| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2023/0102/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/209 |
| Огноо | 2023-02-14 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2023/ШЦТ/209
2023 02 14 2023/ШЦТ/209
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,
улсын яллагч Н.Ундрах,
хохирогч Э.Д,
шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Ундрахаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Мд холбогдох эрүүгийн 2208 01597 1988 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, эрэгтэй, 25 настай, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа барилгын туслахын ажил эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.М нь 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын *** тоот хашаанаас хохирогч Э.Дын эзэмшил ашиглалтад байсан 3.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий *** улсын дугаартай, “Тоёота Гаяа” маркийн авто машиныг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 4 сая төгрөгөөр авахаар тохирч, сар болгон 1 сая төгрөг өгөх байдлаар худалдаж авна гэж итгүүлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хуурч авч, тухайн өдрөө бусдад 700.000 төгрөгөөр зарж залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1417 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон тээврийн хэрэгслийн лавлагаа, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судлав.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч А.М.
1. Шүүгдэгч А.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, түүний өмгөөлөгч хохирлын хэмжээг багасгуулах, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон талуудын мэдүүлэг, тайлбар, гэм буруугийн талаарх дүгнэлтийг дүгнэн үзэхэд шүүгдэгч А.М нь хохирогч Э.Дтай урьдын танилын харилцаатай байсан байдлыг урвуулан ашиглаж, өөрийн төлбөрийн чадваргүй байдлаа нуун 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын *** тоот хохирогчийн хашаанаас *** УНЧ улсын дугаартай, “Тоёота Гаяа” маркийн авто машиныг 4 сая төгрөгөөр худалдаж авна гэж хохирогчийг хуурч, тээврийн хэрэгслийг унаж явсан даруйдаа хувиараа авто сэлбэг задаргааны үйл ажиллагаа явуулдаг хүнд 700.000 төгрөгөөр зарсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь хохирогч Э.Дын “...2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 12 цаг 13 минутад М над руу ***дугаараас мессеж бичсэн. Тэр мессежинд "Та дүүдээ машинаа 4.000.000 төгрөгөөр бодоод өгчих, дүү нь сард сая төгрөг хийгээд нотариатаар гэрээ байгуулж авъя" гэсэн. Тэгээд би нөхөр Т.Тд нөгөө М над руу ингэж мессеж бичээд байна гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш 2022 оны 01 дүгээр сарын 12-нд намайг гэртээ байхгүй байхад М манай нөхөр Ттэй уулзаад **** улсын дугаартай манай машиныг аваад явсан байсан. Тухайн машиныг аваад удаагүй байхад Бээжин гээд нөхрийн найз нь мөнгөний хэрэг гараад байна гээд манай нөхөр Тгээс машинаа барьцаанд тавиад өг гэхээр нь Жуковын хойно байх “Алтан шургуул” ХХК буюу “Найзууд” ломбардад барьцаанд тавьсан юм. Манай нөхрийн найз Бээжин нь тухайн банк бусын зээлээ төлж дуусгасан ба манай нөхөр Т бие нь өвдөөд эмнэлгээр явж байсан болохоор нэрээ шилжүүлж чадалгүй байсаар 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр нас барсан. Одоо “Алтан шургуул” ХХК-нд үлдэгдэл зээл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх21-25/,
- гэрч Д.Бын “...Намайг гэрт байж байхад манай танил дүү А.М 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ирж уулзаад “ахаа надад нэг машин байна, та задаргаанд авах уу, би хүнээс өрөндөө авсан юм” гэж хэлсэн. Би гэрээс гараад Мийн гэрийн гадаа зогсож байсан мөнгөлөг саарал өнгийн машиныг үзсэн. “Тоёота Гаяа” маркийн, ***улсын дугаартай машин байсан. Би Мэс хэдэн төгрөгийн өрөнд авсан юм гэхэд 800.000 төгрөгийн өрөнд авсан гэж хэлсэн. Тэгээд та хэдэд авах юм гэж хэлсэн. Би түүнд энэ машиныг авбал 700.000 төгрөгт задаргаанд авна гэж хэлсэн. Тэгэхэд дүүд нь 800.000 төгрөг хэрэгтэй байна. Та 800.000 төгрөгт авахгүй юм уу гэж асуусан. Би энэ машиныг 700.000 төгрөгөөр авна гэхэд за тэгвэл 700.000 төгрөгт ав гэж хэлсэн. Тэгэхээр нь би Мэс машины гэрчилгээ хаана байна гэж асуусан. Тэгэхэд М машины гэрчилгээг хайгаад олохгүй байгаа, та машинаа задалж байхад гараад ирж магадгүй эзэн нь машин дотор гэрчилгээ байгаа гэж хэлж явуулсан гэсэн. Тэгээд би машины мөнгө болох 700.000 төгрөгийг өөрийн төрсөн ах Бат-Лхагвын Хаан банкны 5653082087 дугаарын данснаас 650.000 төгрөгөөр, 50.000 төгрөгөөр тус тус хоёр хувааж шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх27-33/
- гэрч Т.Тгийн “...А.М манай эхнэр Д дээр очоод машинаа зарах уу, би 4.000.000 сая төгрөг өгье, гэхдээ бэлэн биш сар болгон сая төгрөг өгөөд авъя гэж манай эхнэрт хэлсэн. Тэгээд манай эхнэр надаас асуухаар нь би зарахаар болоод А.Мийг дуудсан. Тэгээд М 2 хүнтэй хамт ирээд асаагаад аваад явсан. Тэгээд тэрнээс хойш сар болгон сая төгрөг өгнө гээд ирээгүй...” гэсэн мэдүүлэг /хх42/,
- 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх17/, тээврийн хэрэгслийн лавлагаа, А.Мийн яллагдагчаар өгсөн “...Би прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...надад лизингээр Тоёота Гаяа машинаа өгөхөөр болсон юм. Тэгээд машиныг Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 52-1 тоотоос тухайн өдрөө очиж авсан. Ингээд Даас авсан машиныг өөрийнхөө хашаанд авч ирээд засвар хийж байгаад асааж чадаагүй. Надад мөнгөний хэрэг гараад байсан болохоор автомашиныг задаргаанд өгсөн. Би Дт хохирлыг барагдуулаагүй. 3.800.000 төгрөгийг төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг /хх95/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
3. Залилах гэмт хэрэг нь хохирогчийг хууран мэхлэх, итгэл эвдэх, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулах зэрэг аргаар эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авч, эд хөрөнгө, эд хөрөнгийг эрхийг буцаан өгөхгүй, хариу төлбөр төлөхгүй гэсэн гэмт санаа агуулан хохирол учруулсан байх шинжтэй байдаг. Хэргийн нөхцөл байдлаас шүүгдэгч А.М нь хохирогчтой урьд танилын харилцаатай байдлаа ашиглан, автомашиныг нь 4 сая төгрөгөөр худалдан авах санхүүгийн боломжгүй нөхцөл байдлаа нуун, сар болгон 1 сая төлнө гэж хохирогчид итгүүлэн автомашиныг авч явжээ. Бодит байдалд шүүгдэгч нь түрээсийн байрнаасаа гарсны дараа, амьдрах орон гэртэй болохын тул уг автомашиныг задаргааны сэлбэг болгон 700.000 төгрөгөөр бусдад худалдсан болохоо мэдүүлсэн бөгөөд түүний үйлдлийг залилах гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн нь зөв байна.
Шүүгдэгч болон хохирогч нарын хооронд автомашин зээлээр худалдах, худалдан авах талаар харилцан тохиролцсон мэт боловч шүүгдэгч санхүүгийн боломжгүй байдлаа нуусан, тохиролцооны дагуу үнийг төлөх боломжгүйгээ мэдэж байсан, мөн хохирогчид эд хөрөнгийг буцаан шаардах, гэрээнээс татгалзах боломжгүйгээр шууд задаргааны сэлбэг болгосон нь залилах гэмт санаа зорилготой үйлдэл байна.
4. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 262 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд: Автомашиныг 3.000.000 төгрөгөөр үнэлснийг /хх 45/ үндэслэлтэй гэж үзэн, тус дүнгээр хохирлын үнэлгээг тогтоолоо. Хөрөнгийн үнэлгээчин Д.Амгалан үнэлгээг тогтооход уг хөрөнгө нь бодит байдалд байгаагүй тул ижил төрийн авто машины зах зээлийн дундаж ханшийг баримталсан гэснийг хүлээн авах нь зөв байна. Шүүгдэгч түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд уг тээврийн хэрэгсэл нь доголдолтой байсан, мөн ижил төрлийн тээврийн хэрэгсэл зах зээлд үүнээс бага үнэлгээтэй байгаа гэснийг хүлээн авах боломжгүй юм. Учир нь хохирогчийн гэрээс хэвийн ажиллагаатай тээврийн хэрэгслийг шүүгдэгч өөрөө жолоодон авч явсан, улмаар задаргааны сэлбэг болгосон тул дахин үнэлгээ хийлгэх боломжгүй, тус хэрэгт хийгдсэн хөрөнгийн үнэлгээний тайланг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн шүүгдэгч А.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулан, хуурч эд зүйлийг нь шилжүүлэн авч 3.000.000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
6. Хохирогч Э.Д нь сэлбэгийн задаргаанд авто машиныг задалж зарсан Д.Баас 400.000 төгрөг авсан, үлдэх 2.600.000 төгрөгөө нэхэмжилж байна гэжээ.
Иргэний хуулийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасны дагуу шүүгдэгчээс 2.600.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Дт олгуулахаар шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
7. Улсын яллагчаас шүүгдэгч А.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.
8. Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: А.М нь гэм буруугаа анхнаасаа хүлээж байгаа, боломжоороо хохирол төлөхөө илэрхийлж байгаа, ам бүл 4, бага насны хүүхдүүдтэй, амьдралын хүнд хэцүү, орох оронгүй болох гээд байсан нөхцөлөөс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь гэм буруугийн байдалд нь тохирно, түүнд хорих ял шийтгэх нь тохиромжгүй гэжээ.
9. Шүүгдэгч А.Мийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
10. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан үзлээ. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасныг харгалзлаа.
11. Шүүгдэгч А.Мийн хувьд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, хувийн байдлыг нь харгалзан түүнд хорихоос өөр төрлийн буюу зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.
12. Шүүхээс зорчих эрхийг хязгаарлах үүрэг хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргүүд дотроос эрх бүхий байгууллагын хяналтад оршин суугаа Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх үүргийг сонгон үүрэг хүлээлгэв.
Тодруулбал, хуульд заасан “оршин суух газраас явахыг хориглох” үүрэг нь тухайн этгээдийн оршин суугаа газар болох гэрээсээ эсвэл баг, хороо, сум, дүүргээс явахыг хориглох гэдэг утгаар, харин “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих” гэдгийг оршин суугаа засаг захиргааны үндсэн нэгж болох аймаг, нийслэлийн хүрээгээр зорчих буюу тухайн засаг захиргааны үндсэн нэгжийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл заавал авна гэсэн өргөн утга агуулгын хэрэглэх нь зөв байна.
Шүүх шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
13. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тус хэрэгт хураагдсан хохирогчийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг буцаан олгож, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулан, хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мд 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 8 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад, оршин суугаа Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мэс 2.600.000 /хоёр сая, зургаан зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Э.Дт олгосугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тус хэрэгт хураагдсан хохирогчийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг буцаан олгож, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР