Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 51

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Ц даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд оршин суух, О овогт Д.Б-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багт оршин суух, ... ажилтай А овогт Д.Г-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг ажлын хөлсөнд 2,500,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 12 сарын 07-ны өдрийн хүртэл  алданги 2,418,750 төгрөг, замын зардал 69,000 төгрөг нийт 4,987,750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г нь анхнаасаа байшингаа үнэ төлбөргүй бариулах санаа зорилго өвөрлөж 2013 оны 6,7,8 дугаар саруудад удаа дараа хүсэлт тавьж байсан. 2013 он 03 дугаар сард надтай ярихдаа энд байдаг мужаан Б 6х6 харьцаатай байшинг 6 сая төгрөгт барина гэнэ, ямар байшин барихаа мэдэхгүй байна, та ийм байшинг хэдэн төгрөгт барьдаг вэ гэхэд нь би барилга байшингийн хэмжээ, үнэ хөлсийг нь баримжаагаар гаргаж хэлсэн. Тухайн үед миний хувьд 5,000,000 төгрөгийн ажил авчихсан байсан учраас завгүй байна гэдгээ хэлсэн. Тэгээд 7 дугаар сард надруу залгаад би байшингаа яаж барихыг мэддэггүй ээ,ямархуу байшин барих уу гэж асуухаар нь 6х6, 6х8, 6х12 гээд харьцаатай нэг давхар, хоёр давхар барилга барих боломжтой, материалаас чинь шалтгаална гэж хэлсэн. Ингээд 2013 оны 08 дугаар сар гараад Г над руу залгаад байшингийнхаа ажлыг сэрүүн орохоос өмнө эхлүүлмээр байна, та ажлаа зохицуулаад хурдан хүрээд ирээч, гэхээр нь надад ажилд туслуулах, ажил цалгардуулахгүй хийчихээр 3-4 хүн хэрэгтэй, би эндээс хүн аваад очих уу гэхэд өөр хүн хэрэггүй, үнэ хөлсийг нь өгнө гэхэд нь би ажлаа нөхөддөө даатган орхиод ирсэн. Тэгээд 2013 оны 08 дугаар сарын 09-нд ирж уг байшинг барихдаа байшингийн зураг тооцоог гаргах, хөдөлмөрийн чадвартай 3-4 туслах хүн гаргуулах, тэдний ажлын хөлсийг захиалагчаар гаргуулах, миний ажлын хөлс 3 сая төгрөг, байр, хоол хүнсээр хангуулах, материал болон бусад хүчин зүйлсээр үл таслах, ардаа ажил ихтэй байсан тул 30 хоногийн дотор багтааж байшинг нь барих талаар Г-тай тохирч 12х6х4,5 метрийн хэмжээтэй  байшингийн ажлыг эхэлсэн. Энэ үед Э ч мөн байсан. Г-н зүгээс ажилд туслуулахаар Х гэж 10 жилийн сургуулийн хүүхэд, Г гэж хүнийг өгсөн боловч ажил муу хийдэг хүмүүс байсан. Ингээд ажилчид болон материал дутуу байснаас болж 60 хоног болон сунжирсаны эцэст барилгын дотор талын обой, паркет шал, пийшин зэрэг ажлаас бусдыг хийж гүйцэтгэсэн бөгөөд уг үлдсэн ажлыг хийх гэхээр материал байхгүй байсан учир хавар нь ирж гүйцэтгэхээр би буцсан. Тухайн үед ажлын хөлсөнд урьдчилж 500,000 төгрөг өгсөн. Тэгээд дараа хавар нь утсаар холбогдож ажил юу болсон талаар асуухад гэр бүлийн асуудалтай байна, одоохондоо боломжгүй байна гэж гэсэн. Намар нь Э-д хандан мөнгө төгрөг өгөөчээ боломжоороо хэдэн төгрөг өгчих эрүүл мэндийн улмаас мөнгө  шаардлагатай байна гэж хэлсэн. Тэгэхэд Г-тай сууж байсан манай садангийн Э над руу уурлаж би өөрөө орон сууцны зээлтэй, Г бид хоёр шүүхээр ороод салсан, Г хашаа байшингаа авсан, надад хамаагүй, түүний мөнгөөр хашаа барьсан гэж хэлсэн. Б би 2014 онд тархины хагалгаанд орж удаан хугацаанд эмчилгээтэй байсан. 2015 оны 11 дүгээр сарын 29-нд Эрээн явахдаа үүрээр 04-05 цагийн үед Г-нд бууж барьсан байшин, ажлын хөлснийхөө талаар зөндөө удаан ярилцсан. Г таныг сайн ойлгож байна, таньгүй бол би байшинтай болохгүй байсан, таныг гомдоохгүй, хашаа байшингаа зараад мөнгө өгнө гэж хэлсэн. 2016 онд Г-тай утсаар холбогдон ярихад хашаа байшинг маань хямдхан авах гээд байна, амралтаа аваад хот орохдоо таньтай уулзаж мөнгө өгнө  гэж хэлсэн. 2017 оны 11 сарын 15-нд ажлын хөлсөө тооцон авах тухай шаардлагаа дахин тавихад хашаа байшингаа зарсан, Э-с салсан чаддаг юм бол ирээд алаад аваарай гэж хэлсэн. Тэр үед миний ажлын хөлсийг гүйцэт өгөхгүй гэдгийг мэдсэн. Намайг өвчтэй зовлонтой байхад минь олон удаа худал хэлж, итгэл эвдэж мэхэлж байсан. Г-с өөр хүний хүч хөдөлмөрийг үнэлдэггүй хувь хүн, албан байгууллагатай хэзээ ч таарч байгаагүй. Бид ажлын хөлсний талаар тохирсон шүү дээ, одоо яагаад ийм юм яриад байгааг ойлгохгүй байна, би группэд орохоосоо өмнө барилгын ажил хийж өнчин дүү нараа тэжээдэг байсан. Ингээд цагдаагийн байгууллагад хандсан, прокуророос иргэний журмаар нэхэмжлэл гарга гэсэн. Иймд ажлын хөлсний үлдэгдэл 2,500,000 төгрөг, Г миний ажлын хөсийг өгөхгүй гэж хэлсэн өдрөөс буюу 2017 оны 11 сарын 15-ны өдрөөс эхлэн прокурорын тогтоол миний гар дээр ирсэн өдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүртэл алданга буюу 2,418,750 төгрөг, замын зардал 69,000 төгрөг, нийт 4,987,750 төгрөгийг гаргуулан өгч өгнө үү. Алдангийг 0,5 хувиар тооцсон гэжээ.

Хариуцагч Д.Г шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал тайлбартаа:  Б-н ээжийн эгчийнх нь охин Э-тай 1996 оноос эхлэн амьдарч байгаад 2016 онд гэрлэлтээ цуцлуулж, уг байшин миний өмчлөлд үлдсэн юм. Бид хамт амьдарч байхдаа Б-р 12х6х4,5 байшин бариулсан. Тухайн үед материал дутуу байснаас шалтгаалж дотор заслыг дуусгаагүй орхисон. Дараа би өөрөө хүнээр хийлгэсэн.  Байшин барихдаа гэрээ хэлэлцээр хийгээгүй. Б бидний амьдралд тусалж хийж өгсөн. Ажлын хөлсөнд 3,000,000 төгрөг өгнө гэж тохироогүй, Б-г явахад нь Э 500,000 төгрөг өгсөн гэж байсан.  Бид нар дотно байдаг байсан учраас ямар байшин барих уу гэдэг талаар 2013 оны 6 сараас эхлэн ярилцаж байгаад 150 ширхэг шапал Замын-Үүдээс авч, бусад материалаар хангаж өгч 2013 оны 08 сарын эхээр байшингийн ажлыг эхлүүлсэн. Тухайн үедээ хонь гаргаж өгч хоол ундаар таслаагүй. Эрээн хамт гарч дутуу зүйлээ авч байсан. Б ахын яриад байгаа хөлс гэж 3 сая төгрөгний талаар мэдэхгүй байна. Х гэж хүүхэд сар гаран ажилласан, түүнд би 100,000 төгрөг өгсөн. Ажлын дунд нь Г гэдэг хүн өдрийн 15000 төгрөгөөр 20 гаран хоног ажлуулсан. Энэ хүн одоо нас барсан байна лээ. Б-г тархиндаа цус харвасан байхад нь би орон сууцны зээл, цалингийн зээлтэй учраас боломжгүй байна, боломж гарвал хэдэн төгрөг өгье гэж хэлсэн байсан. Энэ хүн 2 жилийн өмнөөс буюу тухайн дутуу барьж өгсөн байшинг зарсанаас хойш чамаас хувь авна энэ тэр гэж сонин юм ярих болсон. Яахаараа миний зарагдсан өмч хөрөнгөөс хувь авна, алданги авна гэж яриад байгааг би ойлгохгүй байна. Байшин бариулах үед Э-тай  хөлс мөнгөний талаар ярьсан юм уу, би мэдэхгүй байна. Иймд Б-н гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Д.Г-т холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг ажлын хөлсөнд 2,500,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 12 сарын 07-ны өдрийн хүртэл  алданги 2,418,750 төгрөг, замын зардал 69,000 төгрөг нийт 4,987,750 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг шүүх зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. Учир нь:

Нэхэмжлэгч нь 12х6х4,5 мкв орон сууцыг барих ажлын хөлсөнд 3,000,000 төгрөг авч, 30 хоногт багтаан барихаар тохирсон боловч ажлын хөлс 500,000 төгрөг өгсөн, үлдэх 2,500,000 төгрөгийг өгөөгүй, мөн Г миний ажлын хөлсийг өгөхгүй гэж хэлсэн өдрөөс буюу 2017 оны 11 сарын 15-ны өдрөөс эхлэн прокурорын тогтоол миний гар дээр ирсэн өдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх алданги буюу 2,418,750 төгрөг, замын зардал 69,000 төгрөг, нийт 4,987,750 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон,

Хариуцагч нь 12х6х4,5 мкв байшинг барихдаа ах дүүгийн дотно харилцаатай байсан учраас бидний амьдралд тусалж байшин барьж өгсөн, ажлын хөлс тохироогүй, гэрээ хийгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

Нэхэмжлэгч Д.Б нь Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хариуцагч Д.Г-н байшин барьж өгөөч гэсэн хүсэлтийн дагуу 2013 оны 08 сарын 09-ний өдөр ирж, 12х6х4,5 мкв байшинг барьж өгөх, хариуцагч тал нь ажилтан болон бараа материал, хоол хүнс, ажиллах хүн, хүчээр хангах, ажлын хөлсөнд 3,000,000 төгрөг төлөх үүргийг хүлээсэн үйл баримт болсон байна.

Дээрх үйл баримтаас үзэхэд хариуцагч буюу захиалагч тал нь ажил гүйцэтгэгч буюу нэхэмжлэгчээр 12х6х4,5 мкв хүн амьдрах зориулалттай байшинг бариулахаар захиалга өгсөн байх ба ингэхдээ захиалагч нь өөрөө бараа материал, хоол хүнсээр хангах, ажлын хөлс төлөх үүргийг хүлээж, ажил гүйцэтгэгч нь уг байшинг 30 хоногийн дотор барьж хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байгаа  нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагчийн зүгээс гэрээ байгуулаагүй гэж маргах боловч Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ нь заавал бичгээр байгуулсан байхыг шаардахгүй юм.  Уг гэрээгээр ажил гүйцэтгэгч нь өөрийн буюу  захиалагчийн материалаар  гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон  хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээх юм.

Хариуцагч нь нэхэмжлэгчид өөрийн хүсэл зоригийг илэрхийлсэн буюу байшин бариулах саналыг тавихад нэхэмжлэгч тал уг саналыг хүлээн зөвшөөрсөн байгаа нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан хүсэл зоригийн  илэрхийлэл нь нөгөө  тал түүнийг хүлээн авсанаар хүчин төгөлдөр болно гэж заасантай нийцэж байна. Нөгөөтэйгээр талууд бичгээр гэрээ байгуулаагүй боловч тэдгээр нь нүүр тулж, амаар хэлэлцэн тохирсон байгаа нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.5-т зааснаар гэрээ байгуулсанд тооцох юм.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний  гол зүйл нь ажлын үр дүн байх бөгөөд нэхэмжлэгч Д.Б нь тухайн үед хэлэлцэн тохирсон ёсоор 12х6х4,5 мкв байшинг барих ажлыг 2013 оны 08 сарын 09-ны өдрөөс хойш хугацаанд эхлэн гүйцэтгэж эхэлсэн байх бөгөөд захиалагч талын бараа материал, ажиллах хүн, хүчээр хангах явдал дутмаг байдлаас шалтгаалж байшингийн обой наах, паркет шал хийх зэрэг ажлаас бусдыг хийж гүйцэтгэсэн, хариуцагч тал нь нэхэмжлэгчийн хийсэн ажлын үр дүнг хүлээн авч, үлдэх ажил болох обой наах, шал хийх ажлыг хавар нь гүйцэтгүүлэхээр тохирч, ажлын хөлснөөс 500,000 төгрөгийг төлсөн, нэхэмжлэгч нь ажлын хөлсний үлдэгдлээ авах талаар удаа дараа шаардаж байсан зэрэг үйл баримт нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6-т “ ажил дуусахаас өмнө  захиалагч гэрээгээ цуцалсан бол  гэрээ  цуцлахаас өмнө  ажил гүйцэтгэгчид  орсон орлого, үр шимийг  хасаж,  учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй “ гэж заасан байх тул нэхэмжлэгч нь ажлын хөлсний үлдэгдэл 2,500,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

Хариуцагчийн хувьд ажлын хөлсөнд 3,000,000 төгрөг өгнө  гэж тохироогүй гэж нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах боловч татгалзлын үндэслэлээ нотолсон нотлох баримтын шүүхэд ирүүлээгүй бөгөөд тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар “ нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг  цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй юм.

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1-т зааснаар хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний үүрэг ажлын хөлсөнд 2,500,000 төгрөг, замын зардал 69,000 төгрөг, нийт 2,596,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Харин шүүх нэхэмжлэгчийн шаардсан алданги 2,418,750 төгрөгийг хангах үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь дээрх алдангийг хариуцагч ажлын хөлсийг өгөхгүй гэдгийг сүүлийн удаа хэлснээс хойш буюу 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол өөрийн гар дээр ирсэн өдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацааны алданги гэж нэхэмжилж байгаа болно. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь ажил гүйцэтгэх гэрээ байгуулахдаа биелэгдээгүй үүрэг буюу хөлс төлөгдөөгүй тохиолдолд алданги тооцохоор тохироогүй, түүнчлэн нэхэмжлэгчийн 0,5 хувиар тооцсон гэх алданги 2,418,750 төгрөг нь ажил гүйцэтгэх гэрээнээс нэхэмжлэгчид шууд учирсан хохирол гэж үзэхгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох  алданги 2,418,750 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-120 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1-т зааснаар хариуцагч Д.Г-с ажил гүйцэтгэх гэрээний үүрэг ажлын хөлсөнд 2,500,000 төгрөг, замын зардалд 69,000 төгрөг, нийт 2,596,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох  алданги 2,418,750 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 56,054 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Хариуцагч Д.Г нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ            А.Ц