| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2023/0195/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/213 |
| Огноо | 2023-02-14 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2023/ШЦТ/213
2023 02 14 2023/ШЦТ/213
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,
улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ /томилолтоор/,
шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхтүвшинээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Бт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 03269 0148 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2003 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цэргийн цагдаа мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Даланзадгад сум 167 дугаар цэргийн ангид цэргийн цагдаа ажилтай, ам бүл 5, ээж, аав, 2 дүүгийн хамт
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч М.Б нь 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны гадна хохирогч Б.Тийг “27 дугаар байраар эргэлдлээ” гэж үл ялих зүйлээр шалтаглан гараараа цохиж, “эрүү ясны хугарал” бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 129 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч М.Б.
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж оролцсон болно.
2. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд нь шүүгдэгч М.Б нь 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны гадна хохирогч Б.Тийг “27 дугаар байраар эргэлдлээ” гэж үл ялих зүйлээр шалтаглан гараараа цохиж, “эрүү ясны хугарал” бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Энэ нь хохирогч М.Тийн “..Миний бие 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр найз Эийн хамт Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 9 дүгээр байрын урд уулзсан. Тэгээд найз Мөнхжаргал ирээд машинд нь сууж байсан. Тэгсэн чинь 9 дүгээр байрны зүүн талд согтуу залуучууд хүмүүсийг зүгээр явуулахгүй дээрэлхээд байхаар нь бид нар очсон. Гэтэл нэг залуу хоёулаа зодолдох уу гээд надаас асууж дуусаад шууд Б гэх залуу миний зүүн талын шанаа руу гараа атгаж байгаад маш хүчтэй нэг удаа цохисон чинь миний эрүү хэсгээр их өвдөөд би доошоо суусан. Тэгсэн чинь тэр хавьд байсан хүмүүс тал тал тийшээ зугтсан. Тэгээд би тэндээсээ шууд гэр лүүгээ харьсан. Өглөө нь миний эрүү өвдөөд байхаар нь гэмтлийн эмнэлэг орж үзүүлсэн чинь зүүн талын эрүү хугарсан гэдгийг мэдсэн. Миний эрүү ясны хугарлын гэмтлийг Б гэх залуу учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх47/,
- гэрч Э.Зтын “...Б гэх залуу “та нар яагаад 27 байр хавиар эргэлдээд байгаа юм” гээд надаас асуухаар нь “би сайн мэдэхгүй” гээд хэлсэн чинь манай найзууд машинаасаа буугаад ирсэн. Гэтэл Б “өө энэ байна ш дээ” гээд манай найзууд руу хэл амаар доромжлоод дайраад байсан...Б гэх залуу манай найз М.Тийг куртикээрээ ороож дараад би танай найзын эрүүг хугална” гээд орилж байснаа нүүр лүү нь гараараа 2 удаа цохисон. Тэгээд манай найз М.Т найзынх нь эрүү сонин болчихлоо гээд надад хэлсэн. Б их согтуу байсан...” гэсэн мэдүүлэг /хх59/,
- гэрч Т.Өын “..Б гэх хүн манай найз Тийг 27 дугаар байр хавиар эргэлдээд байдаг нөхөр чи юу гээд шууд зүүн шанаа руу нь 2 удаа цохисон. Тухайн үед Дайчинхүү танихгүй 2 залуу дагуулаад ирчихсэн “яагаад 27 дугаар байрны энэ хавиар эргэлдээд байна" гээд маргаан эхэлсэн. Дайчинхүүгийн найз “Б гэсэн байхаа” тэр л цохисон өөр хүн цохиогүй. Манай найзын эрүүг цохиж хугалсан залуу их согтуу байсан” гэсэн мэдүүлэг /хх63/,
- гэрч У.Эийн “..Б гэх залуу манай найз Тийг 27 дугаар байр хавиар эргэлдээд байдаг нөхөр чи юу гээд шууд зүүн шанаа руу нь 2 удаа гараараа цохисон. Дайчинхүүгийн найз Б гэсэн байхаа тэр л цохисон. Өөр хүн цохиогүй...” гэсэн мэдүүлэг /хх67/, гэрч, Б.Бат-Оргил, Д.Мөнхжаргал нарын мэдүүлэг /хх70-71, 74-75/, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч Н.Туяагийн мэдүүлэг /хх91/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 12540 дугаар дүгнэлтээр “М.Тийн биед эрүү ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэжээ. /хх84-85/,
4. Хохирогчийн биед учирсан дээрх хүндэвтэр хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийн эрүү хэсэг рүү нь цохисон үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
5. Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогчид 1.000.000 төгрөгийн хохирол төлсөн /хх124/, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
6. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
7. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч М.Бодбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
8. Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан торгох ялыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн болно.
9. Шүүгдэгч М.Б нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг төлсөн, тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.
11. Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан байх бөгөөд шүүгдэгч М.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
12. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Быг 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР