Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2021/0543

 

2021 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2021/0543

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр  даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “Х”  ХХК

 Хариуцагч: Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болон Зам, тээврийн хөгжлийн яам,

Нэхэмжлэлийн шаардлага: “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 6-1/2431 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах, гэрээний үнийг 7,439,456,101 төгрөгөөр байгуулахыг даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Л, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ““Х”  ХХК-ийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зам, тээврийн хөгжлийн яамнаас зарласан 7.794.400.000 төгрөгийн төсөвт өртөгтэй 3ТХЯ/202103006 дугаартай нээлттэй тендер шалгаруулалтад үнийг 4.5 хувиар бууруулж 7.439.456.101 төгрөгийн үнийн  санал хүргүүлж оролцсон. Тендерийн баримт бичиг болон урилгад тусгасны дагуу ажиллах хүчний дотоодын давуу эрх тооцуулахаар холбогдох материалыг бэлтгэн хүргүүлэхдээ манай компани нь техникийн алдаа гаргаж үнийн хөнгөлөлт тооцох цонх дээрээ хийсвэрээр тооцуулах ажиллах хүчний давуу эрхийн 7.5 хувиа бөглөж, санал болгож буй үнэ 7.439.456.101 төгрөг, хөнгөлөлт тооцсон үнэ 6.881.496.894 төгрөг гэсэн 2 үнийн саналыг хүргүүлсэн.

Энэ нь анхны төсөвт өртгөөс нь 350.000.000 төгрөг буюу 4.5% иар буулгаж үнийн саналаа хүргүүлсэн. Тендерийг хүргүүлэхдээ Тендерийн тухай хуулийн 10 дугаар зүйл болон Сангийн сайдын 2008 оны 58 дугаар тушаалаар баталсан дотоодын давуу эрхэд тооцох аргачлалын дагуу Орон нутгийн компани учир ажиллах хүчний давуу эрхэд тооцуулахаар 7,5%-иар тооцуулахаар материал бүрдүүлэхдээ хүргүүлсэн.  Манай компанийн материалыг цахимаар илгээдэг хүн нь шинээр ажилд орсон байсан учир үнийн хөнгөлөлт тооцох цонхон дээрээ 7.5%-иар буюу дотоодын давуу эрхэд тооцуулах ажиллах хүчнийхээ хувийг андуурч, оруулж бөглөсөн байгаа. Хууль мэдэхгүй байх нь хуулийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Бид нэгэнт цахимаар цахим гарын үсгээ зураад илгээсэн учир илгээсэн дээрээ бид маргахгүй. Илгээсэн хөнгөлөлтийг хэрхэн яаж тооцсон вэ гэдэг дээр маргаан үүсгэсэн байгаа.

Захиалагчаас гэрээ байгуулах тухай мэдэгдэлд гэрээний үнэ нь хөнгөлөлтийг шаардлага хангасан эсэхийг хянаж магадлалгүй тооцож 6.881.496.894 төгрөгөөр ирүүлснийг Сангийн яаманд хянуулахаар гомдол гаргасан. Сангийн яам гомдлыг хүлээн авч хянаад захиалагчийн шийдвэрийг хэвээр үлдээснийг эс зөвшөөрч дараах үндэслэлийн дагуу нэхэмжлэл гаргаж байна. Манай компаниас хүргүүлсэн үнийн санал нь хөнгөлөлт тооцохгүйгээр бусад оролцогчдоос хамгийн бага бөгөөд Тендерийн баримт бичгийн Тендерт оролцогчид өгөх зааварчилгааны 17 дугаар зүйлийн 17.5-д ”оролцогч нь аливаа нөхцөлт бус үнийн хөнгөлөлт болон түүнийг хэрэглэх аргачлалыг тендер ирүүлэх маягтад тусгасан байна” гэж заасны дагуу үнийн хөнгөлөлтийг хэрхэн, яаж үзүүлэх талаар аргачлал, албан бичиг хүргүүлээгүй байхад залруулалгүй тооцсон нь үндэслэлгүй байна. Манай компаниас үнийн хөнгөлөлтийг хэрхэн үзүүлэх аргачлал баримт материал огт хүргүүлээгүй байхад үнэлгээний хороо нь үнэлж, хянах явцдаа хөнгөлөлтийг тооцсон нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д ” бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд үзүүлэх сөрөг нөлөө”, Тендерт оролцогчид өгөх зааварчилгааны 30.3-д “Шаардлагад нийцсэн тендер нь тендерийн баримт бичигт тавигдсан нөхцөл шаардлага, ялангуяа тендерт оролцогчийн үйлдвэрлэлийн болон гэрээ хэрэгжүүлэх чадвар, техникийн тодорхойлолт, ажлын тоо хэмжээг материаллаг зөрүүгүйгээр хангасан тендерийг хэлнэ. Дор дурдсан зүйлсийг материаллаг зөрүү гэж үзнэ: (а) техникийн тодорхойлолт болон гэрээний нөхцөлд тодорхойлсон ажлын хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэхээр бол” гэсэн заалтуудыг зөрчин үндэслэлгүй хөнгөлөлтийг залруулга хийлгүй санал хүргүүлсэн үнээс хасаж гэрээ байгуулах үнийг тооцож байгаа нь уг ажлыг чанаргүй болох, гүйцэтгэлд илт сөргөөр нөлөөлөх нөхцөл үүсэж байна.

Сангийн яамнаас ирүүлсэн шийдвэрт тендерийн баримт бичгийн тендерт оролцогчид өгөх зааварчилгааны 17 дугаар зүйлд үнийн хөнгөлөлт нь дараах шаардлагад нийцсэн байна гээд 17.5-д ”оролцогч нь аливаа нөхцөлт бус үнийн  хөнгөлөлт болон түүнийг хэрэглэх аргачлалыг тендер ирүүлэх маягтад тусгасан байна" гэсэн заалтын дагуу цахимаар ирүүлсэн үнийн хөнгөлөлтийг хэрхэн тооцох аргачлалыг баримт бичигт тусгаагүй нь тооцохгүй байх үндэслэл болохгүй гэж тайлбарлаж буй нь Сангийн сайдын 2012 оны 81 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Ажил гүйцэтгэх тендерийн жишиг баримт бичиг”-ийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны заалтууд хоорондоо зөрчилдсөн гэсэн утга агуулгатай байгаа нь үндэслэлгүй байна.

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 3/1675 дугаар албан тоотоор манай компанид гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэн албан бичиг ирүүлсэн. Гэрээний дүнгээ 6.881.000.000 төгрөгөөр ирүүлсэн. Энэ нь бидний санал болгосон үнээс 557.000.000 төгрөгөөр хямдруулж ирүүлсэн. Захиалагчийн өгсөн мэдэгдлийн дагуу манай компани ажил гүйцэтгэхэд нэгдүгээрт ашиггүй, хоёрдугаарт барилгын ажилд сөргөөр нөлөөлөх учир Тендерийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу Сангийн яаманд 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр өргөдөл гаргасны дагуу Сангийн яам гомдлыг хянаад, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 61/2431 дүгээр “Гомдол хянасан тухай” албан тоотын нэг хувийг манай компанид, нэг хувийг нь Зам, тээврийн хөгжлийн яаманд хүргүүлсэн байна.

Зам, тээврийн хөгжлийн яамны гомдол хянасан тухай албан тоотод Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.1-д “тендерийн үнэд арифметик алдаа болон орхигдуулсан жижиг хэмжээний зөрүүг залруулах, үнийн хөнгөлөлтийг харгалзан тендерийн үнийг бууруулах, захиалагч энэ хуульд заасныг үндэслэн үнэлгээний бусад шалгуур үзүүлэлтийг сонгосон бол тэдгээрт харгалзах саналуудыг мөнгөөр илэрхийлж, тендерийн үнэ дээр харгалзан тооцож тендерийн харьцуулах үнийг тодорхойлно” гэж заасныг дурдсан байсан.  Үргэлжлүүлэн Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалаар баталсан Худалдан авах ажиллагааг цахим системээр зохион байгуулах журам, Холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журмын 3.3.2-т заасны дагуу захиалагчийн шийдвэр нь хууль ёсны байна гэж гомдолд дурдсан байна. Холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журмын 3.12-т “Тендерт оролцогчоос ирүүлсэн тендер нь бүхэлдээ эсхүл зарим хэсэг нь журмын 3.3.2-т заасан шаардлага хангаагүй бол тухайн баримт бичгийг үнэлгээнд харгалзан үзэхгүй” гэж заасан учир гэрээ байгуулах үнийн дүнгээс хасаж тооцсон гэж тайлбарлажээ. Сангийн сайдын 255 дугаар тушаал нь ямар харилцааг зохицуулах эрх зүйн акт вэ гэхээр уг журмын 1.1-т “Энэ журмын /цаашид “журам” гэх/ зорилго нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (цаашид “хууль” гэх)-ийн дагуу худалдан авах ажиллагааны цахим систем (цаашид “цахим систем” гэх)-ээр дамжуулан цахим худалдан авах ажиллагаа зохион байгуулах, хэрэгжилтийг хангах, тендер шалгаруулалтын урилга, үр дүн, тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдол шийдвэрлэлтийг мэдээлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино” гэж заасан байна.

Энэ нь зөвхөн тендерийг зохион байгуулаад, цахимаар материал хүлээж авах хүртэлх харилцааг зохицуулж байгаа. Сангийн яамны тайлбарт үнэлэх, хянах процесс дээр ч уг журмаа хэрэглэсэн байна гэж харагдахаар байна. Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалын Холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журмын 3.3.2, 3.12-т заасны дагуу үнэлгээний хороо нээлтийн тэмдэглэлдээ саяны хөнгөлөлтийг тусгасан байгаа. “Х”  ХХК-иас манай тендер дээр 557.000.000 төгрөгийн үнийн хөнгөлөлтийг ирүүлсэн байна гэж тусгасан байсан. Үүнийг хүлээн зөвшөөрөөд манай компани маргахгүй байгаа. Эннээс хойш үнэлээд, хянаад, хариу гаргах хүртэл журмаа буруу хэрэглэсэн байна гэж үзэж гомдол гаргасан. Учир нь Тендерийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т тендерийг үнэлэх болон хянахтай холбоотой харилцааг зааж өгсөн байдаг. Мөн хуулийн 14-16 дугаар зүйлийн дагуу ерөнхий нөхцөл болон санхүү, техникийн чадварыг нь үнэлж, захиалагчийн өөрийнх баталсан тендерийн баримт бичгийн дагуу нарийвчилсан үнэлгээг хий ёстой байдаг. Ингэж үнэлэхгүйгээр Сангийн сайдын баталсан Цахим тендер үнэлэх журмын дагуу нээлттэй тендерийн үнийн хөнгөлөлтийн хамгийн сүүлийн процесс дээр үнийг нь хасаж тооцсон нь буруу байна гэж үзэж байна.

Захиалагчийн баталсан тендерийн баримт бичгийн тендерт оролцогчдод өгөх зааврын 27 дугаар зүйлд “тендерт оролцогч нь аливаа нөхцөлт бус үнийн хөнгөлөлтийг болон түүнийг үнэлэх аргачлалыг тендерт ирүүлэх маягтад тусгасан байна” гэж заасан байдаг. Хуулийн дагуу үнэлэх үнэлгээний хороо нь дотроо ярилцаж, олонхоороо шийдвэрлэж уг шаардлага хангагдаж байна уу гэдгийг үзэх ёстой байсан. Тухайлбал нөхцөлт бус үнийн хөнгөлөлтөө тендерийн үнэлгээний маягтад заавал тусгах ёстой байдаг. Тусгаад үнийн хөнгөлөлтөө яаж эдлэх талаарх арга аргачлалаа заавал бичсэн байх ёстой. Тухайлбал манай компани уг тендерт санал болгосон үнэ 7.439.456.101 төгрөгийн санал хүргүүлж, уг ажлыг манай компани гүйцэтгэснээр 466.000.000 төгрөгийн ашигтай ажиллана гэж тооцсон байсан. Гэтэл үнийн хөнгөлөлтийг тооцож хямдруулах 557.000.000 төгрөг нь манай хийх ажлын ашгаас даваад цаашид  манай барилгын хийх ажлын чанарт сөрөг нөлөөтэй байхаар байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр шууд үнийн хөнгөлөлтийг эдлүүлэх нь зөв байна гэж тайлбар өгсөн байна. 17.5-д заасныг харгалзан үзэхгүйгээр яагаад алгассан бэ гэхэд Сангийн яам тайлбарлахдаа Тендерт оролцогчдод өгөх зааврын 34 дүгээр зүйлийн 34.2-т “шаардлагад нийцсэн тендерийн үнэд залруулга хийж, тендерийн харьцуулах үнийн тодорхойлох”-оор заасан ба тус зааварчилгааны 34 дүгээр зүйлийн 34.2.В-д “тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 27 дугаар зүйлийн 27.4-т заасны дагуу зарлагдсан тендерт оролцогчдын санал болгосон нэмэлт өөрчлөлт буюу үнийн хөнгөлөлтийг тусгах” 17 дугаар зүйлийг алгасаад 34, 27 дугаар зүйлүүдээр үгүйсгэж байгаа.

Захиалагчийн баталсан тендерийн баримт бичиг дотор байгаа заалтууд нь 17 дугаар зүйлийг алгасаад 34, 27 дугаар зүйлсээр үгүйсгэсэн байдалтай байгаа. Үүнийг үл зөвшөөрч гомдол гаргасан. Гомдлыг хянасан бичгийг нэг хувийг манай компанид нөгөө хувийг Зам, тээврийн хөгжлийн яаманд хүргүүлсний дагуу Зам, тээврийн яам бидэнд дахин гэрээ байгуулах эрх олгох тухай албан тоотыг 2021 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 3/1974 тоотоор өгсөн. 2021 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 3/1974 дүгээр албан тоотод “оролцсон гомдлын дагуу Сангийн яамнаас хянаж үзээд тоон гарын үсгээр баталгаажуулсан үнийн хөнгөлөлтийг хасаж 6.889.000.000 төгрөгөөр захиалагч шийдвэр гаргасан нь үндэслэлтэй байна” гэж мэдэгдээд үүний дагуу гэрээ байгуулах талаар мэдэгдэл дахин ирсэн. Тендерийг үнэлэх явцдаа үнийн хөнгөлөлтийг тооцох эсэх талаар үнэлгээний хороо хуралдаад Сангийн яам руу үнийн хөнгөлөлтийг яаж шийдвэрлэх талаар Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 3/1500 албан тоотоор чиглэл хүссэн байдаг. Үүний дагуу Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 61/2033 албан тоотоор Сангийн сайдын 2019 оны 253 дугаар тушаалаар баталсан 3.3.2, 3.13-д заасны дагуу хувийг гэрээний үнийн дүнгээс хасаж тооц гэсэн чиглэлийг өгсөн байдаг. Гол зүйл нь Зам, тээврийн хөгжлийн яам арга зүйн зөвлөгөө авахдаа Тендерийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.5-д заасны дагуу худалдан авах ажиллагаа зохион байгуулах Засгийн газрын захиргааны байгууллага болох Төрийн худалдан авах ажиллагааны газар руу хандаж арга зүйн зөвлөгөө болон сургалт бусад зүйлийг авахаар заасан байдаг. Үүний дагуу аваагүйгээр үнэлэх явцдаа Зам, тээврийн хөгжлийн яам руу чиглэл хүсээд Зам, тээврийн хөгжлийн яам нь үнэлгээний явцдаа материалыг үнэлэхгүйгээр Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалыг барь гэж чиглэл болгож нэг талыг барьсан чиглэл өгсөн байгаа. Үүнийгээ дараа нь манай компани Сангийн яаманд гомдол гаргахад зөвлөмж чиглэлийн дагуу манай гомдлыг хүлээж авахгүйгээр хэрэгсэхгүй болгосон. Үндэслэлгүйгээр манай гомдлыг хүлээж авахгүй болохоор хуулийн дагуу 20.000.000 төгрөг хүртэлх тендерийн баталгаа нь улсын орлого болох нөхцөл байдал үүссэн. Бид үүнийг хүлээн зөвшөөрөлгүйгээр Тендерийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасны дагуу захиргааны хэргийн шүүхэд хандсан.

Сангийн яамны хариу тайлбарт Тендерийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7-д заасныг үндэслэсэн байсан. Зарлагдаагүй, өгөөгүй тендерийн үнэ, үнийн хөнгөлөлтийг тооцохгүй. Харин зарласан байгаа тендерийн үнийн хөнгөлөлтийг хэрхэн яаж хянах вэ гэдэг нь Тендерийн тухай хууль, тендерийн баримт бичгийг барих болно гэж заасан байдаг. Нээлтийн тэмдэглэлд тусгасан үнийн хөнгөлөлтийг тооцохгүйгээр тендерийн үнийг тодорхойлох боломжгүй гэж заасан байдаг. Үүнээс үзэхэд манай компани 7.5%-иар саналаа өгсөн. Тэгвэл өөр нэг компани үнийн хөнгөлөлтөө 100% гэж тавьсан байлаа гэхэд тэгвэл 100% үнийг нь хөнгөлж төрийн байгууллагын юмыг үнэгүй хийж өгөх ёстой юм уу? ийм нөхцөл байдал үүсэж байна. Давхар Төрийн худалдан авах ажиллагааны газар дээр үнийн хөнгөлөлт үзүүлнэ гэж тендерт ороход Төрийн худалдан авах ажиллагааны газар аргачлалаа батлалгүйгээр, яаж эдлэх талаар тооцоололгүйгээр хүсэлтээ явуулахад зөвшөөрөгдөөгүй. Танай байгууллага 2%-ийн үнийн хөнгөлөлтөө хэрхэн яаж эдлүүлэх талаар бодит тооцох аргачлал ирүүлээгүй учир бид үнийн хөнгөлөлтийг тооцоогүй гэсэн хариуг ирүүлж байсан учир бид бүхэн энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүйгээр шүүхэд хандаж байна.

Мөн албан шаардлагадаа 2019 оны 255 дугаар тушаалыг барьсан байгаа. Зам, тээврийн хөгжлийн яамны хариу тайлбарт үнийн хөнгөлөлтийг тооцохдоо Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын өгсөн чиглэлийн дагуу үнэлээд үнийн хөнгөлөлтийг гэрээний үнийн дүнгээс хасаж тооцно гэж дурдсан байдаг. Давхар Сангийн яамтайгаа адил 255 дугаар тушаалыг барьсан гэж тайлбарласан байна.

Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалын 3.3, 3.13-т өгсөн мэдээллийг давуу хүчинтэй байна гэж тайлбарласан. Энэ давуу байх  ямар үндэслэл байгаа вэ? Нэг газраас баталсан хоёр журам нь үйлчлэх хүрээгээрээ салгагдах болохоос биш нөгөө журмаа давж хэрэглэж тэр харилцааг зохицуулахгүй байх гэж ойлгож байна.

Иймд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 6-1/2431 тоот албан шийдвэрийг хүчингүй болгож, гэрээний үнийг 7.439.456.101 төгрөгөөр байгуулахыг даалгахаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тендерт шалгарсан гүйцэтгэгч компаниас гэрээний үнийн дүнтэй холбоотой маргаан анх явагдаж эхэлсэн. Харин үнэлгээний хорооны шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулахтай холбоотой маргаан огт явагдаагүй. Өөр хэлбэл захлагчийн шийдвэрт гомдол гаргасан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээг худалдан авах тухай хуулийн дагуу захиалагч нь Зам, Тээврийн хөгжлийн яам юм. Мөн хуулийн 46 дугаар зүйлд захиалагч гэж” үнэлгээний хорооны шийдвэрт хөндлөнгийн хяналт тавьж, үнэлгээний хороо зөрчил гаргавал зөрчлийг нь арилгах” чиг үүрэгтэй байгаа.

Энэ эрхээ хэрэгжүүлэхгүйгээр нэхэмжлэгчийн хэлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг тендерт оролцогч компани нь хангасан бол тендерт ирүүлсэн баримт бичигт үнийн хөнгөлөлт тооцсон санхүүгийн тооцоо нь байсан эсэх энэ бүх материалыг харгалзан үзэхгүйгээр уг шийдвэрийг хэт нэг талыг барьж гаргасан гэж үзэж байгаа. Яагаад Сангийн яамны шийдвэрийг хүчингүй болгохтой холбоотой асуудал ярьж байна вэ гэхээр үнэлгээний хороо тендерийг шийдвэр гаргахдаа Сангийн яамнаас албан бичгээр чиглэл авсан байдаг. 5 дугаар сарын 07-ны өдрийн Гэрээ байгуулах эрх олгох тухай тоот албан бичгээр Сангийн яамны шийдвэрийг үндэслэж шийдвэр гаргасан.

Өөрөөр хэлбэл Сангийн яамны шийдвэрүүд нь хууль зүйн үр дагавартай явагдаад байгаа. Иймд Сангийн яамыг хариуцагчаар татаж оролцуулсан. Захиргааны байгууллагын шийдвэр зорилттой, уг шийдвэр нь бодит нөхцөл байдалдаа тохирч байна уу? өөрөө хэлбэл тендерийн жишиг баримт бичиг болон тухайн яамнаас гаргасан тендерийн баримт бичигт үйл явдал, нөхцөл байдал нь тохирч байна уу? энэ нь баримтаар тогтоогдож байна уу гэдгийг холбогдох баримтын дагуу ирүүлсэн үнэлгээ юм. Шийдвэр нь үндэслэлтэй байх ёстой гэдэг асуудал дээр гомдол гаргасан” гэжээ.

            Хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, Б.У нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “манай компаниас үнийн хөнгөлөлтийг хэрхэн үзүүлэх аргачлал баримт материал огт хүргүүлээгүй байхад үнэлгээний хороо үнэлж, хянах явцдаа хүргүүлсэн хөнгөлөлтийг хасаж тооцсон..., үндэслэлгүй хөнгөлөлтийг залруулга хийлгүй санал хүргүүлсэн үнээс хасаж гэрээ байгуулах үнийг тооцож байгаа...” гэж дурдсан нь Үнэлгээний хороо буруу үнэлж дүгнэсэн бус Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн “Чиглэл хүсэх тухай” 03/1594 дугаар албан бичгээр Сангийн яаманд хандаж 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 6-1/2033 дугаар албан бичгээр “Тендерт оролцогч нь худалдан авах ажиллагааны цахим системийн холбогдох талбарт мэдээллийг бөглөн оруулж, тендерийн тоон гарын үсгээр баталгаажуулан илгээдэг тул цахим системд санал болгосон үнийн хөнгөлөлтийг хүчин төгөлдөр гэж үзнэ” гэж Сангийн яамнаас хариу ирүүлсний дагуу цахимаар ирүүлсэн үнийн хөнгөлөлтийг тооцож 6.881.496.894.0 төгрөгөөр тендерийн нийт үнийг тодорхойлж, шаардлагад нийцсэн хамгийн бага үнийн санал ирүүлсэн “Х" ХХК-д тухайн хөнгөлөлт тооцсон үнээр гэрээ байгуулах мэдэгдлийг хүргүүлсэн байна.

Нэхэмжлэлд “Захиалагчаас гэрээ байгуулах тухай мэдэгдэлд гэрээний үнэ нь хөнгөлөлтийг шаардлага хангасан эсэхийг хянаж магадлалгүй тооцож 6.881.496.894 төгрөгийг ирүүлснийг..." гэж дурдсан нь Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам"-ын 3.3.2-т “Тендерт оролцогч тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө... өөрийн санал болгож буй тендерийн үнэ, хүчинтэй хугацаа болон холбогдох бусад мэдээллийг системийн холбогдох талбарт бүрэн оруулсан байх” гэж заасантай нийцэхгүй байх бөгөөд энэхүү цахим мэдээллийн системд мэдээллээ бүрэн, үнэн зөв оруулсан эсэхийг шалгах нь тендерт оролцогчийн үүрэг байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ”Тендерийн баримт бичиг болон урилгад тусгасны дагуу ажиллах хүчний дотоодын давуу эрх тооцуулахаар холбогдох материалыг бэлтгэн хүргүүлэхдээ манай компани нь техникийн алдаа гаргаж...” өөрийн компанийн буруутай үйл ажиллагаанаас алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа нь Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам”-ын 7.2-т Тендерт оролцогчийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн гарах аливаа хариуцлагыг тендерт оролцогч өөрөө хариуцна гэж заасны дагуу Сангийн сайдын 2021 оны 6-1/2431 тоот албан шийдвэрийг хүчингүй болгуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд “Х”  ХХК-аас Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан дугаар нэхэмжлэлийг зүйлийн 106.3.14-д заасны дагуу хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэжээ.

Хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч компани нь нэхэмжлэлдээ “манай компаниас үнийн хөнгөлөлтийг хэрхэн үзүүлэх аргачлалыг хүргүүлээгүй байхад үнэлгээний хороо үнэлж хянах явцдаа дүгнэлтийг тооцсон, мөн гэрээ байгуулахаар очуулсан санал үнээс хасаж гэрээ байгуулах үнийг тооцсон” гэсэн. Үнэлгээний хороо хуулийн дагуу өөрийнх нь эрх хэмжээ заагдсан байдаг. Үүний дагуу хэрэв үнэлгээний хороо нээлттэй тендер зарлаад ирүүлсэн байгууллагаас хамгийн доод үнийг сонгон шалгаруулах явцад үнийн залруулга хийх эсэх тал дээр асуудал үүсэж байгаа учир санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгогдсон эрхийнхээ дагуу хүссэн. Үнэлгээний хороо эрх үүрэгт заасны дагуу үйл ажиллагаагаа явуулж үүний дагуу Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2021 оны албан бичиг ирүүлсэн байгаа.

Энэхүү Зам, тээврийн хөгжлийн яаманд ирүүлсэн бичигт “тендерт оролцогч нь худалдан авах ажиллагааны цахим системд мэдээллийг бөглөж оруулж, тендерийн тоон гарын үсгээр баталгаажуулан илгээдэг тул цахим системд санал болгосон үнийн хөнгөлөлтийг хүчин төгөлдөр гэж үзнэ” гэжээ. Санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас ирүүлсэн дүн мөн гомдлыг хянан шалгасан эцсийн дүнгээр үнийн хөнгөлөлт хүчин төгөлдөр байна гэж заасан байгаа учир үнэлгээний хороо өөрийн хийх ёстой зүйлийг гүйцэтгэсэн байна гэж үзэж байна. Аль журам нь илүү давуу эрхтэй талаар нэхэмжлэгч ярьсан. Энэ тендер нь цахимаар зохион байгуулагдсан тендер учир Цахим системээр тендер шалгаруулах тухай журмыг баримтлан нь зүйтэй. Гэтэл энэ журмын 7 дугаар зүйлийн 7.2-т заасны дагуу ямар нэгэн буруутай үйл ажиллагааг тендерт оролцогч өөрөө хариуцахаар заасан байдаг. Өөрийнх нь хийх ёстой үүрэг хариуцлагыг заасан байтал нэхэмжлэгч өөрийн буруутай үйл ажиллагааг удаа дараа хүлээн зөвшөөрч байна. Үүнийгээ хариуцах хариуцлагыг бусдаас эрж байна.

Нэхэмжлэгч хариуцагчаас гэрээ байгуулах мэдэгдэл, гэрээний үнийн дүн шаардлага хангасан эсэхийг хянаж магадлалгүй тооцож 6.888.000.000 төгрөгийг ирүүлсэн гэж дурдсан. Энэ нь сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалын нэг дүгээр хавсралтаар батлагдсан цахим тендерт бэлдэх журамд заасны дагуу системийн холбогдох талбарт үнэн зөв оруулсан байх ёстой гэж заасан байдаг атал нэхэмжлэгч компани нь өөрийнхөө энэ үүргийг гүйцэтгээгүй байж биднээс эрх шаардаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зам, тээврийн хөгжлийн яамнаас зарласан******* дугаартай “Сумын төвийн бетон авто зам,  8.7 км /Хөвсгөл,*******/” барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтад оролцогч “Х”  ХХК нь 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 21-04/76 дугаартай албан бичгээр тус яаманд гомдол гаргасан ба тус компанид гэрээ байгуулах эрх олгосон үнийн талаар маргасан.

Тус яам Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар захиалагчийн шийдвэрийг хуульд нийцсэн эсэхийг хянаж үзсэн. Тус хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.1 дэх заалтад “тендерийн арифметик алдаа болон орхигдуулсан жижиг хэмжээний зөрүүг залруулах үнийн хөнгөлөлтийг харгалзан тендерийн үнийг бууруулах, захиалагч энэ хуульд заасныг үндэслэн үнэлгээний бусад шалгуур үзүүлэлтийг сонгосон бол тэдгээрт харгалзах саналуудыг мөнгөөр илэрхийлж  тендерийн үнэ дээр харгалзан тооцож тендерийн харьцуулах үнийг тодорхойлно” гэж заасан ба “Х”  ХХК цахим системээр илгээж, тендерийн нээлтэд нээлттэй зарлагдсан тендерийн үнэ 7,439,456,101 төгрөг ба 557,959,207 төгрөгийн үнийн хөнгөлөлтийг санал болгосон нь худалдан авах ажиллагааны цахим системд олон нийтэд нээлттэй байгаа болно. Тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.7-д “Тендер нээх үед зарлагдаагүй тэмдэглэлд заагаагүй тендерийн үнэ, үнийн хөнгөлөлт болон хувилбарт тендерийн үнийг үнэлгээ хийхэд тооцохгүй” гэж заасан тул ямар ч үндэслэлээр нээлтийн тэмдэглэлд тусгагдсан үнийн хөнгөлөлтийг тооцохгүйгээр тендерийн үнийг тодорхойлох боломжгүй ба ийнхүү шаардах нь захиалагчийг хууль зөрчин шийдвэр гаргахыг шаардаж буй явдал юм.

Тендерт оролцогч нь цахим системээр холбогдох талбарыг бөглөж тендерийн маягтыг захиалагчид хүргүүлэхдээ эрх бүхий этгээдийн тоон гарын үсгээр баталгаажуулж хүргүүлдэг ба Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам”-ын 3.3.2, 3.13-ын дагуу цахим системийн талбарт бөглөсөн мэдээллийг давуу хүчинтэй гэж үзнэ. Иймд захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий тул Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 6-1/2431 тоот албан бичгээр захиалагчийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Сангийн яамны энэхүү шийдвэр нь Сангийн сайдын 2019 оны 131 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ын 1.3-д зааснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гаргасан шийдвэр бөгөөд ““Х”  ХХК-д шинээр эрх зүйн үр дагавар бий болгоогүй тул захиргааны актын шинжийг хангах үндэслэлгүй. Түүнчлэн нэхэмжлэгч, Сангийн яамны урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гаргасан энэхүү шийдвэрийг хүчингүй болгуулахаар шаардаж байгаа ч анхдагч захиргааны акт буюу Зам, тээврийн Хөгжлийн яамны албан бичигтэй маргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангасан ч нэхэмжлэгчийн эрх зүйн байдалд өөрчлөлт оруулахгүй. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасан “нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн” бол актыг хүчингүй болгох процессын хуулийн нөхцөл хангагдахгүй юм.

Тендер шалгаруулалтад тендерийн материал ирүүлнэ гэдэг нь өөрөө ямар эрх зүйн үр дагавартай гэдгийг нэхэмжлэгч ойлгох шаардлагатай.

Учир нь эцсийн дүндээ гэрээ байгуулах зорилготой сонгон шалгаруулалтын процесс юм. Энэ компанийг хэн  ч та нар заавал энэ тендер шалгаруулалтад ороод, үнийн санал ирүүлээд оролц гэж шахаж шаардаагүй. Өөрийнхөө хүсэл зоригт үндэслэж оролцож байгаа. Тендерт ирүүлж байгаа өөрийн материалын хүчин төгөлдөр байдлыг хангах, алдаагүй байхыг тухайн тендерт оролцогч буюу нэхэмжлэгч хуулийн этгээдийн хувиар хариуцна. Энэ компанийн ажилтны алдаа гаргасан асуудал байвал өөрөө шүүхийн өмнө хариуцлага хүлээж, тухайн ажилтнаас цааш нь хохирол нэхэмжлэх хуулийн зохицуулалттай. Тендер шалгаруулалтын процессд захиалагч байгууллага урилга явуулаад зарлаж байгаа бол иргэний эрх зүйн ойлголтоороо гэрээний саналын дуудлага юм. Нэхэмжлэгч компани нь санал ирүүлж, саналын хариуг нэхэмжлэгчийн хүсэлт зоригтой нийцэж байгаа тохиолдолд гэрээ байгуулагдах ёстой.

Нэхэмжлэгч тайлбарлахдаа манай компани хүсэл зоригийн илэрхийлэл дээр алдаа гаргасан гэж байгаа бол хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоох эрхтэй бөгөөд харьяаллын шүүх болох иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх ёстой. Харин алдаатай гэж үзэж энэ тендерийг зөвшөөрөхгүй байна гэвэл дүрмийн бус тендерийг хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яам хүлээн зөвшөөрч гэрээ байгуулах ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй. Үүн дээр илэрхийллийн алдаа гарсан. 1-10 ширхэг нөхцөл тавьсан байхад миний нэг нөхцөл буруу байна үлдсэн 9-өөр гэрээ байгуулаад өг гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас шаардах ямар ч эрх зүйн үндэслэл байхгүй.

Зам, тээврийн хөгжлийн яам тендерийн баталгааг улсын орлого болгох ёстой байсан эсэх талаарх асуудлыг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлж болно. Учир нь өөрийнхөө хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бус алдаатай байсан гэж үзэж байгаа бол хүчин төгөлдөр бус илэрхийллийн үндсэн дээр Зам, тээврийн хөгжлийн яам гэрээ байгуулах ёстой байсан эсэхийг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой. Энэ шийдвэрээ үндэслээд тендерийн баталгаагаа улсын орлого болгуулахгүйгээр явж болно. Харин энэ тендерээ хүчин төгөлдөр Зам, тээврийн хөгжлийн яам үүний дагуу гэрээ байгуулах ёстой байсан гэж үзэж байгаа бол энэ хүсэл зоригийн илэрхийллээ алдаагүй байна гэж үзэж байна.

Алдаагүй байна гэдэг дотор үнийн хөнгөлөлт ч мөн адил алдаагүй гэж ойлгоно. Нэхэмжлэгч Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалыг дурдаж энэ нь зарлах хүртэл мөрдөгддөг журам гэж тайлбарлаж байна. Тийм биш юм.  Журмын нэр нь Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалтыг зохион байгуулах гэж байгаа. Тендер шалгаруулалтыг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т “тендер шалгаруулалт гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасны дагуу шалгаруулж, бараа ажил үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах үйл ажиллагааг хэлнэ” гэж заасан байдаг. Хамгийн сүүлд нэхэмжлэгч компанид 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр гэрээ байгуулах эрх олгосон байна. Гэтэл одоо хүртэл гэрээ байгуулагдаагүй байна. Иймд Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаал одоо ч энэ тендер шалгаруулалтын хувьд хүчин төгөлдөр үйлчлэх ёстой эрх зүйн баримт бичиг. Энэ хэсэгт яагаад миний хариу тайлбарт дурдаад байгаа 3.3.2, 3.12-т заасан хэсэг үйлчилж байгаа вэ гэхээр худалдан авах ажиллагааны цахим системээр маргаан бүхий тендер шалгаруулалт нь зохион байгуулагдсан.

Худалдан авах ажиллагааны хуулийн үндсэн логик нь цаасан дээр үндэслэж явдаг байсан хууль зүйн тогтолцоотой байсан. 2019 онд худалдан авах ажиллагааны цахим системийг хуульд оруулж, худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалтыг зохион байгуулахтай холбоотой дүрэм, журмыг баталж Сангийн сайдад олгосон. Магадгүй энэ тендер шалгаруулалт нь цахим системээр зохион байгуулагдаагүй байсан бол 255 дугаар тушаалыг дагаж мөрдөх эсэх  талаар яригдах байсан. Хэрэв цахим системээр тендер явагдаж байгаа бол хуулийн эрх олгосон дүрэм, журмын дагуу хуулийн нэгэн адил дагаж мөрдөх баримт бичиг юм.

Тендер шалгаруулалттай холбоотойгоор тендерээ илгээхдээ захиалагч юуг үндэслэх талаар зарим тохиолдолд маргаантай асуудал үүсдэг. Яагаад гэвэл оролцогчийн тендерийн маягт нь өмнөх загварын дагуу байдаг, үг үсгийн алдаатай байдаг. Оролцогч бичгээр гаргасан материал дээрээ танай маягтаас зөрүүтэй хийсэн байна, надаа ийм хүсэл зориг байгаагүй гэдэг асуудал үүсдэг. Энийг журамлахдаа нэгэнт Сангийн сайдын баталсан төсвийн баримт бичгийн дагуу боловсруулж байгаа баримт, бичгийг дахин дахин өөрөөр шивүүлээд, тамга, тэмдэг даруулах нь буруу юм байна.

Нэгэнт цахим системд шилжиж байгаа учир цахим системд холбогдох мэдээллээ бөглөөд тэрийгээ өөрийнхөө тоон гарын үсгээр баталгаажуулж, Цахим гарын үсгийн тухай хуульд заасны дагуу бичгээр гаргасан баримт бичгийн нэгэн адил хүрээн зөвшөөрөгдөх нь оролцогчийг алдаа гаргахаас сэргийлэх боломжийг бүрдүүлэх юм байна гээд нарийвчилсан журам гарсан. Оролцогч нь өөрийн тендерээ нэг бүрчлэн шивээд, үнийн хөнгөлөлтийг шивдэг. Тендер шалгаруулалтад зохион байгуулахад оролцогчийн бөглөж ирүүлэх талбарыг бүгдийг нь бөглөж ирүүлдэг учир оролцогчийн санал гэж үздэг. Үүнийгээ тоон гарын үсгээр баталгаажуулж, албан бичгийн нэгэн адил хүлээн зөвшөөрөгдөнө.

Сканердсан хуулбар, тоон гарын үсгээр баталгаажуулсан тендерийн хэсэгт бөглөсөн хоёр албан бичиг байна. Энэ хоёрын алийг нь дагаж мөрдөх вэ гэдэг дээр нэхэмжлэгч зөвхөн цаасан хэлбэрийн бичгээ дурдаж байгаа нь ойлгомжгүй. Хэрэв ийм практик тогтвол оролцогч өөрөө бусад оролцогчдын үнийн саналыг мэдэхгүй болохоор үнийн саналаа систем дээр үнийн хөнгөлөлттэй, нөгөөх нь цаасан дээр үнийн хөнгөлөлтгүй дараа нь өөрийнхөө үнийн дүнг хамгийн бага, үнийн хөнгөлөлтгүй байсан ч энэ тендерт ялж чадахаар байна гэдгээ мэдээд би энэ үнийн хөнгөлөлтийг санал болгоогүй, миний цаасан дээр зурсан нь зөв, цахимаар явуулсан нь алдаа байсан гэж тайлбар хийдэг болбол энэ нь худалдан авах ажиллагаанд маш том эрсдэл учруулна.  Үнэлгээний даваа эрх олгох журмыг дурдаж байгаа. Хэдэн хувийн үнийн хөнгөлөлт эдлэх тухайгаа оролцогч бичиж ирүүлнэ гэж зохицуулалт байхгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т “Захиалагч тендерийн үнэлгээ хийхдээ дараахь этгээдэд давуу эрх олгоно” гээд 10.2-т хэдэн хувиар олгохыг хөдлөхгүйгээр заасан байдаг. Оролцогч этгээд хэдэн хувиар эдлэхээ өөрөө бичдэг ганц ч тендер шалгаруулалтын ажиллагаа байхгүй. Өөрөө баримт бичгээ бүрдүүлж ирэх ёстой. Баримт бичгийн шаардлага хангасан бол захиалагч тэр давуу эрхийг заавал олгох зохицуулалттай. Нэгэнт оролцогчийн бүрдүүлж ирж байгаа материал, бараа нь хуульд заасан давуу эрх эдлэх нөхцөл бүрдсэн байвал түүний дагуу давуу эрхийг нь тооцох тухай заасан байдаг. Хууль тогтоогчийн хүсэлт зоригийн дагуу материалаа ирүүлсэн бол давуу эрх эдэлнэ. Харин өөрөө хэдэн хувиар давуу эрх эдлэхээ бичдэггүй.

Хоёр дугаарт нэхэмжлэгч маш том хууль зүйн алдаатай тайлбар хийж байна. Энэ бол ажил гүйцэтгэх тендер ажил гүйцэтгэх тендер шалгаруулалтад ажиллах хүчийг орон нутгийн байгууллагаас авсан гэдэг үндэслэлээр давуу эрх тооцуулах гэж байгаа бол орон нутгаас хамгийн их ажиллах хүчин авсан гэх үндэслэл дурдах ёстой. Тухайн тендер шалгаруулалтад орон нутгаас хамгийн их ажиллах хүч авах байсан ч юм уу, бусад оролцогчдын тендерийг мэдэхгүй шүү дээ. Ийм тендерийн шаардлага хангасан нөхцөлөө мэдэхгүй байж 7.5%-иар давуу эрх эдлэх гээд андуураад бичсэн гэж хэлж байгаа нь тодорхойгүй. Хууль журмыг буруу тайлбарлаж байна.

Тендер шалгаруулалтын нээлттэй тендер зарлагдаад, үнийн хөнгөлөлт тендерийн үнийг үндэслэл болгохыг хориглосон хуулийн зохицуулалт. Хүсэлт гаргаад тендер шалгаруулалтын нээлтийн тэмдэглэлийг авсан байгаа. Нээлтийн тэмдэглэлд тендерийн үндсэн үнэ нь тэд үнийн хөнгөлөлт нь тэд тендерийн нийт үнэ хэд болох нь ойлгомжтойгоор заасан. Энэ нээлтийн тэмдэглэл худалдан авах ажиллагааны цахим систем дээр нээлттэй ил тод байна. Тэгэхээр оролцогч хэлэхдээ миний алдааг хүмүүс тааварлаад 7.439.456.101 төгрөгөөр гэрээ байгуулах эрх олгох ёстой байсан гэдэг. Хэн мэдэх вэ? Харин өөрөө мэдэх ёстой. Тухайн үед захиалагч, Сангийн яаманд хандаж болоогүй вэ? Энэ нь нэг төрлийн хэлцэл учир хүсэл зоригийн илэрхийлэл алдаатай байгаа талаараа шүүхэд яагаад шууд хандаагүй вэ? Тэгээд энэ нь нийтэл илэрхий байгаад бусад оролцогчид үнийн хөнгөлөлт санал болгосон учир үнэхээр шалгарахаар байсан байна гэж итгэж үнэмшээд гэрээ байгуулах эрх олгосонтой нь маргалгүй байсны дараа үнийн хөнгөлөлтийг тооцохгүйгээр шалгаруулах ёстой байсан гэж шаардаж байгаа вэ? Хуульд үнийн хөнгөлөлт эдлэхдээ тодорхой аргачлал заасан байвал аргачлалаа зааж ирүүлээ гэж байдаг. Оролцогч нар зарим тохиолдолд аргачлалаа тусгайлан заагаад ирүүлэх тохиолдол байдаг. Төрийн худалдан авах ажиллагааны газрын тендер шалгаруулалтыг жишээ болгосон. Энэ тендер олон багцтай байсан болохоор аргачлалыг нь шаардсан гэдгийг үгүйсгэхгүй. Энэ тохиолдолд 7.5% гэж бичсэн үнийн хөнгөлөлтийг яаж тусгайлсан аргачлал зохиолгох гээд байгаа юм бол. Хэн ч бодчихоор тусгайлсан математикийн аргачлалтай. Хууль болон  түрүүний дурдаж байгаа аль ч аргачлал зааварт үнийн талаар тодруулга авах гэж байхгүй.

Хуульд тендерийн талаар тодруулга авах эрхийг нь олгосон байдаг боловч энд тендерийн үнэд өөрчлөлт оруулахгүй асуудлаар тодруулга авч болно гэж заасан байдаг. Жишээ нь тусгай зөвшөөрлийн хугацааны талаар ч юм уу. Тендерийн үнэ гэдэг нь сонгон шалгаруулалтын гол үндэс нь байдаг. Үндсэн асуудал дээр бүгдийнх нь тендерийн үнэ нээгдсэний дараагаар танай үнийн хөнгөлөлт хэрэглэгдэх эсэхийг асуулгах байсан юм уу? тэгэх юм бол тендер шалгаруулалт зохион байгуулах ямар ч утга учир байхгүй. Учир нь үнээр нь өрсөлдүүлдэг. Гэтэл энэ үнийн хөнгөлөлтийг хэрэглэх байсан эсэхийг өөрөөс нь асуух ёстой байсан гээд байгаа. Энэ асуудлаар захиалагчийн гаргасан шийдвэрийг Сангийн яам урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар түүнийг нь хэвээр үлдээсэн. Энэ тохиолдолд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа шүүхэд анхдагч захиргааны акттай маргадаг.

Гэтэл нэхэмжлэгч захиалагч байгууллагын гэрээ байгуулах эрх олгосон шийдвэртэй биш Сангийн яамны шийдвэртэй маргасан. Сангийн яамны шийдвэрийг хүчин төгөлдөр бус болгох эрх зүйн үр дагавар үзүүлэхгүй. Учир нь Сангийн яамны шийдвэр хэвээр нь баталсан. Энэ шийдвэрийг хүчингүй болголоо гээд анхдагч захиргааны актыг хүчингүй болгох боломжгүй. Энэ шүүхийн шийдвэрийг хангаж шийдвэрлэх нь ямар нэгэн ач холбогдолгүй. Нэхэмжлэгч одоо нэгэнт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээ өөрчлөөд ирсэн. Энэ нэхэмжлэлийн шаардлагаар шүүх шийдвэрээ гаргах байх. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэ асуудлаар гэрээ байгуулахыг даалгавар гаргаж байгаа шат шатны шийдвэрт шууд нөлөө үзүүлэх нөхцөл байдал бий болно. Оролцогч нар өөрсдөө хариуцлагатай байх эрх үүргээ хэрэгжүүлэхгүй байх үр дагавартай. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ;

            Нэхэмжлэгч ““Х”  ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Л “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 6-1/2431 тоот албан шийдвэрийг хүчингүй болгуулах, Зам тээврийн яаманд холбогдуулан гэрээний үнийг 7439456101 төгрөгөөр байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн 1 дэх шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, 2 дахь шаардлагыг хэрэгсэхгүй болгон тус тус шийдвэрлэв.

            Нэг. Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 6-1/2431 тоот албан бичгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

            Нэхэмжлэгч “Х”  ХХК Зам тээврийн хөгжлийн яамнаас зарласан******* дугаартай “Сумын төвийн бетон авто зам, 8.7 км /Хөвсгөл,*******/ гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтад оролцож хамгийн бага үнийн санал ирүүлсэн гүйцэтгэгчээр шалгарч гэрээ байгуулах эрх авчээ.

            Харин нэхэмжлэгч тендерийн үнийн саналыг 7439456101 төгрөгөөр хүргүүлэхдээ дотоодын давуу эрхийн зөрүү тооцуулах 7.5 хувийг цахим системийн холбогдох талбарт буруу оруулж техникийн алдаа гаргасныг Үнэлгээний хороо залруулга хийлгүй тендерт санал хүргүүлсэн үнээс хасаж 6881496894 төгрөгөөр гэрээ байгуулах эрх олгосныг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан байна.

            Нэхэмжлэгч компанийн энэхүү гомдолд Сангийн яам 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 6-1/2431 тоот албан бичгээр “...Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалаар батлагдсан “Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам”-ын 3.2.2-т “тендерт оролцогч...өөрийн санал болгож буй, хүчинтэй хугацаа болон холбогдох бусад мэдээллийг системийн холбогдох талбарт бүрэн оруулсан байх зэрэг хуулийн 53.5.4.д заасны дагуу мэргэжлийн байгууллагаас тогтоосон бусад аргачлал, зааврыг баримталж тендер илгээх”, 3.13-д “Тендерт оролцогчоос журмын 3.3.2-т заасны дагуу илгээсэн тендерийн материалын агуулга нь системийн холбогдох талбарт оруулсан мэдээлэлтэй зөрвөл системийн талбарт бөглөсөн мэдээллийг баримтална.” гэж заасныг тус тус үндэслэн ““Х”  ХХК-аас цахим системд 557959207 төгрөг гэж бөглөн оруулж, тоон гарын үсгээр баталгаажуулан ирүүлсэн үнийн хөнгөлөлтийг тендерийн үнээс хасаж, 6881496894 төгрөгөөр гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна.” гэж хариу хүргүүлжээ.

            Харин нэхэмжлэгч компани Сангийн яамны энэхүү гомдолд хариу өгсөн албан бичгийг үр дагавартай гэж үзэж хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлж ирүүлсэн нь үндэслэлгүй.

            Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу явагдсан тендерийн үйл ажиллагааны захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн оролцогч хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргаснаар энэхүү гомдлыг хянан үзэж хариу хүргүүлсэн тус байгууллагын албан бичиг нь  захиргааны акт биш бөгөөд гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэрийг тендерт оролцогчийн гомдлын дагуу хянан үзэж байгаа урьдчилан шийдвэрлэх ажиллагаа  болно.

            Өөрөөр хэлбэл тендерт оролцогчийн гомдлын дагуу хянаж хариу хүргүүлсэн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын албан бичиг нь Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг шууд үгүйсгэх хэмжээний шийдвэр биш юм.

            Түүнчлэн нэхэмжлэгчийн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан шаардлагын агуулгаас харахад тендерт оролцож хүргүүлсэн тендерийн үнийн саналд хөнгөлөлт тооцох эсэх талаар байх бөгөөд Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 6-1/2431 тоот албан шийдвэрийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн хүссэн эрх сэргэх үр дагаварт хүргэхгүй.

            Нөгөө талаар шүүх захиргааны хууль бус шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүйтэй холбоотой үүссэн маргааныг хүлээн авч шийдвэрлэх бөгөөд тухайн маргааны хувьд гаргасан гомдлыг урьдчилан шийдвэрлэх замаар хариу хүргүүлсэнтэй холбоотой асуудлаар харьяалан шийдвэрлэх боломжгүй.

            Иймд уг албан бичгийг хүчингүй болгуулах энэхүү шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.”, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараах тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана:”, 54.1.1-д “захиргааны шүүхийн харьяаллын бус;” гэж зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэхүү шаардлагыг хүлээн авахаас татгалзах хүсэлт гаргаж шүүх уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн хэдий ч энэ үеэс хойш хугацаанд хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл бүрдсэн гэж үзлээ.

            2. Зам тээврийн яаманд холбогдуулан гэрээний үнийг 7439456101 төгрөгөөр байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

            Нэхэмжлэгч Зам тээврийн хөгжлийн яамнаас зарласан******* дугаартай “Сумын төвийн бетон авто зам, 8.7 км /Хөвсгөл,*******/ гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтад оролцож тендерийн үнийн саналыг 7439456101 төгрөгөөр хүргүүлэхдээ дотоодын давуу эрхийн зөрүү тооцуулах 7.5 хувийг цахим системийн холбогдох талбарт буруу оруулж техникийн алдаа гаргасныг Үнэлгээний хороо залруулга хийлгүй тендерт санал хүргүүлсэн үнээс хасаж 6881496894 төгрөгөөр гэрээ байгуулах эрх олгож шийдвэрлэжээ.

            Сумын төвийн бетон авто зам, 8.7 км /Хөвсгөл,*******/ барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар уг тендерт оролцогч компаниудын ирүүлсэн тендерийн материалыг хянан хэлэлцээд  “...хамгийн бага үнийн санал ирүүлсэн “Х”  ХХКнь үнийн хөнгөлөлт тооцох саналыг ирүүлсэн байна. Энэхүү тендерт оролцогч нь цахим тендерийн нээлтэд тендерийн үнэ болох 7439456101.0 төгрөгөөс 557959207.0 төгрөгийн үнийн хөнгөлөлт тооцож, 6881469894.0 төгрөгөөр гүйцэтгэх санал ирүүлсэн байна[1].” гэж тэмдэглээд  нэхэмжлэгч компанитай гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэжээ.

            Захиалагч ийнхүү шийдвэрлэхдээ “...хамгийн бага үнийн санал ирүүлсэн “Х”  ХХКцахим тендерийн нээлтэд 557959207.0 төгрөгийн үнийн хөнгөлөлт тооцох саналыг ирүүлсэн хэдий боловч ирүүлсэн тендерийн маягтад тусгасан үнэ нь санал болгож буй аливаа үнийн хөнгөлөлт тооцоогүй, аливаа нөхцөлт бус үнийн хөнгөлөлт болон түүнийг хэрэглэх аргачлал тусгаагүй буюу дотоодын давуу эрх тооцохоор санал ирүүлсэн байгаа нь тухайн шаардлагад нийцсэн тендерт оролцогчийн ирүүлсэн үнийн саналд үнийн хөнгөлөлт тооцох эсэх талаар хууль эрх зүйн холбогдох чиглэл хүсэж төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ханджээ.

            Захиалагчийн дээрх хүсэлтэд Сангийн яамны 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 6-1/2033 дугаар албан бичгээр “Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам”-ын 3.3.2-т “Тендерт оролцогч...өрийн санал болгож буй үнэ, хүчинтэй хугацаа болон холбогдох бусад мэдээллийг системийн холбогдох талбарт бүрэн оруулах зэрэг хуулийн 53.5.4-д заасны дагуу мэргэжлийн байгууллагаас тогтоосон бусад аргачлал, зааврыг баримталж тендер илгээх” гэж, 3.13-д “Тендерт оролцогчоос энэ журмын 3.3.2-т заасны дагуу илгээсэн тендерийн материалын агуулга нь системийн холбогдох талбарт оруулсан мэдээлэлтэй зөрвөл системийн талбарт бөглөсөн мэдээллийг баримтална” гэж тус тус заасан. Түүнчлэн тендерт ороолцогч нь худалдан авах ажиллагааны цахим системийн холбогдох талбарт мэдээллийг бөглөн оруулж, тендерийн тоон гарын үсгээр баталгаажуулан илгээдэг тул цахим системд санал болгосон үнийн хөнгөлөлтийг хүчин төгөлдөр гэж үзэхээр байна.” гэж хариу хүргүүлжээ.

            Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “Энэ хуулийн дагуу худалдан авах ажиллагааны талаар төрөөс хэрэгжүүлэх бодлого, арга зүй, хяналтын асуудлыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхэлж, дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.”, 52.1.2-т “худалдан авах ажиллагаатай холбоотой мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр захиалагчийг хангах;” гэж зохицуулсны дагуу тендерт оролцогчоос ирүүлсэн үнийн хөнгөлөлт тооцох эсэх талаар тодруулга авч түүний дагуу гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргасан захиалагчийн шийдвэр хуульд нийцсэн байна.

            Харин хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д “Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонх дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг тусгасан байна.” гэж заасан.

            Гэтэл нэхэмжлэгч “Х”  ХХК өөрийн ирүүлсэн тендерийн материалд үнэлэлт өгч үнийн хөнгөлөлт тооцож, гэрээ байгуулах эрх олгож шийдвэрлэсэн Үнэлгээний хорооны дээрх шийдвэртэй маргаагүй атлаа гэрээний үнийг 7439456101 төгрөгөөр байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэл муутай байна.

            Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам”-ын 3.3.2-т “Тендерт оролцогч...өрийн санал болгож буй үнэ, хүчинтэй хугацаа болон холбогдох бусад мэдээллийг системийн холбогдох талбарт бүрэн оруулах зэрэг хуулийн 53.5.4-д заасны дагуу мэргэжлийн байгууллагаас тогтоосон бусад аргачлал, зааврыг баримталж тендер илгээх” гэж, 3.13-д “Тендерт оролцогчоос энэ журмын 3.3.2-т заасны дагуу илгээсэн тендерийн материалын агуулга нь системийн холбогдох талбарт оруулсан мэдээлэлтэй зөрвөл системийн талбарт бөглөсөн мэдээллийг баримтална.”, 7.2-т “Тендерт оролцогчийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн гарах аливаа хариуцлагыг тендерт ороолцогч өөрөө хариуцна.” гэж тус тус заасан байх бөгөөд журмын энэхүү зохицуулалтыг баримтлан шийдвэрлэсэн захиалагчийн шийдвэрийг үгүйсгэх боломжгүй.

            Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компанийн ирүүлсэн тендерийн материалыг судлан, Үнэлгээний хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн хорооны гишүүдийн олонхын шийдвэрээр үнийн хөнгөлөлт тооцож, гэрээ байгуулах эрх олгож шийдвэрлэсэн захиалагчийн шийдвэр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй байхад  цахим системд санал болгосон үнийн саналыг үгүйсгэн гэрээний үнийг 7439456101 төгрөгөөр байгуулахыг захиалагчид даалгах хууль зүйн боломжгүй.

            Түүнчлэн тендерт оролцогчоос Үнэлгээний хорооны шийдвэртэй маргаагүй, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д зааснаар захиалагч энэ хуулийг зөрчсөн талаар шийдвэр гараагүй байхад хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан эрхийн хүрээнд хамгийн бага үнийн санал ирүүлсэн ““Х”  ХХК-тай 6881469894.0 төгрөгөөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгож шийдвэрлэсэн захиалагчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй.

            Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох гэрээний үнийг 7439456101 төгрөгөөр байгуулахыг хариуцагч Зам тээврийн хөгжлийн яаманд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан ТОГТООХ нь;

            1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 6-1/2431 тоот албан шийдвэрийг хүчингүй болгуулах ““Х”  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

            2.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 47 дугаар зүйлийн 47.1, 55 дугаар зүйлийн 55.3-д заасныг үндэслэн нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох гэрээний үнийг 7439456101 төгрөгөөр байгуулахыг хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яаманд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

            3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            4.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.НАСАНДЭЛГЭР