| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2019/0041/И |
| Дугаар | 41 |
| Огноо | 2019-02-18 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 41
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Ц даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Израйль улсын иргэн A.Б-ын нэхэмжлэлтэй
М.Г-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.А, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Б нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Г нь Израйль улсад ажиллахаар очсон байхдаа Израйль улсад амьдардаг тухайн улсын иргэн A.Б-н гэрт 10 гаруй хоног амьдраад буцахдаа 2017 оны 03 сарын 08-нд 8,851 шикель болох тус улсын мөнгөн тэмдэгтийг зээлж аваад ойрын хугацаанд буцаан төлнө гэсэн боловч алга болсон. М.Г нь одоо ... дугаарын утас барьж байгаа боловч утсаа авдаггүй. Нөхөр нь ... утастай, гадаад харилцааны яаманд ажилладаг гэдгийг сураглаж мэдсэн. Ээж нь .... дугаартай Замын-Үүд суманд амьдардаг. Б нь 2019 оны 01 сард ирсэн байхдаа утас руу нь залгасан боловч яриагүй. Иймд М.Г-г эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд буюу үүрэг гүйцэтгэгч М.Г нь А.Б-с Израйль улсын мөнгөн тэмдэгт болох 8,851 шикелийг 2017 оны 03 сарын 08-ны өдөр зээлж авсан байх ба тэрээр буцаан төлөх үүргээ биелүүлээгүй, оршин суугаа хаяг нь тодорхойгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд М.Г нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байх тул хуульд заасан журмын дагуу түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг зохих байгууллагад даалгах нь зүйтэй байна гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-120, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар A.Б-гийн хүсэлтээр М.Г-г эрэн сурвалжилсугай.
2. М.Г-г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. М.Г-н хаягийг тогтоомогц хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б-д нэн даруй мэдэгдсүгэй.
4. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ А.Ц