөнгө хэрэгтэй байна, мөнгө байвал зээлүүлээч гэхээр нь хадгаламжинд мөнгө байгаа, хадгаламжийн хүүгээр зээлүүлэе гэж хэлэхэд сар бүр хүүг нь төлөөд явъя гэж зөвшөөрсөн. Ингээд Г банк дахь хадгаламжаасаа 10,000,000 төгрөг авч Л-н ажил дээр ирж, 2 давхрынх нь ажлын өрөөнд хүлээлгэн өгсөн. Тэгээд нотариатаар батлуулая гэхэд нотариат ажиллахгүй байна, би дараа нь зээлийн бичиг баримтын асуудлыг жин тан болгоод өгнө, санаа зоволтгүй гэж хэлэхээр нь түүнд итгээд тэр өдөртөө Улаанбаатар явсан. Түүнээс хойш 1 сарын сүүлчээр найз хүүхэнтэйгээ наймаанд орос руу явж байна, 1,000,000 төгрөг зээлээч, буцаж ирээд өгье гэхээр нь өгсөн. Үүний дараа цагаан сар болсон бөгөөд Л манай гэрийнхэнтэй танилцана, золгоё гээд ирсэн, манайхантай золгочихоод намайг дагуулж Замын-Үүд явж өөрийн гэрийнхэнтэйгээ танилцуулна гэхээр нь бид шинийн 1-нд хотоос гарч Замын-Үүдэд ирсэн. Энд ирээд нилээн хэдэн айлаар ч орж золгосон, намайг танилцуулж байсан. Тэгээд шинийн 2-нд охин архи уусан согтуу, өөрөө бас нилээд архи уугаад байхаар нь би ер нь хүмүүжил, төлөвшил муутай айл байна гэж бодсон, энэ талаараа ч Л-д хэлсэн, шинийн 4-нд явсан. Тэгээд би мөнгөө нэхэхэд ажил төрөл бүтэх гэж байгаа, түр байж байгаач гэдэг байсан боловч сүүлдээ утсаа авахгүй, утсаа авсан ч утас андуурсан байна гэж хүнээр хэлүүлдэг болсон, би дансны дугаараа хэд, хэдэн удаа явуулж, хуваагаад ч болов мөнгийг төлөөч гэж бичиж байсан. Энэ явдлаас хойш огт уулзаагүй, 2018 оны 09 сард Замын-Үүд суманд ирээд уулзах гэтэл энд байхгүй байна гэж хэлсэн. Бидний хувьд ийм асуудал болсон, хамт амьдарсан хугацаа байхгүй. 10,000,000 төгрөгийг Л-д зээлсэн өдөр гэрт нь очиход хүүхэд нь бид банкны зээл төлөх ёстой байсан юм, мөнгө зээлсэнд баярлалаа гэж хэлж байсан. Иймд нийт 11,000,000 төгрөгийг Л-с гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Л шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би С гэж хүнээс мөнгө зээлээгүй, энэ хүн надтай амьдарна гээд, би ч гэсэн хувь заяагаа холбохоор шийдэж, ирж очиж байсан. Намайг зөвхөн таньдаг гэж бичсэн байна. Цагаан сараар ээжтэй нь золгож, ах дүү нартай нь танилцсан. Энэ хүн ч манай ах, эгч, дүү, найз нөхөдтэй танилцсан. Манайд ирээд байж байхдаа надад машин авч өгье гэхээр нь одоохондоо машин ч яахав мөнгөний хэрэг байна гэхэд хэд хэрэгтэй юм гээд 10,0 сая төгрөг өгсөн. Орос явахад 1,0 сая төгрөгөөр рубель авч өгсөн. Найзтайгаа очиход тосч аваад гэрээр нь ороод биднийг автобусанд суулгаж өгсөн. Бид гэр бүлийн харьцаатай байсан. Би ч гэсэн өвлийн идшээ хувааж хотын гэр рүү өгч явуулж байсан. Гэтэл энэ хүн муухай ааштай, утсаа сонсохгүй өнгөрөх, өдөр, орой оройтоход л хардаж элдвээр хэлдэг байсан. Чамайг ингээд байвал насны сүүлд ингэж амьдарч чадахгүй гэдгээ ч хэлсэн. Надаас мөнгө авъя гэж нэг удаа л хэлж элдвээр доромжилсон болохоос биш дансны дугаар өгч явуулж байгаагүй. Чи надаар тоглож нэр нүүрийг минь барсан, би чамаас зээлээгүй тул өгөх боломжгүй гэдгээ хэлсэн гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.С нь хариуцагч Б.Л-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,000,000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг шүүх хангаж шийдвэрлэв. Үндэслэл нь:
Хариуцагч Б.Л нь нэхэмжлэгчтэй гэр бүлийн харьцаатай байсан, нийт 11,000,000 төгрөгийг ахуй хэрэгцээнд нь өгсөн гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, нэхэмжлэгч нь хариуцагчийг хүүхдийнхээ байрны мөнгийг төлөх, мөн наймаа хийх зорилгоор нийт 11,000,000 төгрөг зээлсэн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж байгаа болно.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд хариуцагч Б.Л нь нэхэмжлэгч Ц.С-с 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 10,000,000 төгрөг, 2016 оны 01 сарын сүүлээр 1,000,000 төгрөг зээлсэн, ингэхдээ буцаан төлөх талаар хугацаа тохироогүй боловч нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийг буцаан төлөхийг шаардсан үйл баримт болжээ.
Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т эд хөрөнгө шилжүүлсэнээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлсэнээр гэрээ байгуулсанд тооцохоор,
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “ зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгчийн хувьд хариуцагчид 2016 оны 01 сарын 04-нд 10,000,000 төгрөг бэлнээр, 2016 оны 01 сарын сүүлээр 1,000,000 төгрөг бэлнээр тус тус шилжүүлсэн байгаа нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд зээлийн гэрээг заавал бичгээр хийсэн байх хуулийн шаардлага байхгүй, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэн өгснөөр гэрээ байгуулсанд тооцох юм. Хэдийгээр хариуцагч нь мөнгө зээлээгүй гэж маргах боловч нэхэмжлэгчээс дээрх мөнгийг хүлээн авсан талаараа маргаан гаргаагүй. Түүнчлэн тэдний хооронд байгуулагдсан зээлийн гэрээнээс үзэхэд зээлийг буцаан төлөх талаар хугацаа тогтоогоогүй боловч Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-т зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ гэж заасны дагуу хариуцагч нь үүргийг гүйцэтгэх юм.
Хариуцагч зээлийг төлөхгүй гэж маргаж буй гол үндэслэл нь гэр бүлийн харилцаатай байсан, хувийн хэрэгцээнд 11,000,000 төгрөгийг Ц.С өгсөн гэх байгаа боловч хэргийн үйл баримтаас үзэхэд зохигчид нь 2015 оны 10 сараас 2016 оны 02 сарын дуустал хугацаанд гэр бүлийн харилцаатай байсан талаараа маргаан гаргаагүй, хэн аль нь зөвшөөрөх боловч дээрх мөнгийг гэр бүлийн хэрэгцээний дундын хөрөнгө гэж үзэх боломжгүй, түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ буюу өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагчид яг гэр бүлийн ахуй хэрэгцээндээ зарцуулах зорилгоор 11,000,000 төгрөгийг өгсөн гэдгийг нотолсон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Б.Л-с зээлийн гэрээний үүрэг 11,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.С-д олгох нь зүйтэй байна.
Хариуцагч Б.Л-д шүүх хуралдааны товыг албан ёсоор мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-120 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 283 дугаар зүйлийн 283.1-т зааснаар хариуцагч Ж овогт Б.Л-с 11,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б овогт Ц.С-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 190,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 190,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Хариуцагч Б.Л нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.Ц