Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 58

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт оршин суух, У овогт М.М-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд суманд үйл ажиллагаа явуулах Ч ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаа буюу 2019 оны 01 сарын 07-ны өдрөөс 2019 оны 03 сарын 07-ны өдөр хүртэл хугацааны цалин 1,260,000 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч М.М шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Ч ХХК нь орон нутгийн өмчит компани бөгөөд анх ажилд орохдоо Засаг даргын тамгын газарт 2013 оны 9 сарын 23-нд инженерээр томилогдон Ч ХХК-д  ажилд орж байсан. Түүнээс хойш ажиллаж байгаад 2019 оны 01 сарын 07-ны өдөр ажлаас халагдсан бөгөөд намайг 55 насанд хүрсэн, өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн гэж гарсан тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 55 насанд хүрсэн боловч тэтгэвэр тогтоолгох 20 жил хүрээгүй, 19 жил 6 сар улсад ажилсан. Тухайн үед даргадаа одоо 6 сар үлдсэн байна, хэдэн сар ажиллаад ажлаас гаръя гэсэн боловч хүлээж аваагүй. Би тухайн үед тэтгэвэрт гарна гэж хүсэлт өгөөгүй байхад ажлаас халсан нь буруу гэж үзэж байна. Иймд намайг өмнө эрхэлж байсан ажилд буцаан томилж өгнө үү. Мөн би тухайн компанид ажиллаж байхдаа сардаа 630,300 төгрөгийг цалинтай байсан учир 2019 оны 01 сарын 07-ноос эхлээд 2019 оны 03 сарын 17-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 1,260,000 төгрөг гаргуулах, энэ хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэл гаргаж байна. Би хамтын гэрээгээр заасан тэтгэмж дутуу олгосон талаар нэхэмжлэлд дурдсан, энэ талаар нэхэмжлэл гаргаагүй. Ер нь манай байгуулага 4-5 жил ажилласан ажилтандаа  нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгодог байсан, тэгээд тухайн үед надад өгөхдөө тэтгэвэрт гарахад өгсөн мөнгөн аяганы үнийг суутгаад авсан байсан болохоор дутуу олгосон гэж бичсэн байсан юм.  Хариуцагчийн төлөөлөгчийн хувьд намайг хамт олонгүй, багаар ажиллах чадваргүй гэж яриад байна. Би улсад нийтдээ 19 жил 6 сар ажиллахдаа 15 жил нь Шарын голд, үлдсэн хугацааг нь Ч компанид ажилласан. Энэ хугацаандаа өөрийгөө багаар ажиллаж нийгэмшсэн гэж үздэг, харин архи дарс уух юманд явдаггүй байсан, надад тийм сонирхол байхгүй. Сүүлийн арга хэмжээг бүгдээрээ л хурал дээр дайрч давшилж загнаж байгаад л авсан. Ер нь даргын хувьд өөртэйгээ харьцаа нийлдэггүй хүнийг ямар нэг байдлаар хавчиж, шахаж байгаад л ажлаас халдаг шүү дээ. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Л.Г шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хүн тус компанид 2013 оноос эхэлж ажилласан байдаг,  эвлэрэх талаар бид өмнө нь ярилцсан боловч тэтгэмж авна гээд нилээд их мөнгө нэхсэн, тэгээд бид эвлэрээгүй. Ажлаас халахдаа тэтгэвэрт гарах дөхсөн байдлыг нь харгалзан үзээд тэтгэврийн насанд хүрсэн гэж ажлаас халсан байдаг юм. Мөнхзул тус байгууллагад ажиллаж байх хугацаандаа 5 удаа сахилгын арга хэмжээ авагдсан байдаг, 3 удаа арга хэмжээ авагдсаныг хэрэгт өгсөн, 2  тушаал нь аймагт шалгуулах бичиг баримттай хамт явсан байна. Ер нь ажиллаж байхдаа алдаа дутагдал гаргадаг, арга хэмжээ авсаны дараа нь нөхөр нь ирж даргыг ална гэж дарамталсан, ажлыг хэвийн явуулахад харьцааны хувьд доголдолтой, багаар ажилах боломжгүй, хамт олонч нийтэч биш байдал байдаг. Энэ хүнтэй цаашид хамтран ажиллах боломж байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Ер нь бол арга хэмжээ авагдсан байдлаар нь халах боломж байсан байх, харин компаний зүгээс хувь хүний байдлыг харгалзаад тэтгэвэрт авах эрх үүссэн гэж ажилаас чөлөөлсөн байдаг. Хувь хүн ажиллаж байгаа газартаа тууштай ажиллах нь өөрийнх харьцаа, ажиллаж байгаа байдлаас их шалтгаална, яагаад ойлголцдоггүй байсныг гайхаад байдаг юм, энэ талаар би бас өөртөө нь уулзаж ярилцаж байсан. Мөнхзулын ажлын байрны хувьд байнгын ажлын байр бөгөөд бид гэрээ байгуулж, жил бүрийн эхэнд гэрээгээ сунгадаг байсан боловч 2018 онд сунгаагүй байгаа нь гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байна гэж үзэх юм гэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч М.М нь хариуцагч Ч ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаа буюу 2019 оны 01 сарын 07-ны өдрөөс 2019 оны 03 сарын 07-ны өдөр хүртэл хугацааны цалин 1,260,000 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Үндэслэл нь :

Нэхэмжлэгч М.М нь тэтгэвэрт гарах хүсэлт өгөөгүй байхад ажлаас чөлөөлсөн нь буруу гэсэн агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж,

Хариуцагч тал нь М.М ажиллах хугацаандаа 5 удаа сахилгын шийтгэл хүлээсэн, алдаа дутагдал гаргадаг, ажил хэвийн явуулахад харьцааны хувьд доголдолтой, багаар ажиллах боломжгүй” тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан болно.

Нэхэмжлэгч М.М нь 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Ч ХХК-д инженерээр ажилд томилогдож , 2019 оны 01 сарын 07-ны өдрийн Б/01 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн, тэрээр сардаа 630,300 төгрөгийн цалин, хөлс авдаг байсан нь нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хөдөлмөрийн гэрээний хуулбар, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын хуулбар /хх-ийн 4, 20-21, 38/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байхаас гадна талууд дээрх үйл баримтын талаар маргаагүй болно.

Хариуцагч төлөөлөгч нь нэхэмжлэгчийн ажиллаж байсан ус хангамж ариутгах татуургын ахлах мастерын ажлын байр нь байнгын ажлын байр байсан, тухайн ажлын байранд нэхэмжлэгчтэй гэрээ байгуулан ажиллаж, жил бүр гэрээний сунгалт хийдэг байсан, 2018 онд гэрээг сунгаагүй байгаа нь 2017 онд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь хүчин төгөлдөр үйлчилж байсан талаар тайлбарладаг бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д “ байнгын  ажлын байранд  хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна” гэж заасны дагуу 2017 оны 01 сарын 02-ны өдрийн нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг хугацаагүй байгуулсан байгаа нь хүчин төгөлдөр үйлчилж, нэхэмжлэгч М.М нь ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан гэж үзэхээр байна.

Хариуцагч Ч ХХК нь 2019 оны 01 сарын 07-ны өдрийн Б/01 тоот “ Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай “ тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т “ ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж болно” гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч М.М-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Гэтэл нэхэмжлэгч М.М нь ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр төрсөн одоо ... настай үйл баримт нь хэрэгт авагдсан иргэний үнэмлэхний хуулбараар тогтоогддог бөгөөд хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэдгийг  ажилтан иргэний үнэмлэхийн үндсэн дээр  төрсөн он, сар, өдрөөр тоолоход 60 нас хүрсэн байхыг ойлгох юм.

Түүнчлэн хариуцагч тал дээрх тушаалын 1 дэх заалтанд “ хуулийн дагуу өндөр  насны тэтгэвэр авах эрх үүссэн /55 нас хүрсэн/” гэж хөдөлмөрийн гэрээг цуцлах нөхцлөө тодорхойлсон байдаг бөгөөд энэ нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-т “ ...20-иос доошгүй  жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно “ гэж  заасантай нийцэхгүй байна.

Иймд нэхэмжлэгч М.М-г Хөдөлмөрийн тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1.3-т хөдөлмөрийн гэрээг цуцлах 60 нас хүрээгүй, тэтгэвэр авах эрх үүсээгүй, тэрээр нийт 19 жил 30 хоног хөдөлмөрлөж даатгуулсан, мөн өөрөө өндөр насны тэтгэвэрт тогтоолгохоор хүсэлт гаргаагүй байхад нь ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн тухай хууль нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүссэн талуудын хөдөлмөрлөх эрх, үүрэг, гэрээ дуусгавар болгох талаарх байдлыг  нарийвчилан зохицуулсан байдаг бөгөөд уг хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байгаа нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “ ажил мэргэжлээ сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах,  цалин хөлс авах,  амрах эрхтэй “ гэсэн иргэний  үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлэх эрхийг алдагдуулсан байна.

Түүнчлэн хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд “ М ажиллах хугацаандаа 5 удаа сахилгын шийтгэл хүлээсэн, алдаа дутагдал гаргадаг, ажил хэвийн явуулахад харьцааны хувьд доголдолтой, багаар ажиллах боломжгүй, хамт олонч нийтэч биш байдал байдаг” гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэлээ тодорхойлох боловч нэхэмжлэгчийн урьд нь сахилгын шийтгэл хүлээсэн,  зан харьцааны хувьд доголтой байдал гаргадаг нь 2019 оны 01 сарын 07-ны өдрийн Б/01 тоот тушаалд хамааралгүй байх бөгөөд шүүх уг тушаалд авагдсан үйл баримтын талаар дүгнэлт хийх юм.

Иймд нэхэмжлэгч М.М-г Дорноговь аймгийн Замын-Үүд суманд үйл ажиллагаа явуулах Ч ХХК-д ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацаа буюу 2019 оны 01 сарын 07-ны өдрөөс 2019 оны 03 сарын 07-ны өдөр хүртэл хугацааны цалин 1,260,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.М-д олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Ч ХХК-д даалгах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт нэхэмжлэгч хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж гаргуулахдаа шаардлага тус бүрд буюу ажилд эгүүлэн тогтоох шаардлагад 70,200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагад 36,390 төгрөг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгахад 70,200 төгрөг нийт 176,790 төгрөг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-120 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д зааснаар нэхэмжлэгч М.М-г Ч ХХК-д ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар  хариуцагч Ч ХХК-иас  ажилгүй байсан хугацаа буюу 2019 оны 01 сарын 07-ны өдрөөс 2019 оны 03 сарын 07-ны өдөр хүртэл хугацааны цалин  хөлстэй тэнцэх  олговорт 1,260,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.М-д олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч М.М-н ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу бичилт хийхийг хариуцагч Ч ХХК-д даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2,  41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч М.М улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 176,790 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

5. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

6. Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  А.Ц