Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 21

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              Б.Шт холбогдох эрүүгийн

                                               хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Жаргалсайхан даргалж, ерөнхий шүүгч Ш.Баттогтох, шүүгч Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор Б.О,

Шүүгдэгч Б.Ш түүнийг өмгөөлөгч М.Энхзаяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяагийн давж заалдах гомдлоор, Б.Шт холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний хүлээн авч, шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1975 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт аж ахуйн ажилтнаар ажилладаг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 4-45 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ДЕ75012614 регистрийн дугаартай, Баян буурал овогт Б. Ш нь 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн Толгойт 10-1 тоотод байрлах байшинд нэвтрэн орж хохирогч М.Сын өмчлөлийн 12.8 кг ноолуурыг хулгайлан авч, 1.088.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдожээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Баян буурал овогт Б. Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан тус хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1  /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Шүүгдэгч Б.Шт авсан хувийн баталгаа гаргах

2.

 

таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, ял эдлэх хугацааг тухайн өдрөөс эхлэн тоолж,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 /нэг/ ширхэг CD-г хэрэгт хавсаргаж, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж гомдол, эсэргүүцэл бичих үндэслэл журмыг тайлбарлан шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, тайлбартаа: Б.Шыг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүн байнга амьдрах зориулалттай байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон юм. Гэтэл Б.Ш нь олон жил хохирогчийн ирсэн айл болох Х.Чгийнхтай айл саахалт хөрш бөгөөд орж гардаг байсан. Мөн тухайн орон байранд нэвтрэх үед гэрийн хаалга нээлттэй байсан. Эдгээр байдлыг харгалзан зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. Б.Ш нь хохирлоо төлсөн, үйлдсэн үйлдээ ухамсарлаж байгаа болно гэжээ.

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Ш нь 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн Толгойт 10-1 тоотод оршин суух иргэн Х.Чгийн гэрт хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтрэн орж 12.8 килограмм ноолуурыг хулгайлан авч хохирогч М.Сд 1.088.000 төгрөгийн хохирол учруулсан. Анхан шатны шүүхээс Б.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Өмгөөлөгчийн зүгээс зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн гомдол гаргасан. Анхан шатны шүүхийн 95 дугаартай шийтгэх тогтоол нь үндэслэлтэй хууль ёсны гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, 39.8 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, 39.6 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгүүдэд зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.Ш нь 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн Толгойт 10-1 тоотод байрлах байшинг

 

3.

 

онгорхой байхад нь сэм нэвтрэн орж хохирогч М.Сын өмчлөлийн 12.8 кг ноолуурыг хулгайлан авч, 1.088.000 төгрөгийн хохирол учруулсан байна.

Эдгээр үйл баримт нь:

Хохирогч М.Сын: “2019 оны 06 дугаар сарын 13-н шөнө Халиун сумаас Жаргалантын хороонд байдаг Х.Чгийнд ирээд шуудайтай ноолуураа байшингийн таамбарт тавьж хоноод маргааш нь 14 цагийн үед үзэхэд алга болсон байсан” тухай мэдүүлэг,

Гэрч С.Б-ын: “Нэгдсэн эмнэлгийн хаягдлын байшингаас Б.Ш нь шар ууттай ноолуур авч гарч ирээд Шинэ-Алтай захын урд талд байдаг Өгөөж төвд уг ноолуурыг өгсөн” тухай мэдүүлэг.

Гэрч Ч.Б-ын: “2019 оны 06 дугаар сарын 14-ний 14 цаг өнгөрч байхад Б.Ш нэгдсэн эмнэлгийн хог хаягдлын цэгийн хажуугийн байшингаас ууттай ноолуур авч гарч ирээд М.С-ын түүхий эд авах цэгт тушааж  40 ширхэг 20000 төгрөгийн дэвсгэрт хадгалж бай гэж өгсөн” тухай мэдүүлэг,

Гэрч М.С-ын: “2019 оны 06 дугаар сарын 14-ний 14 цагийн үед  эмнэлэгт ажилладаг нэг хүн 12 килограмм 800 грамм ноолуураа нэг килограммыг нь 85000 төгрөгөөр тооцож нийт 1 088 000 төгрөгөөр худалдаад гарч явсан” тухай мэдүүлэг,

Гэрч Д.П, Н.Ц нарын: “Тухайн өдөр цэнхэр хувцастай саравчтай малгайтай хүн ирж шар өнгийн ууттай ноолуур тушаасан” тухай мэдүүлэг,

“Өгөөж” түүхий эд худалдан авах төвийн гадна, дотор талын хяналтын камерын дүрс бичлэгүүдэд үзлэг хийхэд Б.Ш нь ууттай ноолуурыг авто машинаас авч тус түүхий эд худалдан авах цэгт тушааж байгаа нь бичигдсэн болохыг тэмдэглэсэн дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,  

Тухайн ноолуурыг 1 088 000 төгрөгөөр үнэлсэн Ашид билгүүн ХХК-ы үнэлгээний дүгнэлт, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон байна.

Хохирогч М.Сын түр оршин сууж байсан Х.Чгийн байшингийн үүдний амбаараас уг нолуурыг авч худалдсан шүүгдэгч Б.Шын үйлдэл нь хүн байнга амьдрах зориулалттай орон байрны нэг хэсэг болох байшингийн үүдний амбаарыг онгорхой байхад нь сэм нэвтрэн орж, тэнд байсан ууттай ноолуурыг авч өөрийн өмчийн адил захиран зарцуулах бодит боломж бүрдүүлснээрээ хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийн бүх шинжийг агуулж байна.     

Өөрөөр хэлбэл хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн үүдний амбаар нь ч орон байранд хамаарах бөгөөд орон байрыг онгорхой байхад нь сэм орж эд зүйлийг авсныг орон байранд нэвтэрч хууль бусаар эд зүйл авсан гэж үзнэ. 

Анхан шатны шүүх  хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй,

4.

шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан хорих ялыг хөнгөрүүлэх журмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулж болох доод хэмжээгээр хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж зэрэгт тохирсон байна.

Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяагийн гаргасан Б.Ш нь орон байранд нэвтэрч уг гэмт хэргийг үйлдээгүй тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэх тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Шын өмгөөлөгч М.Энхзаяагийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шын 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас хойш цагдан хоригдсон 67 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

            3. Гомдол, Эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                               ДАРГАЛАГЧ                                      Т.ЖАРГАЛСАЙХАН

                                   ШҮҮГЧИД                                      Ш.БАТТОГТОХ

                                                                                       Ч.ЭНХТӨР