Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2025/0188

 

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2025/0188

Улаанбаатар хот

 

В.Анэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч В.А, түүний өмгөөлөгч Д.Б

Нэхэмжлэгч: В.А

Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд

Гуравдагч этгээд: “М” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай А/358 дугаар тушаалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 123/ШШ2024/0942 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2022/0937/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч В.Ааас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай А/358 дугаар тушаалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 123/ШШ2024/0942 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 12 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан В.АБайгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай А/358 дугаар тушаалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч В.А болон түүний өмгөөлөгч А.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: ...

3.1. Газрын тухай хуулийн 40.1.5-д заасан эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй" гэх үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгч нь Газрын тухай хуулиар хүлээсэн газрын төлбөр төлөх үүргээ хариуцлагатайгаар биелүүлж ирсэн нь Налайх дүүргийн татварын албанаас ирсэн албан бичгээр нотлогдоно. Гэтэл зөвхөн 2022 оны 1, 2 дугаар улиралд газрын төлбөр төлөөгүй гэж газар ашиглах эрхийг цуцлах үндэслэл болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хэдийгээр нэхэмжлэгч 2022 оны 1, 2 дугаар улиралд газрын төлбөрөө төлөөгүй боловч Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5-д "Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно" гэж заасны дагуу газрын төлбөрөө төлж байсан. Газрын төлбөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлд "Газрын төлбөрийн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд Газрын тухай хууль, Татварын ерөнхий хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ" гэж заасан.

Үүнээс үзвэл Газрын төлбөр төлөх үүргээ газар ашиглагч биелүүлээгүй тохиолдолд зөрчлийн шинж байдлаас шалтгаалан холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэх, сонгох зохицуулалттай байна. Гэтэл захиргааны байгууллага Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан газар ашиглах эрх дуусгавар болгох хэмжээний зөрчил гаргасан эсэх, түүний шалтгаан, үр дагаврыг судлан тогтоолгүйгээр нэхэмжлэгч 2 улирал газрын төлбөр төлөөгүйг газар ашиглах эрх дуусгавар болгох үндэслэл болгосон нь буруу.

3.2. Нэхэмжлэгч 2 улирал газрын төлбөр төлөөгүй нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан эрх дуусгавар болгох үндэслэлүүдтэй тэнцэх хэмжээний зөрчил биш гэж маргасан байхад энэ талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Газар эзэмших, ашиглах шийдвэр гарсан ч огт төлбөр төлж байгаагүй, удаан хугацаагаар буюу 1 жилээс дээш хугацаагаар төлбөрөө төлөөгүй этгээдийн эрхийг дуусгавар болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтыг хэрэглэх ёстой байсан.

Энэ тохиолдолд нэхэмжлэгчид хэрэглэсэн нь Газрын тухай хуулийн 4.1.3-д заасан "газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах" зарчимд нийцэхгүй. Газрын төлбөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан хуулиудаас шууд Газрын тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй эсэх талаар дүгнээгүй.

3.3. Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэх үндэслэлийн тухайд анхан шатны шүүхээс "...аялал жуулчлалын зориулалтаар гэр барьж үйл ажиллагаа явуулж байсан болон гуравдагч этгээд "М" ХХК-тай хэлэлцэн тохиролцож, аялал жуулчлалын цогцолбор барьж байгуулахаар ажиллаж байгаа зэргээр газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байна" гэж дүгнэсэн боловч уг үндэслэлээр захиргааны актыг хүчингүй болгоогүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хоёр үндэслэлээр гарсан захиргааны актын нэг үндэслэл үгүйсгэгдэж байгаа талаар дүгнэсэн боловч зөвхөн 2022 оны 1, 2 дугаар улиралд газрын төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлээр нь нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна.

3.4. Дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны актаар В.А миний газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх" зарчимд нийцэхгүй байх тул нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 942 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч В.Ааас “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дугаар сарын 01-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/358 дугаар тушаалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

3. Хэргийн үйл баримтын тухайд: Анх Байгаль орчны сайдын 2007 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 311 дүгээр тушаалаар нэхэмжлэгч В.Ат Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Эрээний эх нэртэй газарт 1 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрх олгож, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэрээр газар ашиглах эрхийн хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл 5 жилийн хугацаагаар сунгасан байх ба үүний дараа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/77 дугаар тушаалаар 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл 5 жилийн хугацаагаар мөн сунгасан байна.

4. Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгуулах тухай” А/358 дугаар тушаалаар Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3, 35.3.4, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-т заасныг тус тус үндэслэн “...газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, Ойн сан бүхий газартай давхцалтай” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгожээ.

4.1. Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “...эдийн засгийн хямралын улмаас тодорхой хугацаанд газрын төлбөрийг тасалдуулсан, ...яамны 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04/268 тоот мэдэгдэлд дурдсан зөрчлийг арилгасан байхад маргаан бүхий актаар газар ашиглах эрхийг цуцлахдаа бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, шийдвэр гаргахдаа урьдчилан мэдэгдэж тайлбар гаргах боломжоор хангаагүй, ...ойн сан бүхий газартай давхцалтай талаар өмнө мэдэгдсэн бол давхцалгүй хэсэг рүү шилжүүлэх байдлаар холбогдох ажиллагааг хийх боломжтой байсан” гэж, хариуцагчаас “…Газрын тухай хуулийн 35.3.3-т заасны дагуу төлбөрөө төлөөгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 15 жил дараалан ашиглаагүй, ойн сан бүхий газартай давхцалтай, ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, ...2 жил дараалан ашиглаагүй талаарх холбогдох нотлох баримтуудыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй” гэж тус тус тайлбарлан маргасан.

5. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлийн тухайд:

            Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д “Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно”, 2-т “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ”, 4-т “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ газрын суурь үнэлгээ, газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, бүс, газар эзэмших, ашиглах зориулалтын итгэлцүүр, төлбөрийн хувь, хэмжээ өөрчлөгдсөн тухай бүр уг өөрчлөлттэй холбогдуулан газрын төлбөрийг шинэчлэн ногдуулж 30 хоногийн дотор татварын албанд хүргүүлнэ” гэж, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 5-д “Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх…” гэж  тус тус заасан бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4-т Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн ... 40.1.5 ...-д заасан үндэслэлээр хүчингүй болгохоор, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т “газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх”, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж тус тус заасан.

5.1. Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн 23/129 тоот албан бичиг, Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт болон анхан шатны шүүхээс “нэхэмжлэгч төлбөрөө бүрэн төлсөн” гэх тайлбартай холбогдуулан Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны газрын төлбөр хариуцсан байцаагчаас утсаар тодруулж асуухад мөн “төлөгдөөгүй байна” гэснээс үзвэл төлбөр төлсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар үгүйсгэгдсэн байх бөгөөд маргаан бүхий акт гарах үед нэхэмжлэгч нь 2022 оны газрын төлбөрөө төлөөгүй болох нь дээрх байдлаар тогтоогдсон, нэхэмжлэгчээс газрын төлбөр төлөөгүй шалтгаан, нөхцөлийг баримтад тулгуурлан тайлбарлаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд төлбөр төлөөгүйг хүлээн зөвшөөрсөн байхад хариуцагчаас энэ үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй болно.

5.2. Анхан шатны шүүхээс дээрх үндэслэлийн талаар “...2022 оны 1, 2 дугаар улирлын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, ...сайд нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах бүрэн эрхээ хэрэгжүүлсэн нь хуульд нийцсэн” гэж холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, үндэслэлтэй зөв дүгнэсэн байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн “...Газрын төлбөр төлөх үүргээ газар ашиглагч биелүүлээгүй тохиолдолд зөрчлийн шинж байдлаас шалтгаалан холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэх, сонгох зохицуулалттай, гэтэл …2 улирал газрын төлбөр төлөөгүйг газар ашиглах эрх дуусгавар болгох үндэслэл болгосон нь буруу” гэх гомдлыг шүүх хүлээн авах боломжгүй.

6. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлийн тухайд:

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дараах тохиолдолд хүчингүй болно:” гээд 1/-д “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр;”, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан ба уг зохицуулалтыг агуулгаар нь тайлбарлавал газрыг зориулалтын дагуу ашиглаагүй байх, ийнхүү ашиглаагүй хугацаа нь дараалсан хоёр жил байх, ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байх урьдчилсан нөхцөлүүдийг хууль тогтоогчоос заасан тул эдгээр нь нэгэн зэрэг хангагдсан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдэнэ.

Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан “зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно хэмээн тайлбарласан.

6.1. Анхан шатны шүүхээс “...аялал жуулчлалын зориулалтаар гэр барьж үйл ажиллагаа явуулж байсан болон гуравдагч этгээд “М” ХХК-тай хэлэлцэн тохиролцож, аялал жуулчлалын цогцолбор барьж байгуулахаар ажиллаж байгаа зэргээр газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байна” гэж дүгнэсэн.

7. Хэдийгээр маргаан бүхий актын нэг үндэслэл болох Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэл үгүйсгэгдэж байх боловч хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар зэргээр нэхэмжлэгч нь “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай” 2020/33 дугаартай гэрээний 2.3-т газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа зэргийг тодорхой заасан, нэхэмжлэгч өөрөө энэ талаар мэдэж байсан, энэ байдал нь төлбөр төлөөгүй зөрчилд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага ногдуулах байсан гэх тайлбараар батлагдсан, шүүх Газрын тухай хуульд заасан газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй болох нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд маргаан бүхий тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн “...анхан шатны шүүх хоёр үндэслэлээр гарсан захиргааны актын нэг үндэслэл үгүйсгэгдэж байгаа талаар дүгнэсэн боловч зөвхөн газрын төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлээр нь нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй.

8. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 123/ШШ2024/0942 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    

 

ШҮҮГЧ                                                                       Г.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ